Вант улсын буурь Баянгол дүүргийн есдүгээр тойрог

2024 оны 03 сарын 06

Хуучин цагийнхаар бол Улаанбаатар хотын Октябрийн район. Шинэ Үндсэн хууль батлагдсаны дараах засаг захиргааны шинэ хуваарилалтаар 1992 онд Сонгинохайрхан, Баянгол хэмээн хоёр дүүрэгт тасарсны нэг, АН-ын С.Эрдэнийн “засаглал”-ын жилүүдэд түүний "Вант улс" гэгдэж асан нутаг дэвсгэр. УИХ-ын 2024 оны бүсчилсэн сонгуулиар бол есдүгээр тойрог. Гурван мандаттай. Бүсчилсэн сонгууль гэх нэртэй боловч тухайн дүүргийн хувьд бүс болсон зүйлгүй, угаасаа хамрах хүрээ нэн цомхон, хуучнаараа учир шугамын автобусанд суусан шиг ээ сурталчилгааны 18 хоногт тааваараа хэд ч хамаагүй тойрох газар нутагтай. Уг нь Хан-Уултай нэгтгэн нэг бүс болгоод дунд нь зургаан мандат тавьчихсан бол бараг онох байсан гэмээр ийм нэг цомхон тойрог.

Одоо бүрэн эрхээ эдэлж буй парламентад тус тойргийг УИХ-ын гишүүн Х.Ганхуяг, Ж.Ганбаатар /МАН/, С.Одонтуяа /АН/ нар төлөөлж байна.

Х.Ганхуяг гишүүн энэ хэд дундаа дуулиан, шуугиан, хэл аманд нэлээд өртөөд авсан нэгэн. Өдгөөгөөс хоёр жилийн өмнө 2022 оны хоёрдугаар сард “ангийн нөхөд” болох Г.Дамдинням, Г.Амартүвшин нарын хамт эрүүгийн хэрэгт татагдаж байв. Ингэх болсон шалтгаан нь УИХ-ын гишүүн Г.Амартүвшинг өмнө нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлаар ажиллаж байхад Г.Дамдинням, Х.Ганхуяг нарын хамаарал бүхий “Вертекс майнинг партнер” ХХК 33 тэрбум төгрөгийн зээлийг эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашиглаж, хууль бусаар авсан байх магадлалтай гэсэн баримтад түшиглэн хэрэг үүсгэжээ. Ингэхдээ дээрх олгосон зээлийг зориулалтын бусаар ашигласан байж болзошгүй хэмээн сэжиглэж эдгээр гурван гишүүнд АТГ-аас эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байдаг.

Нэг үе “яллагдагч” гэх нэр зүүсэн Х.Ганхуяг гишүүн өмнө нь өөрийн үүсгэн байгуулсан “Глобал Майнинг Сервис” ХХК-аар дамжуулан төрсөн эх П.Бямбасүрэнгийн үүсгэн байгуулсан “Вертекс Майнинг Партнер” ХХК-ийн 98 хувийн хувьцааг эзэмшиж, “Вертекс Майнинг Партнер” ХХК-нд “Энержи Ресурс” ХХК-ийн “Ухаа худаг” уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөлд зориулж Хөгжлийн банкнаас зээл авах зорилгоор Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Зээлийн удирдлагын хорооны дарга Г.Амартүвшинд хууль бусаар нөлөөлсөн. Улмаар Г.Амартүвшин нь Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч, Зээлийн удирдлагын хорооны даргаар ажиллаж байхдаа албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэх хам хэрэгт унасан. Хэрэг даамжирч Х.Ганхуягийн Монгол Улсын хилээр гарах эрхийг хааж, зарим нэг хүнтэй уулзахыг нь хориглосон юм.

Ийн явсаар Хөгжлийн банкны гэх хэрэгт хамааралтай 80 хүн, хуулийн дөрвөн этгээдэд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар гэм буруугийн дүгнэлтийг танилцуулахдаа Г.Амартүвшин, Х.Ганхуяг нарыг гэм буруугүй хэмээн үзсэнээр цайрсан. 

Түүнээс гадна Х.Ганхуяг гишүүн өдгөө ч дуулиан тасраагүй байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуультай нэр холбогдож нэг хэсэг хэрэг мандуулаад авсан. Ковид дөнгөж сулраад юм бүхэн сонин содон байсан 2021 оны намар цаг. Түүнтэй уг хуулийн төслийг санаачлах ажил дээр УИХ-ын эмэгтэй гишүүдээс П.Анужин, Д.Өнөрболор, Х.Булгантуяа нар ганзага нийлсэн юм. Тэднээс П.Анужин, Д.Өнөрболор нар хуулийн төсөл санаачлах ажилд оролцоогүй тухайгаа цахимаар яаран сандран илэрхийлж, хуулийн төслийг буцаан татна гэж мэдэгдэж байв. Бараг л “Уншиж үзэлгүй гарын үсэг зурчихсан” гэх маягийн юм хэлцгээсэн.

