Дэндүү олон дэвшигч, дэлмээс эхлээд төө шахам саналын хуудас

2024 оны 05 сарын 20

Энэ зун Монголын түүхэнд анх удаа 126 гишүүнтэй парламент бүрдэнэ. Тэдний 78 нь бүсчилсэн том тойргоос мажоритар системээр сонгогдох бол үлдсэн 48 нь намуудын жагсаалтаар буюу пропорциональ системээр орж ирнэ. Ийм холимог системээр сонгогчид 2012 оны сонгуулиар ганцхан удаа санал өгч байсан. Энэ жилийнх ялгаатай нь мажоритар хэсэг нь бүсчилсэн том тойргоор явах гэж байна. Холимог тогтолцоогоор явах сонгууль тул хоёр саналын хуудастай. Эхнийх дээр сонгогчид мэдээж тухайн тойргийн мандатын тоонд тохирсон нэр дэвшигчдийн нэрийг дугуйлна. Нөгөө нэг хуудсаар сонгуульд оролцож байгаа улс төрийн намуудын нэрээс сонгож дугуйлна. Энэ жилийн сонгуульд улс төрийн 23 нам, хоёр эвсэл, нийт 25 субъект оролцохоор болсон тул тэдгээр 25-аас аль нэгийг нь сонгон дугуйлж таарна. Тэндээс аль нам хэдэн хувийн санал авснаасаа шалтгаалан жагсаалтад багтаасан нэр дэвшигчдээсээ УИХ-д суулгана. Бас 76 орчим бие даагч онилсон тойрогтоо нэр дэвшинэ. Ийм олон бие даагч өмнө нь нэр дэвшиж байсангүй.

Ийнхүү нэр дэвшигчдийн хувьд энэ удаа дэндүү олуулаа, мандатын тоо  ч ихэнх тойрог дээр олон тул хамгийн олон 10 мандаттай тойрогт л гэхэд 78.7 см урттай саналын хуудас сонгогчийн гар дээр ирнэ гэдгийг СЕХ-ноос  мэдээлсэн.

Энэ удаагийн УИХ-ын сонгуульд Увс, Ховд, Завхан, Говь-Алтай аймгийг хамруулсан хоёрдугаар тойрог, Сэлэнгэ, Төв, Дархан-Уул аймгийг нэгтгэсэн тавдугаар тойрог тус бүр 10 мандаттай. Эдгээр зургаан аймгийн сонгогчид гар дээрээ дэлэм хэрийн урттай саналын хуудас авч, нэр дэвшигчдийн жагсаалтаас сонгогч тус бүр арав, арван хүний нэр дугуйлна гэсэн үг. Арваас илүү нэр дугуйлбал хуудас хүчингүй, мөн дутаагаад найм, есөн хүн дугуйлчивал бас л тухайн сонгогчийн санал хүчингүй. Яг тулсан 10 хүний нэр бөглөж байж сая сонголт зөв болно.

Архангай, Өвөрхангай, Баянхонгорын нэгдүгээр тойрог есөн мандаттай, сонгогчид мөн тэр хэрийн урт саналын хуудас авч таарна. Хөвсгөл, Орхон, Булган аймгийг хамарсан дөрөвдүгээр тойрог найман мандаттай, 78.7 см хуудсаас сөөм хэрийн богино буюу 70 орчим см хуудас бөглөх болно. Говийн бүс, зүүн бүсийн зургаа, долоодугаар тойргийнхон тус тус долоон мандаттай, мөнөөх 70 см-ээс нэг сөөм орчмоор богино хуудас авч, долоо, долоон хүний нэр дугуйлна. Орон нутгаас ганцхан Баян-Өлгий аймаг дангаараа гуравдугаар тойргийг бүрдүүлж буй тул эргэлзэх зүйлгүй хуучнаараа гурван мандатаа, сонгох намынхаа нэртэй дугуйлна. Маргаан будилаангүй, цагтаа багтаад сонгуульдах нь аймгуудаас Баян-Өлгий болж таарч байна.

Нийслэлийн хувьд Сүхбаатар, Чингэлтэй дүүргийг хамарсан 10 дугаар тойрог зургаан мандаттай, Баянзүрх дүүргийн наймдугаар тойрог, Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр тойрог тус бүр таван мандаттай. Эдгээр тойргийн сонгогчид 78.7 см хуудсыг хоёр хуваасны нэгтэй тэнцэх хэмжээтэй буюу 39.4 см орчим урттай саналын хуудас авч бөглөх нь. Баянгол дүүргийн есдүгээр тойрог, Хан-Уул дүүргийн 12 дугаар тойрог тус бүр гурван мандаттай, сонгогчид яг өмнөх сонгуулиудад орж байсантайгаа ижил гурав гурван нэр дугуйлна. Дээр нь мэдээж намуудын нэрсээс сонголт хийнэ. Хамгийн амархан сонгуульдах нь Багануур, Багахангай, Налайх дүүргийг нэгтгэсэн 13 дугаар тойрог, хоёрхон мандаттай. Төөрч самуурах зүйлгүй хоёр мандатаа намын нэрсээс хийх сонголттойгоо хамт бөглөх юм. Хоёр мандаттай тус тойргийн саналын хуудас 30 см орчим, 10 мандаттын хажууд хагасаас нь арай богино байх юм билээ.

