Монгол хүн бүр эх хэл, бичиг соёлоо хичээнгүйлэн сурч, эрхэмлэн дээдэлж хойч үедээ өвлүүлэн үлдээх журамт үүрэгтэй

2023 оны 12 сарын 19

Сүхбаатар аймгийн Ерөнхий боловсролын Гуравдугаар бүрэн дунд сургуулийн багш, Хэл шинжлэлийн ухааны доктор С.Дорждуламрагчаатай ярилцлаа.

Би айлын ганц охин. Дээрээ дөрвөн ахтай. Намайг бага байхад манайх Сүхбаатар аймгийн Уулбаян сумаас зүүн урагшаа 12 орчим километрт нутагладаг байсан. Би нэгдүгээр ангиасаа айлд, дотуур байранд суусан болохоор намар есдүгээр сард  ахтайгаа мориор сумын төв рүү сургуульдаа явдаг байлаа. Цэцэрлэгт  явж үзээгүй, сургуульд ороод л бичиг үсэг сурсан. Сургуульд орохын урьд жил нь бэлтгэл ангид  яваад л сургуульдаа орсон.

Н үсгийг үзэж байхдаа нэг зураасыг нь шугамдаа хүргэхгүй дутуу татаж биччихээд, буруу биччихлээ дээ гээд их гэмшиж байснаа мартдаггүй юм  хэмээн залуухан доктор багш яриагаа эхэллээ.


-Та монгол хэлэндээ их үнэнч хүн. Мэргэжлээ сонгоход энэ нөлөөлсөн байх. Аав ээжийнхээ дэргэд ажиллана, удахгүй гэж ирчихээд одоог хүртэл нутагтаа үлдсэний учир юу вэ?

-А үсэг заасан багш Б.Туяа, монгол хэл, уран зохиолын Я.Сэргэлэн, Ш.Борчулуун багш нар маань монгол хэлний хичээлийн суурийг сайн тавьсан учраас монгол хэлний хичээлдээ илүү сонирхолтой байсан.  Энэ нь мэргэжлээ сонгоход их нөлөөлсөн. Ер нь бидэнд хичээл зааж байсан үе үеийн сайн багш нарынхаа ачаар багшийн мэргэжил эзэмшсэндээ баяртай байдаг. Хүүхэд багачууддаа эх хэлийг нь зааж сургаж, түүгээр дамжуулан монголынхоо ахуй соёл, өв уламжлалыг түгээн дэлгэрүүлнэ гэдэг бахархалтай сайхан ажил. Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, ЭЕШ өгөөд Боловсролын их сургуулийн Монгол, англи хэлний ангид элсэн суралцаж төгссөн. Сургуулиа төгсөөд, нийслэлийн Ерөнхий боловсролын 84 дүгээр сургуульд хоёр жил багшилсан. Дараа нь аав, ээжтэйгээ ганц хоёр жил ч гэсэн ойр амьдаръя гэж шийдээд аймагтаа ирээд, гуравдугаар сургуульдаа ажилласнаас хойш 11 дэх жилдээ ажиллаж байна. Нутагтаа хэдхэн жил ажиллачихаад буцна гэсэн бодлоо мартаад, 11 дэх жилдээ сургуульдаа ажиллаж байна. Нутагтаа ажиллаж амьдрах илүү амар амгалан, стрессгүй байдаг болохоор буцаж явах тухай мартсан даа. /Инээв/

-Таны өсөж байх үеийн орчин, өнөөгийн хүүхдийн орчин хоёр их ялгаатай. Хичээлээ заах арга барилд энэ нөлөөлдөг байх даа?

-Бидний үеийн сурагчдын өссөн, сурсан орчин одоо үеийн хүүхдүүдээс эрс өөр байсан болохоор хүүхдүүдэд хичээл заах арга барил дагаад өөрчлөгдөж байна. Тухайлбал, одоо үед гар утас, интернэт хэрэглэдэггүй дунд, ахлах ангийн хүүхэд байхгүй болсон. Тиймээс цахим орчинд илүү татагддаг. Үүнийгээ дагаад аль болох амар, хялбар аргаар интернэтээс хайж олох, мэдээллээ номоос биш цахимаас олох боломж нь нээлттэй болчихсон болохоор сурах арга барил тэс өөр болсон. Багш нар хүүхдүүдийнхээ хэрэгцээ сонирхолд тулгуурлан, хичээлийнхээ агуулгыг баримталж, янз бүрийн сонирхолтой арга зүйг ашиглах шаардлага тулгарч байгаа. Уран зохиолын хичээл дээр гэхэд хүүхдүүдийг хичээлээс гадуур уншуулах, уншсан номынхоо танилцуулгыг цахим технологи ашиглан хийх, номын тухай хэсэгчлэн ярилцах зэргээр сонирхолтой байлгах бүхий л аргыг ашиглаж байна. Дунд, ахлах ангид хичээл ордог болохоор тийм насны хүүхдүүдэд эх хэлний хичээлийг хэрхэн сонирхолтой байдлаар заах аргад суралцаж л явна.

