Олон улсын шим мандлын нөөцөд бүртгэгдсэн онгон газар
Хаврын хахирган улирал шувтарч, дөнгөж зуны эхэн сар гарч байхад Говь-Алтай аймгийг зүглэн Монгол Их Алтай уулсыг давж, Говийн их дархан цаазат нутгийг зорилоо. Хантайшир нурууны орой буурал гэгээ татуулан алсаас дүнхийн хөндөлсөнө. Нар баруун тийш хэвийх үед манай сурвалжлах баг их уулсын сугаар сүлжин давхисаар, шөнө орой болсон хойно Говь-Алтай аймгийн Цогт суманд ирээд зам зуур нойр аван хонолоо.
Шөнийн тэнгэрт одод алган дээр байгаа юм шиг ойрхон харагдана. Чанх дээр долоон бурхан од голложээ. Өглөө үүр цайхтай уралдан Алтайн цаадах говийн уудам их хөндий рүү бид уруудлаа. Алсаас тэгнэн хэвтсэн бүсгүй хүний дүр шиг Ээж хайрхан уулын бараа мандах нарны туяанд гэрэл сүүдэр цацруулан тодрон харагдахад өөрийн эрхгүй дуу алдмаар болов.
Ийм сайхан байгалийн тогтоц гэж бас байдаг аа. Хамт яваа хүмүүс цай сүүнийхээ дээжийг өргөн залбирч, мөргөж байлаа. Эхийгээ санасан хүүгийн сэтгэлийг энд аргагүй мэдэрлээ. Өөрийн эрхгүй баярлан бахдахад аньсага чийгтэх шиг болов. Ээж хайрхан ууланд хадан дээр Есөн бумбын тогоо хэмээх байгалийн өвөрмөц сонин тогтоц бүхий жижиг усан цөөрмүүд байдаг. Үүнийг нутгийн хүмүүс ээжийн сүү хэмээн сүслэн хүртдэг ажээ. Ээж хайрхан ууланд их говийн амьтан ургамал бараг бүгд байдаг гэнэ. Ээж хайрханы баруун талаар уруудахад Бурхан буудайн уулс, түүний цаанаас Аж богдын нуруу буурал тэргүүнээ өргөн дүнхийн харагдана.
Говийн их дархан газар нь хоёр хэсэгтэй бөгөөд, А хэсэг нь Баянхонгор, Говь-Алтай аймгийн хамгийн урд захын улсын хилээс нааш 100 орчим километр өргөн газрыг хамрах бөгөөд энд Эдрэнгийн нуруу, Атас, Чингис, Сэгс цагаан богд, Арслан хайрхан, Шивээт-Улаан, Ланзат, Цувилуур Харын нуруу, Хуцын шанд зэрэг говь цөлийн бүсийн уулууд, Номин, Цэнхэр зэрэг нүд алдам уудам говь хөндийг багтаасан 45.149 ам километр талбайтай нутаг юм.
Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн зарлигаар 1976 онд Говийн их дархан цаазат газрыг анх улсын тусгай хамгаалалтад авсан бөгөөд дэлхий дахины ач холбогдлыг нь харгалзан 1991 онд НҮБ-ын ЮНЕСКО-гийн шийдвэрээр Олон улсын шим мандлын нөөц газрын сүлжээнд хамруулсан байна.
Аж богдын нуруунд халиун буга, зэрлэг гахай үзэгдэх болжээ
Сүүлийн үед Аж богдын нуруунд урд өмнө нь байгаагүй халиун буга, зэрлэг гахай зэрэг үзэгдэх болжээ. Хаа холоос нутагшихаар гүйж ирсэн эдгээр амьтдыг харж хамгаалж, өсгөж үржүүлэхийн тулд хоол тэжээл тавьж өгөхийн зэрэгцээ цаашид үржил селекцийн зохистой харьцаа бий болгохын тулд нэмж согоо гэх мэт бусад эсрэг хүйсийн амьтдыг нутагшуулах тал дээр орон нутгийн удирдлагууд холбогдох байгууллагуудад мэдээлэл хүргэж, санал тавьсан боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байгаа гэнэ. Ан амьтны зохистой харьцааг барихын тулд жилдээ агнах тоо хэмжээг бодитой тогтоох нь чухал байна. Говь-Алтай аймгийн хэмжээнд жилдээ чоно агнах 90 зөвшөөрөл олгож байна. Энэ нь нэг суманд ердөө л 3-4 чоно агнана гэсэн үг. Гэтэл чонын тоо толгой хэтэрснээс айлын хоттой мал руу дайрч, сүйдлэх тохиолдол жил ирэх тусам нэмэгдсээр байгаа тухай Говь-Алтай аймгийн Алтай сумын Засаг дарга Д.Эрдэнэжаргал хэлж байна.
Говийн их дархан газар нь Монгол орны хамгийн хур тундас багатай, халуун, хуурай бүс нутагт юм. Алтайн өвөр говийн уур амьсгал нь эрс тэс, хуурай бөгөөд зөвхөн зуны улиралд хур тундастай, хавар салхи шуургатай, өвөлдөө дулаан, зундаа халуун байдгаараа онцлог. Тухайлбал, өвөл нь тийм ч хүйтэн биш 10-15 хэмийн хүйтэнтэй, зундаа халуун, зарим тохиолдолд 45 хэм хүртэл халдаг.
