Орхон аймгийн 4-р сургуулийг түшиглэсэн 30 жилийн түүхтэй Хөгжмийн ангиудыг бие даасан Урлагийн сургууль болгон өргөжүүлж, энэ хичээлийн жилд анги танхимууддаа их засвар хийж, шинэ тоног төхөөрөмж, тавилга эд хогшилтой, хүүхдүүд нь өнгөлөг байна. “Уран эгшиг” сургуулийн захирал, Боловсролын болон Соёлын тэргүүний ажилтан, ая зохиогч А.Төгсжаргалтай ярилцлаа.
-Аймгийн Боловсрол, соёлын газрын соёлын мэргэжилтэн, хөгжмийн боловсрол хариуцсан арга зүйчээр ажиллаж байхдаа Хөгжмийн сургуулийг өөрийн байртай, бие даасан сургууль болгохсон гэж ярьж хөөцөлдөж байсныг чинь мэдэх юм. Өнөөдөр “Уран эгшиг” сургуулийг удирдаад явж байхад төрж буй сэтгэгдлээсээ хуваалцана уу?
-Хөгжмийн сургуулийг бие даасан Хөгжим бүжгийн сургууль болгохсон гэж олон жил бодож мөрөөдөж явсан. Өнөөдөр биеллээ олж Урлагийн төрөлжсөн сургалттай ЕБС байгуулагдаж хөгжмийн болон урлагийн гэсэн 13 чиглэлээр элсэлт авч сургалтын үйл ажиллагаа ерөнхийдөө жигдэрч байна. Хөгжмийн чиглэлээр үндэсний хөгжим, төгөлдөр хуур, урлагийн бусад төрлөөр дуу, бүжиг, жүжиг, уран нугаралт, уран зураг, дизайны чиглэлээр сургалт явуулж байна. Манай сургууль 450 сурагч, 57 багш ажиллагсадтай, ЕБ-ын 1-11 дүгээр ангийн 14 бүлэг хичээллэж байна. Аймаг орон нутгаас биднийг дэмжиж тусалж байгаад маш их баярлаж байна.
-Танай сургуульд энэ онд томоохон хөрөнгө оруулалт хийж, барилгын өргөтгөл, их засвар, сурагчийн ширээ сандлаас эхлээд сургалтын орчин сайжирчээ. Энэ тухайд дэлгэрүүлж ярина уу?
-Сургуулийн барилгын хувьд анх 1985 онд ашиглалтад орж цэцэрлэг, бага сургуулийн зориулалтаар ашиглаж ирсэн, нэлээд хуучирсэн, их засвар хийх зайлшгүй шаардлагатай барилга. Энэ онд аймгийн хөрөнгө оруулалтаар дотор их засварт 590.0 сая шахам төгрөг, сургуулийн спорт заал, цайны газрын өргөтгөл барих 1.3 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө баталсан. Сургуулийн дотор их засвар нь сургалтын онцлогт тохирсон мэргэжлийн хичээл хийх ангиудын зай талбайг томруулж, жижигрүүлж засварлаж, ерөнхий эрдмийн хичээлүүдээс гадна урлагийн сургалттай ангиудыг дангаараа сургалт явуулах танхимтай болгосон. Жишээлбэл: ятга, шанз, ёочин, морин хуур гээд хөгжмийн бүх ангиуд, дээр нь бүжиг, жүжиг, дүрслэх урлаг гэхчлэн урлагийн бусад чиглэлийн ангиуд ч гэсэн дангаараа хичээллэх анги танхимтай болж мэргэжлийн хичээлээ бие даан явуулах бүрэн боломжтой болсон гэсэн үг. Мөн сургалтын нөхцөлд тохирсон хөгжим, техник хэрэгсэл, дэлгэц, ухаалаг самбар, компьютер, таблет, ширээ сандал гэх мэт сургалтын тоног төхөөрөмжөөр хангагдаж, мэргэжлийн кабинетууд байгуулагдаж байна.
Орон нутгаас 345.0 сая төгрөгний тавилга эд хогшил, компьютер тоног төхөөрөмж нийлүүлснийг өнөөдөр хүлээн авч суурилуулж байна. Урлагийн заал, мэргэжлийн анги танхимуудад тавих лед дэлгэц, ухаалаг самбар, телевизор болон компьютер, технологийн кабинетууд, ширээ сандал ирээд багш сурагчгүй бүгд баярлаж байна.
Манай аймаг шиг ингэж иж бүрнээр урлагийн сургууль байгуулж бүх талаар нь дэмжсэн газар одоогоор байхгүй.
