Тойрох талбай том ч төвлөрөл ихтэй дөрөвдүгээр тойрог

2024 оны 01 сарын 29

УИХ-ын 2024 оны сонгуулийн бүсчилсэн том тойргийн дөрөвдүгээрт Хөвсгөл, Булган, Орхон аймгууд багтаж байна. Тус тойргоос нийт найман гишүүн сонгогдож парламентад сууна. Өдгөө тус гурван аймгийг төлөөлж Хөвсгөлөөс Л.Мөнхбаатар, Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан, Орхоноос Д.Батлут, Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Булганаас Ж.Бат-Эрдэнэ, Ц.Анандбазар гэсэн мөн л УИХ-ын найман гишүүн бий. 

Хөвсгөлийн Л.Мөнхбаатар УИХ-ын дэд дарга, Ц.Даваасүрэн Барилга, хот байгуулалтын сайд, Л.Энх-Амгалан Боловсрол, шинжлэх ухааны сайдаар томилогдон ажиллаж байгаа. Ц.Даваасүрэн, Л.Энх-Амгалан хоёр Пи Ар сайтай, цаг үеийг нь олж мэргэн цохилт хийж сурснаараа эхнийх нь бүр давуу. Харин Л.Мөнхбаатар гишүүнийг тойргийнхон нь “Чуулганы хуралдаан даргалаад сууж байхдаа яг таарсан бурханлиг дүртэй, гай тарьдаггүй, гавьяагаар ч хол явдаггүй эрхэм л гэдэг” хэмээн сонсогддог. Энэ гурав дахин нэр дэвшихээр дөрөвдүгээр тойргийг онилчихоод сууж буй. Ц.Даваасүрэн дээр МАН “зөрүүд” хэмээн жаахан чардайж мэднэ. Гэхдээ л цагаа тулахаар дэвшүүлнэ дээ. Аль аль нь буруу талын элдэв дуулиан шуугианд өртөөгүй юм хойно.

Булганы хоёр бол хөдөлгөөнтэй, Ж.Бат-Эрдэнэ гишүүний нэг сүрхий зураг цахимаар тарж шуугиулсан, Ц.Анандбазар нь баахан олон хүүхэн оролдсон гэдгээрээ гэм зэм яригдаад сууж байгаа. Аль аль нь эсрэг хүйсийн хүнтэй холбоотой асуудлаар цахимын “од” болсон хоёр. Тэгэхээр энэ хоёр гишүүний карьер бүсгүй сонгогчдын дунд бараг унасан байх аа.

Орхон аймгийнхан 2020 оны сонгуулиар ёстой нэг “цоохор” баг бүрдүүлсэн. Д.Батлут МАН-аас сонгогдсон бол тухайн үед АН-аас хасагдчихаад байсан Н.Алтанхуяг бие дааж, харин С.Ганбаатар “Та бидний эвсэл" буюу МАХН-ИЗНН-МУНН-ын хамтралаас гарч ирсэн. Одоо бол Н.Алтанхуяг АН-даа багтаж, С.Ганбаатар ч АН-д дагаар орсон. Дуулдаж буй сургаар Д.Батлут МАН-аасаа нэр дэвшинэ.

Тэрбээр Эрдэнэтэд хөл сайтай ч Булган, Хөвсгөлд танил биш учир тэр хоёр аймаг руу анхаарал тавиад эхэлжээ. Н.Алтанхуяг ч АН-аас дахиад тийшлэх магадлал бий. Харин нам, тойрог хоёрыг сэлгэж сурснаараа С.Ганбаатар хаашаа ч эргэж болзошгүй.

Тойргийн онцлог гэвэл тойрох талбай том, бартаа ихтэй ч төвлөрөл сайтай. Эрдэнэт хот 103 мянган хүн амтай бол Хөвсгөл аймгийн төв Мөрөн сум дангаараа 43 мянга орчим оршин суугч­тай. Мөрөн бол төвлөр­лөөрөө Улаан­баатар, Эрдэнэт, Дархан, Чойбалсан хотын дараа тавд ордог томоохон суурин. Хөвсгөл аймаг даяараа бол 140 мянган хүн амтай, үүгээрээ улсдаа тэргүүлдэг.

