“Алтан бүс” буюу тавдугаар тойрог

2024 оны 02 сарын 06

УИХ-ын 2024 оны сонгуулийг холимог тогтолцоогоор, мажоритар хэсгийг нь бүсчилсэн том тойргоор явуулахаар шийдсэн нь нэр дэвшигчдийн талаар өмнө төсөөлж байсан олон зүйлийг 180 градус эргүүлсэн.

Бүсчилсэн сонгуулийн тавдугаар тойргийг Төв, Сэлэнгэ, Дархан-Уул аймаг бүрдүүлж 10 мандат дээр нэр дэвшигчдийг өрсөлдүүлнэ. Газар тариалан, үйлдвэр, эрчимжсэн хөдөө аж ахуйн бүс, Монгол Улсыг хөрш орнуудтай холбосон төмөр зам, авто замын зангилаа бүхий газар гэдгээр нь тус тойргийг “Алтан бүс” хэмээн нэрлэж болно. Одоогийн УИХ-д Төв аймгаас Ж.Батжаргал, Н.Энхболд, Ц.Туваан, Сэлэнгээс Ж.Эрдэнэбат, Ч.Ундрам, Д.Өнөрболор, Дархан-Уул аймгаас Б.Жавхлан, Г.Дамдинням, Б.Баттөмөр нарын 9 гишүүн сонгогдон ажиллаж байгаа. Ц.Туваан АН, бусад нь МАН-ын төлөөлөл.

Ирэх зун болох сонгуульд энэ 9 гишүүн бүгд эргэн нэр дэвшихээр цээжин цаанаа төлөвлөсөн нь мэдээж. Ж.Батжаргал гишүүний хувьд жинхэнэ амьдрал дундаас, хөдөөгийн сумаас дээшээ гарч ирснээрээ “өргөгч цамхгаар” татуулж дэвшиж өгссөн заримаас тэс өөр. МУИС-ийг банкны эдийн засагч мэргэжлээр төгссөнөөсөө хойш Баян-Өнжүүл сумандаа ХААН банкны салбарын эдийн засагчаас эхлээд ИТХ-ын дарга хүртэл дэвшиж, сүүлдээ Төв аймгийн Засаг даргаас УИХ-ын гишүүний суудалд суусан, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд сонгогчдынхоо чихийг халууцуулах зүйл хийсэнгүй, алба ажлаа дүн нуруутай хашсаар өдийг хүрсэн учир дахин нэр дэвшихэд саад тотгор байхгүй гэж хэлж болно.

Н.Энхболд гишүүн Төв аймгаасаа завсаргүй таван удаа УИХ-д сонгогдсон парламентын “партизан”-уудын нэг. Өнгөрсөн олон жилийн хугацаанд Монгол Улсын Гадаад харилцаа, батлан хамгаалахын салбарыг удирдаж явсан сайд. Одоо бол УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга. Парламентын нуруутай гишүүдийн нэг гэгддэг тэрбээр хэрэв нас ахисан гэдэг үндэслэлээр зодог тайлахгүй л бол МАН-ын жагсаалтаар буцаад нэгэн бүрэн эрхийн хугацаанд төр түших боломжтой хэмээн яригдаж байгаа дуулдана.

Ц.Туваан гишүүн энэ ес дотроо ганцаараа АН-ын төлөөлөл. С.Эрдэнэтэй АН-ын тамгыг “нааш цааш” гүйлгэж, намын дарга мөн, биш гэгдэж, мөнөөх тамгаа О.Цогтгэрэл гишүүнд дамжуулсан хэдий ч түүнийг нь АН-ын хуваагдсан гишүүдийн зарим хэсэг хүлээн зөвшөөрөөгүй. Явсаар явсаар тамганы асуудал шүүх дээр очихдоо тулж,  “хуурамч” байж магадгүй болж, Л.Гантөмөр намын дарга болохдоо шинэ тамга “сийлүүлснээр” маргаанд цэг тавигдсан. Харин өдгөө Ц.Туваан гишүүн 2024 оны УИХ-ын сонгуулиар тойрогтоо очихоо мэдэгдэж,” Миний дарга бол намайг томилдог ард түмэн” гэж хэлснээс үзвэл АН нэр дэвшүүлсэн дэвшүүлээгүй бие даагаад ч хамаагүй өрсөлдөх шинжтэй. “УИХ-ын Тамгын газраас гаргасан статистикаар хамгийн олон хуулийн ажлын хэсэгт орж ажилласан гишүүдийн нэг нь би” хэмээн өөртөө дүн тавьсан.