-Залуухан доктор хүн эрдмийн ажлаа их эрт эхлүүлсэн байх даа?

-Дөрөвдүгээр курсийн оюутан байхдаа дипломын ажлаа бичихдээ докторын ажлынхаа сэдвээр бичсэн. Дараа нь магистраа хамгаалахдаа энэ сэдвээ дэлгэрүүлж, сайжруулж хамгаалаад, докторын ажлаа мөн л сэдвээ үргэлжлүүлж судалж хамгаалсан.

Докторын ажлаа бичихдээ зуны болон улирлын амралтаараа хотод очоод, Үндэсний номын сангийн эрдэм шинжилгээний танхимд сууж судалгаагаа хийдэг байсан. 2014  оноос докторантурт элсэж, 2017 оноос докторын ажил руугаа орж, сүүлийн гурван жил бүр гүн орж бичсэн.

“Монгол хэлэнд туссан хийсвэр ертөнцийн дүр зураг” гэсэн сэдэв бол урьд өмнө хүн судалж байгаагүй шинэ сэдэв. “Хэр баргийн хүн зориглож барьж аваагүй, ийм ярвигтай хэцүү сэдвээр ерөнхий боловсролын сургуульд, тэр дундаа хөдөө орон нутагт ажилладаг багш ийм зэргийн ажил бичнэ гэдэг бол бахархууштай  юм” гэж хамгаалуулах зөвлөлийнхөн онцолж баяр хүргэхэд нь маш их урамшиж билээ.

Ертөнцийн дүр зураг гэдэг ойлголт нь хүний ухамсар, сэтгэхүйтэй холбоотой. Хүн ертөнцийг танин мэдсэнээр ухамсартаа төсөөлөл, дүр зураг байдлаар тусган авч түүнийгээ хэлээрээ илэрхийлдэг. Хийсвэр ертөнц буюу дотоод ертөнцийн дүр зураг гэдэг нь хүний сэтгэл, санаа, оюун, ухаан, бодол, мөрөөдөл, гуниг, баяр гэх зэргийг хэлнэ. Энэхүү хийсвэр ертөнцөө монгол хүн хэрхэн яаж танин  мэддэг, үнэлж дүгнэдэг вэ гэдгийг монгол хэлэнд туссан баримтад тулгуурлан судалж, дүгнэсэн.

-Их сонирхолтой сэдэв санагдлаа...

-Ганц жишээ дурдъя. Монголчууд “сэтгэл”- ийг  хэрхэн үнэлж дүгнэдэг вэ.

Сэтгэлийн уг, сэтгэлийн мухар, дүүрэн сэтгэл, хоосон сэтгэл, сэтгэл дүүрэх, сэтгэл хоосрох, сэтгэл дундрах...зэргээс үзэхэд хүний сэтгэл гэдэг бүх зүйлийг агуулж байдаг “сав” юм гэж үзэж болно. Хүн төрөлхтөн хийсвэр юм, ухагдахууныг биетэй бодитой зүйлээр дамжуулан танин мэддэг. Ийм байдлаар монголчууд “сэтгэл”-ийн ертөнцийг хамгийн сайн таньж мэдсэн байна.

Танин мэдэхүйн хэл шинжлэлийн талаас судалсан болохоор ихэнх судалгааны бүтээлүүд орос, англи хэл дээр байдаг. Надад орос хэлний багш нар маань маш их тусалсан.  Энэ сэдэв урьд өмнө судлагдаагүй,  нийтлэг биш учраас олон зүйлийг уншиж судлах, бас их ажиллагаа шаардана. Зарим үед учрыг нь олохгүй зүйл таарч л байлаа. Гэхдээ л Боловсролын их сургуулийн монгол хэлний ангид орсон цагаасаа л магистр, доктор болно гэдэг зорилго тавьснаар эцсийн үр дүнг нь заавал гаргах ёстой гэдэг бодлоосоо няцаагүй.

Яг доктороо хамгаалаад гарч ирэхэд аав, ээж, сургуулийн захирал маань хотод оччихсон байсан. Аав ээж хоёр, захирал, найзууд, хамаатнууд маань ирж баяр хүргээд үнэхээр сайхан байсан. Мөн аймаг, орон нутаараа цахим сүлжээгээр баяр хүргэхэд нь бахархалтай сайхан санагдсан.

-Монгол хэл мохох тийшээ орлоо гэж хүмүүс хэлдэг. Эх хэлээ хадгалж үлдэхийн тулд юу хийх хэрэгтэй бол?

-Аливаа үндэсний эх хэл гэдэг бол тухайн улсын оршин тогтнох чухал хүчин зүйл. Хэл байж үндэстэн оршин тогтнодог, үндэстэн байж хэл байдаг. Хэлэндээ тухайн үндэстний соёл, ахуй, зан заншил, сэтгэлгээ нэвт шингэсэн байдаг. Тиймээс монгол хүн бүр эх хэлээ сурч, судлан эрхэмлэн дээдэлж хойч үедээ өвлүүлэн үлдээх журамтай үүрэгтэй юм.  Эцэг, эхчүүд  маань хүүхдэдээ багаас нь монгол хэлийг нь эхэлж сургаарай. Тэдэнд уншиж өгдөг Зүйр цэцэн үг, үлгэр туульсад монголчуудын сэтгэлгээний онцлог маш гүнзгий туссан байдаг. Түүгээр дамжуулан монгол хүн юуг дээдэлдэг, юуг илүү шүтдэг, юуг жигшдэг зэргийг суралцах боломжтой. Мөн эх хэлнийхээ онцлогийг мэдэхгүйгээр гадаад хэл сурснаас болж орчуулгын маш том алдаа гардаг. Өөрөөр хэлбэл, монгол хүний сэтгэлгээнд буулгаагүй байдаг.  Тиймээс хүн эх хэлээрээ маш сайн ярьж, бичиж ойлгодог болсны дараа гадаад хэлийг сурах нь зүйн хэрэг юм.

Сүүлийн үед хүүхдүүд гадаад, монгол үгээр хольж ярьж байна. Ингэж болох ч аливаа зүйлд хэм хэмжээ гэж бий. Та нарын хамгийн их дээдэлж эрхэмлэж явах зүйл бол монгол хэл шүү гэж шавь нартаа захидаг даа.

-Орон нутагт ингэж удаан ажиллахад танд юу илүү нөлөөлсөн бэ. Стрессгүй, тайван гэж та түрүүн хэлсэн. Өөр шалтгаан бас бий байх?

-Орон нутаг, төрөлх нутагтаа тогтвортой ажиллаж амьдрахад тухайн байгууллагын хамт олны уур амьсгал, удирдлагын менежмент хамгийн их нөлөөлдөг юм байна гэдгийг мэдэрсэн. Манай сургууль намайг докторын зэргээ  хамгаалахад байж болох бүхий л талаар дэмжиж тусалсан. Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн удирдлага, хамт олон, багш нартаа маш их талархдагаа танай сониноор дамжуулан хэлье.

Улаанбаатар хотын зарим хувийн сургуулиас ажиллаач гэдэг санал ирдэг л юм. Доктор болсон гээд нийслэл рүү шилжье гэсэн бодол тэр бүр төрдөггүй ээ.

Миний хичээл зааж байсан хүүхдүүдээс Монгол хэлний багш гурав төрсөн. Одоо нэг шавь маань хамт ажиллаж байна. Өөр хоёр шавь маань Монгол хэлний багшаар сурч байгаа. Одоогийн хичээл зааж байгаа хүүхдүүдээс Монгол хэлний чиглэлээр сайн мэргэжилтнүүд төрнө гэдэгт найддаг.

-Та бийрэн бичлэгт их анхаардаг юм байна, тиймээ?

-Их сургуулийн монгол хэл, уран зохиолын ангид үндэсний бичгийн хичээл хөтөлбөрийн дагуу ордог. Сургуулиа төгсөөд бийрэн бичлэг сонирхон бие дааж сурсан. Багш нарын бичдэг тэгийг хараад, аль нь илүү байгааг анзаарч, түүн дээрээ сайжруулсаар сурсаар л байна.

“Жаахан шаргын нутаг” үндэсний бичгийн уралдааны Мэргэжлийн багшийн ангилалд  2021 онд Тэргүүн байр, 2023 оны энэ уралдаанд Бийрэн бичлэгийн ангилалд гуравдугаар байр, Таталган бичлэгийн ангилалд Тэргүүн байр эзэлсэн. 2015 онд "Монголын сайхан бичигтэн" улсын уралдаанд гуравдугаар байр эзэлж байсан. "Монголын сайхан бичигтэн" уралдаанд шавь нараа оролцуулдаг.  Амжилаас илүү өөрийгөө болон шавь нараа сорих, хөгжүүлэх боломж гардаг болохоор хөшүүрэг болсон уралдаан тэмцээнүүдэд оролцохыг хичээдэг.

