“ТУЛУЙ ЭЗЭН” романы тухай

2023 оны 10 сарын 15

Сүүлийн жилүүдэд их хаадын тухай олон сайхан туульсийн зохиол /роман/-ууд хэвлэгдэн гарч өтгөс дээдсийнхээ үүх, түүхийг уншигч олон, ирээдүй хойч үе маань мэдэхэд чухал хувь нэмэр оюун сэтгэлгээнд нь оруулж байгаа билээ. Аливаа улс орон оюун ухааны сор болсон хүмүүсийнхээ хөдөлмөр бүтээлийг дүгнэн цэгнэж гүнээ хүндэтгэдэг нь хүн зоны ёсон юм. Харин эдгээр бүтээлийг түүхэн бодит үнэн, уран сайхны зохиомж, дүрслэлтэй холбож, дүгнэн цэгнэх, тэдгээр зохиолчдын нөр их хөдөлмөр бүтээлийг үнэлэн цэнсэн шүүмж, дүгнэлт ховор мэт бодогдовч мөхөс уншигч би Гүнрэгжавын Ишхүү хэмээх авьяас билгээрээ нэрд гарч яваа яруу найрагчийн туурвисан “Тулуй эзэн” хэмээх романы тухай зөвхөн уншигчийн хэмжээний сэтгэгдлээ эрхэм тантай  хуваалцах гэсэн юм.

Ийм том зохиолыг дүгнэн цэгнэх, алдаа оноог шүүх, хэмжээний хүн биш ч Монголчуудын соёл эрдэм, уран үгсийн нэвтэрхий толь, үе үеийн уран  бүтээлчдийн оюуны бүтээлийн уул, уурхай  болсон  “Утга зохиол, урлаг” сониныг  56 жил захиалан уншиж буй уншигчийн хувьд, олон олон дотоод гадаадын зохиолчдын сайн сайн бүтээлийг уншиж оюун тархиа цэнэглэжээ.

Юуны өмнө хэлэхэд Г.Ишхүүгийн уг зохиолын үг, өгүүлбэрийн найруулага чамбай, нэн ойлгомжтой, уран цэцэн үгээр холбож, үе үе цэцэн цэлмэг шүлгүүд оруулан үйл явдлын өрнөлийг тодотгосон нь нэн гайхалтай бөгөөд уг романыг улам ч амттай болгоход ихэд нөлөөлжээ. Чингис их эзэн салхи сэлгэж, тэнгэрт халихынхаа өмнө өөрийн туулж амьдарсан амьдралаа хойч үеийн үр хөвгүүддээ захисан гэрээслэлийг 88 мөр шүлгээр илэрхийлсэн МНТ-н дахь Хөхөчос баатрын шүлэглэлийг романы үйл явдлын өрнөл дунд оруулж өгсөн нь уншигчдыг цааш хөтлөх хийгээд ирээдүй хойч үеийнхэн маань эцэг дээдсийн зарлиг, чинадлан захисан  сургаалыг  биет амьдрал дээр санаж, сэрж мэдэрч явахыг ягштал ойлгуулах дуулал болгон мөнхөлжээ.

Үүнээс гадна  романд энэ мэт зохиогчийн өөрийнх нь бичсэн уран яруу шүлэг дуулал, онох онох газраа  нэлээд орсон бөгөөд энэ нь Г.Ишхүүгийн хэр зэргийн бяр чадалтай найрагч болохыг харуулна. Орчин үеийн туульсийн хөлгөн их судар болон богино өгүүллэгийн урлаач зохиолч, сэтгүүлч Долгорын Цэнджав абугайн өгүүлснээр: 

“Г.Ишхүү байгаль нийгэм орчин, хүмүүсийг дүрслэн зураглах, хөрөглөх тухайтад бол үнэхээр ярих юм алга аа. Энэ бол зохиогчийн том уран чадвар, авьяас билиг яах аргагүй мөн. Романы үйл явдалд тэр түүхийг сунжруулан өгүүлээгүй, өдөлт, хатгалт ихтэй, арвин уншууртай, хөнгөн сэрмэг, сэтгэлд наалдцын хувьд хэн бүхэнд урам төрүүлэхээр бичиглэжээ. Тэрбээр Монголын түүхэн дэх түүхт хүмүүсийг шаггүй судалж, түүндээ бас сэтгэлээ шингээж, хувь хүний дүрийг чимэн судалж, тухайн хүнийг биежүүлэн, бодол санаа, үйл хэргийг нь урласнаас гадна баримт сэлтээ ихэд сайн цуглуулж. түүнээ тархи зүрхнээ боловсруулжээ.” гэж айлдсантай ганц би ч биш бусад уншигчид санаа нийлэх нь гарцаагүй биз ээ.

