Өмнөд Солонгосыг “Канүн” хар салхи тэвдүүлж байна

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 08 сарын 10

БНСУ-ын Гамшгаас хамгаалах аюулгүй байдлын газраас Солонгосын хойгийг чиглэн ирж буй “Канүн” хүчтэй хар салхинаас иргэдээ урьдчилан сэргийлэхийг анхааруулж, гамшгаас сэргийлэх байдлыг орон даяар 2-р зэрэгт шилжүүлээд байна.

Өнөөдөр буюу наймдугаар сарын 10-11-ний өдрийн хооронд орон даяар их хэмжээний бороо орохыг анхааруулсаар байна.

"Канүн" хэмээх хүчтэй хар салхины улмаас Инчён, Бусан хот дахь олон улсын нислэгийг маргааш үдээс хойш болтол хойшлуулаад байна. Мөн пүрэв гаригт цэцэрлэгүүдийг ажиллуулахгүй байхаар зохицуулалт хийжээ.

Энэ удаа Дүнхэ аймгийн далайн эргийн орчмын зарим нутгаар илүү их хүчтэй бороо орох ба албаныхан мэдээллийг цаг тутамд өгч байна.

158 орны скаутууд оролцож буй Дэлхийн Жемборогийн хөтөлбөрийг өөрчилж, Сөүл зэрэг 10 хот, муж, аймагт хуваарилжээ. Монголын 200 оролцогч болон багш нар Сөүл хотод ойр бусад орны скаутын хамт байрлаж байна.

Түүнчлэн Солонгосын хойгийг чиглэн ирж буй “Канүн” хар салхины аюулаас сэргийлэх болон нислэгийн аюулгүй байдал, аюулгүй ажиллагааны шаардлагын дагуу 2023 оны наймдугаар сарын 10-ны өдрийн Улаанбаатар - Сөүл - Улаанбаатар чиглэлийн ОМ301/302, ОМ303/304, Улаанбаатар - Бусан - Улаанбаатар чиглэлийн ОМ311/312 нислэгүүдийг тус тус цуцалжээ.

Мөн энэ өдрүүдэд далайн эрэг орчмын газар, аялал зуучлалын ресорт зэрэг газруудаар  аялахгүй байхыг сануулж байгаа тул иргэд Та  бүхэн анхаарал, болгоомжтой байж, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээ, дохиог хэвлэл мэдээллийн хэрэгсэл, мэдээллийн бусад эх сурвалжаас тогтмол хүлээн авч, сэрэмжлэх, бусдад дамжуулах, гар утсанд ирж буй сэрэмжлүүлэх мессежийг анхааралтай харж, харсалхины дэгдэлтийн үед онцын шаардлагагүй бол гадуур зорчихгүй байх, голмөрөн, далайн эрэг орчмоор явахгүй байх, уулын ам, голын ай  сав, үерийн буулт бүхий аюултай бүсээр зорчихгүй байхыг сэрэмжлүүлж байна. 

Иргэд болзошгүй үер усны аюулд өртөх, гамшгийн үед холбоо барих яаралтай тусламж 119, гэмт хэргийн дуудлага 112, санал гомдол мэдүүлэх 110, гамшгаас хамгаалах ерөнхий газрын 044) 205-1542~3 дугаар болон ЭСЯ-ны  Консулын хэлтсийн 010-9595-3464 шуурхай дугаар, Пусан хот дахь Консулын газрын 010-5339-6090 шуурхай дугаарт холбогдохын сануулъя. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top