“Бусдаас өөр” хувь заяа, улс Монголынхоо эздийн нэг

Г.Ганчимэг | Zindaa.mn
2024 оны 05 сарын 07

 

Номын дэлгүүр хэсэж байгаад “Интерном”-ын шинэ номын тавцанд “Бусдаас өөр” хэмээх бодлын хэлхээсийг олж үзэв. Яагаад ч юм зохиогчтой нь ярилцмаар санагдлаа. Харин дараа нь ярилцсан зүйлсээ бүгдийг нь биш ч чухлаас нь уншигч олонтойгоо хуваалцмаар бодогдсон юм. АН-ын зориглогчдын нэг Цагаан-Өвгөний Жадамбаа тус номын зохиогч аж. Тэрбээр 1983 оны гахай жилийн намар Дорноговь аймгийн Сайншанд суманд төржээ. Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд Ерөнхий боловсролын сургуулиа дүүргэж, 2000-2004 онд “Их засаг” ОУИС-ийг хуульч, 2005-2007 онд хууль зүйн ухааны магистр, 2016-2018 онд Сөүлийн Үндэсний Их сургуулийг технологийн менежмент, мэдээллийн технологи, бодлого төлөвлөлтийн инженер мэргэжлээр тус тус төгссөн энэ цагийн манлайлагчдын нэг.

Ажлын туршлагын тухайд 2004-2006 онд Улс төрийн боловсролын академийн багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан хийж байгаад 2006-2008 онд “Глобал удирдагч сан”-г үүсгэн байгуулж, Глобал Удирдагч Дээд сургуулийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан юм. 2008-2012 онд АН-ын нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн дарга, 2012-2016 онд Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга, 2018 оноос “Шинэсэгэ Мэд” ХХК-ийн гүйцэтгэх захирал, 2023 оноос АН-ын дэд даргаар сонгогдон ажиллаж байна.

 

 

“Памперстай Жадамбаа”-гаас АН-ын “Ялалтын менежер” хүртэл

 

Бидний яриа түүний намтрыг танилцуулахаас илүү бусдаас өөр бодлын хэлхээст нь “фокуслав”. Магадгүй нам сонгохдоо хүн болгон өөрийн бодолтой байдаг байх. Түүний хувьд тухайн үед “Их засаг” ОУИС-ийн шинэ оюутан болсон байж. Хичээлийн байр нь Чингис СООСЭ буюу хуучнаар Ханы материалд Тоосгоны үйлдвэрийн тэнд байсан юм. Тэнд байхдаа Сонгинохайрхан дүүргийн АН дээр намд элсэх ямар ч бодолгүй, “Ийшээ орж үзье” гээд л анх очиж байжээ. Тэгж явсаар байгаад жилийн дараа буюу 2001 онд анх АН-д элссэн юм байна. Цаг хугацааны хувьд аваад үзвэл, 2000 оны арванхоёрдугаар сарын 6-нд Ардчиллын төлөөх таван намууд нэгдэж, Ардчилсан нам анх байгуулагдсан. Тэр үед үнэмлэхүй ялагдчихсан. Ганцхан Л.Гүндалай гишүүн АН-ыг төлөөлж, үндсэндээ 75:1 харьцаатай байсан юм даг уу даа. Тэр үед АН-ын гишүүн болж байжээ. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл АН-даа л явж байгаа аж. Тэр үеийнхэн баруун төвийн үзэл, зүүн төвийн үзэл гэдгийг ойлгохоосоо илүүтэйгээр аав ээж, гэр бүлийнхээ хүмүүсийн нөлөөгөөр намд элсэж байсан. Ц.Жадамбаагийн ээж Монголын Социал демократ намын гишүүн. Физик, математикийн багш учраас Р.Гончигдорж даргыг “Багш аа” гэж дууддаг, багшийнхаа нөлөөгөөр Монголын Социал демократ намын гишүүн болсон хүн. Тийм учраас хүүд ч АН-д элсэхэд илүү ойр санагдаж байв. Яваандаа үзэл санааны хувьд батжиж, өнөөдөр эргээд харахад, “Хамгийн зөв сонголтыг хийжээ” гэж боддог юм байна. Жил ирэх тусам баруун төвийн үзэлтэй юм байна гэдгээ ажил, амьдрал дээрээ гаргаж буй шийдвэр, хийж буй үйлдлээсээ илүү ихээр анзаарч ойлгожээ.

