Яг нэг жилийн өмнө өдийд уул шиг сайхан ах минь тэнгэрт суудал засжээ. Надад үлдсэн цор ганц ах минь мөнх бусын хорвоогоос үүрд явчихсан ч дээд ертөнцөд амгалан суугаа даа гэж залбирдаг болсон.
Гуравхан настай, улаан палаажтай, сэгсэр үстэй намайг нуруундаа үүрээд огтоос түүртэлгүй гудамжаар гүйж харайн тоглож явсан тэр л төрхөөр чинь дурсана. Цэрэгт явахдаа 15-ын улаан ноосон малгайтай, гандсан хар дээлээ хөөргөж бүсэлсэн байсныг чинь дурсана. Цэргээс ирэхэд чинь "Энэ бүдүүн дуутай ах хэн бэ" гэж угтсанаа дурсана. Ахынхаа барилцсан шинэ сургуулийн босгоор есдүгээр сарын 1-нд алхан орж байснаа дурсана. Ахынхаа бүтээлцсэн "Найрамдал" зусланд амарч явснаа дурсана. Яралзтал инээдэг цагаан шүд, гялалзтал тосолж өмсдөг хромон гутлыг санана. Таныг хүлээж манай сумын үдэшлэг эхэлдэггүй байсныг санана.
Ахтай өдрүүд дүүрэн байсныг санана. Бүхнийг нь санана. Бүгдийг хайрлана. Төөрөг тавиланг минь төөрүүлэхгүй гэхдээ бусдад үрчлэгдэх гэж байсан өлгийтэй жаахан намайг “өгөхгүй” гэж өдөржин тэмцээд авч үлдэж чадсан таныгаа хорт хавдар гэдэг айхтар өвчнөөс аварч үлдээж чадаагүй, намайг уучлаарай ах аа. Тэнгэр нүдтэй. Тэгээд бүхнийг уншдаг гэдэгт дүү нь итгэдэг. Тэнд та минь байгаа болохоор энд би бичсээр л суудаг аа.
Сэтгэгдэл ( 0 )