УИХ-ын 2024 оны сонгуулийн бүсчилсэн том тойргоор нийслэл хот зургаан бүсэд хуваагдаж буй. Нийслэлийн зүрхэн төв хэсэг болох Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг энэ удаа УИХ-ын сонгуулийн 10 дугаар тойрог хэмээгдэж, зургаан мандатын төлөө нэр дэвшигчид өрсөлдөхөөр болоод байна. Сүхбаатар дүүргийг дээр үеэс “Элит” тойрог хэмээн нэрлэдэг, нийслэл хотын уугуулууд голлон нэр дэвшиж УИХ-д сууж байсан түүхтэй газар. “Элит” гэсний учир гэвэл багаасаа орос сургуулиар явж, гадаадад их, дээд сургууль дүүргэж, бусдыг бодвол илүү боловсрол эзэмшсэн, үзэж харсан нь ондоо, сонгогчдын боловсрол, улс төрийн идэвхи ч өндөр тул улс төрийн намууд нийслэлийн гол төв хэсгийн сонгогчдыг УИХ-д төлөөлөх уг тойрогт бусдаас арай л дээгүүр түвшний нэр дэвшигчдээ “уралдуулдаг” бичигдээгүй хууль бий. Өөрөөр хэлбэл, хөдөө орон нутгаас гаралтай, дотоодод сургууль соёл дүүргэсэн, 40,50 мянгатынхны хэв маяг, аж төрөх ёсыг гадарладаггүй, бор дүрхэн нэр дэвшигчид энэ хавиас горилдоггүй уламжлалтай байв.
Урьд өмнөх сонгуулиудад энэ тойргоос Ерөнхий сайд асан С.Баяр, Сү.Батболд, УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил нарын эрхмүүд сонгогдон төрийн сэнтийд сууж байсан. Одоо бол “Элит” тойрог дээр Чингэлтэй дүүрэг нэмэгдэж буй. Бас л төвийн дүүрэг боловч Сүхбаатартай харьцуулбал жаахан “хөдөөрхүү”. Гэхдээ сүүлийн жилүүдэд байдал өөрчлөгдөж Хан-Уул дүүрэг бараг элит нэрийг нь авчихав уу. Энд нэг ялгаа бий. Сүхбаатар дүүрэг эрдэм боловсрол, оюуны элит дүүрэг байсан бол Хан-Уулынхан зүйл бүрийн аргаар олж хураасан эд хөрөнгөөрөө өөрсдийгөө “Элит” хэмээн тодотгох болсон юм даг.
Өдгөө бүрэн эрхээ хэрэгжүүлж буй парламентад энэ хоёр дүүргийг УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг /Сүхбаатар дүүрэг/, Т.Аюурсайхан, Ж.Сүхбаатар, М.Оюунчимэг /Чингэлтэй дүүрэг/ нар төлөөлөн сонгогдсон. Бүгд МАН-ын гишүүд.
Д.Цогтбаатар гишүүн өмнөх 2016-2020 оны УИХ-д Гадаад хэргийн сайд байсан. Мөн Байгаль орчны сайдаар ч ажиллаж үзсэн. 2023 оноос УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны даргаар ажиллаж байгаа. Хэл аманд өртөж, элдэв дуулиан дагуулсан зүйлгүйгээр бүрэн эрхийн төгсгөл рүү ойртож явна.
Ц.Мөнх-Оргил гишүүний тухайд 2008 оны долоодугаар сарын 1-ний цус урсгасан хэргийн үеэр Хууль зүйн сайд байсныхаа хувьд цагдаагийнханд хүн буудах тушаал өгсөн гэх яриа нэлээд үргэлжилсэн. Одоо энэ хэрэг бараг мартагдаж байх шив. Харин хөрөнгө орлогын мэдүүлэг дэх түүний хөрөнгийн байдал нь 2023 онд 2021 онтой харьцуулахад 8.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн гэх нэг хардалтад өртөөд авсан. Ц.Мөнхцэцэг гишүүн Ерөнхий боловсролын дунд сургуулийн сурагч охидод ариун цэврийн хэрэглэл үнэгүй тараах санаачилга гаргаж багагүй шүүмж сонссон. Уг нь амьдрал дээр болохгүй зүйл огт биш, ирээдүй хойч үеийнхээ эрүүл мэндийн төлөө санаа тавьсан хэрэг боловч төрийн дээд албан тушаалын хүн хэт энгийн, ахуйн зүйлтэй хутгалдлаа гэж буруутгагдсан хэрэг байх л даа. Өөрөөр нэг их хэл ам таталсан зүйл түүнд байхгүй.
Ц.Мөнхцэцэг гишүүн Г.Амартүвшин гишүүний хамт С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргийн материалыг нууцын зэрэглэлээс гаргах эрх зүйн шаардлага үүссэнийг тайлбарлан уг хэргийн материалыг нууцаас гаргах тухай хүсэлтийг Засгийн газарт тавьж байлаа. Үүний дагуу Засгийн газрын 2021 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар дээрх хоёр гишүүний хүсэлтийн дагуу хэргийн материалыг төрийн нууцаас гаргаж байв. Үүгээрээ тэрбээр нууцад байсан материалтай олон нийт танилцах боломжийг нээсэн юм.
