“ЗАСАГТ ХАНЫ ГАЛ ГОЛОМТ” зорилтот төслийн хүндэт зочин, Монгол Улсын Гавьяат жүжигчин, хөгжмийн зохиолч Гончигийн Жаргалсайхан Говь-Алтай аймгийн Бигэр сумын уугуул. Түүнийг “Том Жагаа” нэрээр нь монголчууд андахгүй. Тэрээр “Засагт ханы хөх харчууд” гэсэн дууны аяыг бүтээсэн гэдгээр нь олон түмэн маш сайн мэддэг билээ.
-Та юуны өмнө өөрийгөө танилцуулаач?
-Би 1958 онд Улаанбаатар хотын III цахилгаан станцын буурин дээр, гэрт төрсөн хүн шүү дээ. Манай ээж, аав хоёулаа Говь-Алтайн Чандмань сумын хүмүүс. Хоёр ах маань хоёулаа Говь-Алтайн Чандманьд төрсөн. Би Улаанбаатарт төрсөн гэдэг байсан чинь манай нутгийн Ц.Лоохууз ах, Р.Давааням заан, Р.Самдандовж ах эд нар сүүлд найзууд болоод намайг бараг загнах шахуу хэлж байсан. “Ээж, аав хоёр чинь хоёулаа Говь-Алтайн Чандманийх байхад чи яагаад Чандманийх биш гэдэг юм” гээд. Тэгж би аав ээж, хоёр ах маань Чандманийх болохоор Говь-Алтайн Чандманийх гэж харьяалах болж байлаа. Р.Давааням заан, Ц.Лоохууз ах хоёрын хөдөлмөр алдрыг тэмдэглэхээр бид бөөнөөрөө явах болсон. Баатарсүрэн гэж манай ээжийн талын хамаатан яруу найрагч хүн байдаг. Тэр ах маань “Чандмань нутаг” гэж шүлэг бичиж, би нэг өдрийн дотор ая зохион, гавьяат жүжигчин дуучин Ч.Насантогтох, Э.Бүрнээбаяр хоёрыг авч явж машиндаа зааж өгч байлаа. Ингэж энэ дуу маань Чандмань нутгийн сүлд дуу болж байсан. Одоо ч дуулагддаг юм. Нутагтаа зориулсан дуугаа тэгж л анх хийж байсан.
-Зургаан аймгийн жар гаруй сумынхан дуулах дуртай “Засагт ханы хөх харчууд” дуугаа зохиосон түүхээ ярьж өгөөч!
-Тэр дууны маань түүх гэвэл бас хөөрхөн. Соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Үржингийн Хүрэлбаатар бид хоёр чинь эстрадын өчнөөн дуу хийсэн хүмүүс шүү дээ. “Сар шиг холын нутаг”-аас эхлээд бараг 20-30-аад дуу байгаа. “Засагт хан аймагт баруун бүх аймгууд ордог, ийм дуу хийе” гээд шүлгийг нь Хүрлээ найз маань өгсөн. МУГЖ Х.Оюунцэцэг өмнө нь “Нутгийн тухай дуу хийж өгөөч” гэж гуйсан байсан. Тэгээд дуугаа хийгээд Оюунцэцэг гуайгаар анх дуулуулж байлаа.
-“Дууны үгэн дотор ая нь явж байдаг” гэдэг. Танд анх шүлэг нь ямар санагдаж байв?
Хүрлээ бид хоёр чинь өмнө нь зөндөө олон дуу хийчихсэн туршлагатай, дээр нь Хүрлээ чинь шүлгээ бичихдээ бараг аяа бодоод биччихдэг болохоор хайрцаглалт энэ тэр нь ч хөгжимтэй, хөг аялгуутай шүү дээ. Миний аав бас Говь-Алтайн Засагт ханы хөх харчуудын нэг. Энэ бүхнийг бодоод нэг оройн дотор л аяыг нь хийж байлаа. Ийм л түүхтэй. Тэрнээс хойш Алтайн тухай дуу олныг хийсэн. “Зүүдний мөнгөн Алтай”, “Хөглөгөр их Алтай”, аймгийн төвийн сүлд дуу “Есөнбулгийн дуулал”, “Тэнгэрийн уул”, сумдын тухай дуунууд их хийсэн. Нутаг ойр, үг нь зүрхэнд ойр болохоор тэгдэг юм уу ая нь их амархан ороод ирдэг. Хүрэлбаатарын үгээр “Баатрын зам” гэж замын тухай дуу бас сая хийсэн. Бас л нэг орой л бүтсэн. Цаанаас нь тэнгэрээс харж үздэг байх. (инээв.сур) “Засагт Ханы хөх харчууд” гэдэг дууг Оюунцэцэг гавьяат анх дуулснаас хойш олон аймаг нутгийнхан дуулж байна. Сүүлд Р.Самдандовж ах эд нар “Эрэгтэй хүн дуулбал их сонин доо” гэж байлаа.
-Эрэгтэй хүн дуулсан уу, тэгээд?
