УИХ-ын сонгуульд нэр дэвшигчид тодроход цөөхөн хоног үлдэж, горилогсдын жагсаалт ил тодоор гарч эхлээд байна. Тэдний дунд сонин содон дүр цөөнгүй байгаагаас тоймлон авч үзье. Дийлэнх нь хэргийн эзэн, хэнгэргийн дохиур, дуулиан шуугианы баатар гэдгээрээ олны танил. Тэд нэр дэвшиж, улмаар УИХ-д орж ирвэл жинхэнэ утгаараа бужигнасан парламент бүрдэх биз ээ.
Тэдний нэг, Ард түмний хүч намын дарга Л.Гүндалай Хөвсгөл, Булган, Орхон аймгийг нэгтгэсэн хойд бүсийн тойрогт нэр дэвшихээр нутгаа тойрч, Мөрөн хотын Чингүнжавын талбай дээрээс лайв хийсэн шиг, эхнэр, охидоороо гоёсон шиг алхаж яваа. Түүний нэр хүнд Хөвсгөл нутагтаа нэлээд сайн байгаа дуулдсан. Тус аймгаас 2000 онд бие даан нэр дэвшиж ялсан залуухан гишүүн Л.Гүндалай Төрийн ордонд жинхэнэ утгаараа сөрөг хүчний дуу хоолой болж, цаасан лозун барин тэмцэж явсан түүх бий. Сүүлд АН-д орж, Эрүүл мэндийн сайд болсноосоо хойш зүг чиг нь бүрхэг болж, АН-аас нэг гарч, нэг орж, “Ард түмнээ хайрлая” намыг нэг байгуулж, түүнийгээ гэргий Л.Аззаяадаа бэлэглэж, дахиад АН-д элссэнээ буцан гарч энэ 2024 оны гуравдугаар сарын 21-нд болсон Улсын Дээд шүүхийн хуралдаанаар Ард түмний хүч намын дарга болоод Хойд бүсэд нэр дэвшихээр санаа шулууджээ.
Үнэн ба зөв намын дарга, багагүй дуулиан дэгдээдгээрээ олны дунд танил болоод удсан А.Отгонбаатар нэгдүгээр буюу Архангай, Өвөрхангай, Баянхонгорыг нэгтгэсэн тойрогт горилох болсноо мэдэгджээ. Сүхбаатарын талбайгаас сунаж мөргөсөөр мөлхөөгөөрөө Төрийн ордныг гороолж, Хотын захиргааны хаалгыг балбан эрхэм мэрийг гарч ирэхийг шаардаж, олон дуулианы эзэн болоод авсан.
МҮАН, МНН, Монголын либерал ардчилсан намууд нэгдсэн Үндэсний эвслээс О.Бум-Ялагч мөн тойргийг онилжээ. Ялбал ч ялна, эс ялбал ч ялна гэсэн шазруун эрхэм. АН-аас мөн л нэгдүгээр тойрогт Баянхонгор аймгийн уугуул, МУГЖ Д.Сосорбарамын дүү гэгддэг Д.Жаргалсайхан дэвших сурагтай. Баянхонгорын Засаг дарга байгаад Х.Баттулгыг Ерөнхийлөгч болоход Тамгын газарт нь албаны дарга болж, улмаар Зэвсэгт хүчний жанжин штабын Бүтээн байгуулалтын газрын даргаар томилогдож, 2021 оны зургаадугаар сарын 6-нд буюу Х.Баттулга Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаа дуусахын босгон дээр “Тавантолгой төмөр зам” ТӨК-ийн захирал, өдгөө эрэн хайж буй Н.Удаанжаргалын хамт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор гэнэтхэн энгэрээ мялааж, олны нүдийг орой дээр нь гаргаж байсан эр.
Ховд, Увс, Завхан, Говь-Алтайн хоёрдугаар тойрогт Тагнуулын ерөнхий газар, ЦЕГ-ын дарга асан, бригадын генерал, ардчиллын анхдагчдын нэг асан “Сахал” хэмээх Б.Билэгт бие даагчаар үзэлцэнэ гэжээ. АН-аас нэр дэвших боломж олдоогүй, дээрээс нь сүүлийн үед тус намтай холбоогүй шахам болсон тэрбээр ийнхүү өөрөө өөртөө жанжин болж сонгуульд оролцохоор шийдэж. Цагтаа мөн л шуугиулж явсан цуутай эрсийн нэг.
Баян-Өлгийн дагнасан гуравдугаар тойрогт АН-аас хуучин гишүүн асан Д.Муратыг дэвшүүлэхээр нэр цохсон байна. Бүсгүй хүн рүү зүй бус зураг илгээж, садар самуун үйлдэл гаргаж, тэр нь илэрмэгц “Ичсэн хүн хүн ална” гэгчээр сайхь эмэгтэйг хэл амаар дарамталж явсан мөнөөх Д.Мурат дахин төрийн түшээгийн сэнтий мөрөөдөж яваа нь энэ.
Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийг хамарсан тавдугаар тойрогт МАН-аас горилогсдын дунд “Шилэн” хэмээх Б.Цогтгэрэл багтсан. УИХ-ын гишүүн болж байгаад төрийн дансыг үнэхээр ухаж, будилаан байвал “шилэн” болгон гаргаж ирж чадах уу гэдэг горьдлогыг сонгогчид тээж л байгаа байх.
