Цаг уурын олон жилийн дунджаар бол одоо Өмнөд Америкт өвлийн улирал ид дундаа орж, сэрүүн байх ёстой. Гэвч эрдэмтдийн мэдэгдэж байгаачлан хэт халалтын эриний эхлэл тавигдсанаар өвөл гэх улирал Өмнөд Америкт үгүй болж эхэлжээ.
Аргентины нийслэл Буэнос-Айрест л гэхэд наймдугаар сарын 1-ний өдөр сүүлийн 117 жил тохиолдоогүйгээрээ халуун өдөр болж өнгөрчээ. Цаг уурын албаны төлөөлөгч Синди Фернандес “Хурц нартай жил болох нь ээ” гээд “Зөвхөн Буэнос-Айрест төдийгүй Боливи, Парагвайтай хиллэдэг бүс нутгуудад ч халуу шатаж, +37-оос +39 хэм хүрч халж байна. Чилитэй хиллэдэг бүс нутагт бүр +40 хэмийн халуун тэмдэглэгдсэн” хэмээн мэдэгджээ.
Чилийн Сантьяго хотын La Tercera сонин мэдээлэхдээ “Цаг агаарын мэдээг баримтжуулан тэмдэглэж эхэлснээс хойш Дэлхий дээрх хамгийн халуун долоодугаар сар болж өнгөрлөө. Одоо Андын нуруу энэ хэт халалтын зовлонг амсаж байна. Уг нь өвөл болж буй ч гэлээ Чили улс өөрийн гэсэн жижигхэн зовлонтой тулгараад байна” хэмээн цохон тэмдэглэжээ. Тэгвэл Сантьягогийн Их Сургуулийн Дэлхийн уур амьсгалын эрдэм шинжилгээний ажилтан Рауль Кордеро “Чилид өвөл гэдэг улирал үгүй болж эхэлжээ. Дэлхийн өнцөг булан бүрт халуун дээд хэмжээндээ хүрч байгаад гайхах зүйлгүй. Цаг агаарын өөрчлөлтийн улмаас халалт цаашид ч нэмэгдэх болно” хэмээн мэдэгдлээ.
Парагвай, Боливи, Бразилын зарим бүс нутагт ч +39 хэмийн халуу шатсаныг цаг уурын албаны ажилтан Максимилиано Эррера дурдаад, “Арай л хэрцгий гэмээр халж байна. Ер нь Дэлхийн уур амьсгалын тухай номыг шинээр бичихэд хүрэх төлөвтэй” гэжээ.
Парагвайн Асунсьон хотын автомашины зах дээр ажилладаг 32 настай Ариэль Мендоса +33 хэм хүрч халсны дараагаар “Бид халуунд дассан хүмүүс. Гэвч сүүлийн хэдэн хоногт гэрээсээ ч гарч чадахаа болилоо. Өвлийн улирал атал +30-аас +35 хэмийн хооронд халж байна” хэмээн ярьжээ. Парагвайн Католик Их сургуулийн тамгын газрын дарга Оскар Лопес Груттер “Энэ өвлийн сэрүүн өдөр их цөөн байлаа. Цаг уурын ааш занг ойлгохоо болилоо. Автомашины тоо нэмэгдэж, үйлдвэрлэл ихсэж, бохирдолт газар авсантай холбоотой болов уу. Ой модоо огтлоод байхаар бороо орох нь цөөрчээ” гэжээ.
Энэ жилийн сүүлчээр Дубайд Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаарх олон улсын чуулган болох юм. Түүнд оролцохоор төлөвлөсөн Бразилын Ерөнхийлөгч Лула да Силва мэдэгдэл хийхдээ “Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт гэдэг одоо зөвхөн экологичид юмуу байгаль орчны хамгаалагчдын ажил биш болсон. Бага ч гэсэн оюун ухаантай хүн бүрийн асуудал болсон. Дэлхийн цаг агаар хэрхэн өөрчлөгдөж буйг ажиглан харж байгаа хүн бүр үүнд оролцох ёстой” гэжээ.
Лула да Силва Ерөнхий Боловсролын Сургуулиудын сургалтын хөтөлбөрт Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн талаар хичээл оруулах ёстой гэж үзэж байгаа юм байна. Ингэвэл хүүхдүүд нь эцэг эхчүүддээ Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт ямар аймшигтай байдалд хүргэж болохыг хэлж ойлгуулна гэж тэр үзэж байгаа ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
манай Богдуудын бошиг номонд дэлгэрэнгүй байгаа даа. Тэр дээр үед л дэлхий нийтийн ирээдүйг томьёолсон байна ш дээ. Бахархахаас өөр яах билээ. Дэлхий ээж маань биднээс нүүр буруулчихгүй л бол болох нь тэр. Ямар ч их хөрөнгө мөнгө нэмэр болохгүй ээ.