Чингэлтэй дүүргээс сонгогдсон М.Оюунчимэг гишүүн төрсөн хүүгээ ЭМДЕГ-т дарга болгосон, төрөл саднаараа төрийн албыг дүүргэсэн, чуулганы танхимд болчимгүй үг унагадаг гэх зэрэг хэл аманд байсхийгээд өртдөг талтай. Чингэлтэйн нөгөө хоёр гишүүн болох Т.Аюурсайхан, Ж.Сүхбаатар нар бүр хэрэгтэн, ялтан, сэжигтэн болоод яваад өглөө. “Шударга таван гишүүний нэг” хэмээгдэн олны танил болж, УИХ-ын дарга М.Энхболдыг сэнтийгээс нь татаж буулгалцсан Т.Аюурсайхан гишүүний хувь тавилан огт өөрөөр эргээд явчихсан. Албан тушаалд шунахгүй гэсэн мань таван гишүүн бүгд сэтэртэй болсон төдийгүй Т.Аюурсайхан гишүүн сүнгэнэтэл карьер өгсөн УИХ-ын дэд дарга болж, спикерийн эзгүйд хуралдаан даргалан хууль батлуулж, алх тогшин суудаг байв. Тэгснээ Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилогдсон. Сайдаар томилогдмогцоо “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн захирал асан А.Ариунболдыг 2022 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр Нийгмийн Даатгалын Ерөнхий газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон нь АТГ-ын онилгоонд өртөж, хууль зөрчсөн томилгоо хийсэн гэх эхний сануулгаа хүлээн авав. Явсаар байгаад тэрбээр “Нүүрсний хам хэрэгтэн” болсон.
УИХ-ын дэд дарга явсан Т.Аюурсайхан шүүгдэгч нэрийг хүртэж, удаа дараагийн үйлдлээр хөрөнгө, орлого нь их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүйн улмаас гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай хэмээн тооцогдсон. Ингээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар үндэслэлгүй хөрөнгөжсөн хэмээн нийтийн албанд томилогдох эрхээ таван жилийн хугацаагаар хасуулж, гурван жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлэхээр болсон. Үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн 1,8 тэрбум төгрөгийг хөрөнгөөсөө гаргуулж улсын орлого болгуулахаар болсон юм. Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Т.Аюурсайхан нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар буюу "Зохион байгуулалттай гэмт бүлэг байгуулах, түүнд элсэх" гэх зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг. Гэвч уг хэргийг шүүхээс "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон удаатай.
Гэхдээ хэрэг явсаар энэ 2024 оны нэгдүгээр сарын сүүлээр УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэм буруутайд тооцож нээлттэй хорих ангид гурван жил хорих ялаар шийтгэж, нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хассан юм. Мөн үндэслэлгүй хөрөнгөжсөн 1.8 тэрбум гаруй төгрөгийн үнэлгээтэй эд хөрөнгүүдийг хурааж улсын орлого болгохоор шийдсэнээр үл барам таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хорихоор болж, ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид руу хүргүүлснээр Т.Аюурсайхан өндрөө аваад байсан карьер нэг мөсөн нуран унасан юм.
“Түгжрэлийн сайд”-аар томилогдсон Ж.Сүхбаатар гишүүний улстөрчийн намтар ч тааруухан төгсөж байна. Тэрбээр 2022 оноос 2023 оны 10 дугаар сар хүртэл Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар ажиллаж байлаа. Энэ ажил нь “Түгжрэлийн сайд” гэх хочтой. Гэвч энэ тушаал түүнд ээл ивээлээ хайрласангүй. Шинэ автобус хэмээн БНСУ-ын "Дэү" компаниас худалдан авсан ногоон автобуснууд хэрэг дээрээ хуучин байснаас гадна худалдан авсан түүх нь ихээхэн эргэлзээ дагуулсан тул олон ч албан тушаалтныг “хөлдөө” чирсний нэг нь Ж.Сүхбаатар гишүүн. Түүнээс болж сайдын тушаалаасаа мултарсан.
“Цавчаа ногоон” гэх автобусны хэрэгт холбоотойгоор “Түгжрэлийн сайд” асан Ж.Сүхбаатар, Улаанбаатар хотын Засаг даргын орлогч асан Д.Мөнх-Эрдэнэ, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар нарын хүмүүст Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Энэ оны нэгдүгээр сард АТГ-аас "Цавчаа ногоон автобус"-ны хэрэгт “Түгжрэлийн сайд” Ж.Сүхбаатар, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга Б.Түмэнжаргал, нийслэлийн Худалдан авах ажиллагааны газрын дарга асан Г.Энхтайван, Нийтийн тээврийн газрын дарга асан С.Жавхлантбаатар, БНСУ-ын иргэн Ли Жун Суб, Ким Киа Баум нарын 25 хүнийг мөрдөн шалгаж, хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт хүргүүлсэн. Ингээд туслахаас өгссөөр УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүний өндөрлөгт хүрсэн Ж.Сүхбаатарын улс төрийн карьерт цэг тавигдлаа. Чингэлтэйчүүдийн 2020 онд сонгосон гурван гишүүний хоёр нь ийнхүү хэрэгтэн, ялтан нэр зүүв.
