Ханжоу-2022: 10 метрийн гар бууны өрсөлдөөнд БНХАУ-ын баг илүүрхлээ

2023 оны 09 сарын 29

Гэрэл зургийг: Ч.ГАНБОЛД, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

19 дэх Азийн наадмын эмэгтэй гар буучдын сүүлийн өрсөлдөөн өнөөдөр хийн гар бууны 10 метрийн дасгалд өрнөлөө. Галын шугаман дээр нийт 56 мэргэн бууч бүсгүйчүүд өрсөлдөхөд манай улсыг төлөөлөн ОУХМ Цолмонбаатарын Анударь, Энхбатын Хишигдэлгэр, Төмөрчөдөрийн Баярцэцэг нар цэц мэргээ сорилоо.

Нийт 60 сум буудаж шилдэг 8 тамирчин үдээс хойш шигшээд Азийн наадмын медалийн төлөө буудах, 3 тамирчны нийлбэр дүнгээр багийн медалийн эзэд тодрох учиртай энэ өдрийн өрсөлдөөнд 3 дахь 10 сумандаа 98 оносон ОУХМ Ц.Анударь шилдэг 8 руу байр дэвшсэн ч дараагийн 20 сумандаа тус бүр харгалзан 92, 93 оноо авснаар харамсалтайгаар байр ухарсан.

ОУХМ Т.Баярцэцэгийн 4 болон 5 дахь 10 сумны онч маш сайн байж 98, 100 оносон ч эхний сумнуудад, ялангуяа 2 дахь 10 суманд 87 авсан нь дээгүүр байрын өрсөлдөөний гадна үлдээлээ.

Манай 3 тамирчнаас хамгийн жигд буудсан Э.Хишигдэлгэр 570 оноогоор 24-р байр эзэлсэн бол Т.Баярцэцэг 569 оноотой 31-р байр, 568 оноотой Ц.Анударь 32-р байрт тус тус шалгарлаа.

Нийлбэр дүнгээр манай улсын баг 8-р байрт бичигдсэн.Багийн өрсөлдөөнд Олимпийн аварга Жиан Раншиныг эгнээндээ нэгтгэсэн  БНХАУ-ын баг түрүүлж тэдний гол өрсөлдөгч болоод буй Энэтхэгийн баг 5 оноо дутуу мөнгөн медаль дээр бууж, Тайваний баг хүрэл медаль зүүлээ.

БНХАУ-ын баг ийнхүү одоогоор эзэддээ очоод буудлагын спортын 24 алтан медалийн 11-ийг нь дангаар хүртчихээд байна.Урьдчилсан буудлагад БНХАУ-ын Жао Нан тэргүүлж багийн лидер, 10 метрийн хийн гар бууны дасгалд дэлхийн рекордыг эзэмшигч, Токиогийн Олимпийн энэ зайн хүрэл медальт Жиан Раншины өмнө бичигдлээ.Манай гар буучдын хувьд 19 дэх Азийн наадмын сүүлийн тэмцээн маргааш холимог багийн төрөлд явагдах ба ОУХМ Цолмонбаатарын Анударь, ОУХМ Энхтайваны Даваахүү нар өрсөлдөнө.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top