Баяртай 2020 оны УИХ, түүний гишүүд

2024 оны 06 сарын 06

Цаг хугацаа харавсан сум шиг өнгөрдөг ажээ. Саяхан л УИХ-ын өмнөх сонгууль болж, шинэхэн гишүүд Төрийн ордонд цугларч байсан санагдана. Ололт амжилттай, дуулиан шуугиантай, барцад саадтай явсаар дөрвөн жил өнгөрч, 2020 онд бүрдсэн парламентын гишүүдийн бүрэн эрх өндөрлөхөд ганцхан сарын хугацаа үлджээ. УИХ-ын найм дахь удаагийн сонгуулиар буюу 2020 онд бүрдсэн парламент өнөөдөр сүүлийн нэгдсэн хуралдаанаа хийж байна. Түүгээр 50,60 хуулийг бөөндөн хэлэлцэж батална гэсэн. УИХ дахь олонхийн бүлгийн дарга Д.Тогтохсүрэн бүлгийн отгон хуралдааныхаа дараа сэтгүүлчдэд өгсөн мэдээлэлдээ тэгж хэлнэ лээ. Сүүлийн хоёр сарын турш дараагийн сонгуульд нэр дэвшихээр тодорсон гишүүд нь уварч цуварч бүсчилсэн том тойрог руугаа “шилэрсээр” хийлгүй хийдүүлсэн ажлаа ийнхүү бөөндөж, нэг ёсондоо “халтуурдаж” байгаа хэрэг.

Дараагийн УИХ-ын гишүүд орж ирээд өмнөх гишүүд ажлаа хийлгүй тарсан гэж шүүмжилнэ гэсэндээ, бас түргэн түүхий баталсан хуулийг нь “дүү гишүүд” засчихна биз хэмээн найдсандаа тэр. МАН, АН-ын бүлгийнхэн хуралдаанаа нэг мөр өндөрлүүлэв. Байнгын хороод ч отголов. Гэм нь Хууль зүйн байнгын хамгийн сүүлийн хуралдаанаар хэлэлцэх учиртай байсан Хүний эрхийн шинжтэй чухал хууль хэлэлцэгдэж чадалгүй үлдэж байгаа тухай С.Одонтуяа гишүүн нүүр номдоо бичсэн байна лээ. Ажлын хэсгийнхэн Төрийн ордонд цугларсан, байнгын хорооны эрхэм гишүүд эзгүй байна лээ л дээ.

Отгон чуулганаа хийж буй энэ удаагийн парламент бүрдсэн 2020 оны сонгуулийг эргэж нэг сануулъя. Уг сонгуульд 13 нам, дөрвөн эвслийн 485 нэр дэвшигч,121 бие даагч, нийт 606 хүн өрсөлдөж МАН 62, АН 11 суудал авч, МАХН-МУНН-ИЗНН-ын хамтарсан “Та бидний эвсэл” нэг /С.Ганбаатар. Сүүлд АН-д элссэн/, МСДН-ХҮН-Ёс зүй намын хамтарсан “Зөв хүн электорат эвсэл” нэг /Т.Доржханд/ , бие даагч нэг /Н.Алтанхуяг. Сүүлд АН-даа эргэж орсон/ тус тус сонгогдож байв. УИХ-ын дарга Г.Занданшатар өмнөх парламентаасаа улирч спикер хийснээрээ содон.

Энэ УИХ-ын өмнөхүүдээс ялгаатай нь дэлхий нийтийг хамарсан цар тахал Ковидын үед ажилласан. Эдийн засаг Монголд байтугай дэлхийгээрээ уруудсан цаг таарсан. Гэвч УИХ, Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар цар тахлын дараах хүндрэл гүйцэд арилаагүй байсан атал 2023 оны эхний хагас жилд л гэхэд 1.1 их наяд төгрөгөөр төсвийн орлогоо давуулж биелүүлсэн нь тэр хэмжээний далд эдийн засгийг ил болгожээ гэсэн үг хэмээн Ерөнхий сайд онцолж байв. Улсын төсвийн тодотголыг дагаад  нийслэл, 21 аймаг тодотгол хийв. 2023 оны долоодугаар сарын 1-нээс 217 мянган төрийн албан хаагч, 486 мянган ахмадын тэтгэвэрийг нэмсний зэрэгцээ маргаантай байсан хүүхдийн мөнгийг ч ялгаварлалгүй олгохоор шийдвэрлэсэн. Монгол Улс “Самурай” бондын 30 тэрбум иен буюу 200 сая ам.долларын өрийг өөрийн эх үүсвэрээр бүрэн төлж, 2024 оны босгон дээр гадаад өрийн дарамтаас бүрэн гарч чадсаныг бас зарласан юм. Эдгээр үзүүлэлт нь Монгол Улс олон улсын өмнө, хөрөнгө оруулагчдын өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй биелүүлсний чухал нотолгоо юм.