-Орон нутгийн үйлдвэр аж ахуйн газрууд, тухайлбал “Эрдмин” үйлдвэр танай сургуульд дэмжлэг үзүүлсэн мэдээ үзээд баярласан шүү.
-“Эрдмин” үйлдвэр Орхон аймагтай хамтран ажиллах гэрээний хүрээнд манай сургуульд 10 сая төгрөгийн үндэсний хөгжим бэлэглэсэн. Энэ хөгжмийн зэмсгийн дунд худалдаанд байдаггүй, үндэсний ховор хөгжмийн нэг монгол хэнгэрэг хөгжмийг “Эгшиглэн” хөгжмийн үйлдвэрт захиалж урлуулсан байсны дээр тэр бүр ЕБС-дад байдаггүй бусад хөгжмөөс илүү өртөгтэй, найрал хөгжимд чухал үүрэг бүхий их хуур болон бусад үндэсний хөгжмүүд хүлээн аваад байна. “Эрдмин” компанийн хамт олонд талархал илэрхийлье.
Өнгөрсөн онд аймгаас таван ширхэг мэргэжлийн цахилгаан төгөлдөр хуур буюу механик төгөлдөр хуурыг орлохуйц дуугаралт, үзүүлэлттэй төгөлдөр хуурууд, бүх багш нарт таблет олгосон нь шинэ сургуульд том дэмжлэг болсон. Энэ онд Орхон аймгийн ЕБС-ийн бүх сургуулийн сурагчийн ширээ сандлыг шинэчлэх ажлын хүрээнд манай сургууль 100 хувь шинэ ширээ сандалтай болсон.
-Сургууль дотор өнгө өнгийн хөг эгшиг уянгалж, бүжиг, уран нугаралтын хүүхдүүд багшийн удирдлагаар дасгалаа хийхийг харахад сайхан байна. Мэргэжлийн сургуульд ажиллах багшлах боловсон хүчин хангалттай байгаа юу?
-“Уран эгшиг” сургуульд ажиллаж байгаа 37 багшийн 15 нь урлагийн мэргэжлийн багш нар. Мэргэжлийн хичээлүүдийн ихэнх нь ганцаарчилсан сургалт байдаг. Өнөөдрийн байдлаар нэг багшид 20-30 хүүхэд, зарим ангид түүнгээс ч олон хүүхэд ногдож байна. Урлагийн мэргэжлийн сургуулиудын жишгээр нэг багш дунджаар 10 хүүхэдтэй хичээллэж байгаатай харьцуулахад багшийн ачаалал нэлээн их нэмэгдсэн нь харагдаж байна.
Үндэсний соёл, урлагаа дэмжих зорилгоор үндэсний хөгжмийн ангиудыг илүү чухалчилж хүүхэд элсүүлдэг. Сүүлийн үед хүүхдүүд үндэсний хөгжмөөс илүүтэй төгөлдөр хуур, цахилгаан хөгжим, гитар их сонирхох болж. Манайд төгөлдөр хуурын 3-4 багш шаардлагатай байдаг. Гэтэл нарийн мэргэжлийн багш олдохгүй байна. Хөгжмийн чадвартай мэргэжлийн хүн таарлаа гэхэд “Багшлах эрх”-гүй тул ЕБС-д ажиллах боломжгүй. Ялангуа ардын урлаг, өв соёлыг уламжлуулах талаар багш авч ажиллуулах боломж байдаггүй. Учир нь Монголын соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч, өндөр ур чадвартай хүмүүс нь энгийн иргэд, ардын авьяастнууд байдаг. “Багшлах эрх” битгий хэл мэргэжлийн диплом ч байхгүй. Тухайлбал, өндөр ур чадвар бүхий сийлбэрч, уран дархан, барималч, зураач, уран нугараач, уртын дууч, ардын бүжигчин гэх мэт. Миний бодлоор бол урлагийн сургалт явуулж буй сургуулийн урлагийн ангиудын багшийн тухайд тавигдах шаардлагыг уян хатан болгох шаардлагатай гэж үздэг. Мэдээж өндөр ур чадвартай нь тодорхой шалгуураар батлагдсан, хүлээн зөвгөөрөгдсөн байх хэрэгтэй.
Гадуур сургалтын төвүүдэд ажиллаж буй багш нар сард нэг хүүхдээс 150-200 мянга, Улаанбаатарт бол 250-аас дээш мянган төгрөгийн сургалтын төлбөр авдаг. Ингэхээр цалин орлого нь төрийн сургуульд ажилласнаас хамаагүй өндөр болж байна. Иймд урлагийн чиглэлийн мэргэжлийн багшийн үнэлэмж, цалин хөлсийг тусгайлан нэмж өөрчлөх зайлшгүй шаардлагатай болж байна.