Биднийг явж байх үед цаг агаар тогтуухан, дулаан сайхан байлаа. Нутгийн хүмүүсийн ярих нь жилийн 365 хоногийн 280-300 хоногт нь байнга салхи шуургатай байдаг гэнэ. Аз таарч халуун наранд шарагдалгүй, ширүүн салхинд нүдүүлэлгүй тааваараа нэг явлаа.
Үдийн их наранд их говийн хөндий униартаж, бударгана, дэрс, буйлс, харгана, заг, шар мод зэрэг зүйл бүрийн мод бут оочин цойчон харагдана. Говийн их дархан цаазат газар нь Төв Азийн хэт гандуу, эрс тэс уур амьсгалтай, цөлийн бүсэд хамаарах ба энд ил задгай ус ховор, ургамлан бүрхэвч сийрэг, ядмаг, хүн, мал нутаглахад тохиромжгүй зэлүүд нутаг юм байна. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутаг дэвсгэрт Говийн их дархан газрын тодорхой нэг хэсэг байдаг.
Говийн их дархан газарт зам зуур шал тойром, элс манхан зэрэг огт ургамалгүй газар нэлээд тохиолдоно, хааяа ганц нэгхэн булаг шанд таарна. Тэрүүхэн тэндээ бургилан гарах амны жижигхэн булаг их говийн амин булаг гэлтэй. Бидэнтэй хүн, мал бараг таарсангүй. Энэ их өргөн уудам газрыг харж хамгаална гэдэг мөн ч бэрх ажил юм байна даа гэж бодогдоно.
Алтайн цаадах говийн амьд байгаль хэдийгээр тодорхой хэмжээгээр хомс боловч Төв Азийн хэт гандуу цөлийн онцлогийг төлөөлсөн өөрийн өвөрмөц онцлог бүхий амьтан ургамалтай нутаг юм.
Шар усны бүрд их говийн сэрүүн хангай
Урт холын зам туулан Их говийн баян бүрдэд очлоо. Нар нэлээн хэвийж уулын цаагуур орох нь ээ. Нартай уралдаж арай гэж л ирлээ. Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын нутагт орших ердөө л 2 км урт үргэлжлэх, хэдхэн га талбайтай Шар усны бүрд хэмээх зурвасхан энэ баян бүрдэд тоорой, жигд, хайлаас, сухай, хармаг, гоёо, таана, боролзой, зээргэнэ, шаваг, шарилж, ортууз зэрэг элдэв модлог бутлаг, өвслөг ургамал ургана.
Монгол оронд төдийгүй дэлхийд ховорт тооцогдох говийн баавгай-мазаалай, хавтгай тэмээ, хулан адуу, хар сүүлт, аргаль хонь, янгир ямаа зэрэг хөхтөн болоод жороо тоодог, гангар хун, хулан жороо зэрэг шувууд, махир хуруут геккон, замба гүрвэл, тэмээн сүүл могой зэрэг ховор амьтад оршдог юм. Бид Шар усны бүрдэн дэх мазаалай баавгайд зориулж байгуулсан тэжээлийн цэгт ирлээ.
Намхан өргөст тороор дөрвөлжлөн хашаалсан жижигхэн талбайд төмөр хайрцагтай тэжээлийн сав байна. Энэ савны хоёр талаар хорголжин тэжээл аяндаа гарч ирэх тосгуур байна. Тэжээлийн цэгийн хажуу талд хяналтын хоёр камер суурилуулжээ. Хөдөлгөөний мэдрэмжтэй энэ камерын бичлэгт Мазаалай, Хавтгай гэх мэт ховор ан амьтны бичлэг үлдэж хоцордог. Хашлаганы өргөст төмөрт энд ирсэн ан амьтны үс ноос үлдэж хоцорно тэр бүхнийг шинжлэн судалж ховор ан амьтны тоо толгойг гаргадаг ажээ.
Одоо Алтайн өвөр говьд 50 гаруй мазаалай, 450-680 орчим толгой хавтгай байгаа гэсэн тоо гарчээ. Цаг уурын дулаарал, цөлжилтөөс үүдсэн усны хомсдол хавтгайн тоо толгой цөөрөхөд нөлөөлж байгааг судлаачид онцолж байна. Түүнчлэн ботгыг нь чоно барих явдал хавтгайн хорогдлын үндсэн шалтгаан болдог гэнэ.
Шар усны бүрдэнд горхи булаг ундарч, хадан хавцал дундаас ходоод гэдэсний өвчнийг эдгээх хосгүй увдистай хүйтэн рашаан бургилна. Рашаан усны ойролцоо бидний нүдэнд тороогүй өнөөх мазаалай, хавтгай гэх мэт ховор ан амьтны аргал, хомоол үзэгдэнэ. Тоорой модны өмхөрч муудсан хожуулд бараг хүн ороод зогсчихмаар хөндий зай гарчээ. Үзүүрээс нь олон салаа мөчир навч урган гарч оройн сэрүүн салхинд сэвэлзэн намирах нь гайхалтай. Хэчнээн бээрийн цаана ч хүн мал үзэгдэхгүй ангамал цөл энэ газрын зурвасхан бэлчирт говийн баян бүрд тооройн төгөл, Шар усны бүрдэд амьдрал цогцолно. Энэ л баян бүрдийн буянаар Их говийн дархан газрын эзэн болсон ан амьтад нутаг усаа хамгаалан байдаг буй за. Алтайн цаадах говийн экосистем нь хүн ам сийрэг суурьшдагаас унаган төрхөө харьцангуй хадгалсан, удаан хугацааны хөгжлийн түүхэн явцад бий болсон загвар нутаг болж үлджээ.
Сэтгэгдэл ( 0 )