“Морин хуурын дөрвөл №2” буюу “Алтан намар”-ын шагналт бүтээлийн тухай

2023 оны 12 сарын 02

Энэ оны “Алтан намар” хөгжмийн наадмын дэд байрын шагналт бүтээл Х.Алтангэрэлийн “Морин хуурын дөрвөл №2” нь уламжлалт аялгажуулгыг хадгалахын зэрэгцээ квартетын хэлбэршүүлэлтийн тухайд хэд хэдэн радикал шийдлүүдийг хийснээрээ онцлог болжээ.

Квартет [ит.quartetto,лат.quartus-  дөрөвлөл] гэдэг нь дөрвөн хөгжимчин, дөрвөн хөгжмийн зэмсгийн бүрэлдэхүүнтэй академик хөгжмийн чуулга. Нумт-чавхдаст хөгжмийн хослолоос бүрдсэн хөгжимчдийн чуулгад зориулан тусгайлан бичсэн хөгжмийн бүтээлүүдийг “Чавхдаст хөгжмийн дөрвөл” гэж нэрлэдэг нэр томьёо нь тухайн хамтлагийн бүрэлдэхүүн, хөгжмийн бүтээлийн төрөл жанрыг хамтад нь илэрхийлдэг гэсэн үг.

Нумт-чавхдаст хөгжмийн дөрвөл [quartet] жанр нь XVIII зууны II хагаст ихээхэн алдаршсан цөөхүүл [chamber] хөгжмийн (дивертиссмент [фр.divertissement-“зугаа цэнгэл”], кассаци-[ит.cassazione, герм.kasasation-XVIII зуунд алдартай байсан зугаа цэнгэлийн шинжтэй олон ангит байнгын бус бүтэцтэй хөгжмийн чуулга] серенада [фр. serenade, ит. serenata, sera үдэш-хэн нэгний хүндэтгэлд зориулж тоглодог хөгжмийн зохиол) жанрын суурин дээр хөгжсөн бөгөөд төрөл зүйн гарвалаараа бүжгийн сюитээс улбаатай гэж үздэг.

Венийн сонгодог эрин квартет хөгжмийн оргил үе байсан бөгөөд И.Гайдн, В.Моцарт, Л.Бетховен, Ф.Шуберт нарын бүтээлүүд хөгжмийн урлагийн төрөл жанрын хөгжилд асар их хувь нэмрийг оруулсан байдаг.

И.Гайдн [хурдан-удаан-менуэт-хурдан төгсгөл] дөрвөн хэсэг [өмнө нь chamber чуулга нь дурын тооны бүтэцтэй байсан] болгон кодчилсон бүтээлд илүү тод илэрлээ олсон, симфони маягийн бүтэцтэй төстэй найралжуулгын дарааллыг бий болгосон.

Өнөө цагт квартет нь хэдэн ч хэсэгтэй байж болох бөгөөд тэдний дунд сонатны хэлбэр байхгүй ч байж болно гэж үзсэн байдаг. Хэсгүүдийн хоорондын жигд шилжилттэй олон хэсэг [attacca] нь маш түгээмэл байдаг. Утсан хөгжмийн дөрвөл нь симфони найрал хөгжмийн бүрэлдэхүүний цөөхүүл [chamber] хөгжмийн ижил төстэй [analogy] хэлбэр гэсэн уламжлалт тайлбар байдаг. 

Энэхүү жанрын семантик [утга-мэдрэмж] шинж нь сайн-муу, байх-байхгүй гэх категориор сэтгэдэг цаг хугацааны эргэх хөдөлгөөнийг илэрхийлэхэд оршдог хэмээн үзсээр ирсэн.

Ёс суртахууны [ethic] хандлага хөгжихийн хэрээр дөрвөл хөгжмийн [quartet] сэтгэлгээ хувьсан өөрчлөгдөж буйг энэхүү бүтээлийн сонгодог жанр, хэлбэр хэллэгээс харж болно.

Хөгжмийн зохиолчдын өмнөх олон тооны квартет бүтээлүүдтэй харьцуулан үзэхэд гол шалгуур болох квартет хөгжмийн бүтээлийн үндсэн зарчмыг олж мэдэх боломжийг олгосон гэж хэлж болно. Учир нь хөгжмийн зохиомжийн загварчлалын төлөвшил, хувьслын үүднээс Х.Алтангэрэлийн уг бүтээлд  өөрийн “би”-г тодорхойлох ур чадварыг бэлхнээ харж болно.

Тэрээр зөрчилдөөнгүй драматургийн хөгжлийг аажмаар үгүйсгэж, зөрчилдөөнт сэтгэл зүйн урвуу хамаарлын драматургийг бий болгож байгаа нь диатоник ба хроматикийг эсрэгцүүлэн  сэдэв агуулгынхаа онцгой хэлбэрийг үүсгэхийг зорьсон мэт.

Энд уламжлалт цуврал зохиомжийг тэгш хэмт, далдлагдсан, байнгын ялгарамжтай атлаа нийлмэл бүтцээр сольж байгаа нь илэрхий.

Х.Алтангэрэл хармони дуугаралтын хамгийн сүүлийн үеийн зарчмууд болох додекафони, цуваа техниктэй гүнзгий танилцсан хэдий ч эдгээр зарчмуудыг ашиглахдаа тэрээр жинхэнэ өнгө аяс руугаа буцаж хандаж буйг тэмдэглэх нь зүйтэй санагдана. Түүний нарийвчилсан хармоник мэдрэмж нь аялгууны билиг авьяасыг хүчирхэг полифоник ур чадвартай хослуулсан нь гайхам гоо сайхан, өвөрмөц шинэ дүр төрхийг нээн харуулах боломжийг ашиглажээ. Хэрвээ бид уламжлалт шинжлэлийн үүднээс авч үзвэл энэ бүхэн нь хэлбэршлийн бүхий л бүрэлдэхүүн хэсгүүдэд оршиж буй юм.

