М.Тэргэл: “Жизель” хамгийн их хайрыг агуулж, түүнийг мэдрүүлдэг

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 06 сарын 20

“Жизель” балет бүхий л цаг үеийн туршид хамгийн гунигт хайрын түүхийг өгүүлсээр иржээ. Анх 1841 онд Францын Эзэн хааны Хөгжмийн академийн театрт тоглож байсан тус бүтээлд ордны баяр дээр шөнөжин бүжиглэсэн жаал бүсгүй хүйтэн үүрээр нас нөгчсөн гунигт үйл явдалыг дүрсэлдэг юм. Виктор Хюгогийн “Фан томууд” хэмээх найраглалыг уншсан Францын урлаг судлаач, шүүмжлэгч Теофиль Гаутьен сэтгэл ихэд хөдөлж, уг бүтээлээс хэсэглэн авч “Жизель” балетын цомнолыг бичсэн түүхтэй.

Улмаар 1841 онд Парис, 1842 оны гуравдугаар сарын 12-нд Лондон, мөн ондоо Москва, дараа жил нь Миланы үзэгчдийн хүртээл болсон А.Аданы “Жизель” балетыг 1884 онд алдарт Мариус Петипа шинэчлэн дэглэснээр өнөөгийн төрхөө олжээ. Эмэгтэй бүжигчид анхлан хуруун дээрээ бүжиглэж, үсрэлт нь боловсронгуй болсноор нисэх мэт дүүлэн, тэнгэр өөдөө тэмүүлснээр балетын урлагийн бүрэн утгыг “Жизель”-ээр илэрхийлсэн гэгддэг. I үзэгдэлдээ гэнэн итгэмгий охины мөрөөдөл, хайр дурлалыг өгүүлдэг бол II үзэгдэлд уран зөгнөлт үйл явдал үргэлжилсээр энэ ертөнцөөс нөгөө ертөнц рүү шилждэг. Тодруулбал, хайртай залуу нь өөр бүсгүйтэй сүй тавьсныг мэдсэн жаал бүсгүйн зүрх хаагдан нас бардаг. Нөгөө ертөнцийн сүнс бүсгүйчүүд залуусыг үхтэл нь бүжиглүүлдэг аж. Жизелийн сэтгэлт хархүүд ч мөн ижил тавиланг тохоодог. Гэвч Жизелийн агуу их хайр залууг тэр гунигт тавилангаас чөлөөлнө. Бүжгэн жүжигчний уян налархай хөдөлгөөн, мэргэжлийн жүжигчний нарийн нандин тоглолтоор илэрхийлдэг сонгодог урлагийн сор болсон бүтээлүүдийн нэг А.Аданы “Жизель” балетын үйл явдалыг үгээр дүрсэлбэл товчхондоо ийм. ДБЭТ-ынхан  үзвэрийн 61 дэх улирлаа А.Аданы “Жизель” балетаар хаасан юм. Харин бид энэ удаа тариачин охин Жизелийн дүрд гоцлон тоглосон ДБЭТ-ын гоцлооч М.Тэргэлийг өнөөдрийн “Өглөөний зочин”-оор урилаа.


-Та бол Дорны их талаас, Хэрлэн голын хөвөөнөөс “нисэн” ирсэн, харин өдгөө ДБЭТ-ын “хун”-гуудын нэг. Гэгээн мөрөөдөл тээсээр балетын бүжигчин болсон өөрийнхөө тухай манай сонины уншигчдад товчхон танилцуулаач?

-Хөгжим бүжгийн коллежийн сонгодог бүжгийн ангийг 2017 онд Монгол Улсын гавьяат жүжигчин Г.Цолмон багшийн удирдлаган дор төгссөн. ДБЭТ-таа ажиллаад найман жил болж байна. Миний хувьд төгссөн жилээсээ эхлээд “Дэггүй Лиз”, “Шелкунчик”, “Үйлийн гурван толгой” зэрэг балетын гол дүрд тоглосон. “Жизель” балетын гол дүрд өнгөрсөн өвлөөс гоцолж байгаа. Энэ удаа дахиад “Жизель” балетын гол дүрдээ тоглолоо. Анх удаа гэр бүлийн хүн Б.Дөлгөөнтэйгээ хамтран тоглоод сайхан байна. 

