Т.Жавхланням: Ховд аймгийн хөгжимт драмын театр олон үндэстний соёлын өвийг тээж явдаг

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 11 сарын 16

Олон үндэстний өв уламжлал, түүх, ёс заншил, соёлын өвийг тээж яваа Ховд аймгийн Хөгжимт драмын театрын өвөл цагийн үзвэрийн 89 дэх жилийн нээлт “Асгандаан харгалдийл” тоглолтоор эхлэх гэж байна. Энэ тухай Ховд аймгийн Хөгжимт драмын театрын дарга, Соёлын тэргүүний ажилтан Т.Жавхланнямтай ярилцлаа.


-Олон үндэстний өлгий нутаг болсон Ховд аймгийн хөгжимт драмын театрын уран бүтээлчид нийслэлд тоглолтоо хийх гэж байгаад  баяр хүргэе. Энэ удаа ямар бүтээлүүд толилуулах гэж байна вэ?

-Баярлалаа. Манай Ховд аймгийн хөгжимт драмын театр олон өв соёлыг агуулж, хадгалж байдаг. Бид энэ сарын 23-25-ний хооронд Өмнөговь аймагт Урлагийн гавьяат зүтгэлтэн Шарын Аюушийн нэрэмжит цөөхүүл хөгжмийн Улсын хоёрдугаар уралдаанд оролцох гэж байна.

Мөн үндэсний хөгжим дээрээ тулгуурлан нийслэлчүүддээ тоглолтоо сонирхуулах зорилго тавьсан. Манай хамт олон энэ удаа  35-40 хүний бүрэлдэхүүнтэй ирж байгаа. Үндэсний хөгжим дээр тулгуурлаад Баруун монгол ардын өв соёлыг  сурталчилсан тоглолтыг өргөн барина.

Өв тээгчид, өвлөн уламжлагчид маань язгуур урлагаа өв тээгчдээс өвлөн авч үе удмаараа өвлөн үргэлжлүүлж байдаг. Эдгээр хүмүүсээс хичээл зүтгэл, авьяас чадвараараа шалгарсан хүмүүс театрт ажиллаад явдаг. Бусад нь гэр бүлийнхээ хүрээнд энэ өв соёлыг тасалдуулахгүй авч явдаг.

-Уран бүтээлчдийнхээ тухай танилцуулахгүй юу. Хэчнээн жил ажиллаж байгаа уран бүтээлчид байгаа вэ?

-Уран бүтээлчдийн хувьд 35-аас доош насны залуус бий. Олонх нь театртаа хамгийн багадаа 5-7 жил, дээд тал нь 20 гаруй жил ажилласан туршлагатай уран бүтээлчид байдаг.

-Таны хувьд Ховд аймгийн хөгжимт драмын театрт хэр удаан ажиллаж байна вэ?

-Миний хувьд ажлаа аваад дөрвөн сар болж байна. Улаанбаатар хотод Цэргийн дуу бүжгийн чуулгад дуучнаар ажиллаж байсан. Төрөлх  нутагтаа  өөрийнхөө өчүүхэн хувь нэмрийг сонгосон мэргэжлийнхээ дагуу соёл урлагийн салбарт оруулъя гэсэн бодлоор ирсэн. Энэ удаагийн тоглолт бидний хувьд анхны өргөн бүрэлдэхүүнтэй аялан тоглолт болж байгаагаараа онцлог юм.

-Ер нь яагаад орон нутагт ирж ажиллахаар болов?

-Арав гаруй жилийн өмнө анх Оюутан залуучуудын ардын урлагийн наадам зохион байгуулагдахад тэндээс Баруун монголын ардын урлаг гайхамшигтай гэдгийг биеэрээ мэдэрч байлаа. Үүнд багахан ч болов хувь нэмрээ оруулъя гэж бодсон.

Би өөрөө дуучин хүн. Ардын дуугаа дуулаад өөрөөрөө сурталчилж болох юм байна, хамт олноороо дамжуулаад бусад ардын урлаг болох бие биелгээ, хөөмий зэрэг бүх язгуур урлагийг яаж сурталчилж болох вэ гэдэг дээр ажиллаж байна. Зөвхөн Монгол гэлтгүй сошиал хөгжчихсөн байгаа энэ үед дэлхийд хэрхэн гарч болох вэ гэдэгт анхаарч байна. Гэхдээ бидэнд дэлхий рүү гарах гүүр хэдийн бий болчихсон. “The Hu” хамтлаг  дэлхийд нэрээ цуурайтуулах болсон. Манай баруун монголд хүн бүр л энэ хамтлаг шиг уран бүтээл туурвих боломжтой.

Бид “The Hu” хамтлагийг дуурайхгүйгээр өөр урсгал, жанраар хэрхэн гарч ирж болох вэ, яаж сурталчилж болох вэ гэдэг тал дээр анхаарч ажиллах, мөн дэлхийн сонгодог урлагтай хослуулж, монгол ардынхаа урлагийг сонгодог урлагийн төвшинд хөгжүүлэх зорилготой ажилладаг.

-Шинээр нэвтрүүлэхээр төлөвлөсөн ажил бий юу?

-Шинэ зүйл нэвтрүүлэх гэхээсээ илүүтэй төрийн алба хэрхэн ажилладаг вэ, тэр зарчмын дагуу ажиллана гэж бодож байна. Шинэ уран бүтээлүүдийг санаачилж хийх бодол бий. Манайх 35 жилийн дараа өргөн бүрэлдэхүүнтэйгээр нийслэл хотоо зорин ирж байгаа нь өөрөө том алхам гэж бодож байна.

