“Оюутан цэрэг”-үүд удахгүй хээрийн бэлтгэлдээ гарна

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 05 сарын 21

Энэ жил 47 их, дээд сургуулийн 4000 гаруй оюутан хүсэлт илгээжээ.

Их, дээд сургуулийн бакалаврын ангийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулах зорилготой ес дэх удаагийн “Оюутан цэрэг” хөтөлбөрт энэ жил их, дээд сургуулийн 4000 гаруй оюутан хүсэлт илгээснээс 47 сургуулийн 1000 гаруй оюутан тэнцжээ.

Өмнө нь оюутан залуус бичгээр хүсэлт гаргаж 10 оюутан тутмын нэг нь бүх шалгуурыг даван тэнцдэг байсан бол цахим шилжилтийн хүрээнд И-Монгол платформоор “Оюутан цэрэг” хөтөлбөрт элсэх хүсэлтийг авсанаар хүсэлт гаргасан дөрвөн оюутан тутмын нэг нь тэнцэхээр болсон байна. Энэ жилийн хувьд хөтөлбөрийн дагуу онолын хичээл дуусаж байгаа бөгөөд тун удахгүй цэргийн хээрийн бэлтгэлд гарах гэж байна.

Жил бүр “Оюутан цэрэг” хөтөлбөрийн оролцогчидтой Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар уулзалт хийж, тэдний санал хүсэлтийг нь сонсдог уламжлалтай. Энэхүү уламжлал сайд нар ШУТИС, МУИС, МУБИС гэсэн гурван сургуульд зочилж сурч байх хугацаандаа цэргийн алба хааж буй залуустай уулзан санал хүсэлтийг нь сонсож, тодорхой асуудлыг шийдвэрлэлээ.

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр уулзалтын эхэнд “Монголын шилдэг мянга, мянган оюутнаас өөрсдийн хүсэлтээр сонгон шалгаруулалтад орж тэнцэн цэргийн албанд элссэн залуусынхаа цэргийн хөтөлбөрт сургалтын үйл явц хийгээд төгсгөлийн үр дүнтэй нь Боловсролын сайд бид хоёр жил бүр танилцдаг. “Оюутан цэрэг” хөтөлбөр бол ирээдүйд манай нийгмийг авч явах манлайлагч залуусын эрэлтэд тулгуурласан хууль эрхзүйгээр баталгаажсан нийгмийн захиалгатай төрийн бодлого. Нөгөөтэйгүүр, чухал алба юм. Монгол эр хүн бүр цэргийн алба хаах үүрэгтэй. Харин энэ албанд сонгон шалгаруулалтаар тэнцэж, суралцах дөрвөн жилийн хугацаандаа зардалгүй, хугацаа алдахгүй, зөвхөн оролцоогоо ханган богино хугацаанд хаах боломжийг энэ хөтөлбөр олгодог. Тиймээс боломжийг бүрэн дүүрэн ашиглаарай. Та нар бол шилдгүүд. “Оюутан цэрэг” хөтөлбөрийн хугацаанд эрүүл мэндээ бүрэн хянуулж, богино хугацаанд маш өндөр хариуцлага, дэглэмтэй цэргийн бэлтгэлд хамрагдан амьдрал, айл өрхийн тэргүүн, ажил хөдөлмөрт бэлтгэгдэх болно. Тиймээс битгий оромдоорой, албаа нэр төр, сахилга баттай хаагаарай. Сургуулиа төгсөөд нийгмийн бүхий л салбарт ажиллах өргөн боломж та бүхний өмнө нээгдэнэ. Гагцхүү өндөр сахилга бат, идэвх л хэрэгтэй” гэлээ.