-Ингэхэд, балетчин болно гэдэг хүүхэд насны мөрөөдөл байв уу. Эсвэл заяа төөргөөрөө болчихсон уу?

-Бүр багаасаа бүжигт дуртай охин байсан. Цэцэрлэгээсээ л урлагийн үзлэг бүрээр дуулж бүжиглэж, идэвхтэй оролцдог байлаа. Би өвөө эмээ дээрээ өссөн. Миний урлагт хайртайг өвөө эмээ минь маш ихээр дэмждэг, сургууль дээр хичээллэж буй бүхий л дугуйланд сонирхолын минь дагуу явуулдаг байлаа. Тиймдээ ч манай өвөө Ж.Мэндбаяр намайг анх Хөгжим бүжгийн коллеж руу дагуулж очин шалгуулж байсан. Миний хувьд балет гэж юу вэ гэдэг ямар ч төсөөлөл, ойлголтгүй явж байгаад Хөгжим бүжгийн коллежид орсноосоо хойш анх удаа ангийнхаа багшийг тайзнаа гоцлон бүжиглэхийг хараад энэ урлагт эргэлт буцалтгүй татагдан орсон. Тэр үед багш маань ДБЭТ-ын тайзнаа ид гоцлон бүжиглэж байсан юм. Яг л багш шигээ ийм гоё бүжиглэдэг болохсон гэж мөрөөдөж эхэлсэн.

-Мөрөөдлөө биелүүлжээ. Гэхдээ мөрөөдлөө биелүүлэхийг хүссэн хүн бүр чаддаггүй. Мөрөөдлөө гүйцээж бүжигчин боллоо ч тайзны ар дахь амьдрал амаргүй. Заримдаа шантрах үе байсан л байх. Тэр үед өөрийгөө яаж зоригжуулан хурцалдаг байв?

-Сургуульд байхын л гүргэр. Бүхий л зүйлийг тэвчээд, сурах, хийх ёстой зүйлийнхээ ард заавал гардаг. Давж сурсан, тэвчээр хатуужилд суралцчихсан байжээ. Энэ нь эргээд ажил дээр гарахад барагтай зүйлд шантарч, нугарахааргүй болгочихсон юм болов уу даа. Шантарч зүрхшээсэн ч “Би ингэж болохгүй шүү дээ. Үүний дараа би ингэх ёстой. Ийм ажил, тийм мөрөөдөл намайг хүлээж байгаа шүү” гэж өөрийгөө зоригжуулан босч ирдэг байлаа. Харин одоо бол хүүгээ хараад л хэцүү бэрх санагдсан зүйлийг давж чадах юм шиг санагддаг.

-Та хүүгээ төрүүлснийхээ дараа жилийн дотор л тоглолтын хэмнэлдээ орчихжээ?

-Төрсний дараа дахиад шинээр балет сурч байгаа юм шиг хүнд байсан л даа. Гэхдээ манай ажлын хамт олон, багш нар, гэр бүлийнхэн, хань маань маш сайн дэмжиж тусалсан. Бүгдээрээ л хамтдаа зүтгэж, чармайсны үр дүнд буцаад хурдан тоглолтын хэмнэлдээ орсон шүү. Төрсний дараа тоглосон анхны гол дүр маань Жизель. Өмнө нь тоглохдоо дөнгөж төрчихөөд, тоглолтын хэмнэлдээ гүйцэт орж амжаагүй байсан учир өөрийгөө илүү шахсан, чармайж зүтгэсэн мэдрэмж нь илүү их байлаа. Харин энэ удаад бол харьцангуй тоглолтын хэмнэлдээ орсон, бүтэн жил тоглолтуудад оролцоод явж байсан учир жин хаясан, өөртөө итгэх итгэл нэмэгдсэн байгаагаа анзаарсан. Хослон тоглогч маань манай гэр бүлийн хүн учраас их итгэлтэй, ямар ч айх айдасгүй тайзан дээр гарч чадлаа.