Түүхэн он цагийн тухайн явдлыг зүрх сэтгэлд хүртэл нүдэнд харагдахуйцаар бичнэ гэдэг үнэхээрийн олон жилийн судалгаа, бичих зохиолын боловсруулалт гэхээс өөр юу гэх билээ. Молхи уншигч би вээр түүхэн үйл явдлын зохиол цөөнгүйг амтархан уншиж байсан ч Г.Ишхүүгийн энэ бүтээл шиг тухайн үйл явдлыг байгалийн гоо сайхан, нутаг орны онцлог байршилтай нь уялдуулан яг яруу найраг уншаад байгаа юм шиг тод яруу дүрсэлсэн зохиол ховор уншсан мэт бодогдлоо. Зохиогч өөрийн бүтээлтэйгээ түүхэн сэжмээр холбогдох “Монголын нууц товчоо”, “Судрын чуулган”, “Лу Алтан товч”, “Эрдэнийн эрхи”, “Болор эрхи” мэт эртний сурвалж бичгүүдийг харьцуулан судалж, уг түүхийн зөв гол чиг бааримжааг авсан болон Ш.Нацагдоржийн Чингис хааны цадиг, Ц.Дамдинсүрэн, Б.Ренчин нарын мундагууд зэрэг эрдэмтдийн олон бүтээл туурвилтай танилцан судалж энэхүү бүтээлдээ түүхэн бодит байдлыг тусгахыг хичээсэн нь тодорхой ч эдгээрээс өөрийн гаргалгааг гаргаж, ийм л байсан болов уу гэх таамгийг зоригтой дэвшүүлж түгээрээ чиг авч романаа туурвихдаа хэнийг ч дуурайгаагүй зөвхөн Ишхүү л ингэж бичжээ  гэхээр ялгарч байнгаа нь нэн сонирхолтой байна. Жишээ нь, Чингис хаан амьд ахуй цагтаа идэр наснаасаа эхлэн өөрийнхөө дараагаар их эзэнт гүрнийхээ төрийн жолоог барих хүнээр отчигон хөвүүн Тулуйгаа хар бага наснаас нь бэлдэж буй тухай эл романд гардаг нь тийм ч байж болох нэг талтайг харуулж байгаа явдал юм. Харин яагаад Сартуул иргэнийг дайлаар мордохын өмнөхөн болсон алтан ургийнхны тэр Хуралдай дээр энэ олон жилийн дайн самуунд “Эзэн бие чинь нурж одвол Их улсыг тань хэн захирах юм бэ?” гэж асуусан Есүй хатны үгийн хариуд Чингис хаан Есүй хатныг энэ үгийг сануулсныг сайшаагаад Боорчи, Мухулай хоёрыг багахан зэмлээд ууган хөвүүн Зүчээс эхэлж асуусны улмаас Цагаадай омогдон босож ирж заамдалцдаг.

Яг энэ эгзэгтэй мөчид их хаан маань яагаад багаас нь их сууринд бэлдсэн Тулуйг шууд нэрлэхгүй тэдний санал болгосон Өгөдэйг өөрийнхөө дараа их гүрнийг жолоодох хаан болгох зарлиг буулгасан нь ихээхэн учиртай. Өөрөөс нь хойш зовж зүдэн байгуулсан их улс задрах аюултай байсан тул тэдний зөвшөөрсөн хүнийг гэрээслэн зарлиг буулгахаас өөр аргагүй байсан гэх санааг  зохиогч маань шигтгэсэн явдал юм. Энэ мэт  байж болохоор олон сонирхолтой үйл явдал шийдлийг  романд тусгажээ. Бас энэ романы нэгэн онцлог нь үг өгүүлбэрийн байршил, тухайн үйл явдлыг хөх тэнгэр, хөрст газар, амьтан ургамал, байгалийн гоо сайхныг хүний амьдралтай холбон уран яруу тод зураглан бичсэнээрээ Төрийн шагнал хүртсэн Монголын романуудын ноён оргил Тунгалаг тамир, Их хувь заяа, Уулын үер, Цаг төрийн үймээн зэрэг шилдэг бүтээлүүдтэй эн зэрэгцэх уран бичлэг болсон гэж хэлж буй уншигч надтай олон хүн маргахгүй болов уу гэж санана.