Ардчилсан Залуучуудын холбооны анхны ерөнхийлөгч Г.Батхүү агсан байсан. Тэр үед Ардчилсан Залуучуудын холбооны Удирдах зөвлөлийн гишүүнээр 2007 онд орж ажиллаж байлаа. Түүнээс хойш 40 нас хүртлээ буюу насныхаа хязгаарыг хүртэл тус холбооны гишүүн, Удирдах зөвлөлийн гишүүн, дэд дарга, хамгийн сүүлд дэд ерөнхийлөгчөөр ажилласан даа. Одоо Ардчилсан намын дэд дарга. Ер нь намын түүх бол харьцангуй арвин юм. Тэрбээр сургуулиа төгсөөд Улс төрийн боловсролын академийн багш, судлаач, эрдэм шинжилгээний ажилтан хийж байгаад “Глобал Удирдагч сан”-г үүсгэн байгуулсан. Олон нийт энэ үеэс л түүнийг маш сайн мэддэг нь анзаарагддаг. Маш олон хүүхдийг Америк руу явуулж, англи хэл, хувь хүний хөгжлийн хичээлүүд заасан гээд өргөн цар хүрээтэй ажлуудыг хийж байсан л даа. Тэр үеэс эхлээд дандаа залуучуудтай ажилладаг, тэр хүрээлэл дотор л байдаг, ерөөсөө хийдэг ажил нь дандаа залуучуудтай холбоотой болчихсон гэж байгаа.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг санал тавьж, 2008 онд 25 насандаа АН-ын нарийн бичгийн дарга, Улс төрийн бодлогын хэлтсийн дарга болж байв. Юун дээр очиж байгаагаа ч мэдэхгүй, ямар албан тушаал вэ гэдгийг ч төсөөлөөгүй л байж, одоо бодох нь ээ гэх. Сар гаруйн дараа “Сэрүүлэг” сонины тэргүүн нүүрнээс өөрийнхөө зурагтай “Памперстай Жадамбаа” гэдэг онцлох мэдээг олж уншчихаад “Айн...” гэхээс өөр юу ч хэлж чадалгүй, анхныхаа “шок”-ийг авч байжээ. Тэгээд тэр үеэс эхлээд өнөөдрийг хүртэл “Ёстой юу ч наалдахаа байсан...” гэдэг шиг “дархлаа”-тай болжээ. Н.Алтанхуяг даргатай ажилласан дөрвөн жил ингэж эхэлж байжээ. Гэхдээ тэр л үед хамгийн шинэлэг хэлбэрт шилжүүлж бүх зүйлийг өөрчлөн шинэчилж байлаа. Төрийн ордны Их танхимд анх удаа LED дэлгэц угсарч байв. Хивстэй учраас цахилгаанждаг гээд тэр үед Төрийн ордонд LED дэлгэцийг оруулна гэсэн ойлголт байхгүй. Цахилгаанжилтыг саармагжуулан анхны LED дэлгэцийг оруулж,АН-ын Их хурлыг хийхээс эхлүүлээд тухайн үеийн шинэлэг болсон бүхий л ажлыг санаачлан хийсэн л юм даг. Хамгийн тод дүрийн нэг нь “Монгол хүн-2020”-ын менежер байлаа. Товчхондоо “Ялалтын менежер”. Тэр үеийн амжилтын гол авторын нэг. Багаараа сайн ажилласны үр дүнд 2012 онд АН анх удаагаа ялалт байгуулан олонх болсон. Гэхдээ гүйцэд болж хараахан чадаагүй. Тэгээд Ерөнхий сайдын харьяаны хамгийн ойрхон газарт ажиллах нь зөв гэдэг шийдвэр гаргаад Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын даргаар очиж байв. Тэр үед 29-хөн настай байв.

 

 

Харин одоо...

 

