Б.Балдулмаа: Боловсролыг зөвхөн оюуны хөдөлмөр гэж ойлгож болохгүй

2023 оны 09 сарын 12

Эрдэм түгээх гэгээн үйлсэд залуу нас, сэтгэл зүтгэлээ зориулж, боловсролын салбарт багш бэлтгэхэд үнэтэй хувь нэмэр оруулж яваа Монгол Улсын гавьяат багш, доктор, профессор Б.Балдулмаатай ярилцлаа. Түүний аав Монгол Улсын гавьяат багш Л.Балжир боловсролын байгууллагад 51 жил ажилласан бөгөөд тэрбээр аавынхаа мэргэжлийг өвлөж, Монгол Улсын гавьяат багш хэмээх  алдрыг хүртэн удам залгасан гавьяатууд болсон билээ. Б.Батдулмаа  Ломоносовын нэрэмжит Москвагийн их сургуульд мэргэжил дээшлүүлж, эрдэм шинжилгээ судалгааны ажил хийж, судалгаа сургалтыг хослуулан хөгжүүлж ирсэн эрдэмтэн багш нарын төлөөлөл юм. Мөн тэнхимийн эрхлэгчээр олон жил ажиллаж, бага ангийн багш бэлтгэх хөтөлбөрүүдийг шинэчлэх, магадлан итгэмжлүүлэх ажлуудыг манлайлж, шинэ цагийн багш бэлтгэх их үйлсэд залуу багш нар, хамт олноо түүчээлсээр явна.


-Хичээлийн шинэ жил эхлээд удаагүй байгаа торгон мөчид тантай уулзаж байна. Тийм болохоор сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Энэ жил манай Багшийн сургуулийн 101 дэх хичээлийн шинэ эхэлж байна. Миний хувьд 53 дахь намрынхаа  хичээлийн жилтэй золгож байна. ЕБС-иас ажлынхаа гарааг эхэлж өнөө хүртэл математикийн багшаар 53 дахь жилдээ багшилж байна. Сургуулийнхаа үүдээр оруут л цэмцгэр ганган, сэтгэл татам орчин угтаж, сургалтын орчноо багш оюутны эрэлт хэрэгцээг яв цав хангахуйц  бүрдүүлж чадсан сургуулийн хамт олон, ажилчин албан хаагч, багш сурган хүмүүжүүлэгч нартаа баярлаж байгаагаа илэрхийлье.

-Танай сургуулийн энэ хичээлийн жилийн нэгэн онцлог нь Боловсролын багц хууль батлагдсан явдал байлаа. Энэ талаар ахмад багшийн хувьд ямар бодолтой байна вэ?

-Багш бэлтгэдэг сургуулийн оюутнуудын сургалтын төлбөрийг 2030 он хүртэл төрөөс 100 хувь  чөлөөлсөн шийдвэр гарсныг би хувьдаа зөв гэж үзэж байгаа. Аливаа зүйл хоёр талтай байдагчлан сошиал болон бусад  мэдээллийн сувгуудаар багшийн мэргэжлийг үнэгүйдүүллээ, төлбөрийн чадваргүй, сурлагаар тааруу хүүхдүүд багшийн сургуульд орох нь гэсэн сөрөг ойлголт сэтгэгдэл их харагдана лээ. Гэвч аливаа зүйлийг олон талаас нь харах ёстой л доо. Миний  хувьд одоо ажиллаж байгаа багш нар болон төгсөөд гарч  байгаа оюутнуудын цалин хөлс, нийгмийн асуудлыг цогцоор нь харж үзнэ гэж энэ  шийдвэрийг гаргасан болов уу гэж  ойлгож байгаа. Цаашдаа ч багш нарын нийгмийн тулгамдсан асуудал, сургуулийн эрэлт хэрэгцээ хангамжийг давхар шийдээд явна гэдэгт итгэлтэй байна. Эндээс харахад багш нарын асуудал манай улсад нэг номерт тавигдах болжээ. Манай сургууль удахгүй олон улсын хэмжээнд магадлан итгэмжлэгдэнэ. Тийм учраас манай төгсөгчид, боловсон хүчнүүд  гадны ямар ч улс оронд очиж ажиллахад гологдохгүйгээр бэлтгэгдэх нь гэж мөн баяртай байна. Үүнийг өмнөх үетэйгээ харьцуулаад үзсэн ч манай сургууль хэзэээнээсээ л чадварлаг сайн багш сурган хүмүжүүлэгчдийг бэлтгэж  ирсэн алтан үеийнхэн. Дуу хөгжим, номын сан, пионерийн удирдагч багш гээд маш олон  чадварлаг боловсон хүчин бэлтэгдэн гарч байлаа. Мөн орос багш нар олноороо  ирж ажилладаг байсан. Гэтэл одоо уламжлал шинэчлэлийн давалгааны хоёр дахь үе эхэлж энэ хүрээнд байгалийн шинжлэл, дуу хөгжмийн чиглэлээр гадны мэргэжилтнүүд манай сургуульд ирж ажиллаж байгаа. Үүнийг манай сургуулийн эрдэмжилт, оюуны чадавх, оюутан сурагчдын сэтгэлд нийцсэн сайхан эрин үе гэж баяртай  байна.