Дээр нь хувиараа байр түрээслээд ажиллаж буй хүнд олон төрлийн судалгаа, бүртгэл, бичиг цаас, хяналт шалгалт, элдэв ажил, арга хэмжээнд оролцохгүй,зөвхөн сургалтаа явуулах тул биед амар юм даа. Яг үүнтэй холбож ярихад өнөөдөр гадуур хичээллэж байгаа сургалтын төвүүдэд ямар ч хяналт алга. Тэнд яг мэргэжлийн багш хичээл зааж байна уу, хичээл сургалт нь ном дүрмийн дагуу явж байна уу, ямар хөтөлбөрөөр хичээл зааж байна, хүүхдэд яг ямар чадвар олгож байна гээд бүх зүйл нь бүрхэг. Иргэд зөвхөн орчин нөхцлийг л хардаг. Мөн сургуулиас бусад байгууллагуудад хичээллэж буй дугуйлан сургалтуудыг ч анхаармаар санагддаг. Энийг яагаад онцлоод байна вэ гэвэл,-Хүүхдээ төгөлдөр хуурын дугуйланд суралцаж байгаа гэсэн найзынхаа бахдалтай ярихыг нэг удаа сонсоод юу сурсныг нь асууж хүүхдээр нь хөгжим тоглуулахад төгөлдөр хуурын гарын тавил, хурууны дугаараас эхлээд буруу заасныг хараад үнэхээр сэтгэл зовж байсан юм. Буруу сураад байгааг эцэг эх нь яаж мэдэх билээ дээ. Зар хараад л хүүхдээ өгсөн, төлбөрийг нь төлсөн, ямартай ч хялбархан ганц хоёр ая тоглодог болсон, ингээд ээж аав хүүхдээ хараад бахархаж буй Ийм учраас л хувийн, түрээсийн байртай сургалтын төвүүдэд онцгой анхаарах шаардлагатай гэж хэлмээр байна.
Ерөнхий эрдмийн багш нарын хувьд аль болох ур чадвар, арга зүйн хувьд сайн багш нарыг ажиллуулах, багш нараа байнга хөгжүүлж, сэтгэл зүйн таатай орчин нөхцлийг бүрдүүлж ажллахыг зорьж хичээж ажиллаж байна. Манай сургууль цомхон, бүлэг дүүргэлтийг 36-аас хэтрүүлдэггүй тул багш хүүхэд нэг бүртэй ажиллах харьцангуй боломжтой. Багш нар ч “Уран эгшиг” сургуульд ажиллах дуртай байна. Бие биедээ тусалж, дэмжин ажиллахыг эрхэмлэдэг нь манай багш нарын бас нэг сайн тал. Ерөнхий боловсролыг чанартай сайн олгохыг манай хамт олон эрхэм зорилгоо хэмээн тодорхойлсон.Тухайн сурагч хэдийгээр авьяас сонирхолдоо хөтлөгдөн урлагаар хичээллэж байгаа ч ерөнхий боловсролыг хэзээ ч орхигдуулж болохгүй, харин ч маш чанартай явуулах шардлагатай. Ерөнхий боловсролын түвшинд хэт их урлаг руу хазайж болохгүй. Зохистой түвшин гэж бий. Тийм учраас ЕБ-ын сургалт, урлагийн сургалтын тэнцвэртэй байдлыг хадгалж, хүүхдэд очих ачааллыг тохиромжтой түвшинд байлгахыг эрхэмлэн ажиллаж байна. Тухайлбал, манай бага ангийн сурагчдад яаран урлагийн хичээл ордоггүй. Учир нь бага ангидаа хүүхдүүд үсэг тоогоо үзэж цээжлэх, уншиж бичиж сурахын зэрэгцээ бусадтай харилцах, өөрийгөө илэрхийлэх, сургуультайгаа болон урлагийн ангиудтайгаа сайтар танилцаж, хөглөгдөж байх үе л дээ. Энэ үед багш нар нь ч хүүхдүүдээ урлагийн аль чиглэлээр суралцаж болох талаар судлах, авьяасыг нь нээх хэрэгтэй болдог.
-Засгийн газрын 2022 оны 91 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэхдээ БШУЯам нэгж байгууллагуудын онцлогийг хэр харгалзаж үзсэн бол? Цалингийн тогтолцоо тохирч байна уу?
-БШУЯам, Боловсролын Ерөнхий газар, Боловсролын хүрээлэн бүх шатны боловсролын байгууллагуудад ажиллаж, судалгаа хийж байна. Манай сургуулийн хувьд бусад ердийн сургуулийн адил багш нарын цалин хөлс бүгд ижилхэн.
Боловсролын хүрээлэн гүйцэтгэлийн санхүүжилтийн өнөөгийн байдалд аймаг бүрээс хоёр сургууль сонгож судалгаанд хамруулсан. Орхон аймгаас хүчин чадал том, олон хүүхэдтэй гэж 5 дугаар сургууль, цомхон боловч өвөрмөц бүтэцтэй гэж “Уран эгшиг” сургуулийг сонгосон.
Манай сургуулийн хувьд 91 дүгээр тогтоолоор олгож буй санхүүжилт хүрэлцэхгүй байна. Мэргэжлийн хичээлийн багш нар ачаалал ихтэй ажиллаж байна. Ер нь мэргэжлийн төрөлжсөн сургалттай сургуулийн хувьсах зардал, цалин хөлс өөр байхгүй бол ур чадвартай сайн багш олдохгүйд хүрч байна. Судалж нааштайгаар шийдэх байх гэж хүлээж байна.
-Алив ажлыг эхлүүлэхэд эхэндээ хүнд, багагүй бэрхшээлтэй тулгардаг. Мэргэжлийн төрөлжсөн сургалттай сургууль болоод танайх бүх ангидаа элсэлт авсан гэж ойлгож байна.Танай сургуулийн ирээдүйн зорилгыг сонирхвол?
-Аймаг орон нутаг маань хүүхэд багачуудынхаа урлагийн боловсролд онцгойлон анхаарч, бүхий л талаар дэмжиж байгаа болохоор алив бэрхшээлийг хүндрэл багатай, аль болох хурдан хугацаанд шийдээд явж байна. Одоогоор бидэнд хоёр асуудал тулгамдаж байна. Энэ бол Урлагийн төрөлжсөн сургуулийн эрх зүйн зохицуулалт,нөгөө нь жилээс жилд хомсдож байгаа багшлах боловсон хүчин, хүний нөөцийн асуудал.
Урлагийн чиглэлийн хичээл сургалтын үйл ажиллагааг зохицуулсан эрх зүйн зохицуулалт их дутмаг юм. Өөрөөр хэлбэл, ямар ямар чиглэлээр урлагийн анги нээж болох, ямар хэлбэрээр хичээллэх, багш сурагчийн ачааллыг ямар аргачлалаар тооцох, ямар багш ажиллах юм, хэдээс хэдэн насанд хэрэгжүүлэх, хэр хугацааны хөтөлбөр байх, нэмэлт зардлыг хэрхэн шийпэх зэрэг маш олон зүйлд тодорхой зохицуулалт шаардлагатай байна. Одоогоор бид хүчин төгөлдөр мөрдөгдөж буй дүрэм журмын хүрээнд хөтөлбөрөө боловсруулж батлуулан ажиллаж байна. Мэдээж иргэд эцэг эхчүүд, хүүхдүүдийн хэрэгцээ шаардлага их байгаа болохоор энэ талын зохицуулалт удахгүй тодорхой болно гэдэгт итгэж байна.
Манай сургуулийн урлагийн төрөлжсөн сургалтын хөтөлбөр үндсэн ба ахисан гэсэн хоёр түвшинтэй. Үндсэн түвшин нь суурь боловсрол эзэмших явцдаа таваас зургаан жилд хөгжим болон урлагийн бусад төрлөөр суралцаж сертификаттай төгсөнө. Ахисан түвшин нь ахлах ангид мэргэжлээрээ гүнзгийрч суралцана. Ахисан түвшнээр суралцсан төгсөгчдөдөө бид мэргэжлийн үнэмлэх олгохыг зорьж байна. Ер нь бол ахисан түвшинд суралцсан сурагчдад СУИС бусад ижил төстэй урлагийн мэргэжлийн их дээд сургуулийн хоёр, гуравдугаар курст элсэн суралцах боломж олгох, эсвэл МСҮТ шиг мэргэжлийн үнэмлэх олгоод явж болох юм шиг санагддаг. МСҮТ-ийн төгсөгчид шууд ажлын байран дээр очоод тогооч, үсчин, засварчнаар ажиллах мэргэжлийн үнэмлэхтэй байдаг. Тэгвэл манай төгсөгчид орон нутгийн жишээлбэл, сумдын Соёлын төвд бүжигчин, хөгжимчин, соёлын ажилтан хийх эрхтэй болбол зүгээр. Иймд бид мэргэжлийн үнэмлэх олгох эрх авахын тулд хөтөлбөрөө БШУЯам, Боловсролын хүрээлэнгээр батлуулах хэрэгтэй. Ямартаа ч бид шилжилтийн үед хичээллэж байна. Бараг бүх ангийн сургалт эхний шатнаасаа явж байна гэж ойлгож болно. Хэдэн жилийн дараа сургуулийн үйл ажиллагаа тогтворжоод сайхан болох биз ээ.
