Монголын эмэгтэй волейболчид өнөөдөр Ази тивийг төлөөлөн дэлхийд өрсөлддөг хүчтэй багуудын нэг Тайландын эсрэг өрсөлдлөө.
“В” хэсгийн тэргүүн баг, Тай бүсгүйчүүд энэ онд нутагтаа зохион байгуулагдсан Азийн АШТ-д хүчирхэг Хятадын шигшээ багийг буулган авч, 3 дахь удаагаа шар тивийн аварга болоод байгаа билээ.Энэ удаагийн наадамд Тайландын Азийн аварга болсон бүрэлдэхүүнээс 2 тоглогч л ирээгүй буюу үндсэн шигшээ баг нь Ханжоуд ирээд байгаа юм.
Хүчирхэг өрсөлдөгчийн эсрэг эхний үеийн тоглолт хүндхэн болж, 25:14-өөр дийлдсэний дараа 2-р үед манай баг 25:20 буюу тун ойролцоо өрсөлдөөнийг үзүүлсэн. Харамсалтай нь, манай багийн тоглолт 3-р үед эхний үеийн адил сайн болсонгүй, 25:12-ын харьцаатай өндөрлөлөө.
Энэ тоглолтод манай багаас Ганболдын Энхнаран 13, Ган-Очирын Хонгорзул 8 оноо авч, багаа тэргүүллээ. Энэ хэсгийг 2 хожилтой Тайландын баг тэргүүлж, Тайвань удааллаа.
Манай багийн хувьд Азийн наадмын 9-12-р байрын төлөө “Н” хэсэгт өрсөлдөхөөр боллоо.Монгол Улсын шигшээ баг 10-р сарын 4-ний өдөр Хонконг, 10-р сарын 5-ны өдөр Афганистаны багтай тоглох хуваарьтай байна.
Ч.БААТАРЗОРИГ
Гэрэл зургийг: Ч.ГАНБАТ, Монголын спортын сэтгүүлчдийн холбоо
Сэтгэгдэл ( 0 )