Алтай, Хангайг дамнасан хоёрдугаар тойрог

2024 оны 01 сарын 31

УИХ-ын 2024 оны бүсчилсэн тойргуудаас газар нутгийн хувьд хамгийн том нь хоёрдугаар тойрог. Түүнд Увс, Ховд, Завхан, Говь-Алтай гэсэн дөрвөн аймаг багтаж буй. Эдгээр аймгаас 10 гишүүн тодорно.

Өнөөдөр Говь-Алтайгаас Б.Энх-Амгалан, Ш.Раднаасэд, Завханаас Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, Увсаас Б.Чойжилсүрэн, Ч.Хүрэлбаатар, О.Цогтгэрэл, Ховдоос Ш.Адьшаа, С.Бямбацогт, Б.Пүрэвдорж нарын 10 гишүүн парламентад сууж байгаа. О.Цогтгэрэл, Б.Пүрэвдорж нар АН-ын төлөөлөл.

Өдгөө УИХ-д сууж буй эдгээр гишүүдийг балаг тойрсонгүй. Говь-Алтайгаас сонгогдсон Б.Энх-Амгалан гишүүн 2019-2020 онд Зам тээврийн хөгжлийн сайд байхдаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдтой холбоотой хэмээх “Страто” ХХК-д давуу байдал бий болгосон гэх хэрэгт буруутгагдан яллагдагчаар татагдсан. Б.Энх-Амгалан, З.Энхболд нарын шүүх хурал дундаа завсарлагатай үргэлжилж байгаа. Тэгэхээр Б.Энх-Амгалангийн том улс төрийн карьер дууссан болов уу. Нөгөө гишүүн Ш.Раднаасэд нүүрсний хэрэгт нэр холбогдон зарлуулж байв. Гэхдээ өнөө хэр шийдэгдсэн зүйлгүй.

Завханаас сонгогдсон Ц.Цэрэнпунцаг гишүүн уул уурхайн бизнесийн том төлөөллийн нэг, гишүүн болохынхоо өмнө Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутаг Могойн голын нүүрсний уурхай орчмыг онгичихоор санаархаж, Булнайн нурууны өвөр, Тэсийн голын эхийг ухахаар өөрийн 51 хувийг нь эзэмшдэг “Аспайр Майнинг лимитед” компанийнхаа төлөөлөгчийн газрыг байршуулж дуулиан дэгдээсэн. Нутгийн иргэд эсэргүүцэхэд “Муусайн популистууд” гэж загнасан байгаа юм. Чуулганы хуралдаан дээр ч хувийн эрх ашгаа хамгаалж, хууль тогтоомжид нөлөөлөхөөр зүтгэж байсан удаатай. Тасганы овоон дээр Бурхан багшийн сэрэг дүрийг улсын төсвөөс 32 тэрбум төгрөг гаргаж бариулахын төлөө явахдаа “Та нар өвдөхөөрөө бурханд л мөргөдөг биз дээ” хэмээн онигоонд ороод авсан. Бас “Төсвөөр бус хандиваар босно л гэж бодсон шүү дээ” гэж бухсан. Б.Баярсайхан гишүүн эд нар дундаа ганц бүсгүй нь. Түүнд элдэв балаг наалдсан нь гайгүй ч цэрэг десант хувцсаар гангарч, дарга нарыг өмнөө рапортлуулж үүрэг тавьсан гэдэг нэг дуулиан бий. 

