ОХУ-ын чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээн Дагестанд болж өндөрлөлөө. Заур Угуев (57 кг) зургаа, Абасгажи Магомедов (61 кг), Алихан Жабраилов (97 кг) тус бүр дөрөв, Чермен Валиев (74 кг), Ахмед Усманов (79 кг), Владислав Валиев (92 кг) нар хошой, Шамиль Мамедов (65 кг), Евгений Жербаев (70 кг), Арслан Багаев (86 кг), Абдулла Курбанов (125 кг) нар анх удаагаа удсын аварга боллоо.
ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч Хажимурат Гацалов УАШТ-ийг дүгнэн сэтгүүлчидтэй ярилцлаа.
-УАШТ-ий талаар?
-Маш өндөр түвшинд зохион байгуулагдлаа. Хамгийн гол нь ямар ч хэрүүл маргаан гарсангүй, бүх асуудал дэвжээн дээр шийдэгдэж байв. Шинэ залуучууд гарч ирж байна, шигшээ баг шинэчлэгдэн, хүчирхэгжсээр байна. Улсын аваргын тэмцээний дүнгээр бид шигшээ багийн өргөтгөсөн цугларалтад гарах тамирчдаа сонголоо. ДАШТ-ий бэлтгэл эхэлж байна. Бид Кисловодск, Сириусын шинэ бааз, Парамоновод гурван цугларалт хийхээр төлөвлөж байна.
-57 кг-ын жинд Заур Угуев зургаа дахиа түрүүлж, танай найм түрүүлсэн рекорд амжилтад дөхөж ирлээ.
-Залуучуудынхаа ялалтад үнэхээр их баярлаж байна. Би барилдаж байхдаа медалийн тоогоор өрсөлдөх талаар бодож байгаагүй. Заур Угуев арав, 15 удаа улсын аварга болсон ч би зөвхөн баярлах болно. Заур үргэлжлүүлэн ялах тусам тэр шигшээ багтаа байсаар байх болно. Заур тогтмол сайн барилдах тусам энэ жинд өрсөлдөөн ширүүснэ. Залуучууд Заурыг ялах гэж хичээх хэрэгтэй. Энэ жинд финалд өрсөлдсөн Артём Гобаевыг би онцолмоор байна. Түүнийг Угуев туршлага заан ялсан.
-65 кг-ын жинд олимпын мөнгөн медальт, өнгөрсөн олимпын циклийн лидер Гажимурад Рашидов ялагдсан нь гэнэтийн зүйл биш болжээ. Тэр цаашдаа лидерийн байр сууриа эргүүлэн авч чадах болов уу?
-Одоогийн байдлаар Шамиль Мамедов энэ жинд давуу гэдгээ харуулж байна. Ярыгинд түрүүллээ, улсын аварга боллоо. Энэ жин маш өрсөлдөөнтэй жин. Мамедов, Рашидовоос гадна Ибрагимов, Омаров, бас өөр залуус ч бий. Хамгийн гол нь манай бөхчүүдэд ДАШТ, олимп, Европын АШТ-д оролцох боломж олгоосой. Рашидовын тухайд хэлэхэд өнөөдөр тэр жиндээ тэргүүлж чадахгүй байгаа ч өөрөө хичээвэл эргэн ирж чадна.
-Улсын АШТ-д оролцоогүй олимпын аварга Абдулрашид Садулаев (97 кг), Заурбек Сидаков (74 кг) хоёрыг ямар нөхцлөөр ДАШТ-д оролцуулах вэ?
-Улсын аварга болсон бөх ДАШТ-д оролцох эрхийн төлөө өрсөлдөх бүрэн эрхтэй. Гэхдээ энэ хоёр жинд бид чөлөө өгсөн байсан. Садулаев саяхан хагалгаанд орсон бол Сидаков яг тэмцээний өмнө өвдсөн. Бид ямар нэг тэмцээн сонгоод хагас хүнд жинд Жабраилов, Садулаев, 74 кг-д Сидаков, Валиев нарыг оролцуулна.
-86 кг-д Арслан Багаев шигшээ багт нэг номер гэсэн үг үү?
-Арслан Багаев жингийнхээ лидер Артур Найфоновыг эзгүйд Ярыгинд түрүүлсэн. Гэхдээ сая бүх шилдгүүд барилдахад ч ил тод түрүүллээ. Хүрэл медаль авсан Найфонов өрсөлдөөнөөс бүрэн хасагдаагүй ч ДАШТ-ий шигшээд улсын аварга нь оролцох давуу эрхтэй.
-Хүнд жинд Абдулла Курбанов гэсэн шинэ аварга төрлөө.
-Манай улсад хүнд жингийн сайн бөхчүүд үргэлж байсан уламжлалтай. Сүүлийн үед бага зэрэг уналтад ороод байгаа ч бид залуучуудын багаас авьяаслаг бөхчүүдээ татан авч байна. Абдулла Курбанов ч гэсэн насанд хүрэгчдийн шигшээд хэдэн удаа л цугларалтад гарсан бөх. Ажилсаг залуу, УАШТ-д тун сайн барилдлаа. 125 кг-д удахгүй бид ДАШТ, олимпын медалийн төлөө өрсөлддөг болно гэдэгтээ итгэлтэй байна.
-Оросын Спорт бөхийн холбооны тэргүүн Михаил Мамиашвили ДБНХ-нд дэлхийн аваргад оролцох тамирчдын мэдүүлгийг илгээсэн гэсэн. Энэ УАШТ-ий дүнг тооцоод мэдүүлгийг өөрчилж болох уу?
-Мэдээж болно. Гэхдээ тэр мэдүүлгэд УАШТ-д сайн барилдсан бөхчүүд бүгд багтсан байгаа.
Сэтгэгдэл ( 0 )