МАН, АН гэлтгүй, зөвхөн Монголд ч биш дэлхий дахинд намын нэр хүнд унахын хэрээр иргэдийн Парламентад итгэх итгэл сулраад байгаа юм. Манай улсын хувьд гэхэд л өнгөрсөн 34 жилийн хугацаанд Парламентын гишүүдийн өөрсдийнх нь хийж хэрэгжүүлсэн, үндсэн ажлаа хийхгүй буюу даварчихсан байдлаар гүйцэтгэх засаглалын ажил руу хэт их орж, иргэдэд хууль тогтоох эрх бүхий субъект, таныг төлөөлж буй эрх бүхий албан тушаалтан гэдгээ ойлгуулахгүйгээр “Би л төсөв тавиулж, түүнийхээ үр дүнд танай хороонд ийм зам тавиулж, цэцэрлэг барьж өглөө” гэдэг сурталчилгааг хэт их хийснээс болоод сүүлдээ иргэдэд УИХ-ын гишүүн гэдэг бол надад мөнгө өгдөг, өгөх ёстой, би авах ёстой гэдэг ойлголтыг төрүүлчихлээ. Гэтэл үнэндээ, УИХ-ын гишүүн гэдэг бол тухайн иргэдийг төлөөлж, олонхын санал авч мандат аваад, авсан мандатынхаа үр дүнд иргэдийг төлөөлж, тэр Парламентад батлагдаж байгаа хууль, эрх зүйн орчинд бодлогын асуудлуудаа тусгаж явдаг эрх бүхий субъект шүү дээ. Иргэдийн бодитой төлөөлөл нь гэсэн үг. Тэр хүмүүс зам тавьдаг ч юм уу, хороо, дүүрэг, нийслэлийн Засаг даргын ажлыг хийх ёсгүй. Тэд энэ улс орноо удирдан чиглүүлж авч явах салбар, салбарын бодлогын хуулиудад төлөөлөн оролцох эрх бүхий субъект шүү дээ. Гэтэл үүнийгээ ойлгохгүйгээр хэт их улстөржиж, өнгөрсөн 34 жилийн хугацаанд явсны гай нь өнөөдөр гарч байна. Тэр нь юугаар илэрхийлэгдэж байна вэ гэвэл иргэд улс төрд, Парламентад, намд итгэх итгэл суларч байна. Өөрөөр хэлбэл, хүлээлтийг өөрөөр авчихаж байна шүү дээ. Тэгээд сэтгэлд нь хүрэхгүй учраас “Эд нар худал юм байна” гэж бодож, ойлгоод байна. Үүний хамгийн том аюул нь юу вэ гэвэл, бид үүнээсээ болоод Парламентын засаглалаа үгүй хийчих магадлалтай. Үнэхээр бид Парламентын засаглалаа үгүй хийчихвэл бидний өнөөдрийн ус, агаар мэт мэдрэхгүй амьсгалж, хүртэж байгаа эрх чөлөө, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө хумигдах аюул манайх шиг улс оронд өндөр. Тийм учраас тэрбээр “Улс төрийг захалдаг хүний хувьд  үүн дээр л санаа зовж байна” гэв. Тиймээс цаашид иргэдийн намд итгэх итгэл, Парламентад итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд УИХ-ын гишүүн гэдэг бол яг ийм л ажил хийдэг юм гэдгийг шинэ цагийн улстөрчид хийх ёстой. Энэ нь цаг хугацааны л асуудал. Харин иргэдийн хувьд энэ удаагийн сонгуульдаа нэлээд сайн, идэвхтэй оролцох хэрэгтэй. Шинэ, залуу улстөрчид гарч ирээсэй гэдэг ард түмний хүсэл, хүлээлт ч байгаа нь анзаарагддаг. Гарч ирж байгаа шинэ, залуу улстөрчид “Парламентын засаглал ийм ач холбогдолтой байдаг”, “УИХ-ын гишүүн гэдэг бол таны өмнөөс ийм л ажил хийдэг” гэдгийг сонгодог утгаар нь хийж, үзүүлж байж энэ нь өөрчлөгдөнө. Үүний дараагаас эхлээд бодитой дөрвөн жил ажиллаж чадах юм бол 2028 оноос эхлээд УИХ-ын гишүүн болохоор тэмүүлдэг, заавал улс төр хийх гэж явдаг байдал багасна. Ер нь ач холбогдолын хувьд “Мөнгө төгрөгтэй холбоотой биш юм байна”, “Энэ хүмүүс бол зүгээр л хууль баталдаг субъект юм байна” гэдгийг иргэддээ ойлгуулахад л оршоод байгаа юм. Гэтэл өнөөдөр иргэд “УИХ-ын гишүүн болчихвол мөнгөтэй болох юм байна”, “Ордонд орчих л юм бол нэг юм хувааж идээд, баяждаг юм байна” гэдэг ташаа ойлголттой яваад байна. Өнгөрсөн хугацаанд ингэж болдог гэдгийг амин хувийн ашиг сонирхлын зөрчилтэй зарим гишүүн харуулчихсан. Энэ хүмүүсийн гай одоо ч үргэлжилсээр. Одоо энэ биш шүү гэдгээ ойлгох хэрэгтэй. Гэхдээ зүгээр нэг ингэж хэлээд хэн ч ойлгохгүй. Тийм учраас одоо хийж үзүүлэх хэрэгтэй. Үүнийг засаж залруулахын тулд шинэ цагийн шинэ залуу улстөрчид гарч ирэх хэрэгтэй. Үүн дээр аль нам бэ гэдгээс үл хамаараад их цэвэрлэгээ хийх хэрэгтэй. Өөр сонголт байхгүй. Ингэж байж л иймэрхүү байдал өөрчлөгдөнө. Түүнээс биш өмнөх арга барилаараа ажиллаад сурчихсан хүмүүсийг бид одоо “Энэ хүн туршлагатай хүн шүү”, “Энэ хүн л Парламентад байх ёстой” гэж харахад тэнцэх хүн гарын таван хуруунд л багтахаар байна. Монголын ард түмэн тэнэг биш. Тэд харж байгаа. “Энэ хүн бол жинхэнэ Парламентын гишүүн. Яагаад гэвэл, энэ хүн авлигын шинж чанартай, аливаа санхүүгийн зөрчилд холбогддоггүй” гэдгийг бүхий л түвшиндээ харж байдаг учраас дахин итгэл хүлээлгэн сонгоод явдаг. Энэ нь ч зөв алхам. Цаашид ч бид УИХ-ын гишүүн гэдэг хүнийг та, биднийг төлөөлж, Парламентад суудаг, хууль батлах асуудлыг оруулах субъект гэж харахаас биш энэ бол Засгийн газрын гишүүн, дээрээс нь мөнгө төгрөг хуваах эрх бүхий субъект гэж харах хэрэггүй л дээ. Магадгүй, цаашид эрх зүйн орчинд нэлээд өөрчлөлт хийж, УИХ-ын гишүүний дархан эрх, ямбыг нэлээд багасгах хэрэгтэй болов уу. Иргэдийнхээ дунд ажиллаад, зүгээр тайван сайхан явж байдаг хүмүүс болгож байж иймэрхүү байдал өөрчлөгдөнө. Хэтэрхий том хуулиар дархан эрх тавиад өгчихдөг. Тэр дархан эрхийнхээ хүрээнд тэр хүмүүс эрх мэдлийн тулаанд өөд уруугүй явж байсан нь үнэн. 

 

 

Сонгох, сонгогдох эрхийнхээ төлөө хүн төрөлхтөн амиа хүртэл алдаж байв

 

Хүн төрөлхтөн өнөөдрийг хүртэл бодож олсон, үүнийхээ төлөө амиа хүртэл золиосолж байсан ганц эрх бол сонгох, сонгогдох эрх. Манай улсад иргэд маань  дөрвөн жилд нэг удаа энэ эрхээ эдэлж байна. Гэхдээ зарим иргэн “Надаар ямар дутав л гэж...” хэмээн маш өнгөцхөн байдлаар хандаж, өнөөдрийг хүртэл явж ирсний үр дагаварт бид өнгөрсөн хугацаанд ямар Парламент бүрдүүлж ирэв ээ. Яг үнэндээ, Монгол Улсын иргэд 80 хувийн ирцтэйгээр сонгуульд оролцоход л хэчнээн их мөнгө төгрөгтэй хүн байгаад нэмэргүй шүү дээ. Олонх нь л ялна шүү дээ. Сонгодог утгаараа ялна. Гэтэл энэ ялалтыг өнөөдрийг хүртэл өнгөрсөн хугацаанд бодитойгоор хийж чадсангүй. Ирц дөнгөж 50 гаруйхан хувьтай байдаг. Түүхэндээ, хамгийн дээд талын ирц 70 гаруй хувьд хүрч байсан болов уу. Тэгээд дандаа доошлоод явчихсан байдаг. Ирцээ 50 гаруй хувьд хүргээд л явж байгаа. Ийм нөхцөл байдалд мөнгөний л сонгууль болоод дуусна. Энэ жилийн хувьд бүр онцлог сонгууль болно. УИХ-ын 126 гишүүнийг сонгоно. Гишүүний тоо чухал биш. Сонгогчдын ирц чухал. Яагаад гэвэл, нэг хүндрэлтэй асуудал үүснэ. Тухайлбал, Баянзүрх дүүрэгт гэхэд таван хүн, дээрээс нь нам нэмж дугуйлна. Сонгуулийн хуудас чинь бараг 78 см буюу хагас алд. Ийм хэмжээтэй цаасан дээр хүн ажиллана. Дунджаар нэг хүн 3-5 минут болно байх. Зарим нь бүр 7-10 минут зарцуулна. Ингэхээр иргэдийн хувьд дугаарлалт үүснэ. Тэр их дугаарлалтыг ялангуяа залуучууд хүлээж тэвчих үү. Сонгууль өгөх өдөр нь зуны дунд сарын дулаахан, аятайхан өдрүүдийн нэг, баасан гараг байгаа. Энэ мэтийн бодитой нөхцөл байдалд үндэслэн дэлхийн зарим улс оронд иргэдийн саналыг цахимжуулчихсан. Ийм боломж Монголд ч байгаа. Гэхдээ энэ нь 2028 оны сонгуулиас Монголд нэвтэрнэ байх гэдгийг мэргэжилтнүүд хэлдэг. Хэрэв ингэж цахимжуулж чадвал өндөр дүнтэй хөрөнгө төсөв зарцуулахгүй. Өөрөөр хэлбэл, цаас хэвлэхгүй. Өнөөдөр нэг иргэнд зарцуулагдаж байгаа саналын хуудсыг 14 мянган төгрөгөөр хэвлүүлжээ. Хэрэв иргэн ирж, саналаа өгөхгүй бол тэр 14 мянган төгрөг хаягдана гэсэн үг. Танд зориулаад саналын хуудсыг хэвлэчихсэн байгаа учраас тэр. Тиймээс танд зориулан хэвлэсэн саналын хуудсаа аваад, Үндсэн хуулиар олгогдсон эрхээ эдлэн сонгуульд саналаа өгөн оролцох хэрэгтэй. Үүний дараа танд төрөх мэдрэмж гайхалтай, чухал зүйл. Сонгуулийн дүн гарахад тэр сонгогдсон гишүүнээрээ дамжуулан УИХ-д таны амьдралыг шийдэж байгаа хуулийг баталж байгаа субъектэд өөрийнхөө төлөөллөөр дамжуулаад үгээ хэлэх, хуульд саналаа оруулах эрхээ эдлэх ёстой.

Энэ эрхээ яагаад эдлэхгүй байгаа юм бэ. Өнөөдрийг хүртэл УИХ-ын гишүүдийн бие төлөөлөгч буюу сонгогчидтойгоо уулзах байрыг яагаад сонгуулийн өмнө л нээдэг юм бэ. Ер нь дөрвөн жилийн хугацаанд ажилладаг, бие төлөөлөгч нь суугаад, гишүүд нь ирж уулзаад “Би ийм хуулийн төсөлд ийм санал оруулах гэж байна. Та ямар бодолтой, ямар санал оруулах гэж байна вэ” гэж асуудаг, ажилладаг гишүүн байна уу. Иргэн рүү утастаад санал авдаг гишүүн л лав байхгүй гэдгийг иргэд хэлж байна. Парламентын гишүүний үндсэн үүрэг чинь энэ шүү дээ. Энэ үүргээ хэрэгжүүл гээд төсвөөс хууль батлах болгонд мөнгө өгч байгаа. Иргэдтэйгээ уулзаж, саналыг нь авчрах, түүнийгээ нэгтгээд, хуульд оруулах ёстой зардал нь юм. Гэтэл тэр мөнгөөр гишүүд юу хийж байна вэ. Тойргийнхоо зам, цэцэрлэг гээд хороо, дүүргийн Засаг дарга, цаашилбал, Засгийн газрын ажил руу ороод байна. Үүгээрээ иргэдэд үнэлэгдэнэ гэдэг бодол, ойлголттой. Өнгөрсөн 34 жилийн хугацаанд яг ингэж явсан. Одоо үүнийгээ засах ёстой. Ингэсний дараа иргэдийн Парламентын тухай ойлголт, итгэх итгэл өөр болно. Үүнийг одоо л засаж өөрчлөхгүйгээр ужигруулж болошгүй. Хэрэв ингэвэл Парламентын засаглал бүр байхгүй болно. Ингээд олонхын засаглалгүй болчихвол нэг хүний эрх мэдэлд энэ улсын хувь заяа шилжиж, өнөөдөр хэний ч төсөөлөөгүй байгаа айдас руу аваачна. Хүн ер нь эрх чөлөөгөө алдах хүртлээ эрх чөлөөний тухай ойлгодоггүй. Зарим нь бүр ил тодоор Ерөнхийлөгчийн засаглалтай болъё гээд хэлээд эхэлчихсэн явж байна. Энэ чинь л хамгийн том эрсдэл гэдгийг ойлгох хэрэгтэй. Хойд Солонгос шиг болох уу гэж “тогштол” нийтлэлийн баатар маань “Үгүй Орос болно биз” гэж хариулав.

 

 

Монголчууд яагаад эрх чөлөөний тухай бодохгүй байна вэ?

 

Орлогогүй хүнд эрх чөлөөний тухай ойлголт байдаггүй. Тэр хүмүүст өнөөдөр хоногийн хоол, дулаан гэр л хэрэгтэй. Тэгээд өр төлбөрөө шийдэх нь л чухал асуудал болохоос биш эрх чөлөөний тухай бодохгүй явж байна шүү дээ. Хүнд эхлээд хоол өгөх ёстой. Гэдсээ цатгаж, ахуйн асуудлаа шийдсэний дараа л хүн эрх чөлөөний тухай эргэцүүлж бодох чадамжтай болдог. Иргэдийг өнөөдөр оюуны хоосролд оруулж, улам ядуу байлгаснаар эрх чөлөөг нь боомилж байгаа юм. Ядуу иргэд өрх гэрийн ахуйн асуудлаасаа хальж чадахгүй туйлдаж байна. Ингэхээр эрх чөлөөний мэдрэмжтэй иргэдийн тоо багасаж байна гэсэн үг. Энэ нь эдийн засагтай холбоотой. Гэтэл Монгол Улсын өнөөдрийн жилийн орлого хангалттай түвшинд оччихоод байна. Энэ нь гадаад зах зээл дэх түүхий эдийн үнийн өсөлт буюу уул уурхайн баялгийн үнэ өссөнтэй салшгүй холбоотой. Гэхдээ бид эндээс олж ирж байгаа орлогоо иргэддээ тэгш, хүртээмжтэй байлгах, иргэдийн өрхийн орлогыг дэмжих чиглэлд өгч чадахгүйд асуудал байгаа юм. Бодлогын алдаа буюу хэт их халамжийн бодлого руу чиглүүлчихсэн. Иргэдийг аль болох ажил хийлгэхгүй байх тал руу нь явуулаад байна. Ингэхээр Монголд бизнес хийснээс ядуу иргэдийн тоонд орох нь амар болчихож байгаа юм. Ямар ч дарамтгүй, бодож санах юмгүй. Хоёр идэхгүй, хоосон хонохгүй. Голоо зогоогоод л... Тэгэсхийгээд болгоод яваад байвал амар л даа. Гэхдээ энэ бол буруу. Энэ нь өөрөө энэ улсын хамгийн үнэт зүйлээс нь зулгааж байгаа. Магадгүй, Ц.Жадамбаагийн ярьж байгааг өнөөдөр олонх нь ойлгохгүй, ойлгохыг ч хүсэхгүй, харин цөөнх нь ойлгоно. Дэлхийн түүхээс өнгөрсөнийг сануулахад, Адольф Гитлер ардчилсан сонгуулиар гарч ирчихээд дэлхийн II дайныг өдөөсөн. Дэлхийд маш их гай тарьсан. Тэгээд германчууд татвар төлөгчдийн мөнгөөр Гитлер шиг хүнийг дахиж битгий гаргаарай гээд Конрад Аденауэрын санг байгуулж, ардчилал хөгжиж буй орнуудын иргэдэд сонгуулийн боловсрол олгох сургалтыг хийж эхэлсэн түүхтэй. Энэ нь одоо ч үргэлжилдэг. Манай улсад ч 1992 оноос хойш энэ сангийн үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэрбээр үүнийг сайн ойлгож, мэдэрсэн хүний хувьд иргэдэд улс төрийн боловсрол олгох хичээлийг заасаар иржээ. Бүр Бодончийн хавцалд зусландаа байгаа айлуудын хүмүүсийг цуглуулаад, Үенч суманд голын эрэг дээр байгаа хүмүүс болоод нутгийн ард иргэдийг цуглуулаад сонгуулийн боловсрол олгох хичээлийг заадаг байв. Одоо ч ийм чиглэлийн сургалт, хөтөлбөр үнэ цэнтэй, чухал хэвээр, бүр үгүйлэгдэж байна гэдгийг тэрбээр соргогоор анзаардаг.

 

 

Хувь тавилангийн шанага өөр ч түүндээ эзэн болох нь чухал

 

