Ж.Жавзандулам: Ахмад багш нарынхаа бахархам үйлсээс хойч үедээ түгээхийг хичээж явна

2023 оны 10 сарын 15

Дэлхийн болон Монголын багш нарын баярыг тохиолдуулан БШУЯ, Боловсролын Ерөнхий газар, Монголын ахмад багш нарын холбооноос  их дээд сургууль,коллеж, политехник, СӨБ, ЕБС, тэргүүний ажилтан, тэргүүний холбоо,зөвлөл, бүтээлч багш нарыг шалгарууллаа. Энэ өдөр олон эрдэмтэн багш нар ажил үйлсээ үнэлүүлсэн сайхан мөч байв.  Уг уралдаанд  МУИС-ийн Ахмад багш, ажилтны нэгдсэн холбооны хамт олон тэргүүн байр эзэллээ. Тус холбоо  2019 онд тэргүүний Ахмадын холбоо, 2022 онд хоёрдугаар байр эзэлж байсан амжилтын эзэд юм. Энэ үеэр холбооны тэргүүн Ж.Жавзандуламтай ярилцлаа. Гялалзсан гал цогтой, дайчин тэрбээр МУИС-ийн Хууль эрх зүйн сургуулийн Төр захиргааны тэнхимд 40 гаруй жил  багшилж эдүгээ ахмад багш ажилтнуудынхаа холбоог нэр төртэйгээр удирдаж явна. Улмаар хууль зүйн салбарт ч, боловсролын салбарт ч өнгө нэмсээр буй. Тус холбоо таван жилийн дотор “Хэлэх үгтэй, хийсэн ажилтай өөрсдийн дуу хоолой, эрх ашиг, эвлэлдэн нэгдэхийг эрхэм зорилгоо болгож маш олон талт, хүртээмжтэй, хүртээлтэй ажлыг санаачлан зохион байгуулж, удирдлага, хамт олон, багш ажилтнуудынхаа талархлыг хүлээсээр ирсэн билээ. Мөн баяр дээр баяр нэмж сургуулийнхаа ахмад ажилтан, ажилчдын дунд өдөрлөг зохион байгуулж, гар урлалын үзэсгэлэнгээ толилуулсан байв. 


-“Танай багш ажилтны нэгдсэн холбоо Тэргүүний холбоо”-гоор шалгарлаа. Баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Юуны өмнө танай сонины хамт олон болон уншигчид тань энэ өдрийн мэнд хүргэе. Маш их баяртай байна. Монголын ахмад багш нарын холбоо бидний ажлыг шударгаар үнэлжээ гэж бодож байна. Энэ шагнал зөвхөн минийх биш, гар сэтгэл нийлсэн хамт олны минь нөр их хөдөлмөр. Аливаа зүйл ахмад, дунд ирээдүй гэсэн гурван цагийн хэлхээн дор амьдардаг. Түүн шиг МУИС-ийн хувьд ч гурван үеийнхний дунд ажил үйлс нь явагдаж, цаашилбал ундарч дэлгэрч байх учиртай. Энэ утгаар бид зайлшгүй гурван үеийнхээ түүхийг бүтээж, гурван үеэрээ хөгжих ёстой гэдгийг харуулахыг хүссэн. 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс Ахмад настаны тухай хууль гарсан. Тэр үед би тэтгэвэрт гарах гэж байсан, нөгөө талаар тухайн хуулийг судалж үзэхэд байгууллага нь ахмадуудаа эргэж харах, ахмадын  сантай байна гэж заасан маш сайн хууль болсон байв. Уг хуулийн хүрээнд байгуулага бүр дэргэдээ ахмадын сан бүрдүүлж,түүнийгээ тодорхой хэмжээгээр ахмадууддаа зарцуулж, тэдний амжилт ололт бахархам үйлсүүдээс нь түгээн дэлгэрүүлж, сурталчилж, үр хойч нь үлгэрлэн дагах, үргэлжлүүлэн залгах, эрдэмтэн багш нарын энгүй их замыг тодруулах зорилгоор сэтгэл нэгдэн ажиллах шаардлага гарсан. Манай улсад тэтгэвэрт л гарсан бол жагсаалаас гардаг гэсэн нийтлэг ойлголт байдаг. Гэтэл дэлхийн нийтэд хүний дундаж нас тухайлбал, манай монголд эрэгтэй хүн 65, эмэгтэй хүн 77 насалтлаа амьдрах  жишээний. 60, 65 настайд нь тэтгэвэрт гаргана гэдэг 10-н жил ашиглах цаг хугацааг төр алдаж байна гэсэн үг. 60 хүрэхээр нь ахмад багш багш нар, ажилчдаа тэтгэвэрт нь гаргаад л орхичихдог байсан бол Ахмад багш ажилчдын нэгдсэн холбоо байгуулагдсанаар нэлээд дэвшилтэт зүйл болсон гэж бодож байгаа. Хэдийгээр шинэ залуучуудыг гаргаж ирнэ гэж ирээдүйгээ харах нь зөв ч гэлээ түүхээ мартаж болохгүй. Тийм учраас ахмад настануудынхаа арвин баялаг туршлага, ололт, үлгэрлэл манлайлал,сургаал, эрдэм шинжилгээ, сургалт судалгааны арга барил, туршлагыг залуучууддаа өвлүүлэх ёстой. Ингээд  2017 оны есдүгээр сарын 22-нд 24, 25 хүний бүрэлдэхүүнтэй МУИС-ийнхаа Ахмад ажилтны нэгдсэн холбоог байгуулж, дүрэм журмаа баталж байсан минь саяхан мэт санагдавч, нэг л мэдэхэд таван жил өнгөрсөн байна шүү дээ. Сургуулийнхаа захиргаатай гэрээ хийж Ахмадын сангаа байгуулсан. Тэрхүү сангийн дээжээрээ Ахмад багш нарынхаа чуулга уулзалтыг зохион байгуулаад “Суутны хөтөч” нэртэй 20 минутын шторк, богино хэмжээний теле кино хийсэн. Энэ үеэс л манай ахмад багш нар идэвхжиж, бүхий л үйл ажиллагаандаа сэтгэлийн дуудлагаар оролцдог болсон доо. Өөрөөр хэлбэл, 760 гаруй ахмад багш, ажилтан, ажилчдыг эгнээн­дээ нэгтгэж, тэд холбоогоо гэсэн нэгэн сэтгэлээр нэгдэж чаджээ.