Хэрэв ийм зоригтой алхам хийгээгүй бол байдал эсрэгээр эргэх байлаа. Гадаад өрийн дампуурлаа хүлээн зөвшөөрч, Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох, эсвэл эрс хатуу арга хэмжээ авч өөрсдийн эх үүсвэрээ дайчлах хоёрхон сонголтын өмнө Монгол Улс ирээд байсан үе. Монгол Улсын Засгийн газар “Чингис” бондын 1.5 тэрбум ам.доллар, “Мазаалай” бондын 500 сая ам.доллар, “Гэрэгэ” бондын 800 сая ам.доллар, “Хуралдай” бондын 430 сая ам.доллар, “Евро” бондын 500 сая ам.доллар, “Самурай” бондын 200 сая ам.долларын өр болон бусад өр төлбөрийг төлөхөд 13.3 их наяд төгрөг зарцуулсан.

Энэ УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулав. УИХ-ын сонгуулийн тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Аялал жуулчлалын тухай хууль, Баялгийн сангийн хууль, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга гээд захаас нь дурдвал олон зуун хууль баталж, хууль эрх зүйн орчны цоорхойг нөхсөн гээд ололтыг нь дурдвал мэдээж их. Нөгөө талаасаа маш олон гишүүн нь хэрэг төвөгт татагдсан. ЖДҮ, Хөгжлийн банк, нүүрс, ногоон автобус, Боловсролын сангийн зээл гээд тэдний холбогдсон асуудал чамгүй. Т.Аюурсайхан, Д.Бат-Эрдэнэ, Ж.Мөнхбат, Ё.Баатарбилэг, Ц.Анандбазар, Ж.Сүхбаатар гээд тоочоод байвал муу нэр дуулсан гишүүн цөөнгүй бий. “Хөгжлийн банкныхан”, “Нүүрсчид”, “Ногоон автобусныхан”, “Боловсролын зээлийн сангийнхан” гээд үйлдсэн хэргээрээ бүлэг бүлгээрээ нэрлэгдэж байсан тохиолдол үүнээс урьд өмнө байгаагүй. Бүрэн эрх нь өндөрлөж буй УИХ-ын сайн муу бүгдийг тоочно гэвэл дуусашгүй тул ингээд товчлоё.

Сонгуулийн дараа зарим нь хуучин бууриндаа эргэн ирнэ. Заримд нь Төрийн ордон, чуулганы танхим, гишүүний сэнтий үүрд дурсамж болон үлдэнэ. Хараахан бүрэн эрх нь өндөрлөх болоогүй ч баяртай 2020 оны УИХ, түүний гишүүд.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(27.253.251.208) 2024 оны 06 сарын 26

Тэр чигтээ МАН тайгаа далд ор, Монголоос

1  |  0
бат(202.9.46.130) 2024 оны 07 сарын 01

Би тэтгэврийн хүн энэ их хурал шиг тэтгэвэр нэмсэн үе байхгүй та нартаа баярласаан\n

2  |  1
1(202.9.40.221) 2024 оны 06 сарын 08

Ganboldiin Gantuya gadaad hariltsaanii yamnd bugsuuruu ajild orson ynhan

0  |  0
Gamba(88.183.144.162) 2024 оны 06 сарын 07

Saran ijii dund ni l shaaj yvna,

0  |  0
t(66.181.190.31) 2024 оны 06 сарын 06

covid gej yu gej bgn be uhejiisen zombinuudaa\n

0  |  0
Луйварчин(202.9.40.159) 2024 оны 06 сарын 26

Нүдэнд дахиад бүү үзэгдээрэй хулгайчуудаааааа. Шорон луугаа явцгаахад бэлдээрэй

3  |  0
Зангараг(66.181.179.69) 2024 оны 06 сарын 26

Надад бол системжсэн хулгайн бүлэглэлийн эрх мэдлээрээ дамжуулж хийх ажиллагаа , цаг хугацаа нь дуусч байгаа юм байна гэж ойлгогдож байна

2  |  0
Top