Өнөөдөр Монголд хоёр янзын иргэд байна. Нэг хэсэг нь асуудалд оролцож, эрсдэл үүрч нийгмийг өөрчлөх сонирхолгүй буюу өөрсдийнхөөрөө тайван, сайхан амьдрахыг илүүд үзэж байгаа нэг хэсэг байна. Тэр нь олонх. Цөөн хэсэг нь эрсдэлийг үүрээд, муу сайн хэлүүлээд, урдах, хойдохоо ухуулаад өөрчилье, болгоё, бүтээе гээд зүтгээд явж байгаа. Үүн дээр л ялгаа гараад байгаа юм. “Түнэр харанхуйг зүхэж суухаар нэг ч гэсэн лаа асаа” гэдэг үг өнөөдрийг хүртэл түүний амьдралын философи болж иржээ. Өөрөөр хэлбэл, Ц.Жадамбаа асуудал руу орж байж, асуудлыг өөрчилнө. Түүнээс биш асуудлаас зугатааж байвал асуудал өөрчлөгдөхгүй. Магадгүй, зугатаад асуудалд орооцолдохгүй явснаараа хэзээ ч эх орондоо эргэж ирэхгүй байх нөхцөлөө л бүрдүүлнэ байх гэж тэрбээр үздэг. Гэхдээ хүн болгоныг асуудлаас зугатаагаад эх орноосоо явчихсан гэж өнгөц дүгнэж болохгүйг сануулав. Өнөөдөр залуус олон шалтгаанаар гадаадад ажиллаж, амьдарч байгаа. Сүүлийн үед хамаг ухаантай нь гадаад руу дүрвэчихсэн, тэгээд хэдэн тэнэг мангарууд нь Монголд үлдчихсэн, тэгээд энд учраа олохгүй бужигнаад байгаа ч юм шиг зарим хүн ярьдаг. Гэвч тийм биш гэдгийг тэрбээр онцлов. Аливаа асуудлын гүн руу орж, орооцолдож, ойлгож байж шийдэл, шийдвэр гаргадаг. Энэ нь улс төрд ч, бизнест ч хамаатай. Үнэндээ, энэ улс тэгтлээ сүйрчихээд ч байгаа юм биш. Бидэнд Үндсэн хуулиар олгогдсон сонгох, сонгогдох эрх маань хэвээрээ байна. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөө тодорхой хэмжээнд байна. Ийм боломжууд байхад өөрчлөх боломж нь бас байгаа л гэсэн үг. Итгэлээ хэзээ ч битгий алд. Та итгэлээ алдвал танаас бусад нь бүгд унтарна. Тиймээс та энэ нийгмийн нэг хэсэг юм байна. Өөрчлөх потенциал танд байгаа юм байна. Таныг дагадаг, хүлээн зөвшөөрдөг хэсэг, бүлэг байгаа юм байна гэдгийг мэдэрч, ойлгож, олж харж чадаж байгаа бол заавал улс төр хийхгүйгээр өөрчлөлтөд оролцож болно шүү дээ. Тэр нь юу гэсэн үг вэ гэвэл та бизнесээ сайн хий. Та өөрийнхөө эрхэлж буй бизнесээ амжилттай болго л доо. Бизнес эрхэлдэггүй байсан ч ажлын байран дээрээ сайн ажилла, амжилтыг бүтээ л дээ. Магадгүй, өнөөдөр цалин чинь бага байгаа. Үнэн. Ойлгож байна. Гэхдээ цалингаа нэмэгдүүлэхийн тулд компаниа сайжруул л даа. Түвшин түвшингийн асуудал шүү дээ. Хүн болгон улс төр хийж, улс орныг өөрчлөхгүй шүү дээ. Хэвлэл мэдээлэл нь чадлаараа шударга, үнэний дуу хоолой бол л доо. Гудамж цэвэрлэж байгаа хүн ч гэсэн өөрийгөө “Би муу ажил хийж байна гэж бодохгүйгээр нийтийн сайн сайхны төлөө ажиллаж байгаа” гэдэгтээ итгэл үнэмшилтэй бай л даа. Зүгээр л гудамжаа сайн цэвэрлээд цалингаа ав л даа. Сүүлийн жилүүдэд монголчууд нэг л их ялархсан хүмүүс болчихлоо. Бидний сонгосон нийгмийн тогтолцоо чинь энэ биш шүү дээ. Өмнөхөө л сайн хийж байж, үр дүнд хүрдэг байхгүй юу. Улс, эх орны өөрчлөлт гэдэг чинь маш энгийн, жижиг зүйлээс л эхэлнэ. Сөүлийн Үндэсний Их сургуульд 2.5 жил сураад ирэхдээ, тухайн орчноос ийм бодол, эрдэмийг түүж иржээ, тэрбээр. Тиймээс “Улс, эх орны чинь нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд ийм болсон нь үнэндээ та, бидэнтэй л холбоотой шүү дээ гэдгийг бодоод үзээрэй. Ядаж та сонгуулиа өгөөрэй. Улс, эх орны хөгжлийг заавал том зургаар нь хараад, тэгээд түүндээ шантраад “Ерөөсөө болохгүй байна” гэх биш өөрсдөөсөө шалтгаалах зүйлээ дор бүрнээ л хийчих. Хүн хүний хувь тавилангийн шанага өөр шүү дээ. Түүндээ л эзэн болоод хичээх хэрэгтэй байна. Бид юманд автамтгай мөртлөө их мэдрэг ард түмэн. Гэхдээ Монголын хувь заяа их гэдэг шүү дээ” хэмээв.

