1974 онд АНУ-д бий болсон триатлоны спорт нь Азийн наадмын хөтөлбөрт арай сүүлд 2006 оноос эхлэн багтсан бөгөөд “Доха-2006” Азийн XV наадамд спортын мастер Н.Наранбат, спортын дэд мастер М.Цэнгүүн нар Монгол Улсаас анх оролцжээ. Улмаар 2010 оны Гуанжоугийн Азийн наадамд спортын мастер Ч.Гансүх, хожим дугуйн спортоор Азийн аварга цол хүртсэн ОУХМ Т.Энхжаргал нар Азийн шилдэг триатлончидтой уралдсан билээ.
Харин 2014 оны Инчоны Азийн XVII наадмаас триатлоны холимог багийн буухиа төрлөөр хүрээгээ тэлснээр Монгол Улсаас оролцох тамирчдын тоо нэмэгдэж байна. Инчонд спортын мастер Ч.Гансүх, Н.Тэмүүлэн, Э.Сүрэнням, Т.Хүслэн нар, “Жакарта, Палембан-2018” Азийн наадамд спортын мастер Ч.Гансүх, спортын дэд мастер М.Төрболд, Э.Уянга, Б.Энхжин нар уралдсан. Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч, МҮОХ-ны гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Ц.Сандуй “Жакарта, Палембанг-2018” Азийн наадамд оролцсон Монгол Улсын нийт баг тамирчдын ахлагчаар, “Ханжоу-2022” Азийн наадамд Монгол Улсын баг тамирчдын дэд ахлагчаар амжилттай ажиллаж байна.
Ханжоугийн Азийн наадамд триатлоны баг тамирчид тавуулаа хүрэлцэн ирж Азийн 21 орны шилдгүүдтэй хурд хүчээ сорьж байгаа юм. Багийн бүрэлдэхүүнд Азийн наадамд тавдахь удаагаа оролцож буй ахмад мастер Ч.Гансүхээс (2002 онд усанд сэлэлтээр анх өрсөлдсөн) гадна спортын мастер Г.Амарсанаа, Ц.Цэрэнбат, залуу тамирчин О.Эрдэнэзул, Г.Ганцэцэг нар Монгол, Япон дасгалжуулагчтайгаар Ханжоуд иржээ.
Тамирчдын хувьд гол төлөв Англи, Япон, БНХАУ зэрэг гадаад оронд Азийн наадмын өмнөх бэлтгэл сургуулилтаа хангасан нь онцлог байлаа. Ахмад болон залуу тамирчдаар эгнээгээ бүрдүүлэн ирж, дэлхийн топ зэрэглэлийн тамирчидтай өрсөлдөж буй Монголын триатлончид ирээдүйгээ өөдрөгөөр харж байгаа нь лавтай.
Ч.Отгонбаатар (Sato.Ch)
Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )