“Эмэгтэйчүүдийн манлайлал ба тогтвортой хөгжил” хэлэлцүүлэг өрнүүллээ

2023 оны 06 сарын 13

“Алтай дамнасан тогтвортой байдлын яриа хэлэлцээ-Жендерийн эрх тэгш байдал ба тогтвортой хөгжил” чуулга уулзалтын нэгдсэн хэлэлцүүлгийн эхний сэдэв нь  “Эмэгтэйчүүдийн эрх мэдэл ба манлайлал” байлаа.

Хэлэлцүүлгийн үндсэн илтгэлийг УИХ-ын гишүүн, Тогтвортой хөгжлийн зорилгын дэд хорооны дарга, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа тавилаа.

“Эмэгтэйчүүдийн манлайлал ба тогтвортой хөгжил” сэдэвт илтгэлдээ тэрбээр, Жендэрийн эрх, тэгш байдлыг хангах, эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэх нь хөгжлийн ахиц дэвшлийн хөдөлгөгч хүч болдог ч нийгэм, эдийн засаг, улс төр дэх тэгш бус байдал болон жендэрт суурилсан хүчирхийлэл, ялгаварлан гадуурхалт зэргээс шалтгаалан эмэгтэйчүүд чадавх, потенциалаа бүрэн хэрэгжүүлж чадахгүй байна хэмээн онцолсон.

УИХ-ын гишүүн Х.Булгантуяа, Тогтвортой хөгжлийн зорилт 5 нь эмэгтэйчүүдийн амин чухал оролцоо болон тогтвортой хөгжлийн бүхий л чиглэл дэх тэгш оролцоо, манлайллын шаардлага хэрэгцээг онцолсон байдаг. Энэхүү зорилго руу хүрэх замналд ахиц дэвшил гаргахын тулд тус чуулга уулзалт нь Стэнфордын их сургууль, Эва Эмэгтэйчүүдийн их сургууль болон Зүүн хойд, Төв Ази, Зүүн Өмнөд, Өмнөд Азийн орнуудын төлөөлтэйгээр зохион байгуулагдаж байгаа билээ.

Нийгмийн амьдралын бүхий л салбарт эмэгтэйчүүдийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлж, шийдвэр гаргах түвшинд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн тэгш боломж, тэгш оролцоог хангах нь хөгжлийн зорилго төдийгүй, хөгжилд хүрэх чухал хэрэгсэл гэж ойлгож болно.

Жендэрийн тэгш байдал хангагдахгүй, эмэгтэйчүүдийн төлөөлөл, оролцоо байх ёстой түвшингээс доогуур байх нь эдийн засаг утгаараа алдагдсан боломжийн өртгийг нэмэгдүүлж байгаа хэрэг юм. Өөрөөр хэлбэл, ашиглах ёстой нөөцөө дутуу, доогуур түвшинд ашиглах нь алдагдлыг нэмэгдүүлдэг. Улмаар гацаанд орсон олон асуудал шийдлээ олохгүй үлдэх, эсвэл хэт өндөр зардлаар шийдэх зэрэг сөрөг нөлөө, үр дагаврыг бий болгодог хэмээлээ.

Тэрбээр, Дэлхийн хөгжлийн тайланд дурдсанаар Монгол Улсад 1990 онд шийдвэр гаргах түвшин буюу Ардын их хуралд эмэгтэйчүүдийн төлөөлөл 25 хувьтай байсан бол өнгөрсөн 30 жилийн хугацаанд энэ төлөөлөл 30 гаруй хувиар буурсан байна гээд, манай улсад жендэрийн тэгш байдлыг хангаж, хүйсээр ялгаварлан гадуурхахгүй байх суурь зохицуулалтыг тусгасан 10 гаруй хууль, 5 бодлогын баримт бичиг байдаг ч тэдгээр хууль, бодлогын баримт бичгийн хэрэгжилт төдийлэн хангалтгүй байгаа нь жендэрт суурилсан тэгш бус байдал өндөр байгаагаар нотлогддог хэмээн тэмдэглэсэн.

Монгол Улс эдийн засгийн хөгжлөө эрчимжүүлье гэвэл эмэгтэйчүүдийн эдийн засаг, нийгэм, улс төрийн оролцоо, манлайллыг нэмэгдүүлэх, тэднийг дэмжих зайлшгүй шаардлагатай гэдгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа дурдаад, эмэгтэйчүүдийн манлайллыг нэмэгдүүлэхэд нийгмийн уламжлалт, соёлын, зан заншлын, эдийн засгийн саад бэрхшээлийг тооцож, бууруулах арга замыг эрэлхийлж ажиллах хэрэгтэй байна гэлээ.