-Хийсэн ажлаа үнэлүүлэх шиг сайхан зүйл үгүй. Энэ хугацаанд ямар ажлуудыг хийв?

-Аливаа ажлыг явуулахад хамтын хүч, эв нэгдэл хамгийн чухал. Үүнийг бий болгодог гол хүчин зүйл нь зохион байгуулах авьяас, чадвар гэж ойлгодог. Манай сургууль үе үеийн нэрт эрдэмтэдээр хүрээлүүлсэн, сайхан ахмадуудтай. Тиймээс юуны түрүүнд ахмадуудынхаа эрдэм мэдлэгийг хэрхэн яаж түгээх вэ гэсэн бодол төрж эндээс л ажлаа эхэлсэн дээ. Үүний тулд нэрт эрдэмтдийнхээ намтар үүх түүхийг үлдээх үүднээс маш их судалгаа хийж 283 нэрт эрдэмтдийн “Мэргэдийн алтан ном”-ыг намтар түүх, цаасан хайчилбарын хамт  хийж хэвлүүлсэн. Дараа нь 40 нэрт эрдэмтдийнхээ Лекцийн алтан санг Л.Чулуунбаатар багшийнхаа санаачилгаар Соён гэгээрүүлэх ТВ-тэй хамтран хийж байлаа. Хөдөө орон нутагт эрдмийн илчээ илгээж, баруун таван аймгийн хоцрогдсон хүүхдүүдэд суурь шинжлэх ухааны хичээлүүдийг очиж заалаа. МУИС-ийн түүхэнд 1942-1970 он хүртэл хэдэн хүн ажиллаж байсан бэ гэдгээр 5000 гаруй хүний “Цахим ном” гаргасан. Тухайлбал, өнөөдөр 80 гарчихаад зурагтаар хүний гүн ухаанд ортол үг хэлж чадаж байна. Залуучууд гадагшаа явж сурч боловсрох нь зөв. Гэвч тэд монголынхоо үүх түүхийг судлаагүй, монголынхоо нэрт эрдэмтдээр хичээл заалгаагүй, монголоо гэсэн сэтгэлгүй, зөвхөн гадаадыг бишрээд доктор болоод ирж байгаа нь учир дутагдалтай. Тийм учраас МУИС-ийн авдрыг уудалбал хэмжээлшгүй их алт байна. Үүнийг бид түгээхийн төлөө ажиллаж байна. Дахиад ч эрдэнэсийн авдар олон бий гэх мэтээр манай ахмад багш нарын оюуны цар хүрээ хэзээ ч  дуусч дундарашгүй. Энэ бүхний эхлэлийг миний бие бага ч болов тавихыг хичээж явна. МУИС-ийг 1942 онд анх үүсгэн байгуулах  санал санаачилгыг ЗХУ-д төгссөн Ю.Цэдэнбал цэл залуухан байхдаа гаргаж, Х.Чойбалсан сургууль байгуулах нь чухал гэдгийг дэмжиж, хоёр талын тохиролцоонд хүрсний үр дүнд МУИС хэмээх ууган сургуулийг үүсгэн байгуулж байсан түүхтэй. Гэвч эхний үед манайд сэхээтэн хүмүүс байгаагүй харин манайд суурьшсан Оросын сэхээтнүүд, Герман хүн, Хятад зэрэг гурван улсын хүмүүс амьдарч Хятадууд ихэвчлэн цэвэрлэгээ үйлчилгээний ажилтан хүмүүс байсан юм билээ. Орос германууд цагаар хичээл зааж эх сууриа тавьсан гэдэг. Тухайлбал Катанов гэдэг багш химийн тэнхимийн эрхлэгч байсан, түвд монгол бичгээр хичээл зааж байгаад 1947 онд шинэ үсэг орж ирсэн. Эдгээр түүхүүдээ залуу хойч үе, оюутнууд маань мэдээсэй гэж хүсдэг. Бахархууштай нь манай сургуулийн ахмад багш нар өндөр мэдлэгтэй, номонд ойрхон хүмүүс учраас богино хугацаанд  нэгэн үзүүрт сэтгэлээр нэгдэж чаддаг юм байна гэдгийг бидний зохион байгуулсан олон ажил тодхон харуулж байгаа. Энэ бүхнээс үүдэлтэй ахмадууд маань үнэ цэнэ­тэй болж байгаад баяртай байгаа.