Сэлэнгийн гурав дуулиантай. Ж.Эрдэнэбат гишүүн “ангийнхнаасаа” бүтэн есөн сарын дараа буюу 2021 оны гуравдугаар сард бүрэн эрхээ баталгаажуулж тангараг өргөсөн юм. Тэрбээр 2020 оны сонгуульд  МАН-аас нэр дэвшиж өрсөлдөх явцдаа сурталчилгаан дундуураа баривчлагдан саатуулагдсан. Тэгсэн хэдий ч ялалт байгуулсан. Түүнийг авлига, албан тушаалын гэмт хэрэгт буруутган  анхан болон давж заалдах шатны шүүхээс ял оноосон ч Улсын дээд шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан. Буруутай, буруугүй гэх маргаан үргэлжилсний эцэст тэрбээр суллагдаж он дамнан байж УИХ-ын гишүүний тангаргаа өргөсөн. Сангийн сайд явсан, Ерөнхий сайд байхдаа огцорч халуун чулуу долоож үзсэн. Түүнээс ч болсон уу, дахин ямар нэг алба давхар хашилгүй дан дээлтэй гишүүн явсаар өдийг хүрлээ.

Сэлэнгийн гурвын хоёр нь эмэгтэй гишүүн гэдгээрээ онцлог. Д.Өнөрболор гишүүний хувьд өдгөө ч дуулиан тасраагүй байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг Х.Ганхуяг, П.Анужин, Х.Булгантуяа нарын гишүүдийн хамт санаачлагчдын нэг байсан юм. Явцын дунд гадаадын хөрөнгө оруулагчдад давуу эрх олгох гэсэн хэмээх зэмд унаж, Д.Өнөрболор, П.Анужин хоёр нэрээ татаж дуулианы эзэд болсон. Саяхан сүртэй шуугиснаас бус энэ хуулийн төслийн шуугиан бараг гурван жилийн өмнө ингэж мандсан юм. Москвагийн Улаан талбай дээр төрийн айлчлалын хүндэт харуул жагсаж байхад сельфи хийж төрийн хүний намбагүй загнасан гэсэн “хэрэг”-т булхаж ч үзсэн. Гэхдээ энэ бүхэн түүний дахин нэр дэвшихэд нэг их нөлөөлөхгүй байх талтай.

Ч.Ундрам гишүүн гэр бүлийн хувьд тогтворгүй байдал гаргасан, үр хүүхэддээ гар хүрч хатуу хандсан гэж нэг хэсэг хэрэг мандаасан ч сүүлдээ зөөлөрч намжсан. Түүнийг сэтгэл зүйн хувьд том цохилт авсан ч хэр баргийн муу эрээс илүү тэсвэрлэн ард нь гарсан хэмээн хэлдэг хүн олон юм билээ. “Эр нэг эндэж эрэг нэг нурдаг” гэгчээр Сэлэнгийн гурван гишүүн юм юм л үзлээ, хал үзэж хат суусан тэр гурав эргэн нэр дэвшихээр төлөвлөж байгаа хэмээн дуулддаг. Нам нь нэр дэвшүүлэхгүй байлаа ч бие дааж мэдэх л хүмүүс.

Дархан-Уулын гурвын хувьд Б.Баттөмөр гишүүн нүүрсний хэрэгт нэр холбогдоод авсан ч хууль хяналтын байгууллагаар орж нэрээ цэвэрлэсэн. “Үнэндээ бол нүүрс гэдэг зүйлийн барааг харснаас цаашгүй” гэж байсан нь үнэн бололтой. Түүний 100 хувь эзэмшдэг “Ойн бирж” компани эзэмшил газраа зориулалтын бусаар ашигласан, орчны бохирдол үүсгэсэн тул газар эзэмших эрхийг нь цуцлах санал гарч дуулианд ороогдсон. Гэвч хэрэгт ороогдмогц мултраад гардаг нэг тийм “аз” түүнд бий.

Б.Жавхлан гишүүн эхэн үедээ идэвх муутай, саарал гишүүн хэмээн гоочлуулж байсан ч яван чангарч, Сангийн сайд болсноосоо хойш Монгол Улсын эдийн засгийг сэргээхэд чармайлт гаргаж ямар ч гэсэн гадаад өрүүдийг цэгцлэн ойрын хэдэн жилд өр төлөхөөргүй болгож чадсанаараа өөрийнхөө үнэлэмжийг ахиулж чадсан. Улсын сан атгаж байгаагийнх, түүний танхимд нь багтдаг Засгийн газар  цалин, тэтгэврийг нэмээд авсан. Тэрбээр ирэх сонгуульд Дархан-Уулаасаа гадна аавынхаа нутаг Сүхбаатар аймгийг давхар “онилж” зүүн гурван аймгийн бүсээс “тоосоо өргөж” магадгүй дуулдана. Г.Дамдинням гишүүний хувьд Боловсрол,соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга  байсан. Дуусаж өгдөггүй Дарханы замаас болж “шахаж шаарддаггүй” гэсэн муу нэрийг нэлээд зүүсэн, гэхдээ өөрийгөө чамгүй тэмцэж байж уг ажлыг урагшлуулсан гэдэг. Одоо бас л учир нь олдож өгдөггүй Дарханы Арьс шир боловсруулах цогцолборын ажлыг урагшуулахаар амлаад явж байна. Үүнээсээ болоод тэрбээр “Урагшилдаггүй амлалтуудын эзэн” гэх хоч зүүгээд авсан нь ч бий. Ямартай ч Дарханы гурав дахин өрсөлдөх нь бараг тодорхой болж байх шиг байна.

