[ АЗИЙН НААДМААС ] Туйванчид Азийн наадамд 13-уулаа оролцож байна

Б.Гантуяа | Zindaa.mn
2023 оны 10 сарын 02

Азийн наадмын хүндийг өргөлтийн төрөлд 33 орны 205 туйванч өрсөлдөж байгаа билээ. “Ханжоу 2022” наадамд Монгол Улсаас 13 тамирчин ирсэн. Тэмцээний эхний өдөр эмэгтэйчүүдийн 49 кг-д Б.Тунгалаг (Жин өгссөн), 55 кг-д Б.Эрдэнэзул нар хүч үзсэн.

Эмэгтэйчүүдийн хамгийн хөнгөн жинд 12 улсын 14 туйванч өрсөлдөж, “B” хэсэгт багтсан манай тамирчин Б.Тунгалаг огцом өргөлтөөр 65 кг, түлхэлттэй өргөлтөөр 81 кг, нийлбэр 146 кг өргөсөн амжилт үзүүлэв.

Эмэгтэйчүүдийн 55 кг-д 13 улсын 15 туйванч өрсөлдөж, “B” хэсгийн дөрвөн туйванч салхи хагалсны дотор Б.Эрдэнэзул багтсан. Манай тамирчин огцомд 70 кг, түлхэлттэйд 87 кг-ыг өргөснөөр хэсэгтээ хоёрдугаарт жагсав.

Өчигдөр буюу 10 сарын 1-ний өдөр эрэгтэйчүүдийн 61 кг-д Ө.Чагнаадорж, 67 кг-д У.Амарбаяр, Э.Дүүрэнжаргал нар “В” хэсэгт багтан өрсөлдсөнөөс У.Амарбаяр огцом өргөлтөөр хэсгээ тэргүүлж, түлхэлттэй өргөлтөд 3-т орсноор, нийлбэр дүнгээр гуравдугаар байр, Э.Дүүрэнжаргал тавдугаар байр эзэллээ.

Өнөөдөр эмэгтэйчүүдийн 59 кг-д ААШТ-ий мөнгөн медальт Э.Энхтамир, 64 кг-д энэ оны Ази тивийн аварга Э.Ануужин нар “А” хэсэгт өрсөлдөнө.

Туйванчид ирэх сарын 7-ныг хүртэл тэмцээнээ үргэлжлүүлнэ.

Гэрэл зургийг Д.Амаржаргал (Zindaa.mn)

Монголын спортын сэтгүүлчдийн холбоо

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top