Хан-Уулынхны хатан сонголт хаашаа чиглэх вэ?

2024 оны 02 сарын 27

Бүсчлээд бүсчлээд УИХ-ын 2024 оны сонгуульд ганцаархнаа нэг тойрог болж тодорсон нийслэлийн Хан-Уул дүүргийн 12 дугаар тойрог, гурван мандаттай цомхон нутагтай. Алтай, Хангай алгасаж, уул ус, говь, талыг дамнасан бусад том тойргийг бодвол үдийн будаа, хүүхдийн тоглоом. Хан уулыг арлаж, хатан Туулыг хөвөөлж, дүүргийн сонгогчдынхоо хатан сонголтыг хүлээвэл л боллоо. Бусад том нутагтай нэр дэвшигчдийг ганц аймгийн зах үзээгүй шахам явахад газар нутгаа бүрэн тойрчихоод маадайж суух төвлөрсөн, цомхон, атгасан шагай шиг нутаг дэвсгэр. 2022 оны байдлаар нийт хүн ам нь 238,5 мянга. Баянзүрх, Сонгинохайрхан зэрэг том дүүргийн хажууд 100 илүү мянгаар цөөн. Ингээд бодоход энд нэр дэвшигчид сурталчилгааны 18 хоногийн дотор хороо бүрээр орж, сонгогчидтойгоо хэд л бол хэд уулзаж болох нь дээ.

2020 оны сонгуулиар 29 дүгээр тойрог болж орсон Хан-Уул дүүргийг УИХ-д өдгөө Д.Сарангэрэл, Г.Амартүвшин, Т.Доржханд нарын гурван гишүүн төлөөлж суугаа. Эхний хоёр нь МАН, Т.Доржханд ХҮН-ын төлөөлөл. Эко хэмээх тодотголтой Хан-Уул дүүргийг төлөөлсөн гурав дуулиан шуугиан, алдар суу ихтэй.

Д.Сарангэрэл гишүүн гурван удаа парламентад суусан эмэгтэй дархан түшээдийн нэг. Дэлхий нийтийг хамарсан цар тахлын үеэр Эрүүл мэндийн сайдаар ажиллаж хамаг хатуу бүхнийг туулсан. Эхний хэдэн сард ковидыг дотооддоо алдалгүй сайн ч барьж чадсан. Аюул ард хоцорч одоо болсон хойно элдвээр хэлж, ярьж бичицгээж буй ч тэр үед бид бүү хэл, шүтээд байдаг Англи, АНУ, баруун Европ хүртэл айж эмээж, хатуу чанга хөл хорионд иргэдээ барьж байсан юм. За тэгээд ковидын үеийн төсвийн задаргаа, хээрийн эмнэлэг хаана байна хэмээн нэхдэг ч тэр бүхний тайлан гарах цагтаа гарна л биз. Түүнээс наана бид нөгөө л хүн өөлж муулдаг зангаараа Эрүүл мэндийн сайд тухайн цагт хэнбугай ч байсан муу үгээр утахын дээдээр утаж, утгаараа загнаж суух байсан нь лавтай. Түүнийг “Төрийн хатан эрдэнэ”-ээр тодруулсан нь дайран дээр давс нэмж, баахан нэр хочоор дарах шалтаг болсон. Д.Сарангэрэл гишүүн дараа нь Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар ажилласан. Уг нь Байгаль орчны сайд байхдаа аялал жуулчлалын бүсүүдэд стандартад нийцсэн отог байгуулах, эко 00 бусад зүйлсээр хангахаар ажил эхлээд явж байсан ч гэнэт л Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдаар томилсон. Сайд болоод сар бололгүй “Амьжиргааны доод түвшнээс доош амьжиргаатай “улны айлууд” гээд хэлчихсэнээс болж ёстой ногоон гэрлээр огцорсон доо. “Үндсэн хууль зөрчсөн, ёс зүйн алдаа гаргасан” гэсэн үндэслэлээр буулгачихаж байгаа юм. Уг нь “улны” гэдэг нэр томъёог С.Эрдэнийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байх үед тус яамныхан дүйх утгатай үгийг нь гадаад хэлнээс орчуулахдаа оноогоод тавьчихсан нь яаман дотроо л яригддаг байсныг Д.Сарангэрэл гишүүн ил хэлж буруудсанаас биш их удсан хэллэг байсан юм билээ. Ингээд гурван удаа Засгийн газрын гишүүнээр томилогдсон эмэгтэй гишүүн болоод байсан түүнийг сайдаас мулталсан юм. Хулгай луйвар, тендерийн булхай, банкны хэрэгт холбогдсон хүнийг ч тийм амархан огцруулдаггүйгээс харахад Д.Сарангэрэл гишүүний хазгай гишгэхийг анаж суусан хүмүүсийн олз болж тийнхүү амархан албанаас нь буулгасан хэрэг биз ээ.