-Хүүхдүүд сүүлийн үед ном унших нь багассан. Үүнийг яаж засах вэ?

-Сүүлийн үед ном уншдаг хүүхдүүд цөөрсөн нь үнэн. Хичээл дээр эх зохиол унших даалгавар өгөхөд бүгдийг уншаад ирдэг хүүхэд маш ховор. Яг сурах ёстойгоо ухамсарласан хэдхэн  хүүхэд л зохиолоо бүрэн уншиж ирдэг. Хүүхдүүд ном уншихгүй байгаа нь эмзэглэж явдаг зүйл минь  болоод байгаа. Эцэг, эх, багш, хүүхдүүдийн  хамтын хүчин чармайлт л үүнд нөлөөлнө. Гэхдээ хүүхэдтэй ажиллах сайхан. Үнэхээр сайхан шүү. Хүүхэд бол гэнэн цайлган, гэгээлэг. Багшдаа хэчнээн зэмлүүлсэн ч “Багш аа” гээд л ирдэг нь хөөрхөн.

Шавь нараасаа сурах зүйл их байдаг. Ялангуяа техник технологи ашиглахаас эхлээд ганц багш сургах биш, хүүхдүүд ч бидэнд их зүйлийг сургадаг нийгэм иржээ.

Багшийн ачаалал, хөдөлмөрийн онцлог хүнд. Хүмүүс бодохдоо амархан юм шиг төсөөлөөд байдаг. Олон хүүхэдтэй ажиллах, хөтөлбөр төлөвлөгөөгөө боловсруулах гэх мэт цаг наргүй их ажилтай хэр нь авдаг цалин хангалттай биш. Нэг үеэ бодвол дээрдэж л байгаа.

-Миний бодож явдаг зүйл бол боловсролын салбарынхан хөнгөлөлттэй нөхцөлөөр хамрагддаг орон сууц, хувийн хороолол байж болдоггүй юм болов уу?

-Тийм байгасай гэж багш бүр хүсдэг. Дээрээс нь залуу багш нарыг мэргэжил дээшлүүлэх, магистр, докторантурт суралцахад, гадагшаа явж мэргэжил дээшлүүлэх зэрэгт орон нутгийн зүгээс маш сайн дэмждэг байгаасай.

Саяхан МУИС, Өвөрмонголын их сургууль хамтарсан “Боловсролын анги” хөтөлбөрт материалаа өгч шалгараад Хөх хотод очоод ирлээ. Сургуулийнх нь хашаагаар ороод л тэр сургуулийн бүх үйлчилгээ цогцоороо байдаг нь атаархал төрүүлсэн. Дугуйн зогсоол, номын сан, хоолны газар, багш оюутны байр, цэцэрлэгт хүрээлэн гэх мэт бүх зүйлийг нэг дор хотхон болгон төлөвлөсөн нь гайхалтай байсан.

Багш нарынх нь цалинг өөрсдийнхтэйгөө харьцуулах ч хэрэггүй.

Эх хэлийг ээж аав, эх нутаг шигээ эрхэмлэн дээдэлж сурч, судалж яваа залуу багшаар бахархав. “Эрдэмтэй хүн даруу их мөрөн дөлгөөн гэдэг үг манай Дука багшид тохирно. Монгол бичиг заах өөрийн гэсэн аргатай, хамт олонтойгоо эвсэг, бүхий л ажил арга хэмжээнд идэвхтэй оролцдог шилдэг багш нарын маань нэг” хэмээн Баруун-Урт сумын Ерөнхий боловсролын гуравдугаар сургуулийн захирал Ч.Алтаннавч дүгнэсэн. Сүхбаатар аймагтаа монгол хэл, бичгийн чиглэлээр төрсөн томоохон амжилтуудын анхдагч нь гэхэд буруудахгүй хэмээн боловсролын салбарынхан зөвшөөрдөг. ЭЕШ-нд сурагчдаа амжилттай бэлтгэж, нэг төгсөлтөөс хос 800 оноо авхуулсан түүн шиг багш орон нутагт төдийгүй улсад ховор.

Монгол хэл, бичгээ дээдлэх нь тусгаар улс хэвээр оршихын үндэс хэмээн эд эсдээ шингээн ойлгосон доктор багшийн үзэл, ёс суртахуун олон олон шавь нараар нь түгэн дэлгэрэх болтугай.

Түүний мөрөөддөг монголын боловсролын салбарын  хөгжил, дэмжлэг шинэ түвшинд гарвал олон мянган залуу багш нарын гараар улсын маань ирээдүй гэрэлтэн гийх билээ.

Д.УЛААНАА

Эх сурвалж: Өглөөний сонин

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
н(202.179.25.192) 2023 оны 12 сарын 20

зассс

0  |  0
Top