Тухайлбал жирийн уншигч миний ажигласнаар:

1. Их хаадын буюу Чингис хааны дараа үеийн хаадын амьдрал үйлс, үзэл санаа, тэдгээрийн эх орноо хөгжүүлэн хүчирхэг болох бодол сэтгэл, тэдгээрийн биелэлийг базаж нэн цэгцтэй, зөв ойлгомжтой бичсэнээр эх түүхээ сонирхсон хүүхэд залуус болон бусад сонирхсон  бүхэнд нэн тустай  болжээ.

2. Чингис хаан, тэдний үр удам болох хаадын аян дайн, хөрш орнуудтайгаа харилцаж байсан эцэг хааны бодлогыг баримтлан цааших түүхэн үйлийг өрнүүлж байгаа тухай романы үйл явдал хөтөлж буй хэсэг нь эзэнт гүрний түүхэн ойлголтыг тодотгосон хийгээд уг номын үйл явдлын өрнөлийг хорхойсон уншихад нэн таатай хөтөлж  байна.

3. Тулуй эзэн, их төрийг жолоодон удирдаж буй тэр богинохон хугацаандаа

Монгол их төрийн бодлогыг хэрхэн хэрэгжүүлж байгаа дэг журам, тухайн үед Их засаг хуулийг алтан ургийнхан болон ноёд жанждуудад хэрхэн таниулж, мөрдүүлж  байгаа Тулуй эзний гайхамшигт төр барьсан ухааныг гаргаж бичсэн зэрэг авууштай олон олон үйл явдыг зөв гаргалгаатай цэгцтэй хийжээ.

4. Тухайн үеийн монголчуудын зан заншлын уламжлал соёл нь ард түмнийхээ мянганаас мянганд тогтсон цэрэг, улс төрийн зохион байгуулалтыг мөрдөж, түүнийг хүндэтгэн Хуралдай, зарлигийг яс дагаж, цэрэг, улс төрийн хэлцлийг уламжлан явуулж буй нь төр жолоодохын үлгэрлэл болохыг уг номын бичлэгтээ өнөөгийн хэн бүхнийг сэр хийтэл ухаарахаар сануулсан байна.

5. Эцгийн зарлигийн дагуу Өгөөдэйг хаан сууринаа залах их ёслол дээр Чингис хааны хөвүүд бие биеэ хүндэтгэх хүнлэг сайхан чанарыг бас харуулж буй байдал нь уншигч хүн бүхэнд ихэд талархмаар болсон хийгээд бидний хойч үеийн үрс, ах дүүгээ хүндлэн ухаарах түүн лүгээ хүмүүжих санааг өгч тэр үеийн нийгмийн байдлыг өнөө цагийнхтай жишин үлгэр авмаар болжээ.

Энэ бүтээл нь зөвхөн Тулуй хааны тухай төдийгүй Чингис тэргүүт их хаад, түүний хатад, хөлөг баатрууд, тухайн үеийн цэрэг эрс, эгэл ард иргэд нь ч зэргэлдээх улс аймгуудын хүн ардын тухай өргөн мэдээлэлтэй байгаа, тухайн цагийн Монголчуудын бие биеэ хүндэтгэсэн айлдвар үгс яриа нь үнэхээрийн гайхалтай байна. Өнөөгийн манай төрийн түшээд бие биеэ хулгайч луйварчнаар дуудсан ичих нүүр үгүй Төрийн алтан соёмбо сүлдтэй, их эзний хөрөг сургааль залсан өргөөнд сууцгааж байдгийг, энэ бүтээлд гарч байгаа төрийн түшээдийн яриатай харьцуулахад өнөөгийн бид чинь төр, засгаа ямар хүмүүсээр удирдуулаад байна аа гэж адгамаар байна. Монгол төрийн түшээдийн үг яриа байтугай өмссөн хувцас хүртэл  харахад л хэн хүний хүндэтгэл хүлээхээр байх ёстой болов уу гэж би боддог юм. Ядаж энэ түшээд, цаашлаад бас төр түших сонирхолтой хүмүүс энэ романыг худалдаж аваад нэг нэг уншчихаасай даа хэмээн бодоод би бээр одоогийн төрийн түшээдийн дүр төрх, үг яриаг зэвүүцэн  цөхөрч суудаг юм..

