Сонгинохайрхан дүүрэгт барилгын ажил нь гацаад буй сургуулиудын барилгын талбай дээр сургуулийн гурван ээлж болон цэцэрлэгийн хүртээмжийг шийдвэрлэх ажлын хэсгийн ахлагч, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан болон УИХ-ын гишүүн Э.Батшугар, Х.Нямбаатар, Б.Жаргалмаа, П.Анужин нар холбогдох алба, хэлтсийн мэргэжилтнүүдийн хамт ажиллаж, зарим чухал шийдвэрүүдийг гаргалаа.
Тухайлбал, СХД-ийн 18-р хорооны 12-р сургуулийн шинэ барилгын ажил удаашралтай байгаагаас 3000 орчим хүүхдийн эрх ашиг ноцтой зөрчигдөж байна. 2023 оны төсөвт 1.3 тэрбум төгрөгийг баталсан нь барилгын ажлыг гүйцээхэд хүрэлцэхгүй байгаа тул Засгийн газраас дотоод зохицуулалт хийж санхүүжилтийг нь яаралтай бүрэн шийдвэрлэж өгөхөөр боллоо. Ингэснээр сургуулийн барилгыг энэ хичээлийн жилд хэсэгчлэн ашиглалтад оруулж, сурагчдаа хүлээн авах тохироог гүйцэтгэгч компанитай өчигдөр хийсэн юм.
Энэ талаар УИХ-ын гишүүн Э.Батшугар "12-р сургуулийн ажлыг Засгийн газраас дотооддоо зохицуулалт хийгээд санхүүжилтийг нь бүрэн шийдье гэсэн шийдэлд хүрсэн. Энэ бол уламжлалт бус шийдэл гэж ойлгож болно. Гэхдээ өнөөдөр 3000 хүүхдийн эрх ашиг хамгийн эхэнд тавигдах ёстой. 2023 оны төсөвт энэ сургуульд 1.3 тэрбум төгрөг суулгасан. Гэхдээ дотооддоо зохицуулалт хийгээд 11 сарын 1 гэхэд А блок буюу хичээлийн танхимуудыг ашиглалтад оруулья гэсэн шийдэлд хүрлээ. Гүйцэтгэх компани гүйцэтгэлээ гаргаад өгвөл хөрөнгийг нь бүрэн гаргаж өгөхөөр боллоо” гэсэн юм.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Яагаад нийслэлийн хэмжээнд 47 сургууль гурван ээлжинд орох нөхцөл үүссэн бэ гэхээр шалтгааныг нь зөв олох ёстой. Би 3 асуудал байна гэж харж байгаа. Нэгдүгээрт улсын хэмжээнд 1-р ангид 75 мянган хүүхэд орж байхад 12-р ангийг 32 мянган хүүхэд төгсч байна. Жил бүр 32-36 мянган шинэ суудлын асуудал үүсч байна гэсэн үг улсын хэмжээнд. Хоёрдугаарт, олон жилийн хөрөнгө оруулалтын буруу төлөвлөлтүүд хийгдсэн яг 3 ээлжийн эрсдэлд орох гэж байгаа сургуулид дээр хөрөнгө оруулалтыг бодлоготойгоор төлөвлөж чаддаггүй. Гуравдугаарт, хотын олон жилийн бодлого төлөвлөлтийн алдаа байна. Томоохон хорооллууд ажил эхлэхдээ дандаа сургууль цэцэрлэгтэй байна гэж ажлаа эхлүүлчихээд улсын комисст хүлээлгэж өгөхдөө хэсэгчлээд хүлээлгээд явчихдаг. Энэ гурван асуудлыг Засгийн газар шийдье гээд явж байна” гэлээ.
Мөн СХД-ийн 19 дүгээр хорооны 62 дугаар сургуулийн өргөтгөлийн ажлын гүйцэтгэгчийг яаралтай солих, 18 дугаар хорооны 12 дугаар сургуулийн өргөтгөл, мөн дүүргийн 20 дугаар хороонд баригдаж буй 480 хүүхдийн сургууль, 32 дугаар хорооны 640 хүүхдийн сургуулийн барилгуудыг яаралтай ашиглалтад оруулахаар холбогдох шийдвэрүүдийг гаргаж ажиллалаа.
Сэтгэгдэл ( 0 )