“Говьд хүн болж төрснөөс хангайд бух болж төрсөн нь дээр” гэдэг үг аль эрт утгаа алджээ. Монголын говь үүцээ задлаж, мөнгөний урсгал татаад эхэлмэгц хуучны юм ул болж, говь тийш тэмүүлэх сэдэл ялангуяа улстөрчдийг гижигдэх болов. Энэ утгаараа Өмнөговь, Дорноговь, Дундговь, Говьсүмбэрийг хамарсан УИХ-ын сонгуулийн долоодугаар тойрог жинхэнээсээ өнгө, мөнгөний өрсөлдөөний талбар болох төлөвтэй. Тиймээс л сонгуулийн чимээ ч үгүй, бүсчилсэн тойргийг дурсаа ч үгүй байх үеэс л говьд нэр дэвших магадлал бүхий нөхдийг энэ тэр хэрэгт хольж, холбож нэрийг нь харлуулах аян эхлээгүй юу.
Говийн дөрвөн аймгийг нэгтгэсэн долоодугаар тойрог долоон мандаттай. Өнөөгийн УИХ-д Дундговь, Говьсүмбэр аймгийг нэгтгэсэн зургаадугаар тойргоос Сү.Батболд, Г.Мөнхцэцэг, Дорноговь аймгийн наймдугаар тойргоос Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин, Өмнөговь аймгийн 11 дүгээр тойргоос Н.Наранбаатар, Д.Бат-Эрдэнэ нар сонгогдсон юм. Д.Бат-Эрдэнэ АН-ын төлөөлөл, бусад нь МАН-ын гишүүд.
Тэднээс хамгийн их дуулиан дагуулсан нь Өмнөговийн хоёр гишүүн. Ялангуяа Д.Бат-Эрдэнэ. Уг нь тэрбээр Өмнөговь аймгаас парламентад гурвантаа сонгогдсон дархан түшээ байсан юм. Бас Их Хурлын гишүүд дундаа хөрөнгөөрөө толгой цохидог эрхэм. УИХ-ын 2023 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн чуулганы нэгдсэн хуралдаанаар түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан. УИХ-ын 18 тоот тогтоолд” Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн есдүгээр зүйлийн 9.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнийн Улсын Их Хурлын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсүгэй.
2.Энэ тогтоолыг 2023 оны 03 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй” гэжээ. Түүнийг “Нүүрсний” хэрэгт хамаатуулан хоёр үндэслэлээр буруутгасны нэг нь “Тавантолгой” ХК болон “Тавантолгой транс” компанийн хоорондын өр авлагаар хуурамч бичиг баримт үйлдсэн хэргийг зохион байгуулсан хэмээх явдал. Мөн “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал, нягтлан бодогч нарыг томилон зохион байгуулалттай гэмт бүлэглэл байгуулан ногдол ашгийг илүү хуваарилан авсан гэх бас нэг үндэслэл байгаа юм. Нүүрсний сонсголын үеэр чихэндээ итгэмээргүй зүйлүүд олон дуулдсаны дотор тэнгэр хангай зарим хүнийг ивээж бороо хур харамгүй илгээн нүүрстэй холбоотой баримтуудыг нь “ухаалаг үер”-ээр урсгаж одсон тухай яриа.
Тэр азтан нь мөнөөх л “Ажнай” Д.Бат-Эрдэнэ. Түүний “Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн даргаар ажиллаж байсан үеийн бүх бичиг баримт байхгүй болсны шалтгаан нь Өмнөговь аймагт их үер бууж архивын материалаас чухам яг тэр хэсгийг “тасдан” урсгаж одсон гэнэ.
