ОЛОН ӨНГӨ | Өнөөдөр есдүгээр сарын 1

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2023 оны 09 сарын 01

“Алтан навч хийслээ дээ

Аяны шувууд буцлаа даа

Есөн сарын нэгэн боллоо

Ерөөсөө бидний баяр даа..” гэж эхэлдэг есдүгээр сарын-1, эрдмийн баяр өнөөдөр ийнхүү эхэлж байна. Хиртээгүй цав цагаан цаас шиг хүүхдийн сэтгэл, сургуулийн босгоор алхан орж буйн баяр бахдал хамгаас гэрэлтэй.

Энэ өдөр хэдий цалин мөнгө хэцүү байгаа ч эцэг эхчүүд хүүхдүүдийнхээ хичээлийн бэлтгэлийг  чадах ядахаараа бэлдэж, хавь ойрын харсан үзсэн бүхний нүд бүлтэртэл  биш юм гэхэд өөр өөрсдийн хэмжээнд гоёж гоодож аваад сургуульд нь хүргэж өгнө. Харин  цалин нэмэгдэж гавьсан юмгүй, Солонгост очиж хүнд хөдөлмөрт нухлагдсан багш нар амарч чадалгүй хүүхдийн шуугиант ертөнцдөө эргэн ирнэ.

 “...Сайхан цагаан байшинтай

Гайхам олон хүүхэдтэй...” гэж дээрх дуунд дуулдаг бол  энэ жил зарим  сургуулийн байр үерт автаж дахин ашиглах боломжгүй болсон, зарим нь засвар хийх хугацаа, төсөв санхүү шаардлагатай гэхчлэн хүүхдүүдийг тараан байршуулж, гурван ээлжээр хичээллэх сургуулийн тоо өмнөх жилээс нэмэгдсэн муу мэдээтэй. Ямар сайн мэдээ байна гэвэл, багш мэргэжлээр суралцагчдын сургалтын төлбөрийг төрөөс даах болсон гэдгээс өөр юмгүй. Үүний оронд багшийн цалинг нэмж, шалгуурыг сайжруулаасай гэсэн шүүмжлэл өрнөж буй. Дээр нь сайн суралцсан, амжилт гаргасан хүүхдүүдэд очих ёстой Боловсролын зээлийн сангийн мөнгийг  сайд, дарга нар өөрсдийн хүүхэд, ах дүү, хамаатан садандаа аваад өгчихдөг. Бор зүрхээрээ дэлхийн сайн сургуулиудад суралцаж, мэргэжил эзэмшээд эх орондоо ирсэн залууст ажил олддоггүй.

Нам дагаж намирах, “цүнх баригч” хийхгүй бол дээшлэх ямар ч боломжгүй гаж  тогтолцооноос дөнгөж л салж ядаж байна. Жил болгоны есдүгээр сарын 1-нд нийтээрээ хөөр баяр болж хөл газар хүрэхгүй хөөрцөглөдөг ч  дотор нь ороод харвал “Тавилан юм даа”гэж өнгөрүүлэмгүй гунигт дүр зураг шүү, энэ бүхэн. Ёстой сууриар нь өөрчлөхгүй бол боловсролын салбар  илжирч ялзарч бугшсаныг энд бичвэл дуусашгүй. Гэхдээ есдүгээр сарын -1 хэн бүхний сэтгэлд дандаа баяр төрүүлдэг болохоор бүгдэд есдүгээр сарын 1-ний эрдмийн  баярын мэнд хүргэе. Оройгүй их эрдмийн оргилд нь заавал хүрээрэй. Олон хүн оргилд хүрч чадваас  боловсролын салбарыг орвонгоор нь эргүүлж шинэчлэх хөрс бүрэлдэх биз ээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top