Тэгвэл шинээр уг бүсэд нэр дэвшин өрсөлдөхөөр хэн хэний сураг гарч байна вэ?

МАН-ын гол найдвар бол ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга байгаад ажлаа өгсөн Ж.Энхбаяр гэж үздэг. Ерөөсөө ч ажлаа хүлээлгэн өгсөн нь нэр дэвшихтэй холбоотой. Өмнө нь УИХ-ын гишүүн байсан, Батлан хамгаалах яамыг толгойлж үзсэн тэрбээр тавдугаар тойргийг онилоод байгаа. Дархан-Уул аймгийн Засаг дарга Б.Азжаргал Дарханы бүс нутагтаа чансаа өндөртэй яваа. Ковидын болон бусад эгзэгтэй үеэр аймгаа сайн зохион байгуулснаараа тэрбээр сайн оноо цуглуулж чадсан. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, Төв аймгийн Засаг дарга Д.Мөнхбаатар нар нэр дэвших магадлал өндөр дуулдана. МАХН-ын байгаад МАН-ын нарийн бичгийн дарга болсон, өдгөө Монгол Улсын сайд, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга тус тойргийн бас нэг кандидатаар тодорсон сурагтай. Өмнө нь тэрбээр Байгаль орчин, ногоон хөгжлийн дэд сайд, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайдаар ажиллаж байсан, ажлаа ч муугүй гүйцэтгэж ирсэн.

Тэгвэл одоо дуулдаж буй сургаар АН-аас С.Баярцогт тавдугаар тойрогт нэр дэвшихээр идэвхийлж буй гэх. Түүний муу нэр хусагдаж дуусаагүй ч УИХ-д дахин нэр дэвшихээр бүх талын арга чарга хайн хөөцөлдөж яваа юм гэнэ лээ. Өөр нэг горилогч нь АН-ын залуусын төлөөлөл С.Эрдэнэболд болж таарч байна. Тэрбээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч байсан, багагүй гүйлгээ ухаантай, Марс-V хэмээх содон төсөл хэрэгжүүлж уг төсөл хүн төрөлхтний Марс гарагийг эзэмших хүсэл тэмүүллийн холбоос байх болно хэмээн чанга дуугаар мэдэгдсэн. “Манай баг сансар судлалын шинжлэх ухааны салбарт ажиллаж буй эрдэмтэн судлаачид, инженер техникийн чадварлаг залуусыг эгнээндээ нэгтгэсэн” гэж зарлан дэлхий Ангараг хоёрыг Монгол талаас “холбохоор” сэтгэж яваа өвөрмөц нэгэн. Уг гарлаараа Төв аймгийнх бөгөөд Дархан хотод төрсөн гэдгээрээ тавдугаар тойрогтоо танил болсон гэж хэлж болно.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулгын зөвлөх байсан Д.Үүрийнтуяаг энэ тойрогт илгээх боломжтой гэж АН үзэж буй бололтой. Өмнө нь тэрбээр Сэлэнгэд нэр дэвшиж, өвдөг шороодож үзсэн. Ашигт малтмалын газрын дэд дарга, дарга, Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн гишүүн, Улсын нийгмийн даатгалын ерөнхий газарт албаны дарга, Ардчилсан намын Хэрэг эрхлэх газрын даргын алба хашиж явсан. Нийгмийн даатгалын асуудлаас болж С.Эрдэнийн хамт “аавын” хаалга ч татаж үзсэн. Дуулиантайхан энэ бүсгүйг АН дахин тавдугаар тойрогт илгээж магадгүй байна.

УИХ-ын 2024 оны сонгуульд нэр дэвшихээр горилогчдын тоонд дээрх эрхмүүд багтахаар зүтгэж байгаа сураг сонгуулийн чимээ алсхан хэдий ч чих дэлсэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(66.181.177.29) 2024 оны 02 сарын 06

Za undram,unurbolor 2 odoo geryee suuj dakd or hend ch hereggui chavka nar

0  |  0
E(202.9.40.168) 2024 оны 02 сарын 06

Tehiin zogsooliin seseer ovogtoi suhee hogiin hulgaich hontsiin shees hontsiin huuhed seseeriin saltaanii buus

0  |  0
Хүү(59.153.114.139) 2024 оны 02 сарын 06

Хуучин хөгшин хулгайч гишүүд болон тэдний хүүхдүүд бас гар хөл суга цавины үсгүүдийг сонгуульд бүү ойртуул хүүхэд сонгогдлоо гэхэд хулгайч эцгийнхээ төлөө хулгайлна энэ улсад юуч хийхгүй

0  |  0
Top