Мордохын хазгай гэгчээр нэр дэвшин өрсөлдөж эхлэхээсээ л тэрбээр хэл аманд орооцолдсон. Сонгуулийн сурталчилгаагаа хэд хоногоор хоцорч эхлүүлсэн нь түүнийг гадаадад аялж яваад ковидын хөл хорионд орсноос шалтгаалсан гэх сургийг дагуулсан төдийгүй Даланзадгад хотод иргэдтэй хийсэн анхны уулзалт дээрээ л “Муураа нуусан хумс шиг” хэмээн хэл халтирч “Согтуу байгаа юм уу” хэмээн сонгогчид даапаалаад авсан. “Хумсаа нуусан муур шиг” гэж хэлж байгаа нь тэр л дээ. УИХ-д сонгогдсон гишүүд батламжаа гардахад Д.Бат-Эрдэнэ байсангүй. Эхнээсээ ингэж эзгүй байсан нь бүрэн эрхээ дуусгаж чадалгүй суудлаа орхихын цондон ч байсан юм шиг.
Н.Наранбаатар гишүүн ч нүүрсний хэрэгт нэр дуулдаад эхэлмэгц Д.Бат-Эрдэнэ гишүүний дэмжигчид гэх хэсэг иргэн Өмнөговьд цуглаан хийж, төрд түшээгүй болох нь. “Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхээ боль” хэмээн хумслагч гишүүнээ өмөөрсөн акц хийгээд авсан. Төрд хэрэг үйлдсэн түшээ залаад сууж байх нь гавьяа мэт тэр “үзэгдэл”-ийг мань гишүүн өөрөө санхүүжүүлж хийлгэсэн гэх яриа дуулдаж байв. Угаасаа анх сонгогдохдоо л жижиг Тавантолгойгоос орон нутгийн хишиг гэж айл өрхийн ам бүл болгонд мөнгө олгоно гэж гарч ирсэн хүн л дээ.
Нөгөө гишүүн Н.Наранбаатар нь мөн л нүүрсний хэрэгт холбогдоод яллагдагч нэр зүүгээд авсан. Түүнийг үндэслэлгүй хөрөнгөжсөн, эрх мэдлээ урвуулан ашигласан хэмээн шалгахаар болсон юм. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар өөрөө бол "Би нүүрсний хэрэгт хамааралгүй тул бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг үндэслэлгүй гэж үзэж байна" хэмээн мэдэгдсэн. Харин Д.Бат-Эрдэнэ гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлсэн мөнөөх чуулганы хуралдаанаар УИХ-ын гишүүн Н.Наранбаатарын бүрэн эрхийг түдгэлзүүлэхгүйгээр шалгах боломжтой гэж үзэн суудалд нь үлдээсэн юм.
Дундговь, Говьсүмбэр аймгийг хамтатгасан зургаадугаар тойргоос сонгогдсон гишүүд болох Сү.Батболд, Г.Мөнхцэцэг нар харин ямар нэг хэрэг төвөг, хэл аманд орооцолдолгүй төр түшсээр бүрэн эрхээ өндөрлүүлэх гэж байна. Сү.Батболдын хувьд бүр дээхнэ нэг үе Тавантолгойтой “нэр холбогдож” байсан ч “Энержи Ресурс” консерциумын 86 хувийг Ашигт малтмалын тухай хуулийн дагуу Засгийн газраас улсын мэдэлд авахаар тогтох үед тухайн орд газрын багагүй хувийг эзэмшиж байсан Сү.Батболдын “Алтай холдинг” компани ч Засгийн газрын шийдвэрийг ёсоор болгон дагаж байсан юм. Дорноговийн сонгогчдын төлөөлөл Б.Дэлгэрсайхан гишүүний хувьд “Нүүрсний төмөр замыг эрхшээгч” хочийг нэг хүртэж, уул уурхайтай холбоотой хэрэгт нэр холбогдоод үзсэн ч бодитоор хууль хяналтад дуудагдсан зүйл гарсангүй. Нэг хэсэг хөлөө гэмтээж таягтай явсан үеэр “Хятад иргэнийг зодож гэнэ” гэх яриа гараад намжсан. Өөрөө үүнийгээ эрс үгүйсгэдэг юм. Өнгөрсөн оны сүүлээр тэрбээр Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны даргаар томилогдон “Түгжрэлийн сайд” нэрийг хүртээд буй. Улаанбаатарын түгжрэл ч тэгээд сайдтай сайдгүй архагшиж хоцорсон юм хойно, тийм амар арилна гэдэг ч үлгэрийн далай.