-Эрдэнэтийн уран нугаралтын хүүхдүүд энэ зунжин завгүй улсын баяр наадмын нээлт, аймгуудын 100 жилийн ойн баярын тоглолтод оролцох шиг болсон. Хилийн чанадад Монголынхоо нэрийг гаргаж яваа нугараачид олон байна?
-Сурагчид гуравдугаар ангиа төгсөж байж урлагийн ангид ордог. Харин бүжиг, уран нугаралтын хувьд урлагийн бусад төрлөөс ялгаатай. Тэд биеийн онцлогоос шалтгаалж бүр нэгдүгээр ангиасаа эхлэн мэргэжлийн урлагийн ангид хичээллэдэг. Хилийн чанадад олон сайн нугараачид авьяасаараа гайхуулж Монгол Улсаа алдаршуулж явна.
-Намар сургуулийн элсэлт нэлээн чанга болсон гэж эцэг эхчүүд ярьж байсан. Энэ нь юутай холбоотой вэ?
-Эцэг эх, асран хамгаалагчид, ер нь иргэд хөгжим сонирхох нь нэмэгдсэн нь ажиглагдсан. Намар манай сургуульд суралцахыг хүссэн 370 гаруй сурагч сургуулийн элслэлтийн бүртгэлд бүртгүүлсэн байсан. Зөвхөн 1-р ангид гэхэд л 180 орчим хүүхэд бүртгүүлсэн ч бид 36 сурагч л элсүүлэх боломжтой. Манай сургуулийн байр танхим, мэргэжлийн багшийн хүрэлцээ хангамж ийм л боломжтой байна.Манай сургуулийг зорьсон, элсэхийг хүссэн хүүхдүүд өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Урлагийн нөлөөллийг мэдэрч, хүүхднн багаас нь урлагт дурлуулах, урлагаар хичээллүүлэх хүсэл сонирхол эцэг эхчүүдэд түгээмэл болсон. Түүгээр ч зогсохгүй хүүхдээ ч, өөрсдөө ч хөгжим тоглож сурах гээд сургалтанд хамрагдаж, онлайнаар сурч, хөгжмийн хэл болсон ноот сурч байна. Айлууд гэртээ морин хуур, цахилгаан төгөлдөр хуур, гитар худалдан авч гэр бүлээрээ хичээллэж байгаа сайхан жишээ олон байна.Хөгжмийн боловсролтой болж урлагтай ойр байсан хүүхэд зөв хүн болж хөгжиж төлөвшдөг. Сүүлийн үед нэлээд хүчтэй ярих болсон “Зүрх сэтгэлийн боловсрол”-ын иргэд ойлгож байгаа нь сайн хэрэг. Үүнийг олгох чухал түлхүүр, хэрэглүүр нь хөгжим, урлаг, соёл гэдэгтэй олон хүн санал нийлэх байх. Нөгөөтэйгүүр хөгжим, урлагаар хичээллэх нь хүний гоо зүйн болон оюун санааны мэдрэмжийг маш хүчтэй хөгжүүлж байдаг. Өөрөөр хэлбэл, урлагаар хичээллэсэн хүн ямар ч асуудалд илүү мэдрэмжтэй болдог. Тэд аливаа зүйлийг хурдан сурдаг, маш олон чиглэлээр амжилт гаргах боломжтой байдаг. Хүмүүс үүнийг сайн мэдэрч байгаа болохоор хүүхдээ урлагаар хичээллэхийг чухалчилж байна. Орхон аймгийн Засаг дарга болон түүний баг Урлагийн сургууль байгуулах асуудалд мэдрэмжтэй хандаж тал бүрээр дэмжиж байна. Хариуд нь бид сургалтын үр дүнгээр бэлэг барина гэж бодож хичээж байна.
Ц.АРИУНАА
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 1 )
их сайн багш байнадаа. хөгжим бол амьд сэтгэл шүүдээ. гоё ая эгшиглэж байх нь урамтай эрүүл мэндэд сайн