Увсын Б.Чойжилсүрэн нийслэл хотод замбараагүй шавуулсан барилгуудын эздийн нэгээр тодорч “Ширэнгийн хаан” хочтой болсон, авлига, тендер гээд мэр сэр дуулиан тасардаггүй. Ч.Хүрэлбаатар гишүүний хувьд Хотгор шанагаас өгсүүлээд газрын арилжаа наймаа, хууль бус лицензийн хэрэгт өртөж, саяхан Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд хуудуутай хандсан хэмээн олон нийтийн дунд чичлүүлж яваа нэгэн. О.Цогтгэрэл гишүүний УИХ-д суусныхаа дараа тарьсан дуулиан бол нам нэгт Д.Ганбаттайгаа парламент дахь бүлгийн даргын суудлыг булаалдаж, өрөө тасалгааны хэрүүл үүсгэж, “Хэвлэлийн хурал дээр намайг гүтгэлээ” хэмээн нэг намын ахыгаа шанаадсан хэрэг мандуулсан. Яг нэг жилийн өмнө болсон хэрэг л дээ. Үүнээс болоод Д.Ганбатад хөнгөн гэмтэл учирсан гэдэг нь шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. О.Цогтгэрэл гишүүн хүний эрүүл мэндийн эсрэг хэрэг хийсэн болж таарсан. Ингээд УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл хүн зодсон, Д.Ганбат нь бусдыг гүтгэсэн хэрэгт орооцолдон хоёуланд нь прокурорын хяналт дор хэрэг үүсгэж, шалгуулж эхэлсэн ч тэр хэрэг усанд хаясан чулуу шиг “живсэн” юм даг.

Ховдын Ш.Адьшаа гишүүн нүүрсний хэрэгт нэр хавчуулж, нүүрсний сонсгол дээр уянгын тууль хайлж, үлгэр оньсого хэлсээр байгаад гарсан. Түүний нэртэй холбоо бүхий нэлээд хэдэн компани гаалийн бүрдүүлэлтгүй нүүрс экспорт­лосон мэдээл­лийг шин­жээч дур­дахад Ш.Адь­шаа гишүүн “Монголын түүхэнд бараг үзэгдээгүй бузар гүтгэлэг” хэмээн мэлз­сээр өнгөрүүл­сэн. Учиг нь хожим тайлагдах биз. Зам тээврийн сайд С.Бямбацогт гишүүн тендертэй холбоотой зарим хэрэгт нэр хавчуулж дуулддаг байсан бол сүүлд төрийн байгууллагуудын машины улсын дугаарын дэвсгэрийг цэнхэр болгохоор журамд өөрчлөлт оруулсныг мөнгө унагаж угаах нэг хэрэгсэл хэмээн шүүмжлэгчид ч гарч ирсэн. Б.Пүрэвдорж гишүүнийг сонгуульд мөнгө цацаж санал авсан гэж баалагчид байдаг бол халамцуугаар машин жолоодож яваад замын хашлага мөргөж, өөрийгөө шоглоод авсан нь үнэн, бас Их Хурал дотроо хүний өөрийнгүй загнадгаараа алдартай. Зөв талаар загнахыг бол хүлээж авалгүй л яах вэ.

Өдгөө хоёрдугаар тойрог болчихоод байгаа аймгуудаас сонгогдсон гишүүд иймэрхүү паян тарьсан хэдий ч дөрвөн жилийн хугацаанд санаачилсан хуулийн төсөл, батлуулсан хууль зөндөө гэдгийг хэлэх учиртай.

Ирэх сонгуулийн төлөвтөө эргэж оръё. Монгол Улсын хойд хилээс өмнөд хил хүртэл, хангай, говь, хээр тал, Хангай, Алтайн их уулсыг дамнасан энэ том тойргийг нэр дэвшигчид 18 хоногт яаж хичээгээд туулж барахгүй.

Аймаг аймгийн онцлог гэж бий. Увс, Ховд бол олон ястны өлгий. Завханы урд сумд, Говь-Алтайнхан бол ижил төстэй зүйл олонтой. Угаасаа нэг аймаг байгаад сүүлд салсан юм чинь. Гэм нь өнгөрсөн жил Говь-Алтайнхан 100 жилийн ойгоо тэмдэглэхдээ “Завханаас түүхээ салгаж авлаа” ч бил үү болчимгүй үг хэлцгээсэн нь энэ удаагийн сонгуулиар ийнхүү нэг бүс болж хувь заяаны шоглоом гэгчээр эргэж туссанд нэр дэвшихээр горилогчид нь битүүхэн гэмшиж, “Сурталчилгаа хийгээд очиход битгий л ам асуугаасай” гэж суугаа юм гэсэн.