Харин түүний орыг залгасан Т.Аюурсайхан сайд нүүрсний хэргээр хэрэгтэн болж хамаарал бүхий хүмүүстээ давуу байдал олгосон, нүүрсний хулгайд буруутай байж болзошгүй шалтгаанаар Авлигатай тэмцэх газар яллагдагчаар татаж, улмаар УИХ-ын дэд дарга хүртэл цойлоод байсан карьертаа цэг хатгасан.

Хан-Уулын нөгөө нэг гишүүн Г.Амартүвшин нэр дэвшсэн цагаасаа л Монгол Улсын иргэн биш гэсэн дуулиан дагуулсан. Тэрбээр нэрт дипломатч Ж.Ганибалын хүү, гэр бүлээрээ гадаад оронд Элчин сайдаар сууж байхад нь төрсөн учраас унасан газар, угаасан ус нь Монгол биш, төрсний гэрчилгээ зэргээсээ эхлээд “гадаад”, ер нь бол Монгол Улсын иргэний үнэмлэх ч байхгүй гэж баахан шуугисан. Уг нь тэрбээр эцэг талаасаа МАХН-ын Төв хорооны гишүүн агсан Н.Жагваралын ач, дипломатч Ж.Ганибалын хүү, эцэг Ж.Ганибал нь эх талаасаа нэрт эрдэмтэн Бямбын Ринчений өсгөсөн охин эрдэмтэн Р.Индрагаас төрсөн жинхэнэ элит гаралтай нэгэн. Гэвч гишүүн байх хугацаандаа багагүй дуулианд өртөөд авсан.

УИХ-аас байгуулсан Хөгжлийн банканд хяналт, шалгалт хийх Ажлын хэсгээс нэр бүхий 20 улстөрчийн нэрийг зарлаж, АТГ-т өгч шалгуулж байгаагаа мэдэгдсэний дотор Г.Амартүвшин гишүүн багтав. Ингэхэд нь тэрбээр бүрэн эрхээсээ түдгэлзэж, хуулийн байгууллагад өөрөө шалгуулах хүсэлтээ гаргасан юм. "Миний бие өөрийн хүсэлтээр УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэх хүсэлтээ УИХ-д гаргаж байна. Хөгжлийн банктай нэр холбогдсон УИХ-ын гишүүдийг иргэн хүний нэгэн адил шалгуулах шаардлагыг миний бие бүрэн дэмжиж байна" хэмээн тэрбээр мэдэгдэж байв. Улмаар “Хөгжлийн банкны” хэргийн 80 яллагдагч, хуулийн дөрвөн этгээдэд холбогдох шүүх хурал 50 орчим өдөр үргэлжилж, өнгөрсөн 2023 оны зургаадугаар сарын 26-нд гэм буруугийн хурлаа хийн 80 шүүгдэгчийн гэмтэй эсэхийг танилцуулахад цагаадсан хүмүүсийн нэг нь Г.Амартүвшин гишүүн болсон юм.