-Гэр бүлээрээ уран бүтээлч байна гэдэг таны хувьд давуу тал юм байна шүү дээ. Яагаад гэвэл, ямар ч уран бүтээлчийн хувьд хөшигний ар дахь амьдрал тийм ч дардан, шулуун, тайзан дээрх шигээ тансаг сайхан байдаггүй. Нэг гэр бүлийн хоёр, хоёулаа балетчин байна гэдэг бие биеэ ойлгох, мэдрэх нь хамаагүй илүү байх болов уу?

-Тэгэлгүй яах вэ. Бид хоёр бүхий л зүйлд хамтдаа байдаг. Гэртээ, ажил дээрээ гээд л алхам тутамдаа хамтдаа нэг л зүйлээр амьсгалж, мэдэрч байна шүү дээ. Энэ удаад бүр хамтдаа портнёр болж бүжиглэлээ. Сайхан байна. Бид бие биеэ маш их ойлгож, мэдэрдэг. Нэг нь гоцлол дүрд тоглож байхад нөгөө нь аль болох амраахыг хичээж, ар гэрийн асуудлуудаа зохицуулаад явдаг юм. Массаж хийх ёстой бол хийгээд л өгнө. Ер нь нэг мэргэжлийн хүмүүс учраас яг нэг хүн шиг маш сайн ойлголцдог. Манай гэр бүлийнхэн ч гэсэн биднийг маш сайн ойлгож дэмждэг шүү.

-Гайхалтай, сайхан хувь ерөөл юм даа.

-Тэгэлгүй яах вэ. Би тантай адилхан бодолтой байна.

-Харин одоо уран бүтээлийн тухай асуулт руугаа эргээд оръё. “Жизель” балет бусад балетаасаа ямар онцлогтой гэж та боддог вэ?

-“Жизель” балет хамгийн их хайрыг агуулж, түүнийг мэдрүүлдэг. Маш их хайрыг илэрхийлж харуулдагаараа бусад балетаасаа онцлогтой. Энэ ертөнцийн амьдрал хийгээд хойд төрлийн ертөнц болох сүнсний ертөнцдөө ч хайрыг л хамгийн ихээр гаргадаг. Хайраар л бүх ертөнцийг гэрэлтүүлдэг гэж би хувьдаа боддог. Хайр л бол хайр. Магадгүй, өнчин хайр ч байсан хамаагүй, тэр нь зөв байдаг. Хосын хайр ч ялгаагүй, ээжийн элбэрэлт хайр гээд маш их хайрыг агуулж илэрхийлэн гаргадаг. Тиймээс үзсэн хүн хайрыг маш ихээр ойлгож, хайртай бүхнээ уучилдаг байх. “Жизель” балетыг ОХУ-ын Большой, Маринский театрт төдийгүй ер нь дэлхийн том театрууд бүгдээрээ тоглодог. Манай театрын хувьд ч гэсэн бид энэ том балетыг бүрэн эхээр нь тоглох хүчин чадалтай байна гэдэг маш их бахархалтай.

-А.Аданы “Жизель” балетыг Монголд анх хэзээ тоглож эхэлсэн юм бол? 