Бүсчилсэн тойргуудаас хамгийн өргөн уудам нутгийг хамарч, нэр дэвшигчдийн шандсыг шалгах газар бол энэхүү хоёрдугаар тойрог. Увс 19, Ховд 17, Завхан 24, Говь-Алтай аймаг 18 сумтай. Богино хугацаанд аймгийн төвүүд дээр нэмээд арай хүн ам шигүүгээр нь Завханы Тосонцэнгэлийг илүүтэй онилох юм биз ээ.

Завхан аймгийн хувьд эмэгтэй нэр дэвшигчдэд ээлтэй. Д.Оюунхорол, З.Нарантуяа, Б.Баярсайхан гээд дараалан тэндээс УИХ-ын гишүүнээр сонгогдож байв. Хүйсийн тэнцвэр хадгалж сонголт хийдэг өөр аймаг бараг байхгүй дээ.

Тус тойргийг онилогчид хараахан эцэслээгүй ч сураг дуулдаж эхэлсэн. Завханаас тус аймгийн Засаг дарга Г.Өнөрбаяр нэгдүгээрт байгаа. Тийм л зорилгоор түүнийг яам, тамга, Төрийн ордон хавиар эрхэлж байсан ажлаа өгч, нийслэл хотоо орхин Завханыг зорьсон гэж дуулддаг. Ц.Цэрэнпунцаг гишүүн ч “зодог тайлах болоогүй” гэжээ. Татварын ерөнхий газрын дарга асан Д.Заяабал шинэ оны босгон дээр албан тушаалаасаа чөлөөлөгдөн ажлаа хүлээлгэн өгсөн нь мөн л тэнд нэр дэвшихээр шийдсэнийх гэсэн. АН-аас Завханд УИХ-ын гишүүн асан Я.Санж­мятав, З.Нарантуяа нарыг илгээхээр ярьж байгаа сурагтай. Энэ хоёр боломж сайтай нэр дэвшиг­чид төдийгүй З.Наран­туяа бол эмэгтэй гишүүний бүх шал­гуурыг хангасан кандидат мөнөөсөө мөн. Гэхдээ З.Нарантуяаг энэ удаа намын жагсаалтын эхэнд шахуу бичихээр болсон сураг чих дэлсэж буй.

Говь-Алтайгаас аймгийн Засаг дарга, АН-ын гишүүн О.Амгаланбаатар нэр дэвшинэ. Түүнийг дэмжигчид хангалттай бий хэмээн үздэг. ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нэр дэвших магадлал өндөр бол Ш.Раднаасэд гишүүн ч дахин горилохоор төлөвлөж буй гэх. АН-аас УИХ, Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албаны дарга асан сэтгүүлч О.Батханд Говь-Алтайд горилж мэдэх сурагтай. Бас Ч.Лодойдамба зохиолчийн зээ охин Л.Энхнасанг ХҮН-аас өвөг эцгийнх нь нутаг Говь-Алтайд дэвшүүлэхээр бэлтгэсэн дуулдана.

Увсад өнөөгийн гурван гишүүн тус тусын намаас нэр дэвших боломжтой байгаагаас харахад ирэх дөрвөн жилд төлөөлөл бараг солигдохгүй байж мэднэ. Гэхдээ сонгогчид “зурагдсан пянз” гэгч болсон тэр гурваас өөр гишүүн хүсэн хүлээж байгааг үгүйсгэхгүй. Ховдод мөн л одоогийн гурван гишүүн нэр дэвших болзлоо бараг өвөрлөсөн гэх. Тэдний зэрэгцээ Ховдоос Засаг дарга Э.Болормаа, ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайхан, УУХҮ-ийн дэд сайд асан Н.Батнайрамдал нарын нэрс сонсогдож байна.

Намуудаас нэр дэвшүүлэх хугацаа болоогүй учир эдгээр хүмүүс бол одоохондоо магадлалтай байж болно хэмээн хүлээгдэж буй юм. Нэгэнт нутаг дэвсгэр том учраас сошиал баг ажиллуулах, хөл сайтай газруудаа сөөлжүүлэн бие биедээ туслах, вертолёт хөлөглөн цаг хэмнэх зэрэг олон хувилбарыг горилогчид одооноос бодож, тактик боловсруулах ажилдаа орсон ч гэх мэдээлэл бий.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top