-Оюун эрдмийн түүчээ, эрдэмтэн мэргэдийн уурхай болсон сургуулийг үе үеийн эрдэмтэн багш нар чимж байдаг. Энэ тухайд?

-Манай ахмадуудын дотор 390 гаруй эрдэмтэн гавьяат багш, 95 хувийг Шинжлэх ухааны доктор, ардын гавьяат багш нар эзэлдэг. Ажилтанууд гэдэг нь Захиргаа, аж ахуйд ажиллаж байсан, эдийн засагч, нягтлан бодогчид, сургалтын алба, ажилчид гэдэг нь сургууль оюутны байрны үйлчлэгч нарын ахмадууд бүтэц бүрэлдэхүүнээрээ ажиллаж байна. Сургуулийн удирдлагуудаас дэмжиж Багш оюутны хөгжил төвд 2022 онд төгсөгчид, оюутан, ахмад ажилтны холбоо гэж гурван үеэр нь өрөө тасалгаагаар хангасан. Тийм учраас энэхүү бидний хамтын ажил маш зөв явж байна гэдэгт итгэлтэй байдаг. Манай сургууль маш олон  салбар сургуультай. Ийм он цагийн шалгуур, хөгжил дунд МУИС үүх түүхээ бүтээж ирлээ. Тэтгэвэртээ суусан үе үеийн эрдэмтэн багш нарыг маань хувийн сургуулиуд урьж ажиллуулж тэрхүү нэрэн дор хувийн сургуулиуд цэцэглэсэн нь нууц биш. Онцолбол, манай МУИС-ийн хуулийн сургуульд таван жил, харин хувийн сургуульд дөрвөн жил сурч төгсдөг. Эндээс харахад дөрвөн жилтэнгүүд хөдөө гадаа ажиллаж эндээс хуулийн нэр хүнд унаж байна. МУИС-ийн хувьд  суралцагчдадаа маш өндөр шаардлага тавьдаг.

-Та бид хоёр нэлээд ажил ярилаа. Одоо ярианы сэдвээ жаахан өөрчилье. Таныг олон талын авьяастай гэж сонссон, магадгүй энэ нь бусдыгаа хөгжөөж олон нийтийн ажил явуулахад дөхөмтэй байдаг байх л даа?

-Монголчууд дууч ард түмэн учраас хүн болгон дуулдаг. Дуу хуур гэдэг хүний сэтгэлийг сэргээж, дотоод сэтгэлийг ариусгадаг учраас миний бие хүүхэд байхаасаа мандалин хөгжим, дараа нь гитар тоглож сургуулийнхаа урлагийн үзлэгт оролцож  дуулж хуурддаг байлаа. “Таван онцын эзэн” гэх мэтээр хүүхэд  насны сониуч зангаар юм юманд оролцдог байж дээ. Үүнээс үүдэлтэй дуу хууранд дуртай болсон юм болов уу. Бас нэг нөлөөлсөн зүйл гэвэл ээж маань жирийн сайхан дууг эвлэгхэн дуулчихдаг байсан. Хожмоо тэрхүү дуунууд нь сэтгэлд хоногшоод чихэнд чимэгтэйгээр сонсогддог байж билээ. Эндээс дуу хөгжимд татагджээ гэж боддог юм. Хэдийгээр нот мэддэггүй ч ямар ч хөгжмийг сонсголоороо тоглож чадна. Дуулахын хажуугаар аман хуур, шанз төгөлдөр хуур тоглодог. 1942 оны дайны “Родина” төгөлдөр хуур манай гэрт бий.

Д.НЭРГҮЙ

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top