Онцгой байдлын ерөнхий газрыг 2004 онд байгуулж, нэгдсэн тогтолцоонд оруулсны 20 жилийн ой энэ онд тохиож байна. Гал түймэртэй тэмцэх газар, Улсын иргэний хамгаалалтын газар, Улсын нөөцийн газрыг нэгтгэж гамшиг, ослоос урьдчилан сэргийлэх, авран хамгаалах, хойшлуулшгүй сэргээн босгох ажиллагааг удирдан зохион байгуулах чиг зорилго бүхий Онцгой байдлын ерөнхий газрыг байгуулсан түүхтэй. Энэхүү тэгш ойн хүрээнд тус албаны онцлог, үйл ажиллагаа, алба хаагчдын хувцас хэрэглэл, ашиглагдаж байгаа аврах ажиллагааны машин техник, тоног төхөөрөмжийг танилцуулах зорилгоор “Алба сурталчлах өдөрлөг”-ийг энэ сарын 16-17-нд зохион байгуулж байна. Сүхбаатарын талбайд өчигдөр эхэлсэн өдөрлөгийн үеэр ОБЕГ-ын Агаараас эрэн хайх, аврах ангийн алба хаагчид шүхрээр бууж, өндрөөс хүн авран хамгаалах, эрэлч нохойн үзүүлбэр, гал унтраах, аюулт үзэгдэл, ослын төрлүүдээр аврах ажиллагааны үзүүлэх тоглолт хийлээ. Түүнчлэн албанд шинээр нийлүүлэгдэж байгаа дрон, гал унтраах роботуудыг танилцуулсан юм. Мөн гамшиг, ослоос хэрхэн урьдчилан сэргийлэх, амь нас, эд хөрөнгөө яаж авран хамгаалах вэ гэдэг зөвлөмж мэдээллийг иргэдэд хүргэж байлаа.
Ойн баярыг тохиолдуулан эрхэлсэн ажил, салбартаа үр бүтээлтэй ажиллаж, улс орныхоо хөгжил дэвшилд бодитой хувь нэмэр оруулж буй алба хаагчдыг Монгол Улсын Шадар сайдын тушаалаар салбарын шагналаар шагнасныг Шадар сайд С.Амарсайхан, ОБЕГ-ын дарга, Хошууч генерал Г.Ариунбуян, Тэргүүн дэд дарга Бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн нар гардуулан өгөв. Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан баяр хүргэж хэлсэн үгэндээ “...Төрийн тусгай албан хаагчдын цалингийн зэрэглэлд сүүлийн хоёр жилд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор хоёр удаа өөрчлөлт оруулсан. Шадар сайдын тушаалаар Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын албан тушаалын ангилал, зэрэглэлд өөрчлөлт оруулж, нийт алба хаагчдын цалин хөлсийг 2022 онтой харьцуулахад дунджаар 55 хувиар, түүний дотор ахлагч бүрэлдэхүүний цалин, хөлсийг дунджаар 63 хувиар нэмэгдүүллээ. Мөн аймгийн төвөөс бусад суманд тасралтгүй тав болон түүнээс дээш жил ажиллаж байгаа Онцгой байдлын байгууллагын алба хаагчдад таван жил тутамд 30 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг олгохоор хуульчиллаа. Алба хаагчдын ажиллах орчин, нөхцөл, нийгмийн асуудлыг шийдвэрлэх, мэргэжил, боловсролыг дээшлүүлэх, тасралтгүй суралцах боломжийг бүрдүүлэх, мерит зарчмаар томилогдох, алба хаагч бүр “мэргэжлийн” байх зэрэг хүний нөөцийн бодлогын асуудлыг байгууллагын стратеги, бодлого төлөвлөлтөд тухай бүр тусгаж улам бүр сайжруулан ажиллахад анхаарч байна” гэв.
“Алба сурталчлах өдөрлөг”-т ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад, Уул уурхайн аврах 09, “Онцгой” тусгай хувцас хэрэглэлийн туршилт үйлдвэрлэлийн төв-121, Агаараас эрэн хайх, аврах 111, Давтан сургалт, сэргээн заслын төв 113, “Аврагч биеийн тамир, техник-спортын хороо 120, 112, 185, 179 дүгээр анги, НОБГ, Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв болон “Дэлхийн Зөн”, Жайка, МУЗН зэрэг байгууллагын үйл ажиллагаа, онцлогийг харуулсан хувцас хэрэглэл, техникийг дэлгэж, эрүүл мэндийн үйлчилгээ, биеийн тамир, техник аргазүйн сургалт, заавар, улсын нөөцийн бараа материал, хэрэгслийг олон нийтэд дэлгэн үзүүлсэн юм.