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийн 12.1.6 -д “Гадаадын хөрөнгө оруулагч, түүний гэр бүл Монгол Улсад хувийн хэргээр оршин суух хүсэлт гаргасан тохиолдолд 50 мянган ам.доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөс дээш хөрөнгө оруулалтыг Монгол Улсад хийснийг үндэслэн олон удаа зорчих виз, оршин суух эрх олгох” хэмээн оруулсан нь ихээхэн шүүмжлэл дагуулсан юм. Үүнтэй уялдуулан Дорнод аймгийн иргэн, хуульч Ч.Эрдэнэбат 2021 оны аравдугаар сарын 11-ний өдөр Үндсэн хуулийн цэцэд хандаж  Х.Ганхуяг, П.Анужин, Д.Өнөрболор, Х.Булгантуяа нарыг УИХ-ын гишүүнээс эгүүлэн татах тухай хүсэлт илгээж байв. Нэлээд хүчтэй шүүмжлэл өрнөж, газар авсан учраас 2022 оны гуравдугаар сард Х.Ганхуяг, Х.Булгантуяа нар хуулийн төслөө буцаан татсанаа мэдэгдсэнээр энэ үйл явдал өндөрлөж байв.

“Оргил”-ын хэмээх Ж.Ганбаатар гишүүний тухайд хоёр удаа тус дүүргээс УИХ-д сонгогдсон. 2016 онд УИХ-ын гишүүн болсон цагаасаа хойш Жижиг, дунд үйлдвэрлэлийн хөгжлийн дэд хорооны дарга, Эдийн засгийн байнгын хорооны дарга, 2020 оноос Эдийн засгийн байнгын хорооны дарга, 2022 оноос Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдаар тус тус томилогдож карьер сайтай яваа. Тэрбээр гишүүнийхээ хувьд элдэв хэл амнаас холуур яваа хэдий ч дэмжиж дарга болгосон зарим хүн чихийг нь халууцуулаад авсан удаатай. Тухайлбал, Баянгол дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Б.Алтангэрэл, Худалдан авах ажиллагааны албаны дарга С.Цээсүрэн нар албан тушаалаа урвуулан ашигласан хэргээр АТГ-т шалгуулсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Ж.Нармандах ч залилангийн хэргээр шалгуулж байсан. Ийнхүү Баянгол дүүрэгт олон хүнийг лоббидон дарга болгож, тэд нь хэрэгт орооцолдон нэр дээр нь толбо суулгаснаас үзвэл Ж.Ганбаатар гишүүн С.Эрдэнийн буурин дээр өөрийн Вант улс байгуулах дөхсөн үү гэлтэй.

С.Одонтуяа гишүүний хувьд С.Эрдэнийн Вант улсын “залгамжлагч”. С.Эрдэнэ Бангол дүүрэгт Засаг дарга байхдаа тус дүүргийг бараг л хувийн компаниа болгон төрийн албыг хүү, охин, хүргэн, бэр, хамаатан садан, найз нөхдөөрөө дүүргэж өөрөө “Ван хаан”-ы дүрд хувирсан билээ. Ямар сайндаа нийтлэлч Баабар нэгэнтээ С.Эрдэнийг ”Баян горхины далайн дээрэмчин” хэмээн нэрлэж байхав. Тэрбээр Засаг даргаас буухдаа залгамж халаагаа С.Одонтуяад өгсөн. С.Одонтуяа гишүүн 2012, 2020 онд хоёр удаа УИХ-ын гишүүнээр тухайн дүүргээс сонгогдсон. 2020 оноос сөрөг хүчнээ төлөөлөн УИХ-ын дэд даргаар ажиллаж байгаа. Тэрбээр элдэв сөрөг үйлдлээс ангид байдаг гэдэг ч бусадтай бүлэглэн гаалийн бичиг баримт хуурамчаар үйлдэж, их хэмжээний татвараас зайлсхийсэн үндэслэлээр хэл ам дагуулаад авсан. УИХ-ын 2020 оны сонгуулийн үеэр 15 тонн хувцас хилээр нэвтрүүлж “Коммисын бараа” гэсэн гаалийн бүрдүүлэлт хийлгэжээ. Гэвч тэр нь комиссын хуучин бараа бус, шинэ, тэр тусмаа брэндийн хувцас хунар байсан нь нотлогдсон. Ингэхдээ Дорноговь аймгийн гаалийн байцаагч нэгэнтэй хуйвалдан 40 сая ам.долларын татвараас зайлсхийсэн гэсэн дуулиан дагуулсан юм.

Түүгээр зогсохгүй цар тахлын үед хил дээр вакцин гацаасан гэх шуугианд нэр холбогдсон. Тэр бүү хэл Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганы хуралдаан дээр “УИХ-ын дэд дарга С.Одонтуяа гэр бүлийн хүний хамт вакцин гацаах үйлдэл хийсэн. Зарим сэтгүүлчидтэй ярьж, гаалийн байцаагч нар руу утасдаж, дарамталсан асуудал гарсан. Энэ асуудлыг шалгуулна” хэмээн мэдэгдэж байв. УИХ-ын дэд дарга С.Одонтуяа түүнийг няцааж “Ерөнхий сайд намайг гүтгэлээ. Хууль хяналтын байгууллагад шалгуулна” хэмээн хариу мэдэгдэж байсан. Төрсөн хүү Ө.Үнэнбүрэн нь койнчдын томоохон төлөөллөөр “тодорч” ээжийнхээ нүүрийг улайлгасан ч тал бий.

Ямар боловч баянголчуудын төлөөлөл дээрх гурван эрхэм бүрэн эрхээ өндөрлүүлэх шатандаа ороод явж байна. Энэ удаагийн УИХ-ын бүсчилсэн сонгуульд МАН тус дүүрэгт Х.Ганхуяг, Ж.Ганбаатар нарыг дахин нэр дэвшүүлэхээр ярилцаж буйгаас гадна Сонгинохайрхан дүүргийг төлөөлөн УИХ-д сонгогдсон Н.Учрал ах нарын аль нэгийг “жийж” Баянголоос нэр дэвшиж магадгүй сурагтай. Хэрэв тэгвэл тус дүүрэгт хөл сайтайгаараа Ж.Ганбаатар дүүрэгтээ Н.Учралтай тунан үлдэж, Х.Ганхуяг өөр тойрог руу холбирч магадгүй юм.

Харин АН-ын тухайд хэрэв С.Одонтуяа гишүүнийг жагсаалтад багтаавал тус дүүрэгт Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, сэтгүүлч Д.Энхтуяа, тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Эрдэнэбилэгийн Одбаяр нарыг дэвшүүлэхээр ярилцаж буй сураг гарсан. Эрдэнэбилэгийн Одбаяр нь  С.Эрдэнийн хүү Э.Одбаярын найз, С.Эрдэнэ “Ван”-гийн үед  Хүүхдийн төлөө газрын даргаар томилогдон 2017 онд АН-ын Хэрэг эрхлэх газрын дарга болсон ажээ. Харин С.Эрдэнийг хүчгүйдсэний дараа Х.Баттулгын талд “шилжиж” Л.Гантөмөрийн үед ил гарч иржээ. С.Эрдэнээс нүүр буруулахдаа зүгээр нэг явчихсангүй, нэрийг нь барьж залилан хийсэн ч гэдэг, ерөнхийдөө жудаг муутай эр хэмээн ойрын хүрээнийхэн нь хэлдэг юм билээ.  АН-ын хүчний хуваарилалтын талаас харвал түүнийг Х.Баттулгын талын хүн гэдэг. АН-ын 15 дэд даргын нэгээр тэрбээр бас тодорч байсан. АН-ын нөгөө нэг кандидат нь П.Галиндэв гэж сонсогдож байна. Тэрбээр мөн л С.Эрдэнэтэй “урцалдаж”, УИХ-ын суудал зардаг, бохир мөнгөөр албан тушаал наймаалцдаг хэмээн Үндсэн хуулийн Цэцэд өгч явсан нэгэн. Мөн л Х.Баттулгын талын хүн гэж дуулддаг. Өнөөхөндөө Баянгол дүүргээс УИХ-д нэр дэвшихээр горилж мэдэх хүмүүсийн талаар ийм мэдээллийн зах сэжүүр сонсогдоод эхэлжээ. Тун удахгүй горилогчид эцэслэгдэж, бусад намынхан нь өрөг дээр нүүх “бод”-уудаа ил гаргах биз ээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
jd(66.181.186.131) 2024 оны 03 сарын 07

2qBNla3j6EINUS8We9dazMp8DwVSHZUevpC41Bx7RzivXIj9RnZgd

0  |  0
E(202.9.40.185) 2024 оны 03 сарын 06

hovdiinhon hutagluulj mungu oldog

0  |  0
Top