IIHF Worlds 2023: Канад Дэлхийн аварга боллоо

Автор | Zindaa.mn
2023 оны 05 сарын 29

Финланд, Латвид хоккейн ДАШТ өндөрлөж, медальтнууд тодорлоо. Хоккейн спорт хөлбөмбөг шиг дэлхийг хамарсан спорт биш тул олон улсын тэмцээн дээр том сэнсаац бараг гардаггүй. ОХУ-ын баг оролцохгүй болсны дараа алтан медалийн төлөө өрсөлдөх багийн тоо улам багассан билээ. Гэвч энэ жилийн ДАШТ сэнсаац дүүрэн явагдлаа.

Европын хүчирхэг багууд ээлж дараалан хасагдсаар хагас шигшээд Канад, Америк гэсэн Хойд Америкийн томчуудын эсрэг Герман, Латви гэсэн багууд өрсөлдөхөөр гарч ирлээ. Канад Латвиг буулган авсан бол Германы шигшээ АНУ-ыг ялж, алтан медалийн төлөө шалгарсан юм.

 

 

Хүрэл медалийн тоглолт

Канадад ялагдсан ч Латвийн хоккейчид эх нутагтаа Үндэсний баатрууд болсон. Латвийн Ерөнхийлөгч Эгилс Левитс Тампарад ирж, хүрэл медалийн тоглолтод багаа дэмжсэн. Сэтгүүлчидтэй уулзахдаа тэр хаалгач Шиловыг БХЯ-ны сайдаараа тавина гэж хүртэл хошигнож байв. Харин өрсөлдөгч америкчуудын хувьд сэтгэл санаа тун тааруухан байв. Учир нь хэсгийн тоглолтоо ялагдалгүй туулсан АНУ-ын шигшээ баг хагас шигшээд бүдэрдэг хууч нь хөдөлж, Германд овертаймд ялагдсан билээ. Тэд ДАШТ-ий хагас шигшээд 12 дахь удаагаа ялагдсан юм. Хүрэл медалийн тоглолт ч тэдний хувьд тааруухан эхэлсэн. Торгуулиар хүн дутуу байхад нь Латви тооны харьцааг нээсэн. Удалгүй тэнцүүлж чадсан ч Латви дахин тэргүүллээ. Дахин тэнцүүлээд улмаар хошуучилж эхлээд ч тоглолт дуусахаас таван минутын өмнө гоол алдаж, 3:3 үндсэн цаг дууссан. Овертайм эхлээд Латвийн баг шайбыг эзэмшээд 72 секундэд гоол оруулж, ялалт байгуулсан. АНУ-ын баг нэмэлт цагт шайбанд хүрч ч чадсангүй.

 

 

 

Найм дараалсан ялалтаар тэмцээнээ эхлүүлэн, ДАШТ-ий хэсгийн шатанд ялагдал амсаагүй цорын ганц баг болсон АНУ-ын баг хүрэл ч медальгүй гэртээ харьсан бол Латвийн баг түүхэндээ анх удаа дэлхийн аваргаас медаль хүртэж, түүхэн амжилт үзүүллээ.

 

 

Алтан медалийн төлөөх тоглолт

Пёнчаны олимпоос мөнгөн медаль авсан Германы хоккейчид түүхэндээ ДАШТ-ий мөнгө, хүрэл медальтай. Гэхдээ маш эрт үед л дээ. Харин 2023 онд тэд ДАШТ-ий финалд шалгарч чадсан. Хагас шигшээд АНУ-ыг буулган авсан тэд энэ тэмцээний гол сэнсаацийн нэг гэж тооцогдож байв. Харин хоккейн их гүрэн Канад дөрөв дэх удаагаа дараалан ДАШТ-ий финалд гарч ирсэн.

Финалын тоглолтын эхний хоёр үед Германы баг ээлжит гайхамшгаа бүтээх нь гэсэн сэтгэгдэл төрж байв. Хоёр ч удаа тоогоор хошуучилсан тэд харин хаалгаа манаж чадсангүй. Өөртөө итгэлтэй, тун тайван тоглосон канадчууд гуравдугаар үед ялалтыг гартаа оруулсан. Энэ нь тэдний 28 дахь дэлхийн алтан медаль байсан бөгөөд Цомын тоогоор ЗХУ/ОХУ-ын шигшээг гүйцэн гарлаа. Дараагийн ДАШТ 2024 оны тавдугаар сарын 10-26-нд Чехийн Прага, Острава хотуудад болно.

 

 

Шилдэг тоглогч

Хаалгач: Артур Шилов (Латви)

Шилдэг мэргэн бууч

Рокко Гримальди (АНУ) - 14 (7+7) оноо

Бэлгэдлийн шигшээ баг

Хаалгач: Артур Шилов (Латви);

Хамгаалагч: Маккензи Уигар (Канад), Мориц Зайдер (Герман);

Довтлогч: Доминик Кубалик (Чех), Жон-Жейсон Петерка (Герман), Рокко Гримальди (АНУ).

ДАШТ-2023 дүн

1, Канад.

2, Герман.

3, Латви.

4, АНУ.

5, Швейцар.

6, Швед.

7, Финланд.

8, Чех.

9, Словак.

10, Дани.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top