-Энэ удаа 8-10 мандатад тохирох хүний нэр дугуйлах гэж хэр зэрэг будилах нь тодорхой-
УИХ-ын сонгуулийн цаглавар ёсоор 2024 оны сонгуульд оролцох улс төрийн нам, эвслүүд энэ дөрөвдүгээрт сарын 26 ,27, 28-нд СЕХ-нд сонгуульд оролцох хүсэлтээ гардуулан өгөв. Дөрөвдүгээр сарын 26 буюу хүсэлт хүлээн авах эхний өдөр Эх орончдын нэгдсэн нам, Иргэдийн оролцооны нэгдэл нам, МНН-МҮАН-ын “Үндэсний эвсэл”, Их Эв нам, Иргэний зориг ногоон нам, Ард түмний Олонхын Засаглал нам, Бүгд найрамдах нам хүсэлтээ гардуулсан бол 27-ны бямба гарагт ХҮН нам, Монголын либерал ардчилсан нам, Монголын либерал нам, Иргэний хөдөлгөөний нам, Ардчилал шинэчлэлийн нам, Гэр хороолол хөгжлийн нам тус тус хүсэлтээ өгчээ.
Төгсгөлийн өдөр буюу 28-ны ням гарагт хуучны голдуу намууд “хөдлөв”. “Сүүлийн тэмээний ачаа хүнд” эл өдөр МАН, АН, Социал демократ нам, ШИНЭН- Монголын Уламжлалын нэгдсэн намын “Шинэ нэгдсэн эвсэл”, Монголын Консерватив нам, Эрх чөлөөг хэрэгжүүлэгч нам, Үнэн ба зөв нам, Сайн ардчилсан иргэдийн нэгдсэн нам, Монголын хүний төлөө нам, Дэлхийн монголчууд нам, Ард түмний хүч нам, Эх орон нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Эрх чөлөөний эвсэл нам /Зон олны нам/, Монгол Шинэчлэлт нам тус тус сонгуульд оролцохоо илэрхийлжээ.
Харин өмнө нь Үндэсний аудитын газарт сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрөө хянуулахаар хүргүүлсэн Зүй ёс нам СЕХ-нд сонгуульд оролцохоо илэрхийлсэнгүй.
Ийнхүү өмнө нь 27 нам, хоёр эвсэл Үндэсний аудитын газарт сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хянуулахаар өгсөн бол СЕХ-нд 26 нам, хоёр эвсэл УИХ-ын 2024 оны сонгуульд оролцохоо илэрхийллээ.
Эдгээр 28 субъект дээр бие даагчид нэмэгдээд 29 субъект УИХ-ын сонгуульд өрсөлдөх нь бараг тодорхой болж байна. Гэхдээ үүгээр сонгуульд оролцох нам, эвслүүд хараахан эцэслэн тодрохгүй. Дараагийн шатны бас нэг ажил үлдсэн. СЕХ-ны тогтоолоор байгуулагдсан Ажлын хэсэг нам, эвслүүдийн сонгуульд оролцох материал, мөрийн хөтөлбөр, бусад баримт бичигтэй танилцаж хянаад СЕХ-ны хуралдаанд оруулж хэлэлцүүлнэ. Хуралдаанаар хэлэлцүүлснээс хойш тав хоногт багтаан эдгээр нам, эвслийг сонгуульд оролцуулахаар бүртгэх эсэхээ шийдвэрлэх юм.
Тэгвэл голлох намуудын удирдлага СЕХ-нд хүсэлтээ бүртгүүлэх үеэр юу хэлэв.
МАН: Авлигагүй, шударга, эрх зүйт төрийг бэхжүүлэн, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрхэмлэнэ
МАН-ын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нар сонгуульд оролцох хүсэлтээ илэрхийлэхдээ “МАН хүний эрхийг дээдэлж иргэн хүндээ ээлтэй, хувь хүн бүрд сонголт бий болгох замаар сурах, хөдөлмөрлөх, ая тухтай амьдрах боломжийг баталгаажуулна. Хот хөдөөгийн ялгаатай байдлыг бууруулж, амьдралын чанарыг бодитой дээшлүүлж, иргэдийн оролцоотой хяналтаар төрийн ил тод байдлыг сайжруулна. Авлигагүй, шударга, эрх зүйт төрийг бэхжүүлэн, төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрхэмлэсэн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх мөрийн хөтөлбөрийг боловсруулсан” хэмээж байв.