-Та аливааг тунгааж, асуудлыг олон талаас харьцуулж харах ёстой гэлээ. Тухайлбал?

-Ташрамд  хэлэхэд дангааршил буюу даяаршил  гэдэг хоёр асуудлыг зэрэгцүүлэн авч үзэхийг хүсэж байна. Даяаршина гэдэг нь дэлхийн улс орнуудтай хөл нийлүүлэн алхаж, хөгжиж буй орнуудын туршлагаас өөрийн улс орны хөрсөнд буулгаж, нутагшуулна. Дангааршина гэдэг бол өөрийн орон, өөрийн сургууль, өөрийн мэргэжлийн онцлогоо хадгалж явах хэрэгтэй гэсэн үг. Боловсролын хуульд эрх, үүрэг гэж их орсон байгаа. Гэвч манайхан сүүлийн үед эрх л гэж  ярих болохоос үүргээ бага ярьж байна. Дутуу л  юм болбол улс орноосоо нэхсэн, шаардсан, болохгүй л бол төр, засгаа хараадаг болж. Гэтэл хувь хүн би улс нийгэмдээ ямар хувь нэмэр оруулж байгаа юм, юу хийх ёстой вэ  гэдэг талаас ярьдаг байгаасай. Ялангуяа Боловсролын багц  хуулийг хэрэгжүүлэх явцад үүрэг, хариуцлагынхаа талаар  их яримаар байна. Уг хуулийг хэрэгжүүлэх багийн бүрэлдэхүүн манай багш нарын холбооноос гарч, миний бие тус бүрэлдэхүүнд орсон. Энэ хүрээндээ нийслэл хот, дүүрэг, хөдөө орон нутагт сургалт явуулах, үүнд эхний удаа Дундговь аймаг руу явахаар шийдвэрлэсэн. Иймд  бид дээд, доод шатандаа үүргээ л сайн мэддэг байх ёстой. Шулуухан хэлэхэд бидэнд бэлэн юм нэхэх нь хэтрээд ердөө л сэтгэл дутаад байгаа юм.

-Зарим хүн “Багшийн мэргэжил үнэгүй болсныг дагаад шалгуурыг нь өндөрсгөнө” гэж ярьж бичиж байна?

-Энэ маш зөв. Суралцах хугацаан дахь шалгалтууд нь ч хатуу байж, өндөр шүүлтүүрээр элсүүлж, өндөр шалгуураар төгсгөж чадварлаг багш нар бэлтгэх байх гэж бодож байна. Түүнээс үнэгүй юм үнэ цэнгүй гэж бодож ойлгож болохгүй. Стипенд буюу сар бүр тэтгэлэг  өгдөг байхад маш сайн багш нар бэлтгэгдэн гарч байсан. Нэмж хэлэхэд, Монгол Улсын оршин тогтнохын үндэс бол улс үндэстнийхээ уламжлалыг цаг үргэлж хадгалж явах асуудал юм шүү дээ. Сая Ромын Пап лам манай улсад зочилсон. Ингэснээр ялангуяа соёл, боловсролын тал дээр өндөр түвшинд дэлхий нийтэд таниулж, эх дэлхий, унаган байгалиа хамгаалдаг, тайван хүнлэг, найрсаг зочломтгой байдлуудыг олж хараад буцсан байх. Манай улсын хөгжил дэвшлийн бас нэгэн ахиц дэвшил ч болсныг үгүйсгэхгүй.