Хэнтий, Дорнод, Сүхбаатарын зургаадугаар тойрогт Үндэсний эвслээс хуульч Т.Бат-Оргил нэр дэвшихээр шулууджээ. “Аж богдын харуул” зэрэг дуугаараа нэг үе залуусын дунд алдаршиж явсан, Хөдөлмөрийн баатар жүжигчин Н.Сувдын хүү тэрбээр өмнөх сонгуульд Хан-Уул дүүргээс нэр дэвшиж, танихгүй нэг нь “Гадаад хүн үү” хэмээн эндүүртэл наранд гандан сурталчилгаа хийсэн ч аз дутаж ялагдсан. Энэ удаа хөдөөгийн тойрог амлан авахаар зэхээд буй нь энэ. Говийн бүсийн тойрогт АН-аас “Цензургүй”-н сэтгүүлч Л.Мөнхбаясгалан нэр дэвшихээр болж, сургалт хийх далбаан дор аль хэдийн говийн аймгуудыг тойроод эхэлсэн. Тэрбээр одоогийн гишүүн Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан нарыг амлан авч өрсөлдөхөө аль хэдийн зарлаад буй.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн наймдугаар тойрогт мөн л “Цензургүй” багийн сэтгүүлч Ж.Баттуул АН-аас нэр дэвшинэ. Хамгийн сүүлд тэрбээр “Дачин-Тамсаг”-ийн булхайг уудалж, олон тэрбум төгрөгийг улсдаа ирүүлэхээр болсон дайчин залуу. Тус тойрогт УИХ-ын гишүүн асан, МУГЖ С.Жавхлан бие даан нэр дэвших сурагтай. 2016 онд Баянзүрх дүүргээс сонгогдон УИХ-д суусан тэрбээр 2020 оны сонгуулиар уугуул нутаг Увс аймгаа зорьж очин ялагдаад “Миний дууг битгий дуулаарай, бүү сонсоорой” гээд буцсан түүхтэй.
Баянгол дүүргийн есдүгээр тойрогт АН-аас намын дарга асан С.Эрдэнэ нэр дэвшиж, Вант улсын буурин дээрээ эргэн очиж олон жилийн өмнө “алдсан даагаа” нэхэн өрсөлдөнө л гэнэ. Чингэлтэй, Сүхбаатар дүүргийг нийлүүлсэн 10 дугаар тойрогт МАН-аас О.Батнайрамдал нэр дэвшинэ. АН-ын Лу.Гантөмөрийн хаана дэвшсэн газарт дэвшинэ хэмээн зар түгээж явсан тэрбээр ямар ч гэсэн энэ сонгуулиар түүнтэй халз үзэхгүй нь бараг тодорхой болов.
Мөн тойрогт АН-аас “Алдарт” бригадын генерал Б.Хурц дэвшинэ. Мөн намаас “Комедиан” Амараа буюу Д.Амартүвшин Б.Хурцтай ганзага нийлж хамтран дэвших бололтой. Д.Амартүвшингийн Либертари намыг Улсын Дээд шүүхэд бүртгээгүй учир “Сонгуульд хамтрах нам байна уу” гэж сураг тавьсаар яваад саявтархан АН-тай гар барьж ийнхүү нэр дэвших эрх олж авч буй бололтой.
Соёлын сайд Ч.Номин МАН-аас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших нь бараг тодорхой болж. Машинаар хүн хөөж дайрахыг завдсан аавынх нь нэр түүнд хэр зэрэг “шавар” болохыг одоогоор таашгүй. Монголбанкны дэд ерөнхийлөгч асан Г.Дөлгөөн зүүн бүсийн тойрогт нэр дэвшинэ хэмээж байсан ч ерөнхийдөө Сонгинохайрханд “шилжиж” буй аж. Түүнийг өмнө нь Баянгол дүүрэгт дэвшүүлэхээр бас ярьж байв. Экс гишүүн Н.Ганбямбын хүү тэрбээр банк, санхүүтэй холбоотой бас бус асуудлаар шуугиулж явсан удаатай.
Хан-Уул дүүргийн 12 дугаар тойрогт УИХ-ын гишүүн, Шадар сайд С.Амарсайханы төрсөн ах, УИХ-ын гишүүн асан С.Отгонбаярын хүү “Оюуны ундраа” группын гүйцэтгэх захирал О.Тэнүүн АН-аас нэр дэвшихээр горилж явна. Түүнийг экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хүргэн хүү гэдэг. Улстөрчдийн улбааг залгах боломж түүнд олдох эсэхийг сонгуулиар сонгогчид шийднэ.
Ийм сонин содон дүрүүд УИХ-ын сонгуульд горилж яваа чимээтэй бөгөөд тун удахгүй, ирэх долоо хоногийн эхнээс тэд нэр дэвшигч болж “дэвших эсэх” нь тодорхой болно.
Сэтгэгдэл ( 6 )
Боломжийн нэр ганц ч алгаа
Яагаад болохгүй гэж, дэвших эрх бүгдэд нь л байгаа ш дээ, михайлд нэг бодол бий гэдэг шиг бүгд л нэг юм бодож сэтгэж яваа ш дээ, харин ч сонгуульд өнгө нэмээд, амны зугаа гаргах юмтай зүгээр биш үү
Горьдчихсон баагийнууд вэ, та нарыг тоож сонгох уу. Үеэ өнгөрөөсөн ардчиллын өвгөд залуустаа зайгаа тавьж өгөөд далд ор. юун эрдэнэ, юун хурц юун гүнбалай. Юун үе залгамжилсан хунтайж нар та нарын аав ээж хангалттай идсэн манайх арай ч кастын системд ороогүй. юун тэнүүн, дөлгөөн зүгээр л зайлцгаа
Хурцын сайт юмуу?
Хурц яагаад?
Хурц яагаад улайраад бна? Хүний дургүйг хүргэн хзргэн зүтгэх нэг учир бна?