 

 

Төр иргэдийнхээ хийж болох бизнес болгоныг булаагаад байна

 

Харин одоо эдийн засгаа чөлөөтэй болгох хэрэгтэй. Өрхийн орлогод нөлөөлөх тэр болгоныг нь хийлгэ. Хамгийн мининиум стандарыг тавьж өг. Одоо бид үүнийг хийх цаг нь болчихсон шүү дээ. Эдийн засгийн бүх боломжийг нээгээд өгчихсөн байхад иргэд часхийсэн бизнес санаа гаргаад, ажиллаад, амьдраад явчихдаг. КОВИД-19 цар тахлын үед иргэд маш олон бизнес санааг гаргаж ирсэн. Онлайн бизнес хөгжлөө. Үүнийг дагаад түгээлтийн үйлчилгээ бий болсон. Бүр цаг хугацаа, түгжрэлээ тооцоолоод тэр бүсэд тийм хугацаанд тэдэн төгрөгөөр очно гэх мэтээр мэдээллээ нарийвчлалтай тавьж байна. Гэртээ зүгээр сууж байхаар өдөрт хоёр хүнд бараа хүргэж өгчихөөд 10, 20 мянган төгрөг  олоод байгаа зөндөө хүн бий. Энэ чинь боломжийг нь олгочихвол хүн болгон амьдрах аргаа олоод, зарим нь бизнес эрхэлж чадна гэдгийг л харуулж байна шүү дээ. Гэтэл өнөөдөр төр иргэдийнхээ хийж болох бизнес болгоныг булаагаад байх юм. Ингэхээр чинь Үндэсний хэмжээний корпораци, групууд үүсэх боломжийг булааж, замыг нь хаагаад байна. Жишээлбэл, Солонгос улс газрын доороо баялаггүй орон. Тэр улс өнөөдөр эдийн дэлхийн топ-д орж байгаа гол шалтгаан нь нэгдүгээрт, чөлөөт бизнес. Үүнийг их сайн ойлгож, хийдэг. Хоёрдугаарт, Үндэсний хэмжээний корпорациудаа тултал нь дэмжээд өгчихсөн. Өнөөдөр бид Хьюндей гэдэг группын машиныг “Солонгосын сайн машин” гээд олноор нь унадаг. Гэтэл Хьюндей машинаа будаж сурахын тулд Засгийн газраасаа 15 жилийн турш дэмжлэг авсан байгаа юм. Зөвхөн машин будаж сурахын тулд. Дэлхийн стандартад ингэж хүрчээ. Одоо Солонгосын машин дэлхийд гараад ирчихлээ шүү дээ. Ер нь Солонгосын түүхийг гурав ангилдаг. Өлсгөлөнгийн үе, Их бүтээн байгуулалтын үе, ID-ний үе гэж. Өлсгөлөнгийн үед буюу өвөө, эмээгийнх нь үед их хүнд байжээ. Харин аав, ээж нь их бүтээн байгуулалтыг хийсэн байна. Харин одоо ID-ний буюу шинэ үеийн хүүхэд, залуучууд нь аав, ээжийнхээ бүтээсэн зүйлсийг дэлхийд зарж амьдарч байна шүү дээ. Бидний хамгийн сайн мэддэгээр Сaffe Bene, Имарт байна. Энэ мэтчилэнгээр маш олон бүтээгдэхүүн, үйлчилгээ бий. Үүнийг хэн хийдэг вэ гэвэл зөв бодлогоор Үндэсний хэмжээний групууд л хийдэг аж. Засгийн газар нь эдийн засгийн бодлогоо чөлөөтэй тавьж өгөөд, 1962 онд “Бид дэлхийд электрониксоор өрсөлдөнө”, “Бид цахилгаан бараа хийдэг болно” гэдэг зорилго тавьсан. Өнөөдрийн үр дүн Самсунг. Тэр үед Самсунг даавуу үйлдвэрлэж зардаг компани байжээ. Ингээд 1962 онд Самсунг электроникс руу орсон. Харин өнөөдөр дэлхийд цахилгаан бараагаар топ болчихсон явж байна. Бодлого гэж үүнийг л хэлдэг юм. Урт хугацааны. Тухайлбал, 2032 онд Монгол Улс дэлхийд ийм бүтээгдэхүүнийг гаргана гээд зорилго тавих нь өнөөдрийн Засгийн газрын хамгийн том бодлого байх ёстой. Энэ бодлогыг хэрэгжүүлэхийн тулд Х компани эдгээр төсөл дээр ажиллана. Үүнийг Засгийн газар татвар төлөгчдийн мөнгөөр дэмжиж өгөөд, харин Х компани бодлогынхоо дагуу мэргэжилтнээ бэлтгээд, хүний нөөцөө бүрдүүлээд, үйлдвэрээ байгуулаад, ажиллаад, эхлээд дотоодын зах зээлээ хангаад, цаашлаад түүнийгээ сайжруулаад, дараа нь дэлхийд гарч эхлэх учиртай. Гагцхүү хэт намчирхалгүй, хэн засаг барихаасаа үл хамаараад урт хугацааны бодлого явдаг л байх хэрэгтэй. Цаашид бид дэлхийд өрсөлдөх бодлогоо гаргах цаг болсон. Энэ бодлогоо хэрэгжүүлэх явцдаа улс, эх орныхоо эдийн засгийг өөд нь татаж, иргэдийнхээ амьжиргааг дэмжих, өрхийн орлогыг нэмэгдүүлэх хэрэгтэй. Үүнийг хэрэгжүүлэх хүний нөөцөө бэлтгэж, боловсролын салбар нь хүний нөөц дээрээ ажиллах ёстой. Монгол Улсын тэргүүлэх зорилтоо хуульчлан, алсын хараагаа тодорхой болгож, энэ зорилтод хүрэхийн төлөө хичээдэг, үүнийхээ төлөө иргэдээ чиглүүлж, жалга довны үзэл, хэт намчирхалаас буюу хөгжлийн тушаанаасаа ангижрах учиртай. Бодлого тодорхой байж, төсөл хөтөлбөр хэрэгжинэ. Түүнийг нь дагаад ажлын байр бий болно. Үнэндээ, хөдөлмөрлөсөн нь л хөгждөг. Худал хурдан ч үнэн өөрөө цаг хугацаандаа ялдаг л.