Тэрээр дөрвөл хөгжмийн сэтгэлгээний түүхэн олон талт зарчмуудыг шинэ хэв маягаар хэрэгжүүлэхийг оролдохдоо:

§жанрын симфонижуулга, морин хуурын аялгуу дуугаралтын өгүүлэмж, "оркестржуулга"-ын бичилт

§тембр, дагалдах хоолойн аялгууг хөгжүүлэх арга техникийн системийн ачаар хэлбэршүүлэлтийг төгсгөл хүртэл нь хөгжүүлэх.

§фактурын бүтэц, олон сэдэвт, сонатны хэлбэрийн зөрчил, драматик оргил хэсгийн зарчим

§философи-драматик үзэл баримтлал зэргийг ашиглахыг зорьсон байна гэж үзлээ.

Х.Алтангэрэлийн дөрвөл бол морин хуур хөгжмийн өвөрмөц үзэгдэл гэж болмоор: Монголын хөгжмийн зохиолчид энэ төрөлд ингэтлээ анхаарал хандуулж, дөрвөл хөгжмийн жанрын хэлбэрийг багтаасан тийм олон уран сайхны бүтээл туурвиж байгаагүй нь үнэний ортой.

Түүний II квартетын хөгжмийн хэллэг нь өвөрмөц, дэвсгэр хөгийн систем нь морин хуур хөгжмийн зэмсэгт эвтэй тохиромжтой байхаар зохиомжилсон сонголтууд, хамгийн энгийн аялгууны эргэц[phrase]-ээр хамгийн тод баялаг эгшиглэгээг гаргаж авахыг хичээсэн, сэдэвчилсэн холбоосын үүргийг нэмэгдүүлснээрээ онцлогтой.

Драматизмын эрчимжүүлэг нь ихэвчлэн фугато маягаар тодорхой зурвасыг гаргахыг  хичээсэн бололтой. Лад-хармонийн хэллэг нь тод байдал + эгшиглээний хурцадмал шинжийг агуулсан олон эгшгийн цогцолбор байгуулалт элбэг биш ч, репризийн далдлагдсан ялгарамжтай нийлмэл хэлбэрт илүүтэйгээр татагдсан болов уу гэлтэй. Шинэ скерцо маягийн эгшиглээгээр жанрын шинэ дүр төрхийг дахин бий болгох зорилгыг агуулсан байна.

Энэхүү бүтээлд динамик тэмдэгтүүдийг артикуляцийн хамтаар маш чөлөөтэй ашигласныг дурдвал ер бусын pizzicatto, flageolet, col legno, sul ponticello, glissando гэх зэргийг хэлж болно. Ийм штрихүүд зохиолын туршид ээлжлэн солигдож ашиглагдах нь хөгжмийн зохиомжийн арга хэрэгслүүд бүхэлдээ академик шинжтэй, заримдаа сургалтын логик дээр суурилсан байх магадлалтай.

Дөрвөн ангит хэлбэртэй, 25 минут орчим үргэлжилдэг “Морин хуурын дөрвөл №2” нь уламжлалт аялгажуулгыг хадгалахын зэрэгцээ квартетын хэлбэршүүлэлтийн тухайд хэд хэдэн радикал шийдлүүдийг хийснээс дурдвал:

§өөрийн гэсэн логик, концепцитэй,

§уламжлалт дуу авианаас модерн хүртэлх штрихийн хувьслыг ашигласан,

§хөгжимчдөөс асар их ур чадвар техник тоглолтыг шаардсан,

§пентатоник ладын таван төрлийн хэлбэрийг ухаалгаар хамруулан бичсэн,

§диссонанс эгшгийн бүтцийг консонанс нийцэлтэйгээр илэрхийлэх монгол уртын дууны гайхам эгшиглэнт арга барилаас оруулсан,

§хөгжимчин бүрийг Solo хэмээн тооцож, хамсраа эгшиглээг тоглооч бүрт шилжүүлэг хийн хуваарилсан,

§полифони бичлэгийн аргыг аялгууны мотивуудаар дамжуулан танилцуулсан зэрэг чухал хэрэглээг нэрлэж болно. 

Эцэст нь хэлэхэд, Морин хуурын “Чөлүгэн” дөрвөлийн хөгжимчид [М.Бат-өлзий, Ц.Анхбаяр, О.Төмөрхуяг, М.Мөнхбат] тайзан дээр тоглож эхэлсэн даруйдаа “элит жанр” гэсэн ойлголтыг сонсогчдод илэрхийлж чадсан бөгөөд энэ нь сонсохыг мэддэг, хөгжмийн гүн гүнзгий утгыг ойлгохыг хүсдэг хүмүүст зориулагдсаныг гурван морин хуурч нэг их хуурчийн хамтын эмоци, итгэл зүтгэл, дотно харилцааг илтгэхийн зэрэгцээ, зөвхөн бие биенээ нарийн мэдэрсэн тохиолдолд л “Дөрвөл” болж чаддаг гэдгийг харуулсан болно. Тэд гоо зүй, ёс суртахууны ухаалаг харилцан яриаг хэрхэн өрнүүлэхээ мэддэг учраас эгшиг авианы долгионоор хүртэгдэх хөгжмийг зөвхөн ноот бичлэгээр нь төдийгүй тоглож буй арга техник, ур зүйг нь “үггүйгээр унших” л хангалттай билээ.

М.Мөнгөнсүх

 /Хөгжим судлаач/

2023.11.26

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top