-Орон нутгийн театрт ажиллахад хүндрэлтэй зүйл юу байна?

-Төсөв санхүүгээс эхлээд олон асуудал бий. Манай Ховд аймаг нийслэлээс 1500 км-ийн зайд оршдог. Тэр бүр хотод ирээд нэвтрүүлэгт оролцоод байж чаддаггүй. Тиймээс нэг ирсэн дээрээ уран бүтээлчдээ төрийн байгууллага, олон нийтийн телевизээр орж болох бүхий л нэвтрүүлэгт хамруулахыг хичээж байна.

Бид сарын өмнөөс бэлтгэлээ эхэлсэн. Улсын уралдаандаа наймдугаар сараас хойш бэлдэж байна. Энэ удаагийн тоглолтын гол зорилго бол улсын уралдаанд амжилттай оролцох. Үүний зэрэгцээ ардын урлагаа сурталчлаад явах зорилготой ирээд байна.

-Боловсон хүчний хувьд ямар байна вэ. Залуус сүүлийн үед нутагтаа ажиллах сонирхол нэмэгдэж  байх шиг байна?

-Ирж байгаа боловсон хүчин цөөхөн  байгаа ч тогтвортой ажиллуулах тал дээр  бид ихээхэн анхаарч ажилладаг. Мэдээж батлагдсан орон тоо гэж бий. Одоогоор орон тоо дүүрсэн. Мэргэжлээрээ төгсөөд ирж байгаа уран бүтээлчдээ боломжоороо дэмжээд, хамтраад ажиллахыг хичээж байна.

Арваннэгдүгээр сарыг Соёлын яамнаас “Соёлын бүтээлч сар” болгох аян зарласан. Энэхүү аяны хүрээнд бид  шийдвэр гаргаад аялан тоглолт хийж байгаа нь энэ юм.

-Нээлтийн тоглолт ямар нэртэйгээр хаана зохион байгуулагдах вэ?

-Манай тоглолт “Асгандаан харгалдийл” гэдэг нэртэй. Арванхоёрдугаар сарын 1-нд Дархан хотын “Залуучууд” театрт, Арванхоёрдугаар сарын 2-нд Эрдэнэт хотын Хүүхэд залуучуудын театрт, арвахоёрдугаар сарын 4-нд Нийслэлийн Соёлын төв өргөөнд 19.00 цагаас тус тус тоглохоор бэлтгэл ажлаа хангаад явж байна. Хаалтын тоглолтоо Ховд аймагтаа арванхоёрдугаар сарын 14, 15-ний өдрүүдэд хийхээр товлосон.

-Жилд ер нь хэчнээн удаа­гийн тоглолт зохион байгуулж байна вэ?

-Ерөнхийдөө бол мэргэжлийн урлагийн байгууллагууд төлөвлөгөөт тоглолтууд хийдэг. Жил бүрийн Сар шинийн баяр, Улсын их баяр наадам, Өвөл цагийн нээлтийн тоглолт гээд гурван төлөвлөгөөт том тоглолт хийдэг. Өвөл цагийн нээлт бол тухайн жилийнхээ шинэ соргог зүйлсийг танилцуулдаг. Тэр нээлт дээрээс орон нутгаас захиалга өгөн хэсэгчилсэн тоглолт гаргаж авдаг. Захиалгат тоглолт бол тоолохын аргагүй олон болдог.

Ж.Золжаргал

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН

 

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
иргэн(66.181.190.15) 2023 оны 11 сарын 16

Сэтгүүлч нэртэй Ж.Сондор хөлдүү төмсөө хүний ярьсныг зөв дамжуул мэдрэл хөлдүү минь энэ хүний ярьсанд олон үндэстэн гэсэн нэг ч үг алга байна мэдрэл хог

0  |  0
иргэн(66.181.190.15) 2023 оны 11 сарын 16

Энэ сэтгүүлч нэртэй хөлдүүс мөс төмөс нар хүний ярьсныг ядаж зөв дамжуулчаач дээ өөрсдөө юм уншиж судалж мэдэдгүймаа гэхэд хүний ярьсныг зөв дамжуулмаар байна.

0  |  0
иргэн(66.181.190.15) 2023 оны 11 сарын 17

Олон үндэстэн гээд элийрээд байхымаа. Энэ сүүлийн үед хүмүүсийн мэдрэл мэдлэг боловсрол хандлага ер нь хаашаа янзын болцын бэ ??? Бүр гайхмаар байгаад байхымаа. Ховдын хүүхэд болохоор уул нь ”Ховд аймгийн хөгжимт драмын театр олон өв соёлыг тээж агуулж явдаг” гэснийг ”олон үндэстний” гээ л мэдрэлтээд байхын Ховдод ямар ч олон үндэстэн байдаггүй Монгол гээд ганцхан л үндэстний олон овог ястны аялгуу эгшиг аман биет болон биет бус өв уламжлал ёс заншил өвийг тээж явдаг шүү дээ. Ёс уламжлалаа сайн сахиж үлдсэн аймаг л гэсэн үг тэрнээс АНУ шиг олон цагаачид цугалсан аймаг бишээ буруу яриад байхым

0  |  1
Zochin(59.153.113.193) 2023 оны 11 сарын 16

Saikhan medee. Bayr khurgej , AMJILT. khusie.

0  |  0
Зочин(202.131.230.162) 2023 оны 11 сарын 16

Баяр хүргэе. Ховдын театрт манай урлагийн алдартнууд ажиллаж ирсэн улламжлалтай. Сэвжид, Ванган, Лувсаншарав гээд цувж өгнө дөө. Маш сайхан зүйл санаачилж байгаа юм бна.

1  |  0
Top