АН: Мөнгөний сонгуулиас хол байя
АН-ын дарга Л.Гантөмөр энэ үеэр “УИХ-ын 2024 оны сонгууль урьд хожид байгаагүй хар PR-ын шинжтэй сонгууль болох төлөвтэй. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг будилуулахгүй байх талаар саналаа хэллээ. Мөн Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргад АН-ын байр суурийг илэрхийлнэ. Хяналтын хороо, дэд хороог бүрэн ажиллуулах боломжийг Засгийн газраас шаардана. Монгол хүн бүр шударга сонгуулийн төлөө яваасай гэж бодож байна.
Сонгуулийг мөнгөөр хийдэг буруу зарчим бий болсон. Тиймээс сонгогчид болон Монголын ард түмэн үнэхээр Монголын ардчиллыг аваръя, монголчуудынхаа эрх чөлөөг хамгаалъя гэж байгаа бол мөнгөний хамааралтай сонгуулиас хол байхыг уриалж байна. Эдгээрийг улс төрийн бусад намд уриалж байна” гэлээ.
ХҮН нам: Монголд олон намаас бүрдэх солонгорсон парламент үүсэх хүлээлттэй байна
УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд хэлэхдээ “Нэр бүхий долоон намын төлөөлөл нэгдэж СЕХ-нд шаардлага хүргүүлж байна. Шаардлага үндсэн хоёр агуулгатай. Энэ удаад сүүлийн 30 жилийн хугацаанд өрнөөгүй онцлогтой сонгууль болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын 126 гишүүнийг сонгоно. Тойргоос 78 гишүүнийг сонгоно. Харин жагсаалтаар буюу намын нэр дугуйлах байдлаар 48 гишүүнийг сонгох учиртай. Үр дүнд нь Монгол Улсад олон тооны намаас бүрдсэн солонгорсон парламент үүсэх хүлээлттэй байгаа. Нэг нам хязгааргүй эрхтэй бус, олон сөрөг хүчин бий болно.
Ингэснээр Засгийн газарт хяналт тавьж, хоорондоо бодлогын мэтгэлцээн өрнүүлж чадахуйц эрүүл, амьд парламент үүснэ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд СЕХ-ноос зайлшгүй анхаарах ёстой асуудлууд байна. Зургаадугаар сарын 28-нд сонгууль зохион байгуулах үед саналын хуудасны асуудал давхар яригдана. Саналын хуудас нь хоёр тусдаа байх ёстой хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл, тойргоос нэр дэвшигч нар нэг хуудас дээр тусдаа, жагсаалтаар нэр дэвших нь өөр хуудас дээр тусдаа жагсаалт байх. Хэрэв саналын хуудас хүчингүй болсон тохиолдолд, нэг хуудсан дээр аль алиныг нь тэмдэглэсэн тохиолдолд жагсаалт хүчингүй болох магадлалтай гэв.
Үнэн ба зөв нам: Монголын төрд хяналт тогтоодог хүчтэй сөрөг хүчин болно
Тус намын дарга А.Отгонбаатар хэлэхдээ “Тэрбумаар нь цацчихаад сонгуулийн дараа ард түмнийг бодох уу, мөнгөө бодох уу. Маш энгийн асуултыг ард түмэн өөрөөсөө асуух хэрэгтэй. Хулгайчууд Монголын төрийг ашиг хийх байгууллага, бүлэглэл гэж харж байна. Өнөөдөр тэрбум төгрөг цацаад орчихож болно гэж ойлгож байна. 30 жилийн гунигт түүх ард үлдсэн байхад МАН, АН-ын дарга нар дахиж хулгай хийхгүй, Монголыг өөрчилнө гэж хуурч мэхэлсээр байна. Нэр нүүрээ барчихсан хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэж байна. Сайн хэрэг. Гэвч өөрсдийнхөө гар хөл болсон, төрийн албанд ажилласан хурган дарга нар, гадаадад сургууль төгсөж ирсэн нөхдүүдийг нэр дэвшүүлж, дахиад иргэдийг хуурах гэж байна.
