АНУ-ын Конгресс шатдауны аюулыг түр хугацаанд зайлуулж чадлаа. Үүнээс үүдэлтэй санхүүгийн хямрал АНУ-д төдийгүй дэлхий дахинд эдийн засгийн хямрал үүсгэх байв. Цагаан ордон сөрөг хүчин болох Бүгд найрамдах намтай 31.4 их наяд ам.долларыг даваад буй улсын өрийн таазыг нэмэгдүүлэх тохиролцоонд хүрлээ. Шатдаун болсон бол аравдугаар сарын 1-ээс эхлэн АНУ-ын засгийн газар цэргийн алба хаагчдаас авхуулаад албан тушаалтан, тохижилт үйлчилгээний ажилчид зэрэг олон зуун мянган төсвийн ажилтан, ажилчдын цалинг олгож чадахгүйд хүрэх байлаа.
45 хоногийн хугацаатай төсөвт Украинд үзүүлэх тусламжийн заалт багтаагүй бөгөөд АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден Украинд зориулсан нэмэлт төсөв батлахыг Конгресст уриалжээ. Үүнтэй зэрэгцэн Бүгд найрамдах намын хоёр танхим дахь фракцын тэргүүн нар Киевт эдийн засгийн болон цэргийн тусламж үзүүлэхийг тус намын гишүүд дэмжиж буйг онцолсон бол Сенатын танхимын спикер Кэвин Маккарти оны дуусахаас өмнө хууль батална хэмээн мэдэгджээ.
АНУ-д итгэл итгэл алдагдав
Конгресс энэ онд хоёр дахь удаагаа Засгийн газрын төлбөрийн чадварыг эргэлзээнд оруулж байна. Өнгөрсөн хавар асуудал илүү ноцтой байсан. Тухайн үед АНУ түүхэндээ анх удаа дефолттой нүүр тулсан. Тэр үед бүгд найрамдахчууд Засгийн газартаа төрийн өрийг нэмэгдүүлэх боломж өгөөгүй ба эцсийн бүлэгт дэлхийн санхүүгийн хямралаар дуусахад дөхсөн. Дефолтыг эцсийн мөчид шийдвэрлэсэн ч үр дагавар нь үлджээ. Үүнээс болж АНУ зээлийн хамгийн өндөр рейтингээ алдсан. Гэхдээ өрөө төлж чадахгүйдээ биш. Тус улс хүссэн хэмжээгээрээ ам.доллар үйлдвэрлэх боломжтой тул зээлээ үргэлж төлдөг. Гэвч зээлжих рейтинг буурах бүрд дэлхийн хамгийн том эдийн засгийг хөгжүүлэхэд зориулагдах ёстой мөнгө зээлийн өр төлөхөд зарцуулагддаг.
Шинэ шатдаун энэ зардлыг улам нэмэгдүүлэх байв
Бүх хэрэг мөнгөнд бус итгэлцэлд. Олон улсын зээлжих рейтинг тогтоодог томоохон агентлагуудын тэвчээр алдагдаж, АНУ-ыг зээлжих рейтингийг нь бууруулсан. Шатдаун зээлээ төлөх, эдийн засгаа өсгөх чадварыг алдагдуулахгүй ч АНУ-ын төрийн удирдлагын институтүүдийн сул талыг харуулж байна гэж Moody’s агентлаг онцолжээ. Тэдний байр суурийг “Goldman Sachs” банкны шинжээчид мөн дэмжиж байна. Тэдний үнэлгээгээр, АНУ-ын эдийн засгийн өсөлт 0.2 хувиар удааширна. Шатдаунаас энэ удаад зөвшилцлийн дүнд зайлсхийж чадсан бол энэ байдал удаан үргэлжлэхгүй. Энэ он дуусахаас өмнө дахин шатдауны аюул нүүрлэх магадлалтай.
1981 оноос хойш тус улсад нийт 14 удаа шатдаун буюу төсвийн байгууллагууд санхүүжилтгүй болж байв. Гэхдээ энэ нь 2-3 өдөр зарим тохиолдолд тэрнээс ч удаан үргэлжилжээ. Хамгийн сүүлд 2018-2019 оны өвөл төсвийнхөн нэг сар гаруй мөнгөгүй сууж байв. Тухайн үед дүрвэгсэд болон Мексиктэй залгаа хилийн хана босгох асуудлаар маргалдаж байв.
АНУ яагаад таазанд тулав
АНУ-ын Засгийн газрын өр нэг бус удаа таазанд тулж байсан ч үеэс үед энэ үйл явц улс төрийн наймааны хэрэгсэл болсоор иржээ. 2011 онд Ардчилсан намын Ерөнхийлөгч Барак Обама, бүгд найрамдахчуудын тулаан АНУ-ын зээлжих эрхийг бууруулах хүртэл үргэлжилсэн. Энэ удаад ч Конгрессын доод танхимд олонхыг бүрдүүлэгч бүгд найрамдахчууд төсвийн зардлыг бууруулахыг шаардан, эрх баригчдыг буулт хийхээс нааш өрийн таазыг нэмэгдүүлэхээс татгалзав.