“Тулуй эзэн” роман зохиомжийн хувьд гэвэл: Нэн өвөрмөц уран зохиолын аргаар бичиж байснаа “Шастир шивнэх нь” гээд л түүхэн үйл явдлын холбогдох хэсгийг товчхоноор уг романд сүлжин бичиж оруулсан нь уншиж буй хүнд нэн ойлгомжтой болгож, ихэс дээдсийнхээ  түүхэн үнэнийг ойлгоход асар их ач холбогдолтой болжээ. Би энэ гайхамшигт зохиолыг дахин дахин уншиж суухдаа монголчуудынхаа түүхээр бахархаж, ийм түүхийг уншигч бидэнд ойлгуулж өгсөн авъяаслаг хүү Г.Ишхүүгээрээ бахархаж, ихэд баярлаж байлаа. Би энэ романыг уншиж байхдаа уг зохиолд гарч байгаа Хэрлэнбаян-Улаан уул ба Хубахаяад ажиллаж байснаа дурсахад хүрэв. “Миний бие Хэрлэнбаян-Улаан ууланд эрдэмтэн судлаач Ж.Жамъяндорж, У.Лигаа, Н.Саарал, Ц.Цэндээхүү, Х.Баярмаа нарын хамт Монгол орны нэн ховор, ховор, гоц ашигт эмийн 200 гаруй ургамлыг нутагшуулан тарималжуулах судалгаа үйлдвэрлэлийн ажлыг цөөнгүй жил хийхдээ их хаадын нутагт ажиллаж түүхэн сурвалж дээрх газар усны нэрийг сонирхоод бахархан ярилцдаг  байсан юм.

Хэрлэн мөрний зүүн эрэгт бидний эмийн ургамлын цэцэрлэг байгуулсан газрыг газар зүйч, нэрт эрдэмтэн О.Сүхбаатар” Чингис хааны намарждаг байсан газар шүү. Их хаан тэнд намаржаад Хэрлэнбаян-Улаан ууланд цэргийн бэлтгэлээ хийдэг байсан” гэж ярихад бид тэр цэцэрлэгээ “Чингисийн намаржааны цэцэрлэг” гэж нэрлэж билээ. Бид энэ цэцэрлэгт 200 гаруй эмийн ховор ургамал нутагшуулахаар тарьснаас 116 зүйлийг тарималжих боломжтойг баталж, бидний ажлыг үнэлэн ХААИС-ийн эрдмийн зөвлөл Төрийн шагналд нэр дэвшүүлж байсныг дурсан сууна.

Тулуй эзэн” романыг уншиж байх явцад хар бага  арваадхан наснаасаа сүй тавьж тоглож өсөөд, ариун хайраараа аз жаргалд умбасан Тулуй хөвүүн, Сорхагтани нарын хэзээд ч үеийн үед дурсагдах “Алтан гэрээн”-ий тухай гарах болов уу гэж яаран яаран уншсаар нэг мэдэхэд энэ бүтээл жаргачихлаа. Ухаант эзэн хаан Чингисийн отчигон хөвүүн Тулуй багаасаа цэргийн эрдэмд шалгарсан гарамгай жанжин, төр барих ухааныг эцэг хаанаасаа алхам тутамд харж, сурсан мэргэн жолоодогч гэдэг нь уг бүтээлд бичсэнээр тодорхой байна. Харин түүний хатан төрийн бэхи Сорхагтаний “Хөх Монголын төрөөр бадраах хутагтай НЭҮРИТ их засгийн АЛТАН ДЭЭД ҮНЭНИЙ АЯЛГУУ” хэмээх төр барих ухааны сургаалыг лав ухаант хань Тулуй хажир-тайгаа ярилцан, түүний санал хүслийг тусгасан байж таараа даа хэмээн бодож суув. Гэвч энэ талаар зохиогч маань цухасхан тусгасан ч санаанд минь хүртэл гавьтай бичигдээгүй байсанд сэтгэл  жаахан дундуур байснаа нуух юун. Учир нь Сорхагтани бэхи хатны тухай тусдаа их бага олон зохиол ч гарсан бөгөөд бас Хөх нохой овгийн Нүрзэд амбугайгаар ам дамжин уламжилж авчирсан “Чингис хааны Алтан аялгууны нууц”-ыг олон олон хүмүүс тайлах гэж ноцолдож байгаа тул зориуд орхисон байх аа хэмээн хүлцэнэ.

Би энэхүү гайхамшигт бүтээлийг уншиж суухдаа ухаант хатан Сорхагтани бэхи, эзэн Тулуй нар мөнөөх гайхахамшигт АЛТАН ДЭЭД ГЭРИЭ-г  боловсруулж байгаа тухай аль нэг газар нь гарна даа гэж хүлээлттэй уншсаар зохиолыг жаргаасан юм. Нэгэнт л Тулуй эзний тухай юм чинь ухаант хатан Сорхагтаний боловсруулсан, үеийн үед дурсагдах 15 дахь үеийн өртөөлөгч Нүрзэд гуайн орчин цагийн хэл аялгуунд буулгасан, Алтан гэрээний тухай жаахан дэлгэрэнгүй оруулах нь яав даа хэмээн мунхаглав. Сүүлд нь Алтан дээд үнэний аялгуу бол уудалж ухаад ч барахааргүй их өв эрдэнэ тул зохиогч маань өөрөө сайн судлаагүй байсан тул, мань хүн энэ тухай оруулаагүй нь ч зөв болж дээ хэмээн мунхаглан бодов. Бас одоогийн төрийн түшээд энэ суу билэгт хатны бүтээлийг олж уншсан л байгаасай гэж залбиран суув. XIII зуунд Монголчуудад бут цохигдон Чингисийн ахмад хөвүүн Зүчийн захиргаанд оршиж,  Алтан ордны улсын ач гавъяагаар нэгдсэн улс болж, Орос гэж нэрлэгдсэн нэгэн улсыг Оросын их Петр хаан /1689-1725/ 36 жил жолоодон хаан ширээнд суухдаа бусад орнуудаас хөгжлөөрөө хол хоцорсон Орос орондоо шинэтгэл хийж, хөгжүүлж чадсаныг харахад эртний Монгол хаадын улс орноо хөгжүүлэхэд ашиглаж байсан аргатай тун төстэй байдаг нь  манай хаадын аргыг судалж түүнээ хэрэгжүүлж байсан болов уу гэж бодогдлоо.

Г.Ишхүүгийн энэ романд Чингис эзэн хаан, түүний жанжид Хятад, Сартуул, Тангуд бусад орноос, шинээр сэдэгсэд, уран дархан, гарамгай зохион бүтээгч хүмүүсийг олзолж ирж, зарим нэгийг нь урьж улс орныхоо бүтээн байгуулалтад  ашигладаг байсан тухай бичсэн нь Оросын их Петр хаан өөрөө өрнөдийн орнуудад хөлсний ажилчнаар явж техник технологийн нууцыг судлаад, тэдгээр орны шилдэг хүмүүсийг урин залж улсаа хөгжүүлсэн нь романд өгүүлэх Тулуй эзэнтэй яг ижил байгаа нь   сонирхол татна.

Уран зохиол судлаачид, болон түүх сонирхогчид энэ мэт зүйлийг нягтлан үзвэл нэг туульсын зохиолоос олон олон зүйлийг олж судалж болохоор байгааг онцолмоор байна даа хэмээн уншигчийн хувиар хэлэхээр мунхаглав. Ямар ч гэсэн олон жил уран зохиолын салбарт шүлэг бичиж байсан шилдэг яруу найрагч Г.Ишхүүгийн энэ роман, Монголын уран зохиолын оргилуудын бүтээлтэй эн зэрэгцэх бүтээл болжээ гэхэд надтай маргах хүн олон гарахгүй л болов уу.

Хөхөөгийн Отгонбилэг /Биологийн ухааны доктор PhD/

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top