Ханжоу-2022 | МОНГОЛ 64 – 69 ХОНКОНГ

Админ | Zindaa.mn
2023 оны 09 сарын 29

Мэдээг: Ч.Баатарзориг

Гэрэл зургийг: Э.Харцага /Өнөөдөр сонин/ Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

Инчёны Азийн наадмын нээлтийн тоглолтдоо 86:77-ын харьцаатай буулган авч байсан Хонконгийн багтай өчигдөр /2023.09.28/ манай шигшээ баг 2 дахь тоглолтоо хийлээ. Манай сагсанбөмбөгчид Азийн наадмын эхний тоглолтдоо эзэн орны багт, харин Хонконгийн баг Тайваньд тус тус хожигдоод байсан тул 2 баг тэмцээний эхний хожлоо авахаар талбайд гарсан. Манай багийн гарааны бүрэлдэхүүнд Хятадын эсрэг хийсэн тоглолтоос ялгаатай нь холбогчийн байрлалд ах Г.Ган-Эрдэний оронд дүү Г.Болор-Эрдэнэ гарсан бол Б.Тулуй сэлгээнд үлдэж Д.Дөлгөөнмөрөн гараанаас тоглолтыг эхлүүлэв.

Тоглолт эсрэг багийн холын болон дундын дараалсан шидэлтүүдээр эхэлж, эхний 2 минутад 10:4, 5 дахь минут гэхэд онооны зөрүү -7 болсон зэргээр манай багийн хувьд таатай эхлэл болсонгүй. Удалгүй дасгалжуулагч Б.Ганхөлөгийн хийсэн сэлгээнүүд үр дүнгээ өгч эхний үеийг манай баг 3 онооны илүү 20:17-оор дуусгаж чадсан.

2-р үед тоглолтын эхнээс идэвхтэй байсан Хонконгийн багийн Ли Ки,  Данкан Рейд нарын будагтай талбайн болон холын шидэлтүүд нь ээлж дараалан  амжилттай болж багаа илүү гаргасан. Улмаар тоглолтын эхний хагас 37:30-аар Хонконгчуууд илүү гарч чадсан нь тэдний 3 онооны довтолгоо сайн, манай багийн хамгаалалт шидэлттэй тоглогчид дээр сул байснаас үүдэлтэй. Эхний хагасын онооны зөрүүг илэрхийлэх гол статистик 3 онооны шидэлт: Хонконг 11-6, Монгол 10-0!!! Эхний хагаст Т.Ууганбаяр 8 оноо авсан бол Инчеоны наадмаар манай эсрэг тоглоод үзчихсэн, Канад гаралтай Хонконг тоглогч Данкан Рейд 12 оноо авсан.

Завсарлагын дараа Хонконгийн багийн Ли Кигийн сайн тоглолт үргэлжилж дараалан 5 оноо авсан. Гэхдээ 3-р үеийн дунд гэхэд манай багийн идэвхтэй хамгаалалт, довтолгоо онооны зөрүүг -4 болгон ойртуулж чадсан. Үүнд 14 оноо аваад байсан холбон тоглогч Г.Болор-Эрдэнэ чухал нөлөөтэй байлаа. 3-р үеийн цаг дуусахад 02 мин 35 сек үлдээд байхад манай баг 13 дахь оролдлогоороо эхний холын шидэлтээ оновчтой болгосон. Эсрэг багаас лидер Данкан Рейдийг амрааж, 208см өндөр Юэт Юин Пок үр дүнтэй тоглож будагтай талбайд илүүрхэж байснаар Хонконгчууд эхний хагасын давамгайллаа сүүлийн шийдвэрлэх үе рүү хадгалж орлоо. Сайн мэдээ нь үеийн төгсгөлд О.Тулга холын шидэлтээ оруулж, манай багийн 3 онооны шидэлтүүд сэргэж эхэлсэн.

4-р үеийн эхэнд онооны зөрүү анх удаа 2 оронтой тоонд хүрснээр ордон дүүрэн дэмжигчтэй багийн эсрэг манай залуусын даалгавар улам хүнд болж ирсэн. Удалгүй будагтай талбайд эсрэг багийн төвийн тоглогчийг хамгаалах эвээ олж эхэлснээр дараалсан 3 хамгаалалт, довтолгоо амжилттай болж онооны зөрүү: -4, цаг дуусахад 5 мин. Эсрэг баг солилцооны дараа дараалсан дундын шидэлтээр зөрүүг эргүүлэн холдуулсан ч хариуг нь Г.Болор-Эрдэнэ 2 дараалсан холын шидэлтээр барьсан. Тун чухал 2 шидэлт, зөрүү ердөө -2. Улмаар Т.Ууганбаяр дундын шидэлтээр тоог тэнцүүлж үлдсэн 02 мин 53 секундэд тоглолт хаашаа ч эргэж болохоор боллоо. Залуу тоглогч О.Тулга тун чухал 2 торгуулийн шидэлт хийхээр шугамны ард зогсох үед ордны шуугиан дээд цэгтээ хүрсэн нь нөлөөлөв үү гэлтэй 2 шидэлтээ алдсан. Мөн Г.Болор-Эрдэний 2 довтолгоо хаалтанд орж ахин тэргүүлэл эсрэг багт шилжсэн. Сүүлийн мөчид манай багийн шахсан хамгаалалт үр дүнд хүрэх тун дөхсөн ч хамгаалалтын самбараас бөмбөг авч чадалгүй энэ тоглолтод 69:64-ийн харьцаатай ялагдал хүлээлээ. Манай багийн эсрэг авсан хожил Хонконгийн багт ямар чухал болох нь сүүлийн шүгэл дугарахтай зэрэгцэн тэд хэрхэн баярлаж байгаагаас харж болох байлаа.

Манай багаас энэ өдөр Г.Болор-Эрдэнэ 22 оноогоор багаа тэргүүлсэн бол Т.Ууганбаяр 14 оноо авсан. Хэсгийн 3 дахь тоглолтоо манай сагсанбөмбөгчид 9-р сарын 30-ны өдөр Тайваний эсрэг хийнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top