Сонгуулийн өмнөх тулаан
Украинд үзүүлэх тусламжаас үүдэлтэй энэ удаагийн тулааныг Конгресс дахь Трампыг дэмжигчид өдөөсөн. Тэд ийм аргаар Байдены засаг захиргаа болон түүнийг дэмжигчдэд цохилт өгөхийг санаархаж байна гэж шинжээчид үзэж байна. Украин өдгөө тэргүүн эгнээний сэдэв болж, өөрт ашигтай зүгт эргүүлэхийг хүсэж байна. Гэхдээ бүгд найрамдахчуудын дунд энэ асуудалд янз бүрийн байр сууринаас хандаж байна. Трампыг дэмжигчид Украиныг ивээн тэтгэх мөнгийг танаснаар ирэх жил болох сонгуульд давхар боломж олдоно гэж найдаж байна. Бүгд найрамдахчууд төрийн эрхэнд байсан ч ийм маягаар нөхцөл байдлыг өөрчилж чадахгүй байх байсан. Конгресс нэг ч удаа Украинд зориулсан санхүүжилт олгохоос Цагаан ордонд татгалзаж байгаагүй нь төсвөөс үүдэлтэй зөрчилдөөн нь зохиомлоор үүсгэсэн гэдгийг харуулж байна. Төлөөлөгчдийн танхим Украинд их хэмжээний тусламж үзүүлэхийн төлөө удаа дараа санал өгч байсан билээ.
Бүгд найрамдахчууд болон Байдены засаг захиргааны улс төрийн зөрчилдөөн Украинд үзүүлэх цэргийн тусламжийг ихээхэн танахад хүргэхгүй гэж шинжээчид үзэж байна. АНУ-ын хувьд Украины ялагдал, Оросын ялалтыг хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс бүгд найрамдахчуудын шүүмжлэлийг үр харгалзан Байдены Украинд туслах бодлого үндсээрээ өөрчлөгдөхгүй.
Конгресс дахь бүгд найрамдахчууд болон спикер Маккарти нар Байдены засаг захиргааны бодлогыг ганхуулах зорилгоор ийм зарчмын байр суурийг баримталж байна. Тэдэнд Байденыг унагах хэрэгтэй. Энэ бол улс төрийн тэмцлийн нэг хэрэгсэл гэж ажиглагчид онцолж байна. Байдены хувьд Украины асуудал тэргүүлэх чиглэл. Тиймээс бүгд найрамдахчуудын гол зорилго нь энэхүү бодлогыг нь үр дүнгүй харагдуулах явдал. АНУ Байденаас болж ялагдаж, мөнгө усанд хаясан чулуу шиг хар нүх рүү орж байгаа гэж харагдуулах явдал. Харин бүгд найрамдахчууд эл мөнгийг үр дүнтэй зарцуулах байсан гэдгийг итгүүлэх явдал. Тиймээс бүгд найрамдахчууд цэргийн тусламжийн хэрхэн зарцуулсан тайлан, аудит хийхийг шаардаж байна.
Энэ бүх үйл ажиллагаа нь сонгуулиас өмнө Байдены байр суурийг сулруулахад чиглэсэн. Ардчилсан намд өөр нэр хүндтэй нэр дэвшигч байхгүй байгаа. Ингэхдээ Трамп сонгуульд ялсан ч Украинд үзүүлэх дэмжлэг буурахгүй гэж шинжээчид үзэж байна. Киев бууж өгөөгүй л бол АНУ болон өрнөд Украиныг дэмжсээр байх болно.
Харин зарим ажиглагчид үүнээс өөр үзэл бодлыг илэрхийлжээ. АНУ-ын Украинд цэрэг болон санхүүгийн дэмжлэг үзүүлэх заалтыг түр төсөвтөө тусгаагүй нь Киевийн амбицад хүчтэй цохилт өгсөн. Бүгд найрамдахчууд Цагаан ордон болон Ардчилсан намыг Киевт үзүүлэх тусламжийг заалтыг хасахад хүргэснээр улс төрийн ялалт байгуулсан гэж зарим ажиглагчид үзэж байна. Ингэснээр тэд мөнхийн өрсөлдөгчөө ялаад зогсохгүй нийгэмд өргөн дэмжлэг хүлээх боломжоо нээжээ. АНУ-ын энгийн иргэд эрх баригчдаасаа Киевийг санхүүжүүлэхээ зогсоож, дотоодын асуудалдаа анхаарлаа илүү хандуулахыг шаардаж байна. Ялангуяа энэ асуудал сонгууль ойртох тусам илүү ач холбогдолтой болж байна.
Сэтгэгдэл ( 1 )
Украин хэцүү болж дээ