Т.Энхтүвшин гишүүн Дорноговь аймгийн Засаг дарга байгаад төрийн түшээгээр сонгогдсон. Гишүүн болсноосоо хойш хөрөнгө орлого нь ихээхэн өссөн гэсэн яриа гарсан ч тэр нь хувьцаа эзэмшдэг компаниудынх нь ашиг гэсэн үгээр дарагдсан билээ. 2022-2023 онд УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны даргаар ажилласан, анх удаа сонгогдсон гишүүн гэхэд байнгын хороо толгойлно гэдэг бас ч итгэл хүлээлгэж болох хүн гэсэн үзүүлэлт юм.
Тэгвэл говийн аймгуудыг хамруулсан долоодугаар тойргоос УИХ-ын 2024 оны сонгуульд хэн хэн нэр дэвшихээр горилох боломжтой вэ гэдгийг авч үзье.
Одоогийн УИХ-ын гишүүдээс Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар дахин нэр дэвших боломжтой гэдгийг МАН-ын удирдлага хавиар ярьж байгаа сурагтай. Харин Г.Мөнхцэцэг гишүүн жагсаалтад багтаж мэдэх аж.
МАН-аас говийн тойрогт илгээж мэдэх горилогчид дунд сонин содон хэд хэдэн хүн байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн төлөөлөгч сэтгүүлч Ө.Золбаярын нэр тэдний дунд дуулдах болов. “Eagle” телевизийн дэлгэцээр олны танил болсон, одоо бол Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй төслүүдээр хийсэн нэвтрүүлгүүдийг хөтөлдгөөрөө үзэгчид дунд ор танихгүй хүн биш. Бас Монгол Улсын Ерөнхий Аудитор асан Д.Занданбат 2024 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр үүрэгт ажлаа хүлээлгэж өгөх хүсэлт гаргасныг шинэ оны босгон дээр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хүсэлтийг нь ёсоор болгож үүрэгт ажлаас нь чөлөөлсөн юм. Ө.Золбаяр, Д.Занданбат нарын аль аль нь Өмнөговь аймгийг гол түшиц болгон “онилсон” гэх. Д.Занданбатын тухайд аудитын байгууллагын чадавхийг сайжруулж, хараат бус, бие даасан байдлыг хангахыг зорьж ажилласныг УИХ-аас дэмжиж, хараат бус болгосон. Төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлсэн. Төрийн аудитын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг хийж, хараат бус байдлаа хангах боломжийг олгосон гэдэг юм. Өмнөговьдоо болон тухайн бүсэд итгэл олж нэр дэвших боломжтой нэг горилогч бол Өмнөговь аймгийн МАН-ын хорооны дарга Х.Мандахбаяр юм. Тэрбээр одоогоор нэр дэвшихгүй хэмээн мэдэгдэж буй ч цаг нь ирэхэд нэр дэвших боломжтой, аймгийн МАН-ын даргын хувьд аймгийнхаа сонгуулийг удирдах ч боломжтой нэгэн гэдэг нь эргэлзээгүй. МАН-аас говийн тойрогт илгээж болох өөр нэг кандидат бол УИХ-ын гишүүн Б.Саранчимэг. Тэрбээр хоёр удаа парламентад сонгогдсон. УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар ажилласан. МАН-ын Удирдах зөвлөлийн гишүүний хувьд тойргоос ч, жагсаалтаар ч нэр дэвших боломжтой. Харин тойргоос нэр дэвшвэл нийслэлийн тойргоо говиор солих магадлалтай гэнэ.
АН-ын хувьд Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддоржийг өрсөлдүүлэхээр товлоод буй сурагтай. Аймгийн заан цолтой Р.Сэддорж аймаг толгойлж бөх даргын тоог нэгээр нэмсэн. Тэрбээр нэг хэсэг Цогтцэций сумын Засаг даргын үүрэг гүйцэтгэгчийг хувийн эрх ашгийн үүднээс хууль бусаар эрхийг нь түдгэлзүүлж, сумын бүх ажлыг зогсонги байдалд оруулж, тэр сиймхийгээр гаднынхан газар эзэмших нөхцөл байдал ч бүрдсэн гэх хардлагад өртсөн удаатай. Бас нүүрсний хэргийн нэгэн холбоотноор дуудуулсан. Харин аймгийн Засаг дарга Р.Сэддорж “Намайг дөрвөн жилийн турш шалгаад дууссан, би олон удаа гүтгүүлж, доромжлуулж байна” хэмээн мэдэгдэж байсан юм.
