Э.Улаанхүү: Төр түмний баярт ТҮМНИЙ ҮРЭЭГЭЭ түрүүлгэлээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 07 сарын 12

Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хурдан шүдлэнгийн уралдаанд түрүүлсэн хар үрээ цолоо дуудуулж, төрийн наадамдаа торгон жолоо өргүүллээ. Хар шүдлэнг унаж уралдсан хүү Төв цэнгэлдэх хүрээлэнд зээ татлаа. 

Дундговь аймгийн Луус сумын харьяат, аймгийн Алдарт уяач Э.Улаанхүү болон түүний хүүг хар үрээнийх нь хамт Төв цэнгэлдэхэд цугласан наадамчин олон түрүү бөхийн дайтай уухайлан угтлаа. 

Хар шүдлэнгээ улсын наадамд торгон жолоо өргүүлсэн уяач Э.Улаанхүү наадамчин олонд сэтгэгдлээ хуваалцлаа. 

-Моринд хайртай ард түмэндээ маш их баярлалаа. Улсын наадамд ганц үрээтэй ирсэн. Үрээгээ барианы зурхайд ирэхэд огшоод харж чадахгүй хойшоо буцаад явчихсан. Уралдааны эхний өдөр комиссын шийдвэрээр аман хүзүүдсэн. Шарга үрээний эзэн комисст хүсэлт тавьсны дагуу дахиж хэлэлцээд, эцсийн шийдвэрийг гаргасан. Хар үрээг маань түрүүлсэн гэж үзсэн. 

Цэнгэлдэх хүрээлэнд орж ирээд морио цоллуулах мэдрэмж их сайхан байна. Уг нь бол морио төрийн наадамд айрагдуулчихсан маань л надад сайхан санагдаад байсан шүү дээ. 

Улсын их баяр наадамд морио уралдуулах нь миний мөрөөдөл байсан. Мөрөөдөл биелдэг юм байна.

"Эрдэм сурах, санасандаа хүрэх хоёр энэ яваа насны жаргал" гэж Р.Чойном гуай хэлсэн байдаг. Үнэхээр үнэн үг байна.

Моринд дуртай Монгол түмэнтэйгээ хамт төрийнхөө наадамд түрүүллээ. Хүлэг морины босоо цагаан хийморь та бүхнийг минь мөнхөд ивээхийг ерөөж байна. 
 


Хар үрээний түүхийг наадамчин олон та бүхэн мэднэ. 

Монгол Улсын Шадар сайд, Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны дарга С.Амарсайхан шийдвэр гаргаж, Үндэсний их баяр наадмын Шүдлэн насны уралдаанд морь бариачийн алдаатай үйл ажиллагаанаас болж үүссэн будилааныг зөвөөр шийдсэн билээ. Тодруулбал, шүдлэн насны морьдын уралдаанд Ховд аймгийн Мянгат сумын харьяат Загджавын Мэндсайханы шарга халзан түрүүлсэн гэж байгаа ч маргаан дагуулаад байгаа морьд түрүү болон аман хүзүүнд орж ирэх явцад морь бариач өмнүүр нь орж, будилаантуулсан тул дахин нягталж, шударгаар шийдэх, ёс зүйгүй үйлдэл гаргаж, уралдааныг будилаантуулсан бариачид хариуцлага тооцохыг анхааруулж, улмаар шүдлэн насны уралдаанд аман хүзүүдсэн Дундговь аймгийн Луус сумын харьяат, уяач Э.Улаанхүүгийн уяж хурдлуулсан, Сонгинохайрхан дүүргийн 21-р хорооны Партизаны Пунцагбалжирын хар шүдлэнг түрүүлүүлж, шарга халзан үрээг аман хүзүүдүүлүүлэх үүргийг Хурдан морьны салбар хорооны дарга Д.Ганхуягт үүрэг болгосон. Энэ дагуу Үндэсний их баяр наадмын Хурдан морины салбар хороо шийдвэрээ эргэн харснаар Үндэсний их баяр наадмын шүдлэн насны морьдын уралдаанд Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүгийн хар шүдлэн түрүүлж, Ховд аймгийн Мянгад сумын уяач З.Мэндсайханы шарга халзан шүдлэнг аман хүзүүдсэн гэж үзсэн билээ. 

Хурдан морины салбар хорооноос “Шүдлэнгийн уралдаан дээр үүссэн асуудал санаатай үйлдэл биш. Уяач З.Мэндсайхан шийдвэрээ эргэн харах тухай өргөдөл өгсөн. Үүнийг үндэслэн аман хүзүүдсэн уяач Э.Улаанхүүгийн шүдлэнг түрүүлүүллээ” гэж тайлбарласан бол удаалсан шарга халзангийн эзэн, ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан ч наадамчдыг бухимдуулсан шүдлэнгийн уралдаанаар байр сууриа илэрхийлж, "Би шүдлэнгийн аман хүзүүгээ авна аа. Түрүү энэ хар үрээ, комисс шийдвэрээ эргэж харах байх аа. Дундговь аймгийн Луус сумын уяач Э.Улаанхүүдээ төрийн наадмын олон түрүү аваарай гэж ерөөе, Хүлэг нь хурдан байг ээ" гэж олон нийтэд мэдэгдсэн юм. 
 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(68.146.199.167) 2023 оны 07 сарын 16

Unendee bol noyond uilchilj xarts ardiig deerelxsen n uildel. Xarin olon tumen xel am xiisen tuldaa unen zuv n oldson. Ugui bol ter mori bariach daraa jil daxiad tiim zaxialga avaad yavj bxdaa siixgui

1  |  0
зочин(66.181.160.64) 2023 оны 07 сарын 13

ЗАДАА ЗЭРЭГЦЭЭД ИРЭХЭД НЬ ИНГЭ ГЭЖ МЭНДСАЙХАН ХЭЛСЭН ГЭЖ МОРЬ БАРИАЧ НЬ ХЭЛЖ Л БАЙНА БИЛЭЭДЭЭ

0  |  0
Ккк(75.164.137.13) 2023 оны 07 сарын 13

Их гийгүүлждээ ккк

1  |  2
Зочин(202.126.89.86) 2023 оны 07 сарын 13

Санаатай үйлдэл биш гэдэгч харин юу л бол, итгэхэд бэрх л юм

2  |  0
зочин(66.181.184.18) 2023 оны 07 сарын 16

Шударга ёс ялсан сайхан наадам байлаа

4  |  0
Zochin(202.9.47.61) 2023 оны 07 сарын 13

Ymar saihan be sain saihniig hvsii.

3  |  1
Top