-Та энэ сургуулийн бүтээгдэхүүн. 50 гаруй жилийн хөдөлмөрөө төрдөө үнэлүүлж, Монгол Улсын гавьяат багш  болжээ. Аливаа шагнал зарим хүнд улам ихийг хийх урам зориг өгдөг  бол зарим нь “одоо боллоо” гэж сэтгэл ханах нь ч бий. Харин та ямар утгаар хүлээж авсан бол?

-Энэ нэр хүндтэй шагналыг сургуулийнхаа түүхэн тэмдэглэлт 100 жилийн ойгоор хүртсэндээ төрөлх сургуульдаа хязгааргүй их баярлаж явдаг. Юуны түрүүнд  шавь нар маань  их баярласан  байх гэж бодож байгаа. Шавь нар маань  миний өмнөөс үнэхээр их  хүлээлттэй байсан. Тийм учраас би илүү ихийг хийх юмсан, миний хийж чадах зүйл юу байна вэ,  хаана ямар туслалцаа байна вэ гэсэн  бодол төрж,  цаашид ихийг хийхсэн гэх  урам зориг, хүч нэмдэг юм билээ. Өөрөөр хэлбэл, хүч энерги амтагдсан үед нь тухайн хүний юу чаддагийг улс орон ямар ч салбарт ашиглаасай гэж хүсэж байна. Багшийн сургуулиасаа заах арга, ур чадвар, үе үеийн шилдэг багш нараасаа туршлага судалж эрдэмжсэн, эрдмийн цол зэрэг, гавьяа шагнал гээд бүхий л сайн сайхан бүхнийг  өөртөө бий болгож чадсан. Сургуульдаа маш их хайртай.

-Сайн хүний нөлөө насан туршийнх байдаг гэх. Тиймээс багшийн сургуульд тод мөрөө үлдээсэн  танай аавыг  хамт олон, шавь нар  нь өнөө ч дурссаар байдаг юм билээ?

-Тийм ээ, миний аав Монгол Улсын гавьяат багш  Л.Балжир гэж хүн байлаа. Огт уурладаггүй, муу зуршилгүй, архи тамхи хэрэглэдэггүй, ер нь олон сайхан эрхэм  чанарыг өөртөө шингээсэн  аавынхаа мэргэжлийг нь  өвлөсөндөө бэлэгшээж явдаг. Тийм учраас аавынхаа нэрийг дуурсгаж, өдий зэрэгтэй багшилж явааг минь  бурхны орноос харж байгаа байх аа.  Аав маань оюутнуудтайгаа аав нь, ах нь юм шиг харилцдаг. Эндээс багш шавийн харилцаа ийм л элэгсэг дотно байх ёстой юм байна гэдгийг олж харж, мэдэрч өссөн. Энэ хэрээр оюутнууд маань ч их урамшдаг юм билээ. Алдарт сурган хүмүүжүүлэгч Ушинский “Илэн далангүй ийм сайхан харилцаанаас эрх чөлөөт сэтгэлгээ бол эрдэм ном сурах эх үндэс мөн” гэж нэгэнтээ  хэлсэн байдаг.

-Бүх шинжлэх ухааны үндэс суурь математик гэдэг. Иймд бүхий л салбарт математмикийг сайн эзэмшсэний үр дүн гарсаар, харагдсаар л  байдаг?