Тэгэхээр нийлээд 150 шахам мянган хүнтэй Эрдэнэт, Мөрөн хоёроос саналын ихэнхийг хамчихсан байхад л тухайн нэр дэвшигч бараг толгой өвдөхгүй болох жишээтэй. Хажууд нь Булган ердөө 61 орчим мянган оршин суугчтай, зам харгуйн саад бартаа багатай, цомхон аймаг шүү дээ. Энэ шалтгаанаар Хөвсгөлийн гаралтай нэр дэвшигчдэд шанс илүү ногдоно. Учир юу вэ гэвэл Эрдэнэт хотын оршин суугчдын багагүй хувийг нутаг ойр Хөвсгөлийн уугуулууд эзэлдэг. Угаасаа анх Эрдэнэт УБҮ-ийг байгуулахад илгээлтээр Хөвсгөл нутгийн залуус олноороо очсон байдаг. Тэгэхээр Булган, Орхоноос нэр дэвшихээр горилогчид сонгогчдын ихээхэн хэсгийг эзэлдэг Хөвсгөлд эртхэн танигдаж байх нь зөв. Сайн тал нь хөвсгөлчүүд нэг их нутгархаад, бусад газрын хүнийг гадуурхаад байдаггүй юм.

Тэгвэл энэ тойргийг шинээр хэн хэн онилоод байна вэ. Хөвсгөл рүү нэр дэвшихээр горилогчид дунд нэлээд хэдэн бүсгүйн нэр дуулдаж буй. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг энэ удаа Чингэлтэй дүүргээ орхиж төрсөн нутгаа чиглэж магадгүй нь. Эрүүл мэндийн дэд сайд асан доктор Ж.Цолмон МАН-аас буурь сэлгэж өнгөрсөн зун ШИНЭ намын дэд дарга болсон, тэр цагаас хойш эрүүл мэндийн чиглэлээр дээрх гурван аймгаар хэдэнтээ явснаас үзвэл бүсчилсэн тойргийг мэдэрсэн гэлтэй. ИОН буюу Иргэдийн оролцооны нэгдэл намын дарга, урьд нь УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн байсан Ц.Оюунгэрэл ч нутгаа онилоод байгаа бололтой. Тэрбээр хэдэн жилийн өмнө Булган аймгийн хойд сумдаар “Жимс” төсөл хэрэгжүүлж байсан учраас тус аймгийнханд бас л танигдсан дүр. Тэдний нам харьяалал, гишүүнчлэл гэсэн хоёр төрлийн дэмжигчидтэй. Тиймээс дэмжих хүмүүс нь яг таг гишүүнчлэлд бариг­дахгүй, чөлөөтэй. Ж.Цолмон, Ц.Оюунгэрэл хоёрыг хөвсгөлчүүд танихгүй гэхгүй. ИЗНН-ын доктор Ч.Базар гэж бүсгүй бас бий. УИХ-ын хэд хэдэн сонгуульд нутагтаа өрсөл­дөж гайгүй оноо авч явсан түүхтэй. 2020 оны сонгуульд л гэхэд МАХН-ИЗНН-МУНН-ын “Та бидний эвсэл”-ээс нэр дэвшин өрсөлдөж явсан.

Хоймор нутагт УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд асан Л.Гүндалай ихээхэн өндөр рейтингтэй байгаа дуулдана. Тэрбээр АН-д эргэж ирсэн. Дуулианы эзэн түүнийг танихгүй хүн Монголд үгүй. Өөрийн байгуулсан Ард түмнээ хайрлая намын нэрийг Ард түмний хүч болгон өөрчилж, 2023 оны 11 дүгээр сард Улсын дээд шүүхэд бүртгүүлэн улсын бүртгэл авсан. Ард түмний хүч намын дарга нь Л.Гүндалайн гэргий Л.Аззаяа. Тэрбээр нөхрийн хамт өмнөх УИХ-ын сонгуульд нэр дэвшин өрсөлдөж явсан туршлагатай тул энэ удаа ч түүнд горилогч болох магадлал бий хэмээн дуулдаж буй. БХБ-ын дэд сайдаар ажиллаж байсан Э.Золбоо аавынхаа нутагт МАН-аас тоосоо өргөхөөр болсон гэх. Тэрбээр УИХ-ын гишүүн асан, өдгөө ОХУ-д сууж буй Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Хөвсгөлийн уугуул Ө.Энхтүвшингийн хүү юм. Л.Гүндалайгаас гадна АН-аас Хөвсгөлд нэр дэвшигчийн нэгээр аймгийн Засаг дарга асан Ш.Идэрбаясгалан тодрох магадлалтай бол Хөвсгөлийн уугуул, Булган аймгийн АН-ын ҮБХ-ны гишүүнээр ажиллаж байсан, АНУ-д мастер хамгаалж, өдгөө МУИС-д доктор хамгаалахаар бэлтгэж байгаа улс төр судлаач Б.Цолмонбаяр хэмээх бүсгүйн тухай нэлээд тод яригдаж эхэлжээ. Түүнд хоёр аймагт танигдсан давуу тал байгаа. Нэр дэвших магадлалтай бүсгүйчүүд хоймор нутагт олон байгаа учир зарим нь тус тусын намын жагсаалтад багтах бүрэн боломжтой.