Эцэст нь тэрбээр, дэлхийн дэвшилтэт улс орнууд өнөөдөр ардчиллын сонгодог хэлбэр болох төлөөллийн ардчиллыг сонгуулийн зарчимд ашиглаж байна. Төлөөллийн ардчилалын үндсэн гол шинжүүр нь эх олонлогоо төлөөлж байх чадвар юм. Монгол Улсын хүн амын ч тэр, сонгогчдын ч тэр 50-иас илүү хувь нь эмэгтэйчүүд. Тиймээс хүн амын зохистой, тэнцвэртэй төлөөллийг хадгалах нь хөгжлийн томоохон сорилт гэдгийг тэмдэглэсэн юм.

Дараа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь Суурин төлөөлөгч  Илейн Конкиевич “Улстөрийн шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн манлайлал” сэдвээр илтгэл танилцуулсан.

Тэрбээр, Сонгуулийн хуулийг хэлэлцэн, эмэгтэйчүүдийн квотын асуудал яригдаж буй энэ цаг үед бид  эмэгтэйчүүдийн манлайллын асуудлаар хэлэлцэж буйд баяртай байна. Дэлхий нийтэд шийдвэр гаргах болон бусад бүхий л түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо хангалтгүй байгаа.

2023 оны 04 дүгээр сард “Сант марал” төсөөс 1000 хүний дунд судалгаа хийхэд тэдний 82.9 хувь нь эмэгтэйчүүд улс төрөөс хол, гэртээ хүүхдээ харах ёстой гэсэн үзлийг дэмжихгүй байгаагаа илэрхийлжээ.

Хүн амын дийлэнх олонх нь эмэгтэйчүүдийн дуу хоолой байх ёстой, тэд улс төрд оролцох ёстой гэж үзсэн байна. Энэ бол дан ганц эмэгтэйчүүдийх биш эрэгтэйчүүдийн асуудал юм. Өдгөө энэ асуудлыг УИХ-ын түвшинд хэлэлцэж байгааг бид сайшаан тэмдэглэх ёстой. Монгол Улсад бодитой өөрчлөлтийг авчрахын төлөө шуурай ажиллаж байгааг тэмдэглэх нь зүйтэй гэлээ.

Хатагтай Илейн Конкиевич, өнөөдөр монголын парламентад эмэгтэйчүүдийн төлөөлөл 17 хувьтай байна. Монгол Улс парламентад эмэгтэйчүүдийн эзлэх байр сууриараа 186 улсаас 134-т эрэмблэгдсэн байна.

Эмэгтэйчүүдийн эзлэх хувийг ядаж 30 хувьд хүргэх нь маш чухал бөгөөд дор хаяж 40 хувь байхаар квотыг тогтоовол оролцоог 23-25 хувьд хүргэх боломжтой гэж үзэж байна.

Үүний тулд хуульд өөрчлөлт оруулах нь хангалтгүй. Хүйсээр ялгаварлах нийгмийн хэм хэмжээ гүнзгий байгаа энэ үед  олон ажлыг өргөн хүрээнд зохион байгуулах шаардлагатай. Өдгөө Тогтвортой хөгжлийн зорилтыг хангах хугацааны тэн хагаст ирээд байгаа ч жендэрийн тэгш байдлыг хангах зорилтын үр дүн хол хэвээр байна. Энэ зорилтод хүрэлгүйгээр бусад зорилтуудын хэрэгжилт суларна.

Тиймээс бүгд тэгш оролцоо, тэнцвэртэй байдлын төлөө цуцалтгүй тэмцэх шаардлага бидэнд тулгараад байна. Хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, шийдвэр гаргах түвшин дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих, сонгогчдод эмэгтэй нэр дэвшигчдийг дэмжих эерэг зөв сэтгэлзүйн өөрчлөлтийг тий болгохын төлөө ажиллах ёстой хэмээлээ.

Мөн хэлэлцүүлэгт Эва эмэгтэйчүүдийн их сургуулийн ерөнхийлөгч, Олон улс судлалын сургуулийн профессор Юн Ми Ким, Европын сэргээн босголт хөгжлийн банкны Жижиг бизнесийн зөвлөх зөвлөх үйлчилгээний тэргүүлэх менежер С.Байгалмаа, Хүний эрхийн үндэсний хорооны ажлын албаны дарга, хүний эрх, жендэр судлаач Б.Болорсайхан нар илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүллээ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top