ХҮН-ын төлөөлөл, чухам аз од нь гийж төр түшсэн гишүүн бол “Зөв хүн электорат эвсэл”-ээс нэр дэвшсэн ХҮН-ын төлөөлөл Т.Доржханд. Азтай гэдгийн учир нь Н.Номтойбаярыг бие даан нэр дэвшигчээр СЕХ-нд бүртгүүлж сурталчилгаагаа эхлэх гэж байхад "Албан тушаалдаа хайнга хандсан" гэсэн үндэслэлээр нь барьж хорьж бүтэн жил “аавынд” суулгаагүй бол Т.Доржхандад гишүүн болох завшаан тохиохгүй ч байсан байж мэднэ. Учир нь гэвэл Н.Номтойбаярыг бие даан нэр дэвшихийг нь дэмжиж Хан-Уул дүүргийн 31041 иргэн гарын үсэг зурсан бол Т.Доржхандад 24449 сонгогч санал өгч тойргоосоо гурваар гарч ирсэн юм. Т.Доржханд гишүүн болоод удалгүй гишүүний үнэмлэхээ гардахаар Төрийн ордонд пүүзтэй орж ирж дуулиан дагуулсан. Түүнээсээ болж Төрийн ордны хувцасны дэг зөрчсөн хэмээн цагтаа үнэмлэхээ аваагүй юм. Тэрбээр өнгөрсөн дөрвөн жилд гайгүй популист цолыг хүртэж, МАН-ын шийдвэр бүрийг даган дэмждэгээ үе үе харуулаад авсан. УИХ-ын гишүүдийн тоог нэмэхийг хамгийн түрүүнд хоёр гараа өргөн дэмжсэн гишүүн бол Т.Доржханд. Тэрбээр МАН-ын бүлгийн өмнөөс гишүүдийн тоог нэмэх зэрэг асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад харайж явсан гэж байгаа. Боловсролын зээлийн санд хамааралтай гишүүдийн нэгээр тэрбээр тодорсон боловч “Хүү маань 2019 онд дэлхийд хоёрдугаарт эрэмбэлэгдсэн Кембриджийн их сургуульд элсэж журмын дагуу зээл авсан нь үнэн. 2020 онд аав нь УИХ-ын гишүүн болсон тул өөрийн санаачилгаар зээлээ зогсоосон. Мөнгөө цуглуулж, төлбөрөө өөрөө барагдуулна, та битгий оролцоорой гэсэн шийдвэрийг нь аавын хувьд дэмжиж байгаа. Ажилд орсон цагаасаа хойш мөнгөө цуглуулж, холбогдох газарт нь хандаж төлөхөө мэдэгдсэн байна. БЗС зээлийг буцаан төлүүлэх нь зөв” хэмээн мэдэгдэж байв. Нүүрсний сонсголын үеэр хэрэгт хамааралтай гишүүдийг шүүмжлэхэд идэвхийлэн оролцож нэр нүүрээ дархлахад нэмэрлэсэн юм. Тэрбээр "40 их наяд төгрөгийн нүүрсний хулгай бий" гэсэн тооцоолол гаргаж, түүндээ өөрөө ороогдож, нарийн мэдээлэлгүй үед гаргасан учраас зарим нэг алдаа энэ тоонд бий хэмээн бухаж, сонсголын танхимд тодроод авсан.

Тэгвэл УИХ-ын 2024 оны сонгуульд Хан-Уул дүүрэгт хэн хэн нэр дэвших магадлалтай вэ?

Одоогийн гишүүдээс Д.Сарангэрэл гишүүнийг жагсаалтад оруулах, эсвэл аавынх нь нутаг Хөвсгөл, ээжийнх нь нутаг Булган, дээр нь Орхон аймгийг нэгтгэсэн дөрөвдүгээр тойрогт илгээж магадгүй сурагтай. Харин Г.Амартүвшин гишүүнийг МАН,Т.Доржханд гишүүнийг ХҮН дахин тус дүүрэгт илгээх магадлалтай гэнэ. Дээр нь МАН-аас Эрүүл мэндийн сайд асан, өдгөө Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайханы нэр дуулдах болов. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн танхимд Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байгаад 2021 оны нэгдүгээр сарын 19-ний үдэш нярайлаад удаагүй эхийг нялх хүүгийн хамт Халдвартад тусгаарлахаар “Өргөө” амаржих газраас авч явахдаа гэрийн шаахайтай гаргасан хэргээр сайн дураараа огцрогсдын нэг. Салбарынхан нь сайдаа авч үлдэх гэж жагсаад дийлээгүй. Өдгөө өөрийн саналаар огцорсон хоёр нэг нь Ерөнхийлөгч, нөгөө нь зөвлөх хийгээд хамт байгаа. Т.Мөнхсайхан Гэмтэл согог судлалын үндэсний төвийн захирлаар ч ажиллаж байсан, мэргэжил мэдлэг, зан суртахууны хувьд сайн мэргэжилтэн хэмээн салбарынхан нь үнэлдэг. Өөр нэг байж болох кандидат нь Б.Солонго хэмээх бүсгүй. Тэрбээр ЗГХЭГ-ын дэд сайдаар ажиллаж байсан, Хууль зүй, дотоод хэргийн дэд сайд. Олон улсын бизнесийн хэлцлүүд, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн гэрээ, төслийн санхүүжилт, ашигт малтмалын эрх зүйн чиглэлээр мэргэшсэн хуульч, Монгол, Нью-Йорк муж болон Английн хуулиар зөвлөгөө өгөх эрхтэй мэргэжилтэн хэмээдэг. Олон улсын хуульчдын холбооны Ашигт малтмалын эрх зүйн хорооны гишүүн. ЗГХЭГ-ын дэд дарга ажиллаж байхдаа Оюутолгойн гэрээг сайжруулах чиглэлд ажиллаж мэдлэгтэй сайн хуульч гэдгээ харуулсан. Дубайн гэрээг цуцалж, шинээр гэрээ байгуулах тохиролцоонд хүрсэн талаар мэдэгдэж байсан шинэ цагийн мэдлэг боловсролтой залуу бүсгүйчүүдийн төлөөлөл юм.

Тус тойрогт горилогчдын нэг нь Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан. УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшсэн ч авсан саналын босго давж чадалгүй бүдэрсэн. 2016 оноос дүүрэгтээ Засаг даргаар ажиллаж байгаа.

