Булган аймгаас “Шинхан” их сургуульд сурахаар 20 оюутан аяны дөрөө авлаа

Автор | Zindaa.mn
2023 оны 09 сарын 08

Булган аймаг, БНСУ-ын Кёнги аймаг хоорондын хамтын ажиллагааны хүрээнд Шинхан их сургуульд 20 оюутнаа сургахаар Улаанбаатар-Инчён чиглэлд аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ оюутнуудын хамтаар нислээ.

Аймгийн Засаг даргын 2020-2024 оны "Шинэ хөгжлийн зам" үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хүрээнд ийнхүү гуравдагч улс руу Булган аймгийн оюутнууд суралцахаар явж байгаа юм.

Булган аймгийн оюутнууд Беларусь улс, ОХУ, БНСУ-д 100 хувь тэтгэлгээр суралцаж эхэлсний үргэлжлэл болж, 16 сум нэг тосгоноос шалгарсан оюутнууд ийнхүү их эрдэм өвөрлөхөөр хүлгийн жолоо заллаа.

Булган аймгийн хувьд БНСУ-ын Шинхан их сургуульд жил бүр 20 оюутанг сургахаар явуулах бөгөөд оюутнууд эхний жилдээ Солонгос хэлний бэлтгэлдээ сурч, үргэлжлүүлэн өөр өөрсдийн сонгосон мэргэжлээрээ суралцах юм.

Ингээд Булган аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ болон суралцахаар явж буй оюутан, эцэг эхийн төлөөллөөс сэтгэгдлийг нь сонслоо.

 

Б.АРИУН-ЭРДЭНЭ: ЗАЛУУС МААНЬ ТӨГСӨЖ ИРЭЭД ОРОН НУТАГТАА АЖИЛЛАХ ГЭРЭЭ БАЙГУУЛСАН

-Бид хоёр жил гаруй хөөцөлдсөний үр дүнд БНСУ-ын Кёнги аймгийн “Шинхан" олон улсын их сургуульд хүүхдүүдээ сургах боломж бүрдүүлж авсан. Юуны өмнө Булган аймгийнхаа эдийн засгийг авч явдаг гол салбар бол хөдөө аж ахуй, аялал жуулчлалын салбар байдаг. Тиймээс бид энэ хоёр чиглэлээс гадна эрүүл мэнд, эдийн засаг болон эрчим хүчний инженер, зам гүүрийн инженер гэсэн 4-5 мэргэжлээр хүүхдүүдээ сургахаар явуулж юм. Бүтэн дөрвөн жилийн сургалтын төлбөрийг аймгийн Засаг даргын тамгын газраас 100 хувь тэтгэлэг өгч сургаж байна. Эдгээр залуус маань төгсөж ирээд Булган аймагтаа, сум орон нутагтаа ажиллах гэрээг байгуулсан. Эцэг эх, хүүхдүүд маань өөрсдөө зөвшөөрч, Засаг даргын Тамгын газартай гуравласан гэрээ байгуулж, анх удаа сум бүрээс нийтдээ 19 хүүхдийг БНСУ-руу сургахаар явуулж байна.

 

С.ОЮУНЗАЯА: ОЮУНЫ АСАР ТОМ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БАЙГАА Б.АРИУН-ЭРДЭНЭ ДАРГАДАА БАЯРЛАЛАА

-Эцэг эхчүүд бид санааны зоргоор гадаад улсад сургах бололцоо байхгүй. Юуны өмнө дэмжих, оюуны асар том хөрөнгө оруулалт хийж байгаа аймгийн Засаг даргын Тамгын газар, Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ, Бодлогын хэлтэс, Боловсролын газар зэрэг холбогдох байгуулагуудад баярлалаа. Хүүхдээ аймаг, сум хооронд тэмцээн, уралдаанд явуулж байсан. Одоо бол манай гэр бүлийн зүгээс хүүхэддээ өгч байгаа захиас гэвэл нутаг ус, эх орондоо байхад аавынхаа нэрээр овоглож дуудагддаг байсан бол хилийн дээс алхаад Монгол гэсэн нэр давхар дуудагдана. Тийм болохоор эх орныхоо нэрээр явж байгаа хугацаандаа сайн сураад, эргэж ирэхдээ дэлхийн энтэй бэлтгэгдсэн боловсон хүчин болоод ирээрэй гэдгийг нэгдүгээрт хэлж байгаа. Хоёрдугаарт маш хариуцлагатай, сайн суралцах хэрэгтэй. Өөрийнхөө дүүг бодсон ч нутаг орныхоо дараагийн олон хүүхдүүдийн боломж бололцоог бодсон ч гарц гаргалгаа болж, Монголоос ирсэн хүүхдүүд сайн сурдаг юм байна гэж цаад талд харуулах, эсвэл энэ хүүхэд оруулсан хөрөнгө оруулалт үнэхээр үр дүнтэй байлаа гэдгээ баталж, орон нутагтаа харуулаарай гэж хэлж захиж байна. Мэдээж хүүдээ итгэж байна. Маш олон амжилтыг аав ээжийнхээ итгэл, өөрийнхөө хичээл зүтгэлээр гаргасан.

 

БУЛГАН АЙМГИЙН ХОЁРДУГААР СУРГУУЛИЙН ТӨГСӨГЧ Ц.ТҮВШИНЖАРГАЛ: НУТАГТАА ИРЭЭД ҮЛГЭР ЖИШЭЭ БАЙДЛААР АЖИЛЛАНА

-Шалгаруулалтаа сум, сургууль дотроо хэлний шалгалт, эссэ бичлэг зэргээр сонгон шалгаруулсан. Миний хувьд дунд ангид орох үеэс гадаад руу сурах чин хүсэлтэй байсан болохоор явах боломж олгосон сургууль, сумынхаа удирдлагууд болон Булган аймгийн Засаг дарга, удирдлагуудад маш их баярлаж байна. Очоод сургуульдаа сурах явцдаа бусад орны хүүхдүүдтэй харилцаж өөрийгөө илүү сайн нээнэ. Миний хувьд IT инженер чиглэлээр сурахаар явж байгаа. Эх нутагтаа ирээд өөрийн эзэмшсэн мэргэжлээ аймаг, орон нутгийнхаа хүүхдүүдэд зориулж, боломж гарцыг нь зааж өгч, үлгэр жишээ байдлаар ажиллана гэж бодож байна.

 

ДЭЛГЭРЭНГҮЙГ ТВ ТЕЛЕВИЗИЙН "ТОЛЬ" МЭДЭЭЛЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨС...

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top