-Математикийн шинжлэх ухаан, хүний оюун ухаан, тархитай шууд холбоотой. Математикийг эмх цэгцтэй сэтгэх ухаан гэдэг. Эмх цэгцтэй гэдэг нь аливааг эрэмбэ, логик, дэс дараалалтай сэтгэнэ гэсэн үг. Тийм учраас хүнээс тодорхой эрэмбэ, дэс дарааллыг шаарддаг. Үүнийхээ дараа тодорхой зүйлийг хийж сэтгэж явахад математикт амжилттай суралцана. Өмнөх үзсэн дээрээ суурилж,  залгамжилдаг шинжлэх ухаан. Математикийн шинжлэх ухааныг эзэмшээд  удирдах албанд ажиллаж байгаа олон хүн бий. Өрх гэрт ч математикийн мэргэжилтэй хүний  үйл ажиллагаа нь эмх цэгцтэй, эрэмбэ дараатай, тооцоо судалгаатай байдаг. Нөгөө талаас эцэг эхчүүдийн хувьд хүүхдийнхээ өмнөөс сонголт хийж болохгүй, өөрсдөөр нь мэргэжлийг нь сонгуулах хэрэгтэй. Гэвч орчин үед заавал нэг мэргэжилд захирагдах биш, хөрвөх чадвар ихээхэн хэрэгтэй  болсон. Энэ нь боловсролын өөрчлөлт, давуу тал. Насан туршийн боловсрол хүнд их зүйлийг өгдөг. Боловсролыг зөвхөн оюуны хөдөлмөр гэж ойлгож болохгүй. Зан суртахуун, ёс суртахуун, хүмүүжил, амьдрах ухаан гээд бүх зүйл орно. Боловсролоос гадна зан харилцаа сайтай байхад ажил үйлс ч санаснаар бүтдэг. Тиймийн тулд монгол хүний уужуу тайван ухаан, ааш зангийн сайхнаар бие биесээ хүндэлж үргэлж  хайр түгээж байгаасай гэж хүсдэг.

-Багш дутагдалтай байна ч гэж  ярьсаар л байгаа. Магадгүй боловсролын хууль гарсан нь энэ асуудалтай ч холбоотой юм шиг?

-Багш тэр дундаа бага ангийн багшийн ажил хүнд үү гэвэл хүнд. Анги дүүргэлт байх ёстой үзүүлэлтээс хэтэрсэн учраас нэг багш маш их ачаалалтай ажиллаж байна. Хуульдаа  45 аас дээш хүүхэдтэй бол туслах багш ажиллуулна гэж заасан байгаа.  Тийм учраас эдгээр багш нарын ачааллыг багасгаж, цалин мөнгө, урамшууллыг нь нэмж, байр орон сууцаар хангах гээд олон асуудал бий. Тийм учраас эцэг эхчүүд Боловсролын тухай хуулийг олж унших хэрэгтэй. Мөн багшийн мэргэжлийг  өндөрт өргөж,нэр хүндийг нь хамгаалж, хайрлаж, сайн багшийг сурталчлах, алдаршуулах нь хамгийн чухал. Тухайлбал, Герман улсад хамгийн өндөр үнэлэгддэг мэргэжил бол багш байдаг. Дараа нь хуульч, эмч гээд. Монголд ийм л байх ёстой.

-Та эрдэм судалгааны ажлын хүрээнд хэчнээн гарын авлага, бүтээл туурвив?