АН-ын өөр нэг хувилбар нь УИХ дахь АН-ын бүлгийн Ажлын албаны дарга Б.Энхмөнх. Өмнө нь Өмнөговь аймгийн АН-ын дэд даргаар ажиллаж байсан Б.Энхмөнх 2022 оны сүүлээр болсон анхны нүүрсний сонсголын үеэр иргэдийн төлөөллийг оруулсангүй хэмээн Сүхбаатарын талбайд жагсагчдаас дагуулан Төрийн ордонд нэвтэрч үймээн тарьж байсан удаатай. АН-ын нэг горилогч байж болох хүн нь Ерөнхийлөгч Х.Баттулгын үед ЕТГ-ын даргаар ажиллаж байсан Ө.Шижир. Тэрбээр мөн л нүүрсний хэрэгт нэр холбогдон АТГ-т шалгуулж байхдаа “Нүүрс түлж явснаас нүүрс тээвэрлэж үзээгүй” хэмээн хэлж байсан юм. Ө.Шижир нь Х.Баттулгын фракц, Х.Баттулгыг Зам тээвэр, барилга хот байгуулалтын сайдаар ажиллах үед сайдын ажлын албанд ажиллаж байсан ойрынх нь хүн.
Хуучин УИХ-ын гишүүн байсан Р.Эрдэнэбүрэнг АН говь руу нэр дэвшүүлэхээр ярилцсан сураг байна. Р.Эрдэнэбүрэн нь тухайн үед УИХ-ын гишүүн, “Эх орон” намын дарга Б.Эрдэнэбатын туслах байгаад 2004 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшин ялалт байгуулж парламентад суусан, хамгийн залуу, “Памперстай гишүүн” хочтой явсан нэгэн. Сүүлд Барилга, хот байгуулалтын яамны төрийн нарийн бичгийн дарга болсон түүнийг 2016 оны дөрөвдүгээр сард баривчилж, “Барилгын салбарыг дэмжих, орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд хууль бус шийдвэр гарган, давтан үйлдлээр бусдаас хээл хахууль авсан байж болзошгүй хэмээн шалгасан. Бас Н.Алтанхуягийн Засгийн газрын үед хэрэгжүүлсэн “Шинэ сум” төсөлтэй хамаатуулан шалгасныг хууль хяналтын байгууллагууд мэдэгдэж байв. Гэвч Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар “Гэмт хэргийн шинж тогтоогдоогүй” гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, Р.Эрдэнэбүрэнг цагаатгасан юм. УИХ-ын гишүүн асан О.Баасанхүүг долоодугаар тойрог руу нэр дэвшүүлж магадгүй чимээ бас сонсогдсон. АН-д 2020 онд орж нарийн бичгийн дарга болтлоо дэвшсэн түүнийг жагсаалтын эх хавиар бичиж магадгүй гэсэн сураг бий ч одоо хүртэл талцал, нэгдлээ хангаж чадаагүй АН ирэх сонгуульд нэгдсэн жагсаалт гаргаж, нэр дэвшигчдээ хэрүүлгүй хуваарилж чадах болов уу гэсэн эргэлзээ төрүүлсээр байгаа билээ. Ийнхүү өнгө, мөнгөний тойрог болж, тэнд нэр дэвшихийн төлөө улайран үзэлцэж, бие биеэ дэгээдэн унагаж магадгүй хамгийн халуун тойрогт горилж мэдэх зарим хүний талаар иймэрхүү зүйлс чих дэлсэж эхэллээ.
Сэтгэгдэл ( 2 )
ene jil unener bol hulgana jil garsan boljino genee.
ene jil bas mongol ulsa zurhiag aldaa gargal. een jil hulgan jil boljino .jag jinhen jil hulgan jil garjina.