Нийслэл Улаанбаатар 14 “охин хот”-той болно

2024 оны 05 сарын 07

Монгол Улсын 1992 оны Үндсэн хуулиар бүхэл бүтэн улсаа Улаанбаатар хэмээх ганцхан хоттой болгосон нь хатуухан хэлэхэд хөгжлийг ухраасан, хүн амынхаа соёлын түвшинг доош унагасан хэрэг хэмээн хувьдаа боддог. Хуучин цагт 18 аймагтай, аймгийн төв бүр хот гэсэн статустай, аймаг дотроо ч орон нутгийн хотуудтай байсан нь цол дагаж бяр нэмнэ гэгчээр хүн ардаа ч соёлжуулж, үйлдвэр аж ахуйг ч хөгжүүлж, өнөөгийн ярьж буйгаар жинхэнээсээ бүсчилсэн хөгжлийг өрнүүлж байсан юм. Тухайн цагийн аймгийн төвүүд, орон нутгийн хотууд ямархан хөгжил дэвшилтэй, цэвэр цэмцгэр, оршин суугчид нь ч хотын иргэн гэсэн нэрэндээ тохирсон соёл боловсролтой байсныг сүүлийн үеийн залуус төсөөлөхгүй.

Тэгвэл өдгөө УИХ-аар хэлэлцэж буй Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төслөөр 32 жилийн өмнө үгүй болгож орхисон хот, орон нутгийн хот гэсэн статусыг сэргээхээр ярилцаж байна. Хот хөдөөгийн сэргэлтийн бодлогын хүрээнд “20 минутын хот” буюу иргэд, оршин суугчид амьдран байгаа орчныхоо эргэн тойронд ердөө л 20 минут зарцуулаад бүх төрлийн үйлчилгээ авч болох нөхцөл бололцоог тусгасан концепцыг Засгийн газраас УИХ-д өргөн бариад байгаа юм.

Энэ хууль батлагдвал нийслэл Улаанбаатар хотоос гадна Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд түшиглэсэн Шинэ Зуун мод хот, Дархан, Эрдэнэт,  Багануур, Налайх зэрэг төвлөрсөн суурин газрыг улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх боломж үүсэх ажээ. Энэ тухай Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын өнгөрсөн баасан гарагийн чуулганы нэгдсэн хуралдаанд хийсэн мэдээлэлдээ танилцуулсан юм.

Мөн Улаанбаатар хот 14 “охин хот”-той болж төвлөрөл задрах нь тодорхой болов. Хуулийн төсөлд зааснаар Улаанбаатар хотыг Хан-Уул хот, Яармаг хот, Буянт-Ухаа хот, Сонгинохайрхан хот, Баянхошуу хот, Толгойт хот, Өнөр хот, Баянгол хот, Чингэлтэй хот, Сэлбэ хот, Сүхбаатар хот, Баянзүрх хот, Дарь-Эх хот, Амгалан хот гэсэн бие даасан 14 хотод хуваан хөгжүүлэх ажээ. Ингэснээр нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон цөөлж, орон нутгийн статустай хот болгон төлөвлөж, зардал хэмнэж, төрийн албан хаагчдын тоог бууруулж, төсвөө шууд захиран зарцуулдаг, эцсийн шийдвэр гаргадаг эрх бүхий шинэчлэлт хийхээр төлөвлөөд байна.

Засгийн газрын харьяа яам, тамгын газрууд нийслэлийн Бага тойруу орчимд голчлон төвлөрдөг. Уг төвлөрсөн эрх мэдлийг задлах зорилгоор Засгийн газрын харьяаллын байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байрлуулахаар төсөлд тусгажээ. Энд мөн л “20 минутын хот”-ын төлөвлөлт хамаарна. Энгийнээр бодоход Бага тойруугаас Хөшгийн хөндийд хэрхэн 20 минутад хүрч очих нь ойлгомжгүй байж болно. Тэгвэл Бага тойруу-Хөшигийн хөндий чиглэлийг дүүжин гүүр болон хонгил туннелиэр холбох шийдэл гаргажээ. Мөн 20 минутын дотор хотын төвөөс “Чингис хаан” нисэх онгоцны буудалд шууд хүрэх гүүрэн байгууламжийн хөрөнгө оруулалтын асуудлыг төлөвлөн “Өөдлөн тэмүүлэх Монгол” нэртэй гүүр байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан байна.

