Төрөөс мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгийг явууллаа

2023 оны 11 сарын 17

Улсын Их Хурлын чуулганы өчигдөр (2023.11.16)-ийн үдээс хойших нэгдсэн хуралдаанаар “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг үргэлжлүүллээ. Хэлэлцэж буй асуудлаар Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, ажлын хэсгийн гишүүдээс хариулт авсан юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөр, уул уурхайн бүтээгдэхүүний тоо хэмжээ, үнэ буурах, төсвийн зардлын тэлэлтээс үүдэлтэйгээр урсгал тэнцлийн алдагдал өсөх, хөрөнгийн дотогшлох урсгал нэмэгдэх эрсдэл үүсэж болзошгүйг дурдаад, ханшны уналтыг мөнгөний бодлогоор зохицуулахгүй байхыг анхааруулсан юм. Тэрбээр, 2024 онд төсвийн давамгай байдал үүснэ, үүнд мөнгөний бодлогыг зохицуулах шаардлагатай гээд, ханшийн тогтвортой байдал, инфляцыг хөөрөгдөхгүй байх, эдийн засгийн бодит үр ашгийг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг зөвлөсөн юм.

Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг, Монгол Улсын 2024 оны төсөв батлах үед орон нутагт болон гэр хорооллыг орон сууцжуулахад оролцож байгаа компаниудыг гаалийн, НӨАТ-ын татвараас чөлөөлөх, ипотекийн зээлд хамруулах зэрэг асуудлуудаар тодорхой шийдвэр гарсныг хэлж, ипотекийн зээлд нэмж шаардагдах 450 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны банкууд болон Засгийн газар, Сангийн яамтай хамтран бүрдүүлэх боломж Монголбанкинд бий эсэхийг асуусан юм. Мөн арилжааны зээлийн хүүг бууруулахад ямар хууль, эрх зүйн дэмжлэг хэрэгтэй байгааг тодруулав. Ипотекийн зээлийн эргэн төлөлтөөс энэ онд 500 орчим тэрбум төгрөг орж ирсэн гэдгийг Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулж, 6.0 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөрийн эх үүсвэрийн 80 хувийг Монголбанк, 20 хувийг арилжааны банкууд хариуцаж байгаа бөгөөд 2024 онд энэ оныхтой адил дүнтэй эргэн төлөлт орж ирвэл арилжааны банкнуудын 20 хувьтай нийлээд хөтөлбөрт нийт 620 орчим тэрбум төгрөгөөр эргэлдэх нь эрэлт, нийлүүлэлт талаасаа нийцтэй гэсэн хариулт өгсөн юм.

Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир мөнгөний бодлогод гадаад хүчин зүйлсийн нөлөө, үнэ ханшийн өсөлтийг хэрхэн тооцож тусгасан болон цалин тэтгэвэр, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлж байгаа зэрэг нь инфляцид яаж нөлөөлөх, үнийн өсөлтөөс урдчилан сэргийлэх чиглэлээр баталсан хууль, тогтоомжийн хэрэгжилт ямар байгаа, арилжааны банкуудыг нээлттэй, хувьцаат компани болгож, олон нийтийн хяналтанд оруулах бодлогын хэрэгжилт хэрхэн хангагдаж байгаа, мөн гадаад улсын банкыг Монголын зах зээлд оруулж ирж, өрсөлдөөнийг сайжруулах асуудал ямар шатандаа яваа талаар асууж хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, төсвийн болон мөнгөний бодлогуудын уялдаа хэр хангагдаж байгаа талаар болон Оюутолгой компанийн мөнгөний урсгалын талаар хөндсөн юм. Оюутолгой компани 2022 онд 1.4 тэрбум ам.долларын борлуулалт, 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн буюу тус компанийн мөнгөний урсгалд манай улс руу орж ирсэн мөнгөний хэмжээ 200 сая ам.доллараар илүү байна гэж Монголбанкны ерөнхийлөгч танилцуулаад, энэ оноос гүний уурхайн одоо олборлолт эхлээд явж байгаа учир борлуулалтын хэмжээ нэмэгдэж, ирээдүйд 5.0 тэрбум ам.доллар хүрнэ гэсэн юм.