-Өнөөг хүртэл тус балетыг дэлхийн олон оронд өөр өөр балетмейстерүүдийн тавилтаар тоглосоор байгаа. Манай улсын хувьд ДБЭТ-ын тайзнаа анх 1979 онд тоглосон юм билээ. Монгол Улсын Ардын жүжигчин, XX зууны манлай балетчин Ю.Оюун гуай Монголын анхны Жизель. Түүнтэй хамт Гавьяат жүжигчин Т.Туул, Б.Энхээ нар гоцолж байсан юм билээ. Харин Альберт гүнгийн дүрийг Ардын жүжигчин О.Ганбаатар, жүжигчин О.Батсайхан, Ч.Бат-Амгалан нар бүтээж байжээ. Түүнээс хойш 43 жилийн дараа ДБЭТ-ын ерөнхий балетмейстер Д.Дашлхагвын найруулгаар “Жизель”-ийг шинэчлэн, дахин олны хүртээл болгосон. Өөрөөр хэлбэл, монгол хүний найруулгаар ДБЭТ-ын тайзнаа “Жизель”-ийг дахин тавьсан гэсэн үг. Өмнөх “Жизель” ч гоё. Харин энэ удаагийн “Жизель” харьцангуй жүжиглэлт ихтэй, ойлгоход хялбар дэглэлттэй,  үзэж байгаа хүмүүст бүр илүү амар байсан болов уу. Ойлгож харах зүйл ихтэй, илүү дэлгэрэнгүй, нарийн нандин тавьсан гэж би хувьдаа бодож байгаа. Энэ удаа тайзнаа Жизельд  ДБЭТ-ын гоцлооч Г.Нямцэрэн болоод миний бие тоглолоо. Мөн дурлалт залуу Альбертад Д.Нацагдорж, мөн манай гэр бүлийн хүн Б.Дөлгөөн нар бүжиглэж, Гансыг М.Нямтайван, О.Идэрбат амилуулж, Миртад Б.Марал, Б.Халиунаа нар бүжиглэж, үзэгчдийг баясган цэнгүүллээ.

-Жүжигчин хүн бүхэнд бүтээхийг хүсдэг дүр байдаг шүү дээ. Таны хувьд ямар балетын хэний дүрд тоглох нууцхан хүсэл тээж явдаг бол?

-Байлгүй яах вэ. Миний хувьд “Дон Кихот”-ын Китрид гарахыг хүсдэг. “Хунт нуур”-ын хар, цагаан хунд гарч үзэхийг бас хүсдэг. Ер нь балетчин болсон хүн бүрийн хүсэл “Хунт нуур”-ын гол дүрд гарч үзэх байдаг байх шүү. Надад ч гэсэн мөн адил ийм мөрөөдөл байдаг.

-Манай улсын балетын урлагийн хөгжил орчин цагийн дэлхийн улс орнуудтай хэр “хөл нийлүүлэн” алхаж байгаа гэж та боддог вэ. ДБЭТ-т олон улсын хэмжээнд уран бүтээлээ сурталчлан таниулах, улмаар зах зээлд гаргах боломж хэр байдаг бол?  

-Дэлхий дахинд сонгодог урлагийн улсын том театр тийм ч олон байдаггүй. Манай улс академик том театр байдаг цөөн орны нэг. Манай ДБЭТ-ын балетын бүжигчдийн ур чадвар, зэрэглэл ч гэсэн, мөн манай театрын тайзнаа тавьдаг том балетууд ч дэлхийн аль ч театраас дутахааргүй, дээгүүр түвшинд байдаг болов уу. ДБЭТ гадаадаас зочин бүжигчид уриад маш их үйл ажиллагаа зохион байгуулдаг. Эдгээр арга хэмжээнээс харж дүгнэхэд, гадны том театрын бүжигчин, уран бүтээлчдийн дор ороод байхааргүй мөр зэрэгцээд тоглодог, зарим зүйлээрээ бараг илүү байгаа нь ч анзаарагддаг. Тиймээс гадаад, дотоодын бүжигчин, уран бүтээлчид бие биеэсээ маш их зүйлийг харилцан суралцдаг. Бид ч гэсэн эргүүлээд маш их зүйлийг зааж өгдөг л дөө. Зочин бүжигчид ирэх, улс хоорондоо аялан тоглолт хийж, уран бүтээлчдээ солилцох арга хэмжээ, иймэрхүү ажлыг зохион байгуулахад бидний хувьд маш таатай хүлээж авдаг. Яагаад гэвэл, гадаадын улс оронд очоод, орчноос нь, бүжигчид, хамт олон, театраас нь маш их зүйлийг харж, сурч авдаг юм. 

-Энэ жилийн хувьд ДБЭТ-ынхан аялан тоглолтоор яваагүй байх аа. Харин зочин бүжигчин, уран бүтээлчид хэр их ирэв?

