Ам авахдаа гар утасгүй ирж, 4 минутад бөхөө амлана

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 12

Тулгар төрийн 2232 жил, Их Монгол Улсын 817 жил, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жил, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит 512 бөхийн барилдааны дөрвийн даваа өндөрлөлөө.

Яг одоо бөхчүүд Тавын давааны ам авч эхлээд байна. 

Үндэсний их баяр наадмын өмнөхөн хурдан морины уралдааны болон бөхийн барилдааны дүрэмд өөрчлөлт оруулсан. Баяр наадмын үндэсний бөхийн барилдааны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулснаар дараах журмыг энэ жилийн наадмаас эхлэн мөрдөж байгааг сануулъя. 
 

  • Дөрвийн даваа дууссаны дараа ам авснаар наадам завсарлана
  • Бөхийн ам авах үйл явцыг цахимаар явуулна
  • Тухайн бөх 4 минутад багтан амлах бөхөө нэрлэнэ
  • Ам авахаар Бөхийн асарт ирэхдээ гар утасгүй байна
     

“ҮНДЭСНИЙ БӨХИЙН БӨХИЙН БАРИЛДААНЫ ДҮРЭМ”-ИЙН ӨӨРЧЛӨЛТӨӨС
 

Засгийн газрын хуралдааны шийдвэрийн дагуу тус дүрмийн 4.9, 4.10, 4.11, 4.12 дахь заалтуудад мөн дараах өөрчлөлтууд орсон болно. 
 

  • Барьцгүй барилдаан 20 минут. (Хоёр бөх санал нийлбэл барьц авч барилдаж болох бөгөөд энэ нь үндсэн хугацаанд үргэлжилнэ)
     
  • Барьцгүй барилдаан дуусахад хаялцахгүй бол барьцтай барилдаан 20 минут үргэлжилнэ. Энэ нь сэнжиг элэг бүснээс давхар шуудаг хүртэл барьцыг авч барилдана гэсэн үг.
     
  • Барьцтай барилдаанд хаялцахгүй бол тэгш барьцаар 20 минут барилдана.
     
  • Тэгш барьцнаас хаялцахгүй бол нийт 60 минутын бөхийн барилдааны идэвхийг харгалзаж, Хөлийн цэцүүдийн олонхийн саналаар идэвхгүй бөхийг хасч шийдвэрлэнэ.
     

Дээрх дүрмийн өөрчлөлтүүдийг Ардын хувьсгалын 102 жилийн ойн сум, аймаг, улсын баяр наадмын үндэсний бөхийн барилдаанд хэрэгжүүлж ажиллана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top