Ардчилсан намаас УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжингийн нэр дуулдах болжээ. Гишүүн байхдаа мэр сэр дуулианд холбогдож, Г.Сарангэрэл охины “сайн ах” нэрээр шуугиулж явсан. Хар тамхи хэрэглэж байгаад цагдаад баригдсан дөрвөн охины нэг болох Г.Сарангэрэлийн гар утаснаас гадагш ярьсан дуудлагуудыг шалгахад олон дуудлага хийсэн нэг дугаар нь Хууль зүйн сайд Х.Тэмүүжингийнх гэдэг нь илчлэгдэж, танилаар тогтохгүй харилцаатай хэмээн нэг хэсэг манаргасан. Г.Сарангэрэл хоригдож байхдаа “Х.Тэмүүжин сайдыг унагах гэсэн цагдаагийн хурандаа нарын золиосонд зохиомол хэрэг үүрлээ” хэмээн давж заалдаж байсан юм.

УИХ-ын гишүүн асан сэтгүүлч Г.Уянга мөн л Хан-Уул дүүрэгт нэр дэвшихээр горилж мэдэхээр дуулдав. Ард түмний амлалт нэхэх хөдөлгөөн өрнүүлэн Сүхбаатарын талбайд хэд хэдэн удаа өлсгөлөн зарлаж, жагсаж тэмцсээр Чингэлтэй дүүргээс УИХ-д сууж байсан тэрбээр энэ удаа өөр дүүргийг онилсон сурагтай. Өмнө нь 2012 оны сонгуульд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийг төлөөлөн парламентад сонгогдсон. Эхлээд АН байгаад Үндэсний шинэ намын нарийн бичгийн дарга болж, дараа нь “Шударга ёс” эвслээс УИХ-д суугаад, эргээд АН-д орсон түүхтэй.

“Элийрэгч” буюу Ц.Уянга мөн л тус дүүрэгт АН-аас дэвшихээр горилогсдыг тоонд орохоор явж байгаа гэх. Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвшиж явснаас нь харсан ч том улс төрд хөл тавих санаа цээжинд нь буй бололтой. Нэг тойрогт, ижил намаас нэр дэвшигч амидаа нар харилцан санал хувааж бие биеэ унагадаг өмнөх түүхүүдээс харвал хоёр Уянга хоёулаа дуулиан шуугиан, тэмцлээр олонд танигдсаныг хэлэх үү, нэг нэгнээ дэгээдэж мэдэхээр л сонголтын өмнө тулжээ. Бусад намууд сойх горилогчдоо дотроо шодож суугаа биз ээ. Хан-Уулынхны хатан сонголтын өмнө очихоор зэхэгсдийн зах зухаас дуулгахад ийм байна.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЦЭДО(202.21.117.210) 2024 оны 06 сарын 20

ЖАГАР ГЭЭД ХҮН БАС БАЙГАА ШҮҮ ХАН-УУЛЧУУД МААНЬ МЭДЭХ БАЙХ САЙН СОНГОЛТ\n

0  |  0
Зочин(202.126.88.125) 2024 оны 02 сарын 27

МАН ыхныг тэр үед хэн ч сонгоогүй тэд луйвардаж гарч ирсэн одоо УБ хотын төвөөр өндөр байшин огт бариулахгүй байх шийдлийг хуульчилж өгч чадах хүн байвал л сонгоно

0  |  0
Зочин(103.212.117.176) 2024 оны 02 сарын 27

За энийг бол Саран авхайн захиалгат нийтлэл гэж харахаар юм байна, Саран авхай сайн байсан байж болно оо, гэхдээ энэ удаа дэмий биз дээ, тэр намын жагсаалт энэ тэрдээ нүх хайсан нь дээр байх оо

0  |  0
zochin(103.57.95.185) 2024 оны 02 сарын 27

moncord taxi udahgui ulchilge negdene bolloo

0  |  0
zochin(103.57.95.185) 2024 оны 02 сарын 27

moncord taxi udahgui garlaa shiner.

0  |  0
Зочин(59.153.113.55) 2024 оны 02 сарын 27

Сарангэрэл авхайг гурван удаа сонгосон сонгогчид эргээд харамсаж бгаа биздээ 20оны сонгуулиар яг ковидоор далимдуулсан

1  |  0
Zochin (103.57.94.227) 2024 оны 02 сарын 27

Covid sarangerel avgai xereggui shuu, zailsan deer. Erguu uvdug ni niilsen xugshchuuld mungu beleg selt ugch garsan baix. Ganibal Amartuvchin ch xereggui, yamar yumnii elite, luivarchidiin neg baisan biz dee. Shuud xugjliin banknii luivarchinii neg.

0  |  0
Top