-Энэ жилийн хувьд бид аялан тоглолтоор хараахан явсангүй. ОХУ-ын Буриад улсаас бүжигчин ирж, “Хунт нуур” балетыг гоцолсон. Хоёр өдөр “Хунт нуур”-ыг тоглоход нэг өдөр нь Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Саруул, нөгөө өдөр нь япон бүжигчин Саки Токусима нар бүжиглэсэн. Хоёр бүжигчнээ харьцуулаад харахад, бидэнд сурах зүйл маш их байсан. Мөн зааж өгөх зүйл ч их юм шиг санагдаж байлаа. Манай үзэгчид ч гадаадын бүжигчдийг маш өндөр сэтгэгдэлтэй хүлээж авсан. 

-Сүүлийн үед соёлын эдийн засаг гэдэг зүйлийг их ярьдаг болжээ. Гадаадын том, том театруудад дэлхийн тэрбумтнууд зөвхөн балет үзэж, дуурь сонсохын төлөө газар нутаг, орон зай үл хамааран нисээд оччихож байна. Цагтаа амжиж очоод сонгодог урлагийн тоглолтоо үзээд л буцаад нисчихдэг. Гол зорилго нь хайртай, дотны хэн нэгэнтэйгээ нэг үдшийг сайхан өнгөрүүлэх гэж Италид ч юм уу дуурь үзэх. Түүнийгээ биелүүлэхийн тулд цаг гаргаж, мөнгөө цацаж байна. Манай улсад ийм боломж, ирээдүйд бий болов уу. Та түрүүнд манай бүжигчид, уран бүтээлчдийн ур чадвар, зэрэглэл дэлхийд гологдохгүй гэж хэллээ. Тэгээд ч тэр үү, нэг ийм саваагүй зүйл асуумаар санагдаад байна л даа?

-Монгол Улсад ийм ирээдүй бий. Урлагийг ойлгодог, тоглолт хүлээдэг, тоглолт дундуур дуртай бүжигчнээ харах гэж зорьж ирдэг хүмүүс ч байдаг. Монголын хувьд өөрийн гэсэн дотоодын үзэгчид хангалттай болсон. Манайд сонгодог урлагийн талаар харьцангуй мэдлэгтэй, гадаадын том, том театруудад очиж балет үзсэн хүмүүс ирдэг шүү. Тэр хүмүүс маань “Би тэр театрт тийм балет үзсэн. Одоо Монголдоо үзнэ” гээд зорьж ирдэг. Үзэгчдийн харьцуулан ярьж байгаа зүйлийг анзааран сонсож байхад, манай бүжигчид, уран бүтээлчдийн ур чадвар, зэрэглэл дэлхийн том театрынхнаас дутахааргүй. Тиймээс таны ярьж байгаа шиг, манай театрын тавьж байгаа балетыг үзэхээр гадаадын үзэгчид зорьж ирэх цаг ирнэ гэдэгт итгэлтэй байна. Үүнээс өмнө амжиж, манай иргэд үр хүүхэд, хань ижил, найз нөхөдтэйгээ ирж, сонгодог урлагийн тоглолтууд үзэж, сайн сайхан бүхнийг мэдэрч хүртэхээр ирж байгаарай гэж урих байна. Эрхэм үзэгчидтэйгээ дараагийн улирлын тоглолт эхлэхээр буюу ирэх аравдугаар сард уулзацгаая. Н.Номтойбаяр “Л.Оюун-Эрдэнэд хувийн хэвшлийнхэнтэй уулзах нүүр байхгүй” гэв 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(86.111.136.83) 2024 оны 07 сарын 13

gaihamshigt bujugen jujig Jijeliin tuhau yariltsalga saihan bn. Sotsialimziig muuldag ch gesen ter ued chin l Songodogud ni jinhene bujiglej ta nariin yariad bui buhniig ali ert Duuriij teart undeslen bii bolgoson ahmad uedee bayarlaj bai

0  |  0
Top