Агаараас эрэн хай, аврах 111 дүгээр ангийн аврагч, ахлагч Л.Золбоо “Аврах ажиллагааны ЕС-145 нисдэг тэрэг нь Францдаа ч ашиглагдаж байгаа. Монгол Улсын Засгийн газрын дэмжлэгээр оруулж ирээд, аврах ажиллагаанд ашиглаж байна. Авто замаар тээвэрлэх боломжгүй өвчтнийг яаралтай тээвэрлэх түргэн тусламжийн зориулалтаар болон сураггүй алга болсон хүнийг эрэн хайх, аврах ажиллагаа зэрэг тусгай үүргээр нисгэж байгаа” гэсэн бол Уул уурхайн аврах 09 дүгээр ангийн амьсгалын бие даасан төхөөрөмжийн засварчин, ахлах ахлагч Б.Батжаргал “Уул уурхайн аврах ажиллагааны онцлог нь газрын доор, агааргүй, хортой болон аюултай хийтэй орчинд аврах ажиллагаа явагддаг. Үүгээрээ бусад аврах ажиллагаанаас онцлогтой. Бид урьдчилан сэргийлэх зорилгоор уурхай дээр очиж, сургалт явуулдаг. Тиймээс уурхайн осол харьцангуй бага гардаг болов уу. Уурхайн осол гарсан тохиолдолд аврах ажиллагааны хамгаалах хэрэгсэл, аврагч болгон амьсгалын бие даасан төхөөрөмжтэйгээр агааргүй орчинд дөрвөн цаг ажиллана гэсэн тооцоололтойгоор газрын доор ордог” гэж ярив.
Харин Гамшиг судлалын үндэсний хүрээлэн 2005 онд байгуулагджээ. Үйл ажиллагааны чиглэл нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил, лабораторийн туршилт шинжилгээ хийх зорилготой аж. Гал, цацраг, хими, газрын тосны лабораториудтай. Дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлт, дэвшилтэт техник технологийн улмаас дэлхий нийтээрээ л өмнө нь мэддэггүй байсан гамшиг, осол, эрсдэлтэй нүүр тулж байна. Тухайлбал, сүүлийн үед нанотехнологи, химийн гаралтай барилгын материал хэрэглээнд ихээр нэвтэрч байгаа. Энэ нь химийн янз бүрийн урвалд орж, нийлмэл материал болсноос хүний эрүүл мэнд, хүрээлэн буй орчныг эрсдэл оруулж, хортой нөлөөлөл үзүүлж байгаа юм. Цаг үеэ дагаад байгалийн гамшиг, аюулт үзэгдлийн тоо, давтамж нэмэгдэж буйгаас гадна хүний нөлөөгөөр аюултай осол эрсдэлт нөхцөл байдал үүсгэж байна. Өөрөөр хэлбэл, бид өмнө нь зуд турхан, үер, аянга цахилгаан, газар хөдлөлтийг байгалийн гамшиг гэж мэддэг байсан бол хими, технологи хөгжсөн орчин үед хүний санаатай болон санамсаргүй үйлдэл, нөлөөгөөр ямар гамшиг осол, хаанаас ч, хэзээ ч гарахыг таашгүй эрсдэлтэй эрин цагт амьдарч байна. Гамшиг судлалын үндэсний хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, хошууч Ж.Энхтуяа “2022 онд гарсан Усны ослын эрсдэлийг бууруулах судалгаан дээр үндэслэж нийслэлийн зургаан дүүргийн үерийн аюултай, усны осол тохиолдох магадлал өндөртэй газар нутагт усны гүний хэмжилт хийж, сэрэмжлүүлэх самбаруудыг байршуулсан байгаа” хэмээн цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
Улсын нөөцийн газарт хадгалагдаж байгаа бараа, бүтээгдэхүүнээс ч авчирч дэлгэжээ. Тэд хүнс, шатахуун, өвс тэжээлийн нөөцийг бүрдүүлдэг. Гурил, будаа, элсэн чихэр, ургамлын тос, цай, махан нөөш, хуурай сүү, давс зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг нөөцлөн хадгалж байна. Харин улсын нөөцөд байгаа бараа бүтээгдэхүүний тоо ширхэг, хэмжээ нь нууц.
Барилга байгууламж ямар тохиолдолд газар хөдлөлтийн үед аюултай байдаг вэ гэдэг үзүүлэн, сургалтын хэрэглэгдэхүүнүүдийг дэлгэн тавьсан асар хүүхдүүдийн сонирхолыг их татаж байгаа бололтой. “Хэрэв та даацын ханаа нураасан бол буцаагаад барих нь байна. Эсвэл дээрээс нь нэмээд хүчитгэл хийх нь байна” гэх зэргээр нэгэн бүсгүй ярьж зогсоо харагдана. Онцгой байдлын ерөнхий газарт ЖАЙКА-гаас “Гамшгаас хамгаалах засаглал” төслийг хэрэгжүүлж байгаа. Тус төслийн ахлагч Киётака Овада “Бид Монгол Улсын Онцгой байдлын ерөнхий газартай найман жил хамтран ажиллаж байна. Одоо Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төслийн хоёрдугаар үе шатыг хэрэгжүүлж байна. Өмнө нь нэгдүгээр үе шатыг хэрэгжүүлсэн. Хамтран ажилладаг энэхүү төслөө танилцуулах зорилгоор Онцгой байдлын ерөнхий газрын 20 жилийн ойн нээлттэй хаалганы өдөрлөгт оролцож байгаа юм. Сүүлийн үед Монгол Улсад, Улаанбаатар хотод ч гэсэн газар хөдлөлтийн эрсдэл нэмэгдэж байна. Хүмүүс өмнө огт мэдрэгддэггүй байсан чичирхийллийг анзаарч мэдэрч байна. Энэ нь эрсдэлтэй гэсэн үг. Тиймээс бид газар хөдлөлт болбол хүмүүс яаж амь нас, аюулгүй байдлаа хангах, болзошгүй эрсдэлээс хамгаалах вэ гэдгийг ойлгуулахаар Монголын талтай хамтран ажиллаж байна. Нийслэлийн Онцгой байдлын газарт иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төв гэж байдаг. Газар зүйн байрлалаар бол “Алтай” хотхоны баруун хойд талд байдаг тэр сургалтын төвд төслийн нэгдүгээр үе шатаар газар хөдлөлтийг биеэр мэдрэх тавцан гэдэг төхөөрөмжийг нийлүүлсэн. Том өрөө шиг гэсэн үг. Түүнд хүүхэд, томчууд ороод газар хөдлөлтийн хэдэн баллд ямар байдаг вэ гэдэг чичирхийллийг бодитоор мэдрэх боломжтой. Ихэвчлэн сургуулиудаас ангиараа очих захиалгыг урьдчилан өгөөд очиж үздэг. Гэхдээ том хүмүүс ч байгууллага, хамт олноороо очиж болно” гэв. Тэд төслийнхөө хүрээнд ЭХЭМҮТ, нийслэлийн Ерөнхий боловсролын XX дунд сургууль, Онцгой байдлын ерөнхий газрын барилга зэрэг таван байгууллагад бодитоор нь хүчитгэлийг ажлыг хийхээр төлөвлөж байгаа аж. Ирэх оны төсөвт суугдвал барилгын ажил нь эхлэх юм байна.
Дараагийн хүн ихтэй асар нь Онцгой байдлын ерөнхий газрын дэргэдэх “Жаргалант” сэргээн засах төв, 113 дугаар ангийн үйл ажиллагаагаа танилцуулж буй хэсэг байлаа. Энэ анги нь сувилал, сэргээн засах чиглэлээр тусламж, үйлчилгээ үзүүлдэг. Онцгой байдлын алба хаагчдыг гамшиг, ослын үед үүрэг гүйцэтгээд ирэхэд нь сэргээн засах, сувилах, сэтгэл зүйн тусламж үйлчилгээг үзүүлж ажилладгаараа онцлогтой. Анх 2016 онд байгуулагджээ. Түүнээс хойш жилийн дөрвөн улиралд тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд олонд танигдсан нэр нь “Жаргалант сувилал” юм. Европ болон уламжлалт эмчилгээ, сэргээн засах, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ, хоол эмчилгээтэй. “Жаргалант” сэргээн засах төв, 113 дугаар ангийн захирагчийн орлогч, штабын дарга, хошууч Б.Анар “Манай ангиас өнгөрсөн онд тусламж, үйлчилгээ авсан нийт үйлчлүүлэгчийн 43 хувь нь онцгой байдлын алба хаагчид байсан. Өнгөрсөн жил гамшиг осол нэлээд байсан учраас алба хаагчид байнгын бэлэн байдалд байж, үүрэг гүйцэтгэхээр хичээж байсан учир амарч сувилуулж амжаагүй. Тиймээс бид энэ жил алба хаагчдаа түлхүү амраах зорилготой байгаа. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар энэ жилийг “Ахлагчийн жил” болгон зарласан. Үүнтэй холбоотойгоор энэ жил 21 аймгаасаа ахлагч бүрэлдэхүүнийг илүү түлхүү авч амрааж сувилна. Мөн гэр бүлийн хамт авч, тусламж үйлчилгээгээ үзүүлнэ гэдэг зорилт тавиад ажиллаж байгаа. Ахлагчдын эрэмгий дайчин зориг, тэсвэр хатуужилтай үйл хэрэг дээр л онцгой байдлын авран туслах үйл ажиллагаа тогтож байдаг учраас тэднийгээ хайрлаж байх учиртай” гэв. Харин өнөөдөр 10:30-11:30 цагт ёслолын жагсаал Сүхбаатарын талбайд болох юм. Ёслолын жагсаалд Онцгой байдлын байгууллагын болон төрийн цэргийн нийт 1600 орчим алба хаагч техник хэрэгслийн хамт оролцоно.
Сэтгэгдэл ( 0 )