 

 

Харин Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан “Оюутан цэрэг” хөтөлбөрт нийт 8000 орчим оюутан хамрагдан цэргийн алба хаасан гэдгийг дурьдаад тэдний дунд мөшгих судалгаа хийхэд ихэнх нь төрийн алба болоод хувийн хэвшлийн салбарт сахилга бат, зөөлөн ур чадварыг эзэмшсэн манлайлагчид болсон байсныг онцлов. Сүүлийн жилүүдэд хувийн хэвшлийн байгууллагууд цэргийн алба хаасан залуусыг ажлын байранд авах сонирхол нэмэгджээ. Учир нь цэргийн алба хаасан залуус хувь хүний төлөвшил, хариуцлага, багаар ажиллах чадвар зэрэг зөөлөн ур чадвараараа цэргийн алба огт хаагаагүй залуусаас илүү бэлтгэгдсэн байдаг байна.

Л.Энх-Амгалан сайд оюутан цэргүүдэд хандаж хэлсэн үгэндээ “Өмнө нь хүсэлт гаргасан 10 оюутан тутмын нэг нь оюутан цэрэгт хамрагддаг байсан бол И-Монгол платформоор элсэлтийн бүртгэлийг явуулснаар дөрвөн оюутан тутмын нэг нь хамрагдах боломжтой болсон. Засгийн газраас хөтөлбөрт хамрагдах оюутны тоог нэмэх бодлого баримталж буй бөгөөд энэ тоог жилд 1500-д хүргэнэ. И-Монгол платформд зөвхөн оюутанд зориулсан цэстэй болсон. Тухайн цэснээс оюутнууд хүссэн бүх төрийн үйлчилгээгээ авах боломж нээгдсэн. Хүнд сэтгэл, оюун, биеийн гэсэн гурван тамир хэрэгтэй. Энэ гурван тамирыг “Оюутан цэрэг” хөтөлбөр та бүхэнд олгож байна” хэмээгээд цаашдын сургалтын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ. Үүний дараа оюутнууд сонирхсон асуултаа асуусан юм. Тухайлбал, “Ач” АУИС-ийн оюутан Б.Буяннэмэх “Оюутан цэргийн тоог нэммээр байна” гэсэн хүсэлт тавьсан бол ШУТИС-ийн оюутан Л.Жавхлан “Хэдий дүнгийн голч 2.8 гэсэн шаардлага тавьсан ч тэнцүүлэхдээ 3.0-аас дээш голчтой хүүхдүүдийг тэнцүүлж байна. Суурь шалгуур хангасан оюутан бүрийг хамруулж өгөөч. Түүнчлэн, энэ жил УИХ-ын ээлжит сонгууль болно. Бид цэргийн бэлтгэлд гарсан байх тул сонгох эрхээ хэрхэн эдлэх вэ” гэсэн асуулт тавилаа. Түүний асуултад Г.Сайханбаяр сайд “Засгийн газраас оюутан цэрэгт хамрагдах залуусын тоог жилд 1500-аас буулгахгүй байх чиглэл өгсөн. Миний хувьд оюутан цэрэг хөтөлбөрт хамрагдаж буй залуусынхаа санал хүсэлтийг сонсож явахдаа тоог нь улам бүр нэмэх ямар боломж байгаа эсэхийг судалж явсан. Сургалтын байр, сургалтын материаллаг бааз боломжгүй гэдгийг илэрхийлж байсан. Бид бол тоог нь нэмэх байр суурьтаа хатуу зогсоно. Гэхдээ сонгон шалгаруулалтынхаа шалгуурыг сулруулахгүй. Бид цахимаар хүсэлт илгээсэн оюутан бүрийн хүсэлтийг эрэмбэлж тэр дагуу тэнцүүлсэн” гэв. Мөн сонгуульд санал өгөх эрхийг хэрхэн эдлүүлэх, эсэх тухай асуултад “Сонгууль өгнө. Сонгох эрхийг нь эдлүүлнэ. Тухайн үед хээрийн бэлтгэлд гарсан байх учраас тэндээ тойрогтоо сонгууль өгнө гэж ойлгож болно” гэлээ.

Оюутан залуус хөтөлбөрт хамрагдахын өмнө 144 мянган төгрөгийн үнэтэй эрүүл мэндийн шинжилгээнд хамруулсан ч цэргийн бэлтгэлд гарахын өмнө дахин уг төлбөрт шинжилгээнд хамруулах гэж байгааг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн бол Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан нар уг хүсэлтийг хүлээн авч, хоёр дахь шинжилгээнд үнэ төлбөргүй хамруулахаар газар дээр нь шийдвэрлэв.