“Чингис хаан” нисэх онгоцны буудалтай Улаанбаатар хотыг дөт замаар  холбохын тулд Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн дэргэдээс Туул гол дээгүүр гүүр тавьж, хотын төвийн гурван цэгээс уг гүүрт хүрсэн замын байгууламж хийхээр төлөвлөж буй аж. Гүүрийг Хүрхрээгийн ам хүргэж,  хонгилоор Номтын ам руу гаргах гэнэ. Төв аймгийн Зуунмод хотоос хонгил замаар дамжиж тэндээс холгүй зайд байгаа онгоцны буудал руу очих ажээ. Энэ туннель буюу хонгил замын бүтээн байгуулалтад далд уурхайн гүний олборлолт хийж буй Оюутолгойн инженерүүд зөвлөгөө өгч ажиллахаар болжээ. Ингэснээр хол замыг товчилж, хотын төвлөрсөн эрх мэдлийг задлан түгжрэл зэрэг ужгирсан бэрхшээлээс гаргаж чадна хэмээн Засгийн газраас үзэж буйг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцууллаа.

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд аймгийн төвүүдийг ч орхисонгүй. Тэдгээр сууринг орон нутгийн чанартай хот болгон өөрчлөх, томоохон суурин газруудыг хотын статустайгаар бие даан хөгжүүлэх, дагуул хотын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх зэргийг тусгасан байна.

Ингэснээр хөрөнгө оруулалт, татварын таатай орчинг бий болгож, тээвэр, логистикийн нэгдсэн төв байгуулснаар дэд бүтэц сайжирч, оршин суугчдыг орон сууцжуулж, Улаанбаатарын төвлөрлийг задалж иргэд нийслэлээс хөдөө орон нутаг руу шилжин суурьшихад тааламжтай болгохыг зорьжээ. Олон жилийн турш яриад өнөө хэр бодит ажил болоогүй төрийн байгууллага, их дээд сургууль, коллеж, шинжлэх ухааны байгууллагуудыг нийслэлээс нүүлгэх нөхцөл ч бүрдэнэ гэжээ. Ингэснээр “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого болон “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд Засгийн газраас өргөн бариад байгаа “20 минутын хот”-ын стандартад шилжих эрх зүйн цогц реформ хэрэгжинэ хэмээн хуулийн төсөл санаачлагчид үзсэнээ чуулганы хуралдаанд танилцуулж байв.

Энэ хууль батлагдвал эргээд аймгийн төвүүд хот болж, нийслэл бие даасан 14 хотын хэмжээнд хөгжиж, бүх төрлийн үйлчилгээ авахад иргэдэд учирдаг бэрхшээл багасаж, цаг заваа замын түгжрэлд бардаг байдал ард үлдэж, амьдралын чанар дээшлэнэ хэмээн найдах л үлдээд байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
г(202.179.26.150) 2024 оны 05 сарын 08

геополитикийн хувьд алдаа. том нэгдмэл байж л гаднаас ирэх аюулаас хамгаалж чадна. Аливаа улс гүрнийг дотроос нь задлан бутаргаж байж эзэлбэл хялбар гэдэг

0  |  0
Зочин(139.5.217.80) 2024 оны 05 сарын 07

Ёстрй сайхан мэдэн байна улс хөгжинө гэдэг энэ л байхгүй юу даа НИЙСЛЭЛ ХОТЫН ҮЕ ҮЕИЙН ЗАХИРАГЧ ХАМТРАН ЗҮТГЭГЧ НАРТ БАЯРЛАЛАА

0  |  0
зочин (202.70.43.95) 2024 оны 05 сарын 07

Ингэж цаг үрж байхаар давхар зам, давхар зогсоол, байр барихад доошоо 2- 4 давхар граш төлөвлөх тушаал гарга

0  |  0
зочин (202.70.43.95) 2024 оны 05 сарын 07

Ингэж цаг үрж байхаар давхар зам, давхар зогсоол, байр барихад доошоо 2- 4 давхар граш төлөвлөх тушаал гарга

0  |  0
зочин (202.70.43.95) 2024 оны 05 сарын 07

Ингэж цаг үрж байхаар давхар зам, давхар зогсоол, байр барихад доошоо 2- 4 давхар граш төлөвлөх шушаал гарга

0  |  0
зочин (202.70.43.95) 2024 оны 05 сарын 07

Ингэж цаг үрж байхаар давхар зам, давхар зогсоол, байр барихад доошоо 2- 4 давхар граш төлөвлөх шушаал гарга

0  |  0
тт(66.181.168.82) 2024 оны 05 сарын 07

балайрч дуусахгүй юм даа. дүүргүүдийг хот гэж нэрлэснээр бүх юм сайхан болчих уу

0  |  0
Top