-Манай Говь-Алтайн “Хантайшир” бөхийн дэвжээнийхэн “Эхлэлийг нь удаан болгоод эрэгтэй хүнээр дуулуулъя” гээд ивээн тэтгэж, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Чинбатаар найруулгыг хийлгээд Италид дуулдаг хүүг амралтаараа ирсэн байхад нь дуулуулсан. Тэр залуу Сэлэнгийнх ч гэсэн аав нь Говь-Алтайнх юм билээ. Ингэж эрэгтэй, эмэгтэй хоёр дуучинд хоёр янзаар дуулагдаад байгаа дуу байхгүй юу.
-“Засагт ханы хөх харчууд” гэдэг дуу их алдартай. Та өөрөө Засагт ханы хөх харчуудын нэг гэдгээрээ бахархдаг уу?
-Бахархалгүй яахав. Миний “Чандмань нутаг” дуу сумын Засаг даргын Тамгын газрын үүдэнд бичээтэй байдаг юм. Алтай нутгийнхаа тухай олон ч дуу захиалгаар хийсэн. Манай аав шилийн сайн эр шахуу хүн байсан байхгүй юу. Тэгж бодож дуугаа хийж байсан. Найзуудаа бодоод бас олон дуу хийсэн. Манай Р.Давааням заан бид чинь их сайхан найзууд байлаа. Намайг нутгийн маань олон ч сайхан уул усаар дагуулан очиж байлаа. Би “Улсын заан Р.Давааням” гэж хүртэл дуу хийсэн. Бүр клиптэй дуу байгаа. Тийм л ойр дотно найзууд байлаа.
-Эх нутагтаа зориулж ийм л нэг дуу хийчихье дээ гэсэн бодлоор та уран бүтээлээ туурвих уу?
-Би дуугаа яахав хийгээд яваад байсан. “Сар шиг холын нутаг” гэдэг дуу байна. “Суугуул сайхан нутаг” гэдэг дууг бүүр наяад онд аавыгаа бодоод хийж байлаа. Аав маань “Тэнд тийм нутаг ус байдаг, энд би хүүхдээ санаад явж байлаа” гэж ярьдаг байсан. “Соёл-Эрдэнэ” хамтлагт байхдаа талбайн хажуу дахь номын санд ном уншиж суугаад “Суугуул сайхан нутаг” гэдэг шүлэг таарахаар нь номын хуудсыг урж аваад халаасалж байлаа. Үдийн цайгаар орохдоо тэр шүлгийг хулгайлчихсан хэрэг л дээ. Ном худалдаад авах мөнгөгүй байсан юм байлгүй. Тэр үед манайх Яармагт гэрт байдаг байсан. Төгөлдөр хуур дээр аяа зохиочихоод өглөө эрт долоон цагт ажил дээрээ ирнэ. “Суугуул сайхан нутаг” чинь миний анхны нутгийн дуу байхгүй юу. Тэр уран бүтээлээ хийчихээд “Чингис хаан”-ы Д.Жаргалсайханд анх өгч байлаа. Үгийг нь сайн мэддэггүй, яруу найрагч Дан.Нямаагийнх гээд цомог энэ тэрдээ бичээд явуулаад байсан чинь Баянхонгор аймгаас төрсөн настай яруу найрагч, Монгол Улсын хөдөлмөрийн баатар, соёлын гавьяат зүтгэлтэн Тангадын Галсан гуайн шүлэг байсан юм байна лээ. Тэр мэт нутгийн дуу надад зөндөө байдаг. Солонгост байдаг хүмүүст гээд нутгийн тухай дуунууд их хийсэн. Хорь, гуч гаруй байгаа. Манай рок попынхон ч их дуулсан. Сая бас замын тухай дуунууд бас хийсэн. Говь-Алтайн тухай дуунуудыг над шиг олон зохиосон хүн надаас өөр байхгүй байх. Манай Эрхэмбаяр начны дуулдаг “Дөргөн нуур” гээд дуу байх жишээний. Ээж, аав хоёрынхоо нутгийн тухай маш олон дуу бүтээсэндээ өөрөөрөө бахархдаг шүү.
-Та нутагтаа сүүлд хэзээ очив. Нутгаа их санах уу?
-Сумынхаа 90 жилийн ойд есөн жилийн өмнө очсон. Манай Чандманийнхан сайхан хүлээж авсан. Би цомгоо бэлэглэсэн. Сумын наад хаалган дээр Нарандорж гээд нэг дүү хүү байдаг. Угталт үдэлтийн хаалганы дэргэдэх том самбарт мөнгө төгрөгийг нь гаргаад, миний “Чандмань нутаг” дууг бичсэн л байсан. Бид Чандмань нутагтаа ах дүү нартайгаа очихдоо зураг хөргөө татуулж л байсан. Тэр нутагт төрж өсөөгүй болохоор тэгтлээ санаж барих нь ч гайгүй. Харин хоёр ахыгаа аваад очих юм сан, уул усанд нь мөргүүлэх юм сан л гэж бодох юм. Аавынхаа амьдарч байсан ууланд очих юм сан гэж бодно. Аав маань зааж өгч байсан юм аа. Аавынхаа буурин дээр бас очиж байлаа.
-Нутгийнхаа зон олонд мэндчилгээ дэвшүүлээч!
-Хантайшир уулын аймгийн 100 жилийн мэндийг хүргэж, нутгийн ард түмэндээ аз жаргал, эрүүл энх, хамгийн сайн сайхныг хүсэн eрөөe!
Ярилцсан: Г.ЗОЛБАЯР
Сэтгэгдэл ( 0 )