Эрдэнэт хавиас БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ нэр дэвшихээр горилж, гүйдэл нь ширүүссэн байна. Тэрбээр Хөвсгөл нуурт живсэн тээврийн хэрэгслүүдийг татан гаргахаас эхлээд тус аймгаар нэлээд явсан учир танил болж амжсан гэнэ.

Булганы хувьд МХАҮТ-ын ерөнхийлөгч асан О.Амартүвшин, хуульч Б.Гүнбилэг нар нэр дэвшихээр горилох бололтой дуулдана. Б.Гүнбилэг нь түүхч доктор Ж.Болдбаатарын хүү бөгөөд УИХ-ын дарга асан М.Энхболдын зөвлөх байсан, УИХ-ын 2020 оны сонгуульд бие даан Булган аймагт өрсөлдөж байв.

ХҮН-ын хувьд дөрөвдүгээр тойрогт намын ЕНБД П.Ганзориг, тус намын гишүүн Б.Түвшинтулга, Т.Очирдарь нарыг сойхоор ярилцаж буй сураг гарсан. Дөрөвдүгээр тойрогт нэр дэвшихээр горилогчдын хувьд Эрдэнэт хот болоод Хөвсгөл аймаг, тэр дундаа Мөрөн хотыг “дайлаар мордоод” авбал учиртай хэмээн эдгээр цэгийг гол тулгуур болгон сурталчилгаа хийхээр төлөвлөж суугаа нь магад. Бусад намын хувьд өнөөхөндөө хэн хэнийг энэ тойрогт илгээхээ хараахан эцэслээгүй сурагтай байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЗОЧИН(66.181.160.80) 2024 оны 02 сарын 06

МАНАЙ БУЛГАНД БОЛ Ж,БАТЭРЭНЭ Л БНДАА, ОЛОН ЖИЛ НУТАГТАА ИНГЭЖ АЖИЛЛСАН ХҮНИЙГ МЭДЭХГҮЙ Л ЮМ БН, САНАЛАА ӨГНӨ ГҮЙЦЭЭ

0  |  0
Цэдмаа(66.181.182.13) 2024 оны 01 сарын 29

Үйлдвэр цахилгаан станц талаар бодитой ажил хийх хүн сонгоно. Хар Даваасүрэн БОЛ бүүр гацаагч

0  |  0
иргэн(66.181.191.77) 2024 оны 01 сарын 30

ГИШҮҮДИЙН ТОО 76 БАЙХАД НАМЫН ЖАГСААЛТААР 20 -иод ХҮН ШУУД ОРДОГ БАЙЛАА , ЭНЭ ТОО ЦӨӨХӨН БАЙГАА ТУЛ ЭНЭ ХУЛГАЙЧУУД 126 БОЛГОСОН ШҮҮ , ОДОО ИРЭХ СОНГУУЛИАР НАМЫН ЖАГСААЛТААР СҮ,БАТБОЛД ТЭРГҮҮТЭЙ 48 ХУЛГАЙЧ ШУУД СОНГОГДОХ БОЛЛОО

1  |  0
мөнх (66.181.182.40) 2024 оны 01 сарын 29

Ганбаатар өгнөө

0  |  0
Top