[ АЗИЙН НААДМААС ] Б.Сэр-Од 10,000-ийн уралдаанд 10-р байр эзэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2023 оны 10 сарын 01

Монгол Улсын Гавьяат тамирчин Бат-Очирын Сэр-Од Азийн наадмын 10000м-ийн гүйлтийн зайд өчигдөр хурд сорилоо.

Манай тамирчны хувьд сүүлийн 2 Азийн наадам дараалан марафон гүйлтийн төрөлд “Шилдэг 5”-д хурдалсан ба Инчеонд 4, Жакартад 5-р байр тус тус эзэлсэн. 

Харин энэ удаагийн Азийн наадамд 5000м болон 10000м-ийн зайд өрсөлдөхөөр мэдүүлэгт багтсан. Энэ удаад 10000-ийн зайг 30 минут 57.71 секундэд туулснаар 10-р байр эзэллээ. 

10000м-ийн гүйлтэнд Бахрейны тамирчин Эфиоп гаралтай Бирхану Балью түрүүллээ. Тэрээр 5 жилийн өмнө Жакартад 5000м-ийн зайд Азийн наадмын аварга болж байжээ. 

2023 оны хувьд Б.Сэр-Од гавьяатын хувьд бас нэгэн онцгой жил болон үргэлжилж байгаа. Унгарын нийслэл Будапешт хотноо явагдсан хөнгөн атлетикийн ДАШТ-д оролцсоноор тэсвэр тэвчээр шавхсан 42 км 195м зайн марафон уралдаанд 11 удаа дараалан дэлхийн дэвжээнээ өрсөлдсөн түүхэн амжилтаа ахиулсан. Өмнө нь 10 удаа ДАШТ-д марафон гүйлтээр оролцсон түүний амжилт Гиннесийн номд тэмдэглэгдээд байсан юм. Тэгвэл “Ханжоу-2022” Азийн наадмын албан ёсны цахим хуудас Б.Сэр-Одын намтараас 2024 оны Парисын Олимпод “зодоглоод” их спортоо орхиж дасгалжуулагчийн албанд шилжих зорилготой байгаа гэсэн ярилцлагыг онцолсон юм. 

Ирэх жилийн наадам манай гавьяат тамирчны хувьд 6 дахь Олимпийн наадам нь болох ба ингэснээр дэлхийн спортын түүхэнд марафон гүйлтээр хамгийн олон удаа Олимпод оролцсон гүйгч болж бас нэгэн шинэ түүх бүтээх билээ. 

Б.Сэр-Одын хурд сорих 2 дахь зай, 5000м-ийн уралдаан 10-р сарын 4-ний өдөр явагдах хуваарьтай байна

Ч.БААТАРЗОРИГ

Гэрэл зургийг Д.АМАРЖАРГАЛ (Zindaa.mn)
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(49.109.7.48) 2023 оны 10 сарын 01

huurhii duu enees uur hun baidgui yum baih daa zaluu chuud yagaad uurdiigu turshaj uzedgui yum bol ⁉︎ ene ah ih uigui yum aa da ene hunees zaluuchuud suralthaasai daa amjilt \n

0  |  0
Top