Үнэн ба зөв нам энэ удаагийн сонгуульд орохдоо Монголын төрд хяналт тогтоодог хүчтэй сөрөг хүчин болно гэж орж байна. МАНАН бүлэглэлтэй 30 жил явлаа, нэг нэгнээ хянадаггүй, амлалтаа биелүүлдэггүй. Тэгвэл бид энэ удаагийн парламентад орж ирвэл энэ гунигт байдлаас нь салгаж чадна. Ард түмний итгэл эр зориг болж парламентад тэмцэл өрнүүлнэ. Энэ хоёр намын хийж хэрэгжүүлээгүй ажлыг нь яг нэг зарчмаар шаардаж, амлалт нэхнэ хэмээлээ.
Ийм маягаар өнгөрсөн бүх сонгуулийн адилаар шударга ёс, шинэ нийгэм, иргэдийн сайн сайхны төлөө гэсэн сайхан амлалт бүхий мөрийн хөтөлбөрүүдээ аудитад хянуулан дараагийн шат болох СЕХ-нд сонгуульд орох хүсэлтээ илэрхийлж, тав хоногийн дараа албан ёсоор бүртгүүлсний дараа горилогчдоо нэр дэвшигч рүү “дэвшүүлэн” тодруулах дараагийн шатны ажилдаа намууд орох юм. Мэдээж сонгуульд өрсөлдөх явцын дунд эдгээр намаас сонгуулийн сурталчилгааны сүүлийн өдрийг хүргэлгүй нэрээ татах нь бий, зарим нь мөнгөтэй намд тойргоо зараад нэр дэвшигчээ татдаг тохиолдол ч өмнө нь нэг биш удаа гарч байсан.
Харин сонгогчид эртнээс юуг мэдэж байх ёстой вэ. Мэдээж тойрогт нэр дэвшигчдийн нэрс, сонгуульд оролцох улс төрийн намуудын жагсаалтаас өөрийн сонгосон нам болон тухайн тойрогт ногдох мандатын тоогоор нэр дэвшигчдийн нэрсийг дугуйлна. Өмнө нь нэг тойрогт 2-3 мандат ногдож, тэр тооны хүний нэр дугуйлдаг байсан бол одоо дангаараа нэг тойрог болсон Баян-Өлгий аймаг, нийслэлийн Баянгол, Хан-Уул дүүрэг болон Багануур, Багахангай, Налайхын нийлсэн тойргоос бусад нь 5-10 мандатад ногдох төдий хэрийн нэр дэвшигчийн нэрийг дугуйлна. Урьдах сонгуулиудаар гурван хүний нэр дугуйлах гэж хэр зэрэг манардаг билээ, энэ удаа 8-10 мандатад тохирох хүний нэр дугуйлах гэж аль хэр будилах нь тодорхой. Нэг хүний санал өгөх хугацаа ч уртсана, дараалалд зогсох цаг ч сунана. Өглөө, оройдоо санал өгөлгүй сунжирсаар үдэш санал хураах байрны гадна шавж хаалга цонх нүддэг байдал давтагдана. Үүнээс улбаалж олон тойрогт дахин санал хураах байдал ч гарч мэднэ. Ер нь л олон сорилт тулгарсан сонгууль болох нь илэрхий болж байна.
Сэтгэгдэл ( 2 )
Итгэмжлэгдсэн зээлийн компани нь 5000-аас 50000 доллар хүртэл бэлэн мөнгөний зээл олгодог бөгөөд бид зээл авах шаардлагатай аливаа хүн эсвэл компанид жилийн ханшаар 50000-аас 00,000 доллар хүртэлх төслүүдийг санхүүжүүлдэг. тэдний зарим хэрэгцээг хангах мөнгө.\nХэрэв танд тусламж хэрэгтэй бол танд хэр их хэрэгтэй, хүссэн зүйлээ хэлнэ үү\nэргэн төлөлтийн хугацаа. Хурдан зээл, төлбөрийн төгсгөлгүй стресс. Имэйл, trustedloanfirm0@gmail.com
Сонгуульд нүүрсний хулгайд нэр холбогдогч боловмролыг зээлээр сургаж зээлийг төлсөн ч бай хамаагүй бүх хүмүүсийн нэр нийтэд зарлаж ард түмэн тэднийг сонгохгүй байх