Энэ 2024 оны сонгуульд тэгвэл Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн 10 дугаар тойргийн зургаан мандат дээр хэн хэн өрсөлдөх вэ.
Хуучин гишүүдээс Д.Цогтбаатар гишүүнд МАН мандат өгөх нь тодорхой болжээ. Харин Ц.Мөнхцэцэг гишүүний хувьд жагсаалтад багтаж магадгүй гэнэ. Ц.Мөнх-Оргил гишүүнийг ч хэрэв дэвшүүлнэ гэвэл жагсаалтад оруулах уу, хэрхэх вэ гэдэг дээр асуултын тэмдэгтэй байгаа бололтой. Учир нь 1990-ээд оны сүүлээр ид залуудаа улс төрд шуугиантайхан орж ирж байсан 1964 оны луу жилтнүүд болох Сү.Батболд, Ц.Мөнх-Оргил, Б.Бат-Эрдэнэ аварга нар энэ жил 61-ний жил орж, нэгэн жарныг элээсэн ахмадуудын тоонд нэгэнт шилжжээ. Тиймээс тэд залууст түрэгдэж, тойрог олоход бэрхшээл үүсэн жагсаалтад багтахад ч хэл ам татлаж, хойгуур шидэгдэх байдалтай болоод буй аж. Чингэлтэй дүүргээс нэгэнт хоёр гишүүн нь “хэцүү нэрт” хэрэгт холбогдсон учир ганцаараа тойргоо төлөөлөн үлдсэн М.Оюунчимэг гишүүн дахин нэр дэвшихээр яригдаж байгаа бөгөөд жагсаалтад багтаж мөн болох гэнэ. Тэгвэл Чингэлтэйгээс Засаг дарга Н.Батсүмбэрэл 10 дугаар тойрогт нэр дэвшиж мэдэхээр болжээ. Баянхонгор аймгаас гаралтай тэрбээр түүх-нийгэм судлалын багш мэргэжилтэй, МАН-ын төв байгууллага хавиар голдуу ажиллаж байжээ.
АН хавиас Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа, хуульч Ч.Өнөрбаяр, АН-ын дарга Л.Гантөмөр, Ц.Баатархүү нарын нэр 10 дугаар тойрогт сонсогдоод эхэллээ.
Засаг дарга Х.Болормааг АН жагсаалтад багтааж ч болох гэнэ. Хуульч Ч.Өнөрбаярын хувьд дажгүй сонголт. Тэрбээр Ардчилсан намын тамга тэмдэг, удирдлагын маргаан өрнөж байх үед аль нэг талыг дагаагүй. Монгол Улсын Ерөнхийлөгчид хуулийн бодлогоор зөвлөж байх үедээ Ерөнхийлөгчийн санаачилсан олон хуулийг УИХ-аар батлуулж чадсан. Хууль зүйн ухааны доктор учраас хуульд заасан гарц гаргалгаа, чиг баримжааг баримталж чаддаг. Мэргжлийнхээ хувьд сайн хуульч гэдгийг АН дотор төдийгүй салбарынхан нь хүлээн зөвшөөрдөг. Тэрбээр Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн, НҮБ-ийн Авлигын эсрэг конвенцийн хэрэгжилтийг үнэлэх шинжээч, “Эрх зүйт ёс” сангийн үүсгэн байгуулагч, тэргүүн, Английн Оксфордын их сургуульд зочин судлаач зэрэг алба хашиж ажиллаж үзсэн арвин туршлагатай залуу улстөрчийн нэг юм.
АН-ын дарга Л.Гантөмөрийг намынхан нь сонгуулийн өмнө аваад хаячихгүй бол дуун дээр нэр дэвшиж таарна. Гэхдээ нам доторх олон салаа үзэлтнүүдийн нэгдсэн саналыг өөртөө хураана гэдэг хатуу даваа. Ц.Баатархүүгийн тухайд улс төр судлаач. Нийслэлийн ИТХ-д суудалтай, АН-ын генсек явсан. Боломжийн залуу кандидат хэмээн нам дотроо үнэлэгдэж буй. Өнөөгийн байдлаар нийслэл хотын төв хоёр дүүргээс МАН, АН-ын хувьд эдгээр хүмүүсийг нэр дэвшүүлэхээр ярилцаж буй дуулдана. Тун удахгүй горилогчид эцэслэн батлагдаж, бусад намууд ч нэр дэвшигчдээ зарлах болно.
Сэтгэгдэл ( 1 )
МАНАН г монголын түүхээс арчиж хаяхаар ионголчууд тэмцэж байгааг үл тоон тэдний тухай бичиж байгаа этгээдүүд бол монголыг хорлох дайснууд мөн.