Малчидтай бэлчээр сэлгэх газрыг тохирч, “Илгээлтийн эзэн” ажиллуулна

Б.Эрхэс | Zindaa.mn
2023 оны 06 сарын 09

Архангай аймгийн Өлзийт сумын Байшир багийн Цэлмэг-Орхон хоршооны малчдад “Хариуцлагатай нүүдэлчин” мал аж ахуйн төслийн стандартыг танилцууллаа. Төслийн зорилго нь хариуцлагатай, нүүдэлчин мал аж ахуйн зохистой дадлуудыг нутагшуулах зарчмаар малын гаралтай бүтээгдэхүүний борлуулалт, үнэ цэнийг нэмэгдүүлэх юм. Төсөл хэрэгжүүлэгчээр БОАЖЯ, НҮБ, GEF, Монголын бэлчээр ашиглалтын нэгдсэн холбоо ажиллаж байна.  Төсөлд Байшир багийн 2 бүлгийн 42 малчин өрхийг хамруулан ажиллаж байна.

Ингэснээр малчид мал, мах болон малын гаралтай бүтээгдэхүүнээ зах зээлд тогтмол өндөр үнээр нийлүүлэх боломж бүрдэж бэлчээрийн ачаалал буурах юм.  Хариуцлагатай нүүдэлчин стандартыг сурталчлан таниулах ажилд малчдыг гурван хэсэгт хуваарилж,  нийт 110 иргэнийг  сургалтад  хамрууллаа.

Төслийн стандартыг 42 өрхөд нэвтрүүлэх байнгын “Илгээлтийн эзэн”-ээр ХААИС-ын оюутныг ажиллуулж байна. “Илгээлтийн эзэн” оюутны мотоцикль, шатахууны зардлыг ЗДТГ-аас хариуцан хамтарч ажиллана. Түүнчлэн сумын Бэлчээрийн менежментийн ажлын хэсгийг Өлзийт сумын Засаг даргын захирамжаар байгууллаа. Мөн нийт хоёр бүлгийн малчид 5 мянган га талбай бүхий бэлчээрийг ургамал ургалтын хугацаанд чөлөөлөх захирамжийг гаргаж, Илгээлтийн эзэн оюутан төсөлд хамрагдаж буй айлуудыг заасан хугацаанд нүүлгэх чиглэлээр ажиллаж байна.

МБАНХ-ны зөвлөх, Т.Ариунболдоор ахлуулсан ажлын хэсэг нийт төсөлд хамрагдаж байгаа өрхийн эцэг малаас ноолуур, ноосны дээж авч, ангилан ялгалт хийж байна. Байшир багийн малчин  П.Болдсүх, Н.Батболд, С.Хатанбаатар, Х.Орхонбаатар нарын бог малд үзлэг ангилалтын ажлыг зохион байгуулж, нийт 650 гаруй хээлтэгч, 26 хээлтүүлэгч малд цөм сүргийн болон үржлийн сүргээр бүртгэж, ээмэгжүүллээ.

Төслийн хүрээнд, ХАА-ын тасгийн мэргэжилтэн Н.Баярцэцэг, мал үржүүлэг, технологийн нэгжийн захирал Н.Гомбодорж нарт сүргийн эргэлтийн программыг ашиглан малчдын сүргийн эргэлтийг хэрхэн хийх, тайлан боловсруулах аргачлал, арга зүйн сургалтыг танхимаар зохион байгуулсан. Зуны улиралд чөлөөлөхөөр бэлтгэж буй Рашаант хэсгийн газар нутгийн байршлыг малчдад танилцуулах ажлыг мөн хийлээ. Цаашлаад төсөлд сонгосон 42 өрхийн малын эрүүл мэндийг хангах ажлын хүрээнд Илгээлтийн эзэн оюутан, сумын малын эмчийн хамт төлөвлөгөөний дагуу угаалга, туулгад хамруулж байна. Малыг бэлчээр тарга хүч сайн авахуулах хүрээнд мориор мал хариулах аяныг өрнүүлж эхэлсэн.

Түүнчлэн бэлчээр чөлөөлөх тухай сумын Засаг даргын захирамжийн дагуу бүх айлуудыг нүүлгэхээр ажиллаж байна.  Үзлэг, ангилалтын тоон материалыг мал аж ахуйн нэгдсэн системд 06-р сарын 15-ны дотор оруулж дуусгах, төсөлд хамрагдаж буй малчдын сүргийн эргэлтийн тооцооллыг хийх,  9 сард хариуцлагатай нүүдэлчин стандартын дагуу үнэлгээ баталгаажуулалтад хамруулан ажиллахаар төлөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top