Доха хот 2030 оны Азийн наадмыг хүлээн авна

2023 оны 09 сарын 27

2030 оны Азийн наадам зохион байгуулах хотыг Азийн олимпийн зөвлөлийн (ОСА) 39 дүгээр ерөнхий ассемблейгээс өчигдөр /2023.09.26/ сонголоо.

Тус эрхийн төлөө Арабын хоёр хот тунан өрсөлдсөн бөгөөд сонгуульд хамгийн олон санал авч чадсан хот 2030 оны, удаалсан нь 2034 оны Азийн наадмыг зохион байгуулах болсон юм.

Азийн олимпийн зөвлөлийн хуралдаанд 26 орны төлөөлөл Мускат хотноо биечлэн очиж оролцсон бол бусад 19 орны Үндэсний олимпын хороо /ҮОХ/ цахимаар оролцжээ. Ингээд санал хураалтын дүн гарахад Катар улсын нийслэл Доха 27 саналаар тэргүүлж, Саудын Арабын Рияд хотыг 10 орон дэмжив. Харин найман орны ҮОХ шийдвэр гаргахаас түдгэлзлээ.

2006 онд Дохад болсон Азийн наадмын хөтөлбөрт триатлоны спорт анх удаа багтаж, 12 орны тамирчид өрсөлдсөний дунд Монгол Улсын тамирчин Н.Наранбат, М.Цэнгүүн нар байсан билээ.

Сануулахад, 2022 оны Азийн наадмыг БНХАУ-ын Ханжоу, 2026 оныхыг Японы Аичи-Нагоя хотууд, 2030 оныхыг Катарын Доха, 2034 оныхыг Саудын Арабын Рияд хот зохион байгуулна.

Азийн наадам зохион байгуулсан хотууд:

 

  1. 1951 он-Дели,
  2. 1954 он-Манила,
  3. 1958 он-Токио,
  4. 1962 он-Жакарта,
  5. 1966 он-Бангкок,
  6. 1970 он-Бангкок,
  7. 1974 он-Тегеран,
  8. 1978 он-Бангкок,
  9. 1982 он-Дели,
  10. 1986 он-Сөүл,
  11. 1990 он-Бээжин,
  12. 1994 он-Хирошима,
  13. 1998 он-Бангкок,
  14. 2002 он-Бусан,
  15. 2006 он-Доха,
  16. 2010 он-Гуанжоу,
  17. 2014 он-Инчон,
  18. 2018 он-Жакарта-Палембан

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top