 

Одоо бидэнд нэг намын тухай ярих нь “жулдана”

 

Ц.Жадамбаа даргын хувьд ярьсан зүйлээ хийдэг, зарчимдаа үнэнч нэгэн. Түүний хамгийн том давуу тал нь өнгөрсөн хугацаанд үзэл бодол, үнэт зүйлээсээ урваагүй. Очсон газар болгондоо хийсэн ажил, хэлэх үгтэй явж ирсэн эр хүн. Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга байхдаа үе, үеийн Засгийн газрийн эхэлж, хийж орхисон төслүүдийг үргэжлүүлэн хийж дуусгаж өгчээ. Монголын эрх ашиг, татвар төлөгчдийн мөнгө учраас хийх ёстой гэж бодож, улс төрийн үзэл гаргаж байгаагүй. Үүний нэг тод жишээ нь төслүүдийн нэрийг сольж, өнгө зүсийг нь өөрчилж байсангүй. Нэмж хийх ёстой ажлуудыг ч хийж дуусгаад өгч байжээ. Шинэчлэлийн Засгийн газрын үед хийж эхлүүлсэн төслүүдээс нэлээд нь  өнөөгийн Засгийн газрын үед хэрэгжиж дууссан. Үүний нэг нь ТҮЦ машин байна. Маш олон инженер, мэргэжилтнүүдтэй хамтран хийж дуусгасан төсөл юм. Төрийн үйлчилгээг иргэн заавал хэн нэгэн төрийн албан хаагчийг “царай алдаж” авах биш цахимаар дамжуулан авах суурийг тавьж өгөөд тэр үед Монгол Улсын бүхий л датаг цахимжуулах гол суурийг үе шаттайгаар хийж өгсөн багийн ажил. Хүмүүс сайн мэддэггүй л дээ. Тууз хайчилсан хүнийг нь хийсэн гэж ойлгодог. Энэ бол нэг хүний ч юм уу, нэг Засгийн газрын ажил биш. Монгол Улсын үе, үеийн Засгийн газрын хийж ирсэн ажил юм. Бодлого гэдэг чинь энэ. Урт хугацаанд явж, үр дүнг нь хүртдэг. “Манай нам биш” гэж маш олон төслийг өнгөрсөн 34 жилийн хугацаанд зогсоосны үр дүнд нь өнөөдрийн Улаанбаатарыг бүтээсэн. Харин бид хамтарсан үедээ том төслүүдийг хөдөлгөж, мега төслүүдийг эхлүүлдэг. Ер нь бол дэлхий даяар улс төрийн шинэ цикл эхэлж, шинэ үе гарч ирж байна. Дэлхийн энэ хурдацтай хөгжилтэй Монгол Улс хөл нийлүүлэхийн тулд бид том зургаараа л харах ёстой. Иргэдийн Парламентад итгэх итгэл, олон намын тогтолцоотой гайхамшигтай сонголтыг алдагдуулахгүй байхын тулд иргэд маань сонголтоо хийж, сонгуульдаа идэвхитэй оролцдог байх харин хамгийн чухал. Ингэснээр хэн байхаас үл хамаараад олонхоороо асуудлыг хэлэлцэж, шийдвэрлэнэ. Энэ бол Парламентын засаглалын үндсэн үүрэг юм. Монгол Улс дэлхийд үүсээд байгаа геополитикийн асуудлын төвд,  хоёр том гүрний дунд байгаа. Энэ хоёр том гүрний өдөр тутамд гаргаж байгаа шийдвэр нь дэлхийн асуудал байдаг. Монгол Улс цаашид олон мянган жил оршин тогтнохын тулд өнөөдрийн даяаршсан нийгэмд Парламентын засаглалын гүйцэтгэх үүрэг хамгийн чухал юм. Одоо бидэнд эх орныхоо эрх ашиг гээч зүйлийг том зургаар нь харж ярихаас биш нэг намын тухай ярих нь жулдана хэмээн АН-ын гол зориглогчдын нэг үзэж байна. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн 1(66.181.190.45) 2024 оны 05 сарын 09

Өнөөгийн нийгэм улс төрийн амьдралын чиг хандлага, сонгуультай холбон бичжээ. УИХ-ын гишүүдийн хувьд салбар салбарын төлөөлөл ордог л байх. Тэд л салбарынхаа хууль, бодлого чиглэлээ илүү мэдэх биз ээ. Би шүүмж хэлмээр бна. Манайд эх орны үйлдвэрийн газар гээд тоолбол гарын 10 хуруунд хүрэхгүй шахам бгаа . Гадаад дотоодод дээд дунд сургууль төгссөн боловсролтой залуучууд нь ажилгүй. Ажилгүйдэл нь хэвээрээ. Төр засгийн бодлого шийдвэрийн талаар мэдээлэл авч чаддаг эсэх нь эргэлзээтэй. Сонгууль дөхөхөөр сурталчилгаа явагддаг.

0  |  0
АРД(202.9.40.209) 2024 оны 05 сарын 08

Өөрийгөө бурхан мэт бичсэн юм байна даа тамын монголын улс төрд байхаасаа илүүтэй бурханд очиж сайхан залрах хүн биш үү, хэхэ

0  |  0
mnbvcб(88.116.92.142) 2024 оны 05 сарын 07

Нэг ч хүн гүйцэд уншихгүй...

0  |  0
Top