-ЕБС-ийн бага ангийн багш нарыг давтан бэлтгэх, ахисан түвшинд сургах, магистр, докторын ажил удирдах, гадаад дотоодын олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлж ирлээ.  Ажиллах хугацаандаа 150 орчим бүтээл туурвихын зэрэгцээ, 1-5 дугаар  ангийн математикийн сурах бичиг зохион боловсруулсныг  Монголын 270 сая гаруй сурагч судалж суралцсаар яваа. Алхам тутамдаа хөгжиж бусдаас суралцах ёстой юм байна гэдгийг бүрэн дүүрэн ойлгож ирсэн. “Би болчихлоо гэх биш, болоогүй байна гэвэл хөгжихийн нэр гэдэг” юм билээ. Тийм учраас, ямар ч хүн үргэлж л болоогүй байна гэж бодох ёстой гэнэ лээ. Академич Мекей агсан нэгэнтээ “Багахан юм мэддэг хүний  мэдэхгүй юм нь бага санагддаг. Харин  их мэддэг хүний  мэдэхгүй юм нь их санагддаг. Учраас ухаантай хүн би болоогүй байна, улам их юм сурах хэрэгтэй гэж үздэг гэсэн” гэж хэлж байсан нь санаанаас огт гардаггүй юм. Би  “Монгол ардын уламжлалт тоглоом ба математик сургалтанд хэрэглэх боломж” сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Турк улс өв уламжлалаа их дэмждэг, тэр талаараа дэлхийн 38 орныг хамарсан төсөл хэрэгжүүлж байсан юм билээ. Энэ хуралд эрдмийн зөвлөлийн гишүүнээр сонгогдож “Монгол ардын түлхүүр буюу алаг мэлхийг яаж сургалтанд хэрэглэдэг вэ” гэдэг сэдвээр илтгэл тавихад маш их сонирхож байсан. Ингэж Монгол Улсаа сурталчлах боломж тохиосонд баяртай байгаа. Судлаачид ч танай Монголын тоглоом ямар их эрдэм судалгааны ажил болдог өргөн цар хүрээтэй юм бэ гээд ихэд гайхаж байлаа.

-Манай уншигчдад  хандаж  та юу хэлэх бол?

-Юуны өмнө “Өглөөний сонин”-д ярилцлага өгч байгаадаа туйлын баяртай байна. Үнэн зөв мэдээллийг уншигчдадаа хүргэдэг шүүлтүүртэй, шалгууртай, ёс зүйтэй сонин гэж боддог. Танай сонины уншигчдад эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсье.

Түүнийг Монгол Улсын гавьяат багш болоход алс холын Швeд орноос яруу найрагч шавь Б.Энхтуяа нь багшдаа  баяр хүргэж ийн шүлэглэжээ.

 

Балдулмаа багш минь…

 

Амьдрал туршид санагдах

Ачит сайхан багш минь

"Хүн" байхад хөтөлсөн

Хүндэт эрхэм багш минь

Багш болоход сургасан

Байгаа бүхнээ зориулсан

Бахархалт сайхан

Балдулмаa багш минь

Хүний дайтай яваа бол

Хүндэт багш таны минь ач

Энэ зэрэгтэй байгаа минь

Энэрэлт багш таны минь тус

Хавар цагийн урь шиг ялдам сайхан багшдаа

Хайртай шүү

Урт удаан наслаж улам ихийг бүтээж

Урган дэлгэрч яваарай

Удвал цэцэг шиг сайхан багш минь ээ!

Тандаа халуун баяр хүргэж эрүүл энхийг хүсэн ерөөе.

 

Д.НЭРГҮЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Х.Гандулам(66.181.184.10) 2023 оны 09 сарын 13

Самбар дээр маш олон оронтой тоо бичээд хамгийн урд байгаа оронг арилгачихвал тэг болчих хүчтэй тоо байдаг...\nМиний багш хүний амьдралын үй түмэн үзэгдэл дотор байх хамгийн чухал амин чанарыг бие сэтгэлээрээ шавь нартаа өвлүүлсэн гавьяатай...Яг тэр хүчтэй тоо шиг...\nБагш шавь болсон цагаас өнөөг хүртэл\nээж шиг минь байж хорвоог хамт туулж байгаа багшдаа маш их хайртай ...

0  |  0
Сулушаш(62.122.107.145) 2023 оны 09 сарын 13

Үнэхээр мундаг сайхан багш минь танаар бахархаж явна

0  |  0
Сулушаш(62.122.107.145) 2023 оны 09 сарын 13

Үнэхээр мундаг сайхан багш минь танаар бахархаж явна

0  |  0
Сулушаш(62.122.107.145) 2023 оны 09 сарын 13

Үнэхээр мундаг сайхан багш минь танаар бахархаж явна

0  |  0
Oyutan (66.181.187.113) 2023 оны 09 сарын 12

Bagshdaa eruul enhiig husyee.Urt nasalaarai bagshaa

0  |  0
Top