Дийлэнх тойрог олон мандаттай учир найм, ес, арван мандатад тохирох тооны нэр дэвшигчийн нэрсийг дугуйлах гэж сонгогч кабинд ороод өмнөх сонгуулиудаас арай урт хугацаа зарцуулж таарна. Хараа тааруу ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, мэдээлэл дутуу сонгогч будилж илүү дутуу зурна, буруу бөглөсний улмаас хуулийн дагуу дахин нэг удаа саналын хуудас авах тохиолдол нэмэгдэнэ. Кабинд орсон хүн нөгөө олон нэрээ хайх гэж саатах тул гадаа дугаарласан иргэд удаан зогсож мэднэ. СЕХ-ноос мэдээлснээр 10 мандаттай тойрогт нэг сонгогч хоёр хуудсаа бөлөхдөө саналын бүхээгт гурав орчим минут болно гэсэн. Зарим нь түүнээс ч удах магадлалтай. Тэр хэрээр гадаа дараалал үүснэ.

Манай сонгогчид үдээс өмнө налайж байгаад оройхондоо гэрээс гарч санал хураах байр зүглэдэг зуршилтай тул орой 22:00 цагт санал хураах цаг дуусахтай давхцан дажин үүсгэдэг байдал энэ жил илүүтэй харагдаж мэднэ. Залуучууд сонгууль өгөхдөө хойрго, сонгууль өндөрлөсөн хойно “Ахмадууд саналыг минь булааж ирээдүйг маань баллалаа” хэмээн бухимдах нь их. Тийм учраас залуу сонгогчид энэ удаа эртхэн саналын байранд очиж саналаа өгвөл ирээдүйгээ өтгөсөөр тодорхойлуулалгүй, ирэх дөрвөн жилийн амьдралаа өөрсдөө шийдэх боломжтой.

Сонгогчид идэвхгүй оролцож, мөн оройтож саналын байранд очсоноос үүдэн сонгуулийн ирц хүрэхгүй болох, олон мандат дунд төөрөлдөж хүчингүй хуудас олноор гарах зэрэг шалтгаанаар олон тойрогт дахин санал хураалт болж, илүү төсөв хөрөнгө зарлагадах, иргэдийн цаг завыг барах, улмаар УИХ-ын гишүүдийн тангараг өргөх, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэх хугацаа ч хойшилж мэдэх юм.

Арай бөөндөө учраас нийслэлийн сонгогчдод зориулж сонгуулийн сурталчилгаа эхэлсэн цагаас зургаадугаар сарын 25-ныг хүртэл Эрх чөлөөний талбайд СЕХ-ноос асар барьж санал тоолох машин, саналын хуудсыг иргэдэд сурталчлан таниулахаар болжээ. Бас Сүхбаатарын талбайд энэ тавдугаар сарын 18-20-нд болох номын баярт СЕХ, сонгууль явуулах эрх бүхий байгууллагынхан оролцож, сонгогчийн боловсрол олгох, саналын хуудас ямар байх талаар мэдээлэл түгээнэ гэсэн. Цаг нь болоод ирэхээр телевиз, сонин, сайт зэрэг бүх төрлийн мэдээллийн хэрэгсэл, сошиалаар сурталчилгаа явуулж таарна.

Ингэж л дэндүү олон нэр дэвшигч, дэлмээс эхлээд төө орчим саналын хуудастай сонгуулиа хугацаанд нь явуулах мэдлэгийг сонгогчдод өгөхөөр болж байна. Орон нутагт ч сонгогчдын боловсролд зориулсан олон арга хэмжээ болох биз ээ. Сонгогч энэ жилийн санал хураалтын онцлогийг сайн мэдэж байж л зөв сонголт хийж, ялангуяа залуучууд сонгуульдаа идэвхтэй оролцож ирээдүйгээ тодорхойлохын төлөө өөрийн гараар “төр барих” хэдхэн минутаа ашигласан шиг ашиглах тийм л агшинтай дөчөөдхөн хоногийн дараа бид нүүр тулах гэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top