"Ханжоу - 2022" Азийн XIX наадам хөшгөө нээхэд 16 хоног үлдээд байна. Энэ удаагийн наадамд 45 Үндэсний олимпын хорооны баг тамирчид 40 спортын 61 төрөлд ур чадвараа сорих бол Монголын баг 34 спортын 36 төрөлд 400 гаруй тамирчин, 200 гаруй дасгалжуулагч, албаны хүмүүс, нийт 600 гаруй хүний бүрэлдэхүүнтэйгээр оролцох билээ.
"Ханжоу - 2022" Азийн наадамд оролцох Монголын баг тамирчдад хүндэтгэл үзүүлж, төрийн далбаа гардуулан өгөх ёслол өчигдөр (2023.09.06) "Олимпик хаус"-т болов.
Ёслолд МҮОХ-ны Ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О.Баттулга, МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч Ч.Наранбаатар, Дэд ерөнхийлөгч О.Одбаяр, Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар, Д.Жаргалсайхан, Ч.Амарсанаа, Д.Отгондалай, Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хорооны Ажлын албаны дарга Э.Тэмүүжин, БТСУХ-ны Гадаад харилцаа, мэдээллийн технологийн хэлтсийн дарга Н.Оюунбат, Спортын бодлогын хэрэгжилтийн хэлтсийн дарга Б.Нямсүрэн болон наадамд оролцох тамирчид, дасгалжуулагчдын төлөөлөл оролцов.
Энэ үеэр МҮОХ-ны Ерөнхийлөгч Б.Баттүшиг, Монгол Улсын сайд, Олимп, нийтийн биеийн тамир, спортын Үндэсний хорооны дарга Б.Бат-Эрдэнэ нар баг тамирчдад амжилт хүсэж, Монгол Улсын төрийн далбаа, МҮОХ-ны тугийг “Ханжоу 2022” Азийн наадмын Монголын багийн ахлагч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн А.Ганбаатар болон Монголын багийн тугчдад гардуулав.
Монголын багийн тугчаар 3х3 сагсанбөмбөгийн тамирчин Б.Ариунцэцэг болон хөлбөмбөгийн тамирчин А.Дөлгөөн нар сонгогдсон билээ.
Ёслолоор Монголын багийн тугч Б.Ариунцэцэг, волейболын дасгалжуулагч Б.Даринчулуун нар нийт баг тамирчдыг төлөөлөн тангараг өргөв.
Түүнчлэн ёслолын үеэр МҮОХ-ны алтан түнш ХасБанк-наас “Ханжоу-2022” Азийн наадмыг зорих Монголын баг тамирчдад БНХАУ-д ашиглаж болох олон улсын UnionPay Classic картыг баг тамирчдын төлөөллүүдэд гардуулав. Энэхүү картаар наадмын үеэр хийсэн худалдан авалтын 10 хувийг буцаан олгох юм.
МҮОХ-ноос спортын хувцас хэрэглэлийн 361 брэндтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулсны хүрээнд наадамд оролцох баг, тамирчдаа 1 тэрбум гаруй төгрөгийн иж бүрэн хувцас, өмсгөлөөр хангаад байна.
Дашрамд дурдахад Монголын баг тамирчид "Тегеран - 1974" Азийн наадмаас эхлэн нийт 11 удаагийн наадмаас 24 алт, 46 мөнгө, 85 хүрэл нийт 155 медаль хүртээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Хүндэтгэл үзүүлэх биш үүрэг даалгавар өгч, амжилт шаардах хэрэгтэй баймаар, одоо улсын зардлаар зүгээр зугаалаад ирдгийг болиулах хэрэгтэй