Мөн, Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, бодлогын хүүг бууруулах, Монголбанкнаас инфляцид гол нөлөө үзүүлж байгаа бараа, бүтээгдэхүүний үйлдвэрлэгч, нийлүүлэгчдийн үйл ажиллагаанд Засгийн газар, ШӨХТГ-тай хамтран хяналт, шалгалт хийх боломж бий эсэх, мөн зээлийн хүүгийн төлбөрийг түрүүлж авч байгаа нь банкны хууль тогтоомжид нийцэж байгаа, эсэх болон орон нутагт олгож байгаа ипотекийн зээлийн хүртээмжийг хэрхэн нэмэгдүүлэх талаар асууж, хариулт авсан бол Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх бодлого, хөтөлбөртэй мөнгөний бодлогыг уялдуулах, аж ахуйн нэгжүүд, бизнес эрхлэгчдийн бодлогоор дэмжих асуудлыг хөндөн ярив.

Ипотекийн зээлийн хүртээмжийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Ч.Ундрам, тогтоолын төсөлд ипотекийн зээлийн нийт эх үүсвэрийг нийслэл, орон нутагт тэнцүү хуваарилахаар заасан хэмээн тайлбар өгсөн юм.

Улсын Их Хурлын гишүүн Б.Пүрэвдорж, Монголбанкны ерөнхийлөгч болон удирдах бүрэлдэхүүн улстөрчид байх юм асуудал үүсдэг гэдгийг баримт татан дурдаад, тус банкны өнөөгийн удирдлагад мэргэжлийн хүмүүс ажиллаж буйд талархалтай байгаагаа илэрхийлсэн юм. Тэрбээр, 2024 оны улсын төсөвт 6.2 их наяд төгрөгийн хөрөнгийн зардал туссаны 3.2 их наяд төгрөг нь төсвийн хөрөнгө оруулалт, үлдэх 3.0 их наяд төгрөг нь яам, тамгын газрууд, орон унтагт олгож байгаа хөрөнийн зардлууд болохыг онцлоод, үүний 80 хувь буюу 5.0 их наяд төгрөг нь өмнөд хөрш рүү бараа, бүтээгдэхүүний үнийн төлбөрт явна гэж харж байгаагаа хэллээ. Дээрээс нь 21.0 их наяд төгрөгийн урсгал зардал гарахаар байгаагийн 11.0 их наяд нь дахиад урд хөрш рүү урсана гэж үзэж буйгаа дурдав. Ингээд нийтдээ 4.5 тэрбум ам.долларын валют урагшаа урсах бөгөөд энэ нь манай улсын валютын нийт албан нөөцтэй тэнцэхээр байгааг тэрбээр өгүүлж, ийм нөхцөлд төгрөгийн ханш их хэмжээгээр унаж, бараа, бүтээгдэхүүний үнэ ихээхэн өсөхөөр байгааг анхааруулж, БНХАУ-тай явуулж буй своп арилжааны хэлцлийн цаашид хэрхэх талаар асуув. Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Хятадын ардын банктай 2011 онд нийт 15.0 тэрбум юанийн своп хэлцлийг байгуулсны 12.0 тэрбум юанийг 2016 он хүртэл хэрэглэсэн гээд, уг өрийг төлөх хугацааг 2026 он хүртэл сунгахаар ярилцаж байна гэсэн юм. Монгол Улсын валютын нөөц 4.0 тэрбум ам.доллароос дээш тогтвортой байх тохиолдолд дээрх төлбөрийг тодорхой хэмжээгээр барагдуулаад явах бодлогыг Монголбанк баримталж байгаа ажээ.

Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгээс боловсруулсан зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудаар санал хураалт явуулав. Тогтоолын төсөлд нэмэх хоёрдугаар заалтад, “ЗГ-аас эрх зүйн орчныг бүрдүүлж орон сууцын ипотекийн хөтөлбөрийг шилжүүлэн авах хүртэлх хугацаанд хөтөлбөрийн тасралтгүй байдлыг хангаж зээлийн эргэн төлөлтөө санхүүжүүлэх” гэсэн зүйл оруулсан нь хуулийн зөрчилтэй байна хэмээн үзэж буйгаа хуралдаан даргалагч, Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар илэрхийлэн, гүйцээн боловсруулах чиглэл өглөө. Мөн, тогтоолын төслийн хоёрдугаар заалтад, “Агаар орчны бохирдлыг бууруулах төвлөрлийг сааруулах бодлоготой уялдуулан эрчим хүчний хэмнэлттэй амины орон сууц, гэр хорооллын барилгажуулалтад олгох ипотекийн зээлийн хэмжээг хөтөлбөрийн нийт эх үүсвэрийн 20 хүртэлх хувьд хүргэх арга хэмжээ авах” гэсэн агуулгатай гуравдугаар дэд заалт нэмэх тухай Ажлын хэсгийн саналаар санал хураадахд Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжсэнгүй. Харин Ажлын хэсгээс гаргасан, бизнесийн зээлийг нэмэгдүүлж, хэрэглээний зээлийн хэт өсөлтөөс сэргийлэх, жижиг дунд бизнест олгож байгаа зээлийн ангиллыг дээшлүүлэх, дахин санхүүжилтийг эрсдэлд суурилсан хяналт шалгалтын зарчимд тулгуурлан уян хатан болгох, төрийн дэмжлэгтэй хэрэгжиж буй зээл санхүүжилтийн хөтөлбөрүүдийн багцын тодорхой хэсгийг органик хүнсний тариалалт, үйлдвэрлэлийн ногоон зээлд зориулах зэрэг саналуудыг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ. Санал хураалт дууссаны дараа “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2024 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Эдийн засгийн байнгын хороонд шилжүүлэв.

Үүний дараа, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар, Гэрийн тэжээвар амьтны тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг эхлүүллээ.

Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг явуулсан талаарх Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар танилцуулав. Тэрбээр танилцуулгадаа, Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо энэ оны дөрөвдүгээр сард тогтоол гаргаж, хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан талаар дурдаад, Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатар ахлагчтай тус Ажлын хэсэг хуулийн төсөлд иргэдийн оролцоог хангах, санал авах зорилгоор https://d.parliament.mn/ цахим системд байршуулахад нэр бүхий иргэдээс 18 санал ирснийг дурдлаа. Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг Байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэж, гэрийн тэжээвэр амьтантай холбоотой харилцаанд баримтлах зарчимд Монголын ард түмний үндэсний уугуул үүлдрийн нохойг гэршүүлэн тэжээж ирсэн өвөрмөц аж төрөх ёс, түүхэн уламжлалыг хадгалах, нандигнан өвлүүлэхээр, баг, хорооны Засаг дарга нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн байгууллага мал эмнэлгийн үйлчилгээний нэгж нь бичил чип унших төхөөрөмжтэй байхаар, нохой, муур үржүүлэх үйл ажиллагааг зөвшөөрөл авсан ашгийн төлөө хуулийн этгээд эрхлэхээр, хүүхдийн цэцэрлэг, бүх шатын сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувиллаас 200 метрийн дотор нохой, муур үржүүлэх үйл ажиллагаа явуулахгүй байхаар заах болон хөдөө орон нутагт оршин сууж буй нохой, муурын асран хамгаалагч нь хот суурин газрын асран хамгаалагчдийн нэгэн адил сургалтад хамрагдах шаардлагагүй зэрэг зарчмын зөрүүтэй болон найруулгын нийт 53 санал гаргасан байна.

Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Д.Цогтбаатарын дурдсан зарчмын зөрүүтэй болон найруулгын шинжтэй 53 саналын томъёоллоор маргааш (2023.11.17)-ийн нэгдсэн хуралдаанаар санал хураалт явуулахаар боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top