Соёл Урлагийн Их Сургууль, "Монголын Урлагийн Зөвлөл" ТББ нь "Рио Тинто Монгол" ХХХ-ийн дэмжлэгтэйгээр Тулгар төрийн 2232, Их Монгол улсын 817, үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, ардын хувьсгалын 102 жилийн ойн хүрээнд, баяр наадмын үйл ажиллагааны хүрээг өргөтгөж Монголчуудын өв соёл, ардын урлагийг сурталчлах зорилготой “Соёлын наадам”-ыг 15 дахь жилдээ 2023 оны долоодугаар сарын 11-12-нд Хүй долоон худагт зохион байгуулах гэж байна.
Мөн СУИС нь “Уяачдын наадам”-ыг долоодугаар сарын 13-нд соёлын өв тээгчид, уран бүтээлчид, СУИС-ийн багш, оюутнууд зэрэг 200 гаруй хүн хамтран, Хүй Долоон Худгийн “Монгол Наадам” цогцолборт зохион байгуулна.
Нүүдэлчин монголчуудын өвөг дээдсээс уламжлан ирсэн түүх соёл, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлээс наадамчин олонд таниулах, соёлоо хайрлан хүндэтгэх, бахархах сэтгэгдлийг төрүүлэхэд үйл ажиллагаа нь чиглэгдсэн энэ жилийн “Соёлын наадам”-ын үзэл санаа нь Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэхэд оршино.
Наадмын хүрээнд ЮНЕСКО-гийн соёлын биет бус өвийн яаралтай хамгаалах төлөөллийн жагсаалтад бүртгэгдсэн уртын дуу, богино дуу, морин хуур, бий биелгээ (уламжлалт бүжиг), хөөмий, Монгол тууль гэх мэт язгуур урлагийн төрлөөр дэглэсэн “Монгол эрдэнэ” ардын урлагийн тоглолт болно. Мөн монгол түмний нэгдмэл үнэт зүйлсийг агуулсан “Монголын нэг өдөр-Соёлын отог” асруудаар аялж, отог тус бүрийн онцлог бүхий агуулгуудын талаарх мэдлэгээ өргөжүүлж, соёлын үзмэрүүдийг үзэн сонирхож, өөрийн биеэр оролцон суралцаж, бүтээлч хөтөлбөрт хамрагдах юм. Үүнд:
МОНГОЛ ХҮН отогт Монгол улс дахь угсаатнуудын талаарх мэдээлэл, Монгол хувцас, гоёл чимэглэл, Монгол хувцас өмсөх үйлчилгээ, ГЭР БҮЛ отогт Угийн бичиг хөтлөх ёсон, холбогдох мэдээлэл, Монгол айлын өдөр тутмын зан үйлүүдээс, Чулуун наадгай, ТӨРТ ЁС отогт Монгол төрийн бэлгэ тэмдэгүүд, Төрийн ёслолууд талаарх мэдээлэл, Монголын их хаадын хөрөг, ЭХ НУТАГ отогт Байгаль хамгаалах ардын мэдлэг ухаан, Монгол орны газар нутаг, амьтан, ургамлын гайхамшигаас, Монгол эх нутгийн талаарх ая аялгуу, хөгжмийн бүтээлүүд, МОНГОЛ ХЭЛ отогт VR төхөөрөмжөөр монгол ардын үлгэрүүд сонсох, Жороо үг, зүйр цэцэн үг, ертөнцийн гурав хэлэлцэх, Уран бичлэгээр бичүүлэх, хувцсан дээр хэвлүүлэх, Фото зураг, Хөлөгт тоглоомууд, ЭРДЭМ БОЛОВСРОЛ отогт Монгол ном бүтээх арга ухаан, Номын үзэсгэлэн, Монголчуудын бичиг үсгийн соёл, Монгол уран бичлэг, ЁС СУРТАХУУН отогт Монголчуудын мэндлэх хүндлэх ёсон, Монголчуудын бэлгэдэл, цээр болон Үлгэрээр хүүхэд хүмүүжүүлэх ёсон, ӨВ СОЁЛ отогт Соёлын биет өв, монгол ахуйн бичил музей, Соёлын биет бус, тоглоом наадгай, Шагайн харваа, Сур элдэх үйл, НҮҮДЭЛЧНИЙ УХААН отогт Дөрвөдийн бэр гуйх ёсон, Монгол найр, наадаан, 12 жилийн үлгэр зэргийг үзэн сонирхох зэргээр өргөн цар хүрээтэйгээр үндэсний нэгдмэл үнэт зүйлдээ суралцах орчин бүрдэх юм.
“Язгуур урлаг”, “Монгол цайны соёл”, “Цагаан идээний соёл”, “Айрагны соёл”, “Казах соёлын гэр”-ээр зочилж, Цаатан түмний урцанд саатан, монголчуудын язгуурын соёлын өв болох бий биелгээ, тууль, цуур, уртын дуу болон цаатан, дархадын соёлын өв, монголчуудын идээ, ундааны соёлтой танилцахаас гадна “Аварга Монгол” баримлуудтай хөргөө татуулах боломжтой.
Сэтгэгдэл ( 0 )