Иргэд, оюутан залуус энэхүү хөтөлбөрийн оролцогчдын тоог нэмэх хүсэлтийг жил бүр тавьдаг. Засгийн газрын түвшинд ч энэхүү хүсэлтийг анхаарч боломжит хэмжээнд тоог нэмсээр ирсэн байна. Тодруулбал, 2022 онд 490, 2023 онд 1500, энэ жил 1088 залуу сонгон шалгаруулалтад тэнцэж цэргийн албаа хааж байна. Шалгарсан оюутнууд хоёр сарын туршид онолын хичээлд хамрагдаж дуусаад хоёр сарын турш хээрийн бэлтгэлд гардаг юм. Уншигч танаа зарим оюутан цэргийн сэтгэгдлээс хуваалцъя.

 

Д.Жамбалцанжид: Ирээдүйгээ бодож оюутан цэрэг болсон

 

-Би ШУТИС-ийн Барилга, архитектурын сургуулийн барилгын инженерч­лэлийн I курсын оюутан. Өөрийнхөө сайн дураар “Оюутан цэрэг” хөтөлбөрт хамрагдаж, цэргийн алба хааж байгаа. Учир нь гэвэл, би нэг жил улирсан. Яагаад улирсан бэ гэвэл, би зургаадугаар ангиасаа гадаадад зургаан жил амьдарч байгаад эх орондоо буцаж ирсэн. Амьдарч байсан улсын маань боловсролын систем нь долоон настайгаасаа нэгдүгээр ангид сурч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, нэг жилээр хоцорч явдаг гэсэн үг. Тийм учраас тэр системийн дагуу нэг жил улиран суралцаж байлаа. Би нэг жил улирсан учраас, мөн төрийн албан хаагч болохын тулд хугацаат цэргийн албыг бүтэн нэг жилээр хааж хугацаа алдаж байснаас “Оюутан цэрэг” хөтөлбөрөөр зуны сард багтаагаад цэргийн албаа хаачихвал надад давуу талтай санагдсан. Ирээдүйгээ бодож, төрийн албанд орж ажиллахын тулд энэ сонголтыг хийсэн юм. 

 

 

 

Б.Эрхэмбаяр: Би үлдсэн найман сарыг хүсэл мөрөөдөлдөө зарцуулах болно

 

-Би ШУТИС-ийн Геологи, уул уурхайн сургуулийн уул уур­хайн цахилгаан тоног төхөө­рөмжийн ангийн оюутан. “Оюутан цэрэг” хөтөлбөрт би өөрийнхөө хүсэлтээр явж байгаа. Онолын бэлтгэл, хээрийн дадлага гээд бүтэн нэг жилийн хөтөлбөртэй дүйцэхүйц хэмжээний цэргийн онолын мэдлэг, ур чадвар, хээрийн бэлтгэлийг дөрвөн сард багтаагаад хийчихнэ. Үлдсэн найман сард нь өөрийнхөө хүссэн ажлаа хийгээд явах боломжтой учраас маш их цаг хугацааг хэмнэж байгаа юм. Би энэхүү хагас жилээс илүү хугацааг өөрийнхөө сурч мэдэхийг хүссэн зүйлдээ зарцуулах боломжтой болно. Өөрөөр хэлбэл, надад үлдсэн найман сарыг би өөрийнхөө хүсэл мөрөөдөлд зарцуулах боломжтой болно гэсэн үг. Энэхүү “Оюутан цэрэг” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа Батлан хамгаалах яам болон Боловсрол шинжлэх ухааны яамандаа баярлаж байгаа. Сайдууд ирж, оюутан цэргүүдтэй уулзалт хийж, цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцсон. Одоогоор онолын хичээл орж байгаа. Удахгүй хээрийн бэлтгэлдээ гарна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top