УИХ-ын сонгууль холимог тогтолцоогоор явагдах бөгөөд УИХ-ын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэх аргаар сонгоно гэж заасан. Ингэхдээ тойргийг орон нутагт бүсчилсэн долоо, нийслэл Улаанбаатарт зургаа, нийт 13 байхаар тусгасан.
Тэгвэл ирэх сонгуулийн өнгө, хүрд эргүүлэх хүчний гол тулаан өрнөх бүс бол наран мандах нутаг Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг хамруулсан зургаадугаар тойрог юм.
Газар нутгийн онцлог, яс үндэс, уг гарвалаар нь авч үзвэл зүүн бүсийн гурван аймаг, дээр нь Говьсүмбэр аймаг хамтдаа нэг угшилтай. Түүхэнд Даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр Хунтайжийнхны үр садын эзэмшил нутаг байсан гэж тэмдэглэгдсэн. Хожим Сэцэн хан аймаг хэмээн нэрлэж байсан. Социализмын үед орон нутгийг хөгжүүлэх, боловсон хүчний бодлого, төлөвлөлтийн хүрээнд хийсэн томилгоонууд, үйлдвэр аж ахуйн газарт ажилчин ангийг бэлтгэх илгээлтийн эздийг дэмжих чиглэлд Сүхбаатар аймгийн иргэд Дорнодод очиж ажиллаж амьдрах, Хэнтий аймгийн иргэд Сүхбаатарт очиж суурьших зэргээр уугуул, суугуул иргэд холилдон суурьшсан. Тиймээс дээрх аймгийн иргэд хаа нэгтээ тааралдаж бие биеэсээ “Нутаг хаана вэ” гэж асуугаад зүүн зүг л бол “Өө, алтан нутаг” гэлцэн найрсан дотносон явцгаадаг. Одоо ч ийм. Судалгаа түшвэл Дорнод аймгийн хүн амын 50-аас илүү хувийг сүхбаатарчууд эзэлдэг. Хэнтий аймгийнх мөн адил. Сүхбаатар аймагт ч дээрх хоёр аймгаас гаралтай иргэд олноор амьдардаг. Энэ нэгдэл нягтрал нь өдгөө Үндсэн хуулийн өөрчлөлт, парламентад суудалтай намуудын зөвшилцлөөр УИХ-ын сонгуулийг эдийн засгийн бүсчилсэн хөгжилтэй уяж, том тойргоор явуулах гэж байгаа үед хамгийн том давуу тал болох болов уу.
Тухайн бүс нутгийн иргэдийн амь санаа нэг байна гэдэг засаг, төрөөс дэвшүүлж буй бүсчилсэн хөгжлийн утга учрыг ойлгож, нэгдсэн нэг том эрх ашгийнхаа үүднээс сонгуульд хандах нийцэл тэнд байсан гэсэн үг. Тэр үүднээсээ тэрхүү хөгжлийн хөтөч, элч төлөөлөгч, төрд төлөөлөх УИХ-ын гишүүд хэн байх вэ, ямар багийг сонгож байж хөгжил нь хөлөө олох вэ гэдэгт ихээхэн нухацтай хандах нь ойлгомжтой. Мэдээж тэд “шигшээ баг”-ийг төрд илгээж таарна.
Зүүн бүсийг бусад бүстэй харьцуулахад хүн амын тоо цөөн бөгөөд таруу. Эдийн засгийн өнөөгийн байдлыг баруун болон төвийн бүстэй харьцуулахад харьцангуй доогуур үзүүлэлттэй байна. Гэхдээ цаашдаа буюу ирэх 10 жилд илүү хурдтай хөгжих, эдийн засгийн нөөц, боломж байгаа гэдэгт ихээхэн итгэлтэй байгаагаа саяхан Улаанбаатар хотноо болсон “Бүсчилсэн хөгжил-Монголын эдийн засгийн форум”-ын үеэр тус аймгийн удирдлагууд хэлж байв. Өнөөдөр зүүн бүсэд долоон боомт бий. Энэ боомтуудаар түүхий эдийг гаргах эрхийг Засгийн газраас нээж өгвөл хөдөө аж ахуйн салбарт мах махан бүтээгдэхүүн гаргах боломжтой. Зөвхөн Бичигт боомтын цаад талд гэхэд зургаан сая өвөрмонголчууд оршин амьдарч байдаг нь эдийн засгийн том боломж юм. Газарзүйн байршлын давуу тал, түүнийг эдийн засагтай уялдуулан авч үзвэл гурван аймаг тус тусын онцлогтой. Социализмын үеэс зүүн бүсийн хөгжлийн төв гэгдэж ирсэн Дорнод аймаг бол үйлдвэрлэлийн район. Төр, засгаас аж үйлдвэржсэн хот болгох зорилт дэвшүүлэн хөгжүүлж ирсэн. Дээр нь мал аж ахуй, газар тариалан хөгжүүлэх боломж ихтэй. ОХУ, БНХАУ-тай хиллэдэг. Уур амьсгалын хувьд төвийн бүсээс харьцангуй дулаан байдаг. МУИС-ийн харьяа Зүүн бүсийн их сургууль, Политехник коллеж, МСҮТ гээд боловсролын салбарт боломжийн суурьтай. Газрын тосны “Петрочайна Дачин тамсаг”, Хөөтийн нүүрсний уурхай гээд томоохон уул уурхай хөгжиж ирсэн. Хөөтийн аж үйлдвэрийн парк байгуулна гэж нэг хэсэг яригдаж байсан.
Сүхбаатар аймгийн тухайд Бичигтийн боомт буюу Монгол Улсын далайд гарах хамгийн дөт зам дээр оршиж байгаа. Өнөөдөр дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч, хөгжингүй бүс Зүүн Өмнөд Азид байна. Тэр бараа, бүтээгдэхүүнийг Европын зах зээл рүү борлуулах боломжтой. Ийм том эрх ашгийн үүдэнд, эдийн засгийн нөлөө бүхий коридорын өмнө оршиж буй. БНХАУ-тай Бичигтийн боомтоор харилцаж ирсэн. Хүрэн нүүрсний орд, цайрын баяжмал, төмрийн хүдэр гээд ашигт малтмалын нөөц ихтэй. Мал аж ахуй, газар тариалан эрхлэх боломж арвин. Алтан-Овоо, Шилийн Богдын чиглэлд аялал жуулчлал хөгжүүлэх боломжтой.
Хэнтий аймаг бол Их Эзэн Чингис хааны өлгий нутаг. Түүхэн газар нутгийн маршрутыг сайн зохион байгуулснаар аялал жуулчлал татах өргөн боломжтой. Энэ чиглэлд томоохон бүтээн байгуулалтууд хийгдэж байгаагаараа онцлог. Хэдийгээр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ бүсчилсэн хөгжлийн бодлого бол аль нэг аймгийн онцолж хөгжүүлэх, уралдаан биш, хөдөөг тэгш хөгжүүлнэ хэмээсэн ч зүүн бүсийн хөгжил өөрөө улсын хөгжлийг тодорхойлох, эдийн засгийг тэлэх ирээдүй юм. Иймд бүсчилсэн хөгжлийн ачааг татах, бодлогыг чиглүүлж явах тийм л төлөөллийг гаргаж ирэх учиртай.
УИХ-ын мандатын тоогоор бол өнөөдөр Хэнтий аймаг гурав, Дорнод аймаг хоёр, Сүхбаатар аймаг хоёр, нийт долоон мандаттай. Тэгэхээр зүүн бүсээс долоон гишүүн УИХ-д сонгогдоно. Нэг намаас долоон нэр дэвшигчийг баг болгож илгээнэ гэвэл, МАН-аас долоо, АН-аас долоо, ХҮН-аас долоо, МНН-МҮАН-ын Үндэсний эвсэлээс долоо, ШИНЭ намаас долоо гэхчлэн ер хэчнээн хүн нэр дэвшихийг таашгүй.
Улстөрийн угшлыг хөөвөл Дорнод аймаг ардчиллын эхний он жилүүдэд, тодруулбал 1996-2000 онд Санжаасүрэнгийн Зориг, Соёлсүрэнгийн Билэгсайхан, Д.Энхбаатар /бригадын генерал/ нарыг төрд илгээж байв. Тус аймгийн Баян-Уул, Баяндун гэхчлэн хойд талын буриад сумд ардчиллынхныг ихээхэн дэмждэг байсан. С.Зориг агсны үйл хэргийг дүү С.Оюун нь үргэлжүүлж тус тойргоос УИХ-д гарч байсан. Түүнээс хойш тус тойрог “улаан тойрог” болж, МАН-ын гишүүд УИХ-д төлөөлж ирсэн. Өдгөө Ц.Сэргэлэн, Х.Болорчулуун нар УИХ-д төлөөлж байна.
Хэнтий аймгаас 1996 оны УИХ-ын сонгуульд Да.Ганболд сонгогдсоноос өөр ардчиллынхан гарсангүй, “улаан тойрог” болж дархлагдсан. Ялангуяа дархан аварга Б.Бат-Эрдэнэ бол тус тойрогт сонгууль болгоноор босоо түрүүлж ирсэн. 2020 оны УИХ-ын сонгуульд хэнтийчүүд МАН-аас нэр дэвшсэн Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ, У.Хүрэлсүх нарыг сонгосон. У.Хүрэлсүхийг Ерөнхийлөгчийн тангараг өргөсний дараа нөхөн сонгуульд МАН-аас Ц.Идэрбат УИХ-ын гишүүнээр сонгогдсон.
Сүхбаатар аймагт АН-аас нэр дэвшсэн Мөнхчулууны Зоригт нэг удаа УИХ-д сонгогдож байсныг эс тооцвол УИХ-ын гишүүн, Сангийн сайдаар хэдэнтээ улиран ажилласан Ч.Улаан зоолттой нэр дэвшдэг, нэр дэвшсэн бол сонгогддог ийм л явж ирсэн. Тэгвэл Ч.Улаанаас хойш цэнхэр тойрог болсон. 2020 оны УИХ-ын сонгуульд тус аймагт МАН-аас УИХ-ын гишүүн асан, Монголын улс төрийн “төмөр хатагтай” хэмээн нэрлэгддэг Т.Ганди, Сүхбаатар аймгийн Засаг даргаар хэсэг хугацаанд ажиллаж байсан Ж.Энхтөр нар нэр дэвшин өрсөлдсөн. Гэсэн ч тус аймгийнхан АН-аас нэр дэвшсэн Ж.Батсуурь, Н.Ганибал нарыг УИХ-д сонгосон. Улмаар орон нутгийн сонгуульд Ардчилсан намыг багаар нь сонгосноор тус аймгийн төрийн эрхийг өдгөө АН барьж буй.
2024 оны сонгуульд зүүн бүсийн зургаадугаар тойрогт “том тулаан” өрнөнө хэмээн үзэхийн учир нь МАН-аас Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өөрийн тойрогт очиж нэр дэвших байх гэсэн таамаг бий. Гүйцэтгэх засаглалыг тэргүүлсэн он жилүүдэд авлигатай тэмцэж, 30 жилд бугшсан том хэргүүдийг илчилж, хариуцлага тооцуулж, алдаа завхралыг засах зам руу оруулж яваа, өдгөө бүсчилсэн хөгжлийн бодлогын автор гээд хаанаас нь ч харсан тэр том өрсөлдөгч өчнөөн зүйл бий. Намын даргын хувьд, Ерөнхий сайдаар ажиллахдаа шанг нь татсан бүчилсэн хөгжлийнхөө бүслүүрийг наран мандах зүгээс чангалан татаж ирэх тухайд ч, тус тойрогт намаа ялуулах тактик талаас ч тийм байх болов уу. Гэтэл Л.Оюун-Эрдэнэ хаана нэр дэвшинэ вэ, би тэнд очиж хал үзнэ гээд ханцуйгаа “шамлаж” яваа хүн бий. Тэр бол МНН-МҮАН-ын эвслийн тэргүүн болсон Н.Номтойбаяр. Түүний хувьд өмнө нь Дорнодоос УИХ-д нэр дэвшиж гишүүнээр сонгогдож байсан. Одоо очиход ч гарах магадлал өндөр. Хэнтий аймагт бүү хэл, Монголын хаанаас ч нэр дэвшлээ гэхэд бардам гарч ирэх Б.Бат-Эрдэнэ аварга тойргоо солихгүй, хэнтийчүүд түүнээс хэзээ ч нүүр буруулахгүй нь тодорхой. Ц.Идэрбат эргэж нэр дэвших эсэх нь одоогоор чимээгүй байна. Харин АН-аас хүний эрхийн зүтгэлтэн, АН-ын ҮБХ-ны гишүүн Э.Цэцэгсайхан хэмээх бүсгүй төрсөн нутаг Хан Хэнтийг түшин зүүн бүсэд нэр дэвших сураг дуулдсан. Мөн тав дахь Ерөнхийлөгч Х.Баттулгын үед Ерөнхийлөгчийн Хэвлэл, мэдээллийн албаны даргаар ажиллаж байсан, өдгөө МСНЭ-ийн дэд даргын албыг хашиж буй, АН-ын ҮБХ-ны гишүүн Ж.Цэсэн зүүн бүсэд нэр дэвшинэ гэсэн мэдээлэл эртнээс дуулдсан. Мөн 2020 оны УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймагт Япон улсаас цахимаар нэр дэвшиж оролцсон Р.Энхтуяа гэж бүсгүй бий. Тухайн үед “Зөв хүн-Электорат” эвслээс нэр дэвшиж байсан тэрбээр энэ удаагийн сонгуульд ч оролцоно гэдгээ албан ёсоор илэрхийлээд байгаа.
Дорнод аймагт ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун зоолттой нэр дэвшинэ. Тэгвэл түүнтэй хамт Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн нэр дэвших нь нэлээн эртнээс тодорхой болчихсон, намын даргаасаа ч “виз”-ээ авчихсан гэлцэж байна.
Сүхбаатар аймгаас УИХ-д сууж буй Ж.Батсуурь, Н.Ганибал нарын хувьд АН-ын зүүн бүсэд нэр дэвших багийг ахалж явах нь тодорхой. Нам нь ч ихээхэн итгэл найдлага тавьж буй гэлцэж байна. Харин МАН-аас тус аймагт Сүхбаатар аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн дарга У.Отгонбаяр, Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай нарыг нэр дэвших нь гэсэн яриа эртнээс дуулдсан. У.Отгонбаяр бол одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн төрсөн дүү. Х.Алтай бол Элчин сайд асан Л.Хангайн хүү, эцэг өвгөд нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумаас гаралтай. Энэ утгаараа тийшээ жолоо залсан биз. У.Отгонбаярын хувьд ээж аав, эмээ өвөөгөө яривал Хэнтийн Галшар, Сүхбаатар аймгийн Халзан сумаас гаралтай. Сүүлийн жилүүдэд Сүхбаатар аймгийн Улаанбаатар дахь нутгийн зөвлөлийн даргаар ажиллаж, сүхбаатарчуудтай холбоотой явж ирсэн. Мөн Ерөнхий сайдын Хөдөө, орон нутгийн асуудал хариуцсан зөвлөхийн хувиар ч орон нутагтай холбоотой ажиллаж байгаа нэгэн.
Гэхдээ сонгууль боллоо гэхэд хэн нь илүү оноо авахыг таашгүй. Өнөөгийн байдлаар бол зүүн бүс цас зудын гамшигт нэрвэгдэж, малчид туйлдсан байна. Гэхдээ зудын дараах малчдын сэтгэл зүй, сонгогчдын байр суурь ямархуу байдалтай байх нь бол ойлгомжтой. Зарим нь сонгуультай манатай байх биз. Гэхдээ л сонгууль болдгоороо болно, хэн нэгнийг сонгох тодорхой. Өнөөдрийн байдлаар хэн нь хэн бэ гэдэгт прогноз хийж үзвэл мал аж ахуйг хөгжүүлэх, төрөөс дэмжих, малчдын аж амьдралыг дээшлүүлэх тухай УИХ дээр байнга ярьж байдаг учраас Сүхбаатарын хоёр гишүүн зүүн бүсэд рейтинг нь хамгийн өндөр явна. Монголчууд цас зуд гэдгийг таг мартсан үед “Малчид мачийтал зүтгэж байхад хотод паартай байшинд кофе уугаад жаргалтай сууж байгаа та нар нэг кг махыг 36 мянган төгрөгөөр авч идэхэд яадаг юм бэ” гэж чуулганы танхимд зад загнаж байсан Ж.Батсуурь тэр үед л орон нутагт оноогоо ахиулж, рейтингээ өсгөж байсныг хэн мэдлээ. Одоо цас зудын үед түүний үг хүн болгоны орой руу орж байх жишээтэй.
УИХ-ын гишүүн Н.Ганибалын хувьд ХХААХҮЯ-ны мал аж ахуйн бодлого, зохицуулалтыйн газрын даргаар ажиллаж байх үеэсээ малчидтай ойр явж ирсэн нэгэн. Тэгэхээр махны экспортын асуудлаар Ерөнхий сайдад асуулга тавьж, малчдыг дэмжих чиглэлээр бүрэн эрхийнхээ хугацаанд чамгүй ажилласан нь ирэх сонгуульд зүүн бүсээс гарч ирэх замыг нь засчихсан хүлээж байгаа гэхэд хэтрүүлсэн болохгүй.
Горилогчдоос зүүн бүсэд нэр нөлөө өндөр байгаа өөр нэгэн бол Дорнод аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн юм. Уул уурхайнханд шударга шаардлага тавьж ирсэн, тэр хэрээр иргэдийнхээ итгэлийг хүлээсэн. Төрд ийм л хүнийг гаргаж ирэх хэрэгтэй гэсэн хүлээлтэд нийцсэн хүн хэмээн түүнд дорнодчууд ам сайтай байна. Дорнод аймаг өөрийнх нь төрсөн нутаг бол, Сүхбаатар аймгийн хүргэн гэдэг утгаар сүхбаатарчууд түүнийг ихээхэн дэмждэг аж.
Тойргийн тоог буулгасан шооны нүх зургаа дээр ийнхүү буусан ч горилогч, нэр дэвшигчдийн нэрс бүрэн тодорхой болоогүй байна. Гэхдээ л наран ургах нутаг зүүн бүсэд сонгуулийн том тулаан өрнөнө гэсэн таамаг байсаар.
Сэтгэгдэл ( 11 )
За Батэрдэнэ одоо больмоор байна 1 гэн жил л монголийн ёрөнхийлөгч байх ёстой юм сан энэ Бат эрдэнэ хүүрийг ёрөнхийлөгчөөс салгамаар байна аа тэр хүүр яаж яваад ёрөнхийлөгч болцийн тэр ийм олон жил байгаа тэгчээд эх монгол улсадаа юу ч хийгээгүй энийг Бат эрдэнэ ёрөнхийлөгч харж байвал хурдана өөр ёрөнхийлөгч тавиачээ тэгэхгүй бол монголоос хөөчихөн шүү
Тулалдаад байх юмгүй АН нам цаашаа шүү
Бөх Бат-Эрдэнийг одоо болиосой. Энэ эх орондоо юу бүтээж гийгүүлэв? Юу ч байхгүй шүү!!! Цаашид бөх, дуучдыг л бүү нэр дэвшүүлэхээр!
Одоо хулгаич үхэр монголчууд ыг сонгомооргүи хууль шүүхээр хамгаалуулсан хоёр намын МАН-АН хулгаич нар юуч хийгээгүй идэж ууж яахаас буцахаа баисан
80955877
SEXSDN8P955877
Бат-Эрдэнэ бол одоо лай л байна, Хэнтийн хэн энэ тэнэг бөхөөсөө салмаар юм
нэг хүн нэг л удаа дэвших эрхтэй байхаар үндсэн хуулинд зааж өгөх хэрэгтэй. хэдэн луйварчид хүний хагас амьдралын хугацаанд их хуралд суучихаад улс орноо тонож байж болохгүй биздээ.
Б.Батардэнэ л биш бол хэн ч байсан яахав.
Монголын хамгийн өтгөн сайхан бэлчээртэй Сүхбаатар аймгийнхан яагаад энэ зудын өвөл мал аж ахуйгаа хамгаас их хорогдуулав. Ардчилал нь малаа мартахад хүргэв үү.
Чөлөөт хэвлэл нэртэй холоопууд юу ч гэж хуцсан монголчууд МАНАН гийн бузар булхай, үнэн нүүр царайг сайн таньж мэдээд тэднээс бүрмөсөн салахын түүс болж сонгуулийг хүлээж байна. Битгий горьдоорой МАНАН чуудаа.