“Ханжоу-2022” Азийн наадамд өрсөлдсөн шигшээ баг тамирчдад салбарын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ

2023 оны 10 сарын 13

“Ханжоу-2022” 19 дэх удаагийн Азийн наадамд амжилттай өрсөлдсөн шигшээ баг тамирчдад салбарын удирдлагууд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын сайд, ОНБТСҮХ-ы дарга Б. Бат-Эрдэнэ, БТСУХ-ны дарга О. Баттулга тэргүүтэй салбарын удирдлагууд БНХАУ-д болсон “Ханжоу-2022” Азийн XIX наадамд медаль хүртсэн  Монгол Улсын шигшээ баг тамирчдад хүндэтгэл үзүүллээ.

Энэ үеэр салбарын сайд  уулзалтыг нээж “Азийн зуны XIX наадамд Монгол Улсаас 34 спортын 37 төрлөөр эх орноо төлөөлөн 364 тамирчин, дасгалжуулагч, албаны хүн 147, нийт 511 хүний бүрэлдэхүүнтэй оролцсон нь наадмын түүхэн дэх хамгийн олон бүрэлдэхүүн боллоо.

Баг тамирчдыг Монгол Улсын Засгийн газар, Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хороо, Монголын Үндэсний Олимпын хорооноос санхүүгийн болоод хувцас хэрэглэлийн бүх талын дэмжлэгийг үзүүлсэн бөгөөд зохион байгуулалт дээр хамтран ажиллаа.

Олимп, нийтийн биеийн тамир, спортын үндэсний хороо, Биеийн тамир, спортын улсын хорооноос салбарын хөгжлийн бодлогын хүрээнд “Парис-2024” Зуны олимпод оролцох Үндэсний шигшээ багийг болон нийтлэг хөгжиж буй спортын хөгжлийг дэмжихэд өндөр ач холбогдол өгч энэ удаагийн Азийн зуны спортын XIX наадамд Үндэсний шигшээ багийн болон шигшээ багийн бус 23 спортын төрлийн 231 тамирчин, 31 дасгалжуулагчийн зардалд 700 орчим сая төгрөгийн дэмжлэгийг улсын төсвөөс үзүүллээ.

Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 173 дугаар тогтоолоор батлагдсан “Олон улсын олимпын хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн наадам болон дэлхийн  аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож медаль хүртсэн тамирчин, түүний дасгалжуулагчийг шагнаж урамшуулах, мөнгөн шагнал олгох журам”-аар олгогдох мөнгөн шагналд 38 тамирчин, дасгалжуулагчид нарт 500 гаруй сая төгрөгийн мөнгөн шагнал олгох бөгөөд ойрын хугацаанд шийдвэрлэх болно.

Та бүхэн ирэх 2024 онд зохиогдох Парисын зуны олимпод амжилттай бэлтгэн оролцох хариуцлагатай цаг хугацаа биднийг хүлээж байна. Түүнчлэн ард иргэдийг итгэл найдвар, хүлээлт байгаа, татвар төлөгчдийн мөнгөөр энэ бүх ажил санхүүжиж байгааг сайтар ухамсарлан бэлтгэл сургуулилтаа чамбайруулж, бүх талын хамтын ажиллагааг уялдуулж ажиллана гэдэгт найдаж байна” хэмээн хэлсэн юм.

Мөн энэ үеэр салбарын хүндэт шагналыг гардуулав.Монгол Улсын шигшээ баг тамирчид Ханжоу-2022 Азийн XIX наадамд  жүдо, буудлага, чөлөөт бөх, бокс, жюү жицү, 3х3 сагсан бөмбөг, кураш, дугуй, испортын дота2 нийт 9 спортын төрлөөс 3 алт, 5 мөнгө, 13 хүрэл медаль хүртсэнээр медалийн чанараар 22 дугаар байрт, медалийн тоогоор 15 дугаар байрт шалгарсан амжилтыг үзүүлсэн.

Ийнхүү Монголын баг тамирчид "Тегеран - 1974" Азийн наадмаас эхлэн нийт 12 удаагийн наадамд оролцсон нийлбэр амжилтаар 16 спортын төрлөөр 27 алт, 51 мөнгө, 104 хүрэл нийт 182 медальтай болсон юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.5.218.66) 2023 оны 10 сарын 13

Энэ тэнэг бөх байгаа цагт энэ салбар өөдлөхгүй ээ

0  |  0
Зоригт (66.181.190.183) 2023 оны 10 сарын 13

Өгөр Батэрдэнэ зайлаасай фсдакууд идэж ууж болоогүй ву

0  |  0
ахр(202.70.37.160) 2023 оны 10 сарын 13

Батэрдэнэ гээд нэг махан